Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01495

 

“НБМФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01326 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “НБМФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11 477 175,6 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус санхүүгийн байгууллага нь иргэн Ц.Б-т 2017 оны 02 сарын 02-нд №ЗГ2017/02/02 дугаар зээлийн гэрээ болон № БГ2017/02/02 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийн зээлийг, 18 сарын хугацаатай, 2,3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 сарын 10-нд дуусгавар болсон боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч нь 2017 оны 3 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8 206 000 төгрөгийн, зээлийн хүү 2 825 079.03 төгрөгийн, нэмэгдүүлсэн хүү 446 096.57 төгрөг нийт 11 477 175.60 төгрөгийг төлөөгүй байгаа тул барьцаалсан орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дүүгийн авсан зээлийг надруу шилжүүлээд түүний үндсэн зээл, хүү, алдангийг нэмээд 9 000 000 төгрөг болгож надад өгсөн. Би энэ байдлыг мэдэлгүй нэг жилийн хугацаанд 3 090 000 төгрөг төлсөн. Би мөнгөө төлж чадахгүй болохоор хуулийн хүнээс зөвлөгөө авахад хүний өрийг бусдад шилжүүлдэггүй гэж хэлсэн. Би 2017 оны 02 сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 сар хүртэл 3 090 000 төгрөгийг төлсөн. Бодит байдлаар мөнгийг хүлээн аваагүй, 2017 оны 02 сарын 02-нд дансруу мөнгө хийгээд тэр дор нь буцаагаад татан авч дүүгийн зээлийг хаасан. Энэ талаар кассын орлогын ордер гэсэн баримтуудаар нотлогдоно. Дүү 2015 оны 01 сард 10 000 000 төгрөгийн зээл аваад 10 000 500 төгрөг төлсөн. Дүүгийн зээлийн хүү, алданги нэмээд надад 9 000 000 төгрөгийн зээл үүсгэсэн. Гар дээрээ бэлэн мөнгө аваагүй. Гэхдээ зээлийн гэрээ хийснээс хойш 3 090 000 төгрөгийг, нийт 13 090 500 төгрөгийг төлсөн байдаг. Дүүгийн зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөг байсан түүн дээр хүү, алданги болон нотариатын зардал болон 1 хувийн шимтгэл 90 000 төгрөг нэмэгдээд 9 000 000 төгрөгийн гэрээг надтай байгуулсан. Үлдсэн 100 000 төгрөгийг зээлийн төлөлт гэж хаасан. 2017 оны 02 сараас хойш 3 090 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 6 сард банк бус санхүүгийн байгууллага дээр дүү бид нар уулзаж 3 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж ярилцаж байсан. Би өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан болохоор байраа алдчихгүйн тулд банкны ажилтнуудын үгэнд орж гэрээ хийсэн. Надад тус болж байна гэж бодсон болохоос ийм их өрөнд орно гэж бодоогүй. 11 477 175.60 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Ц.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 5 589 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НБМФ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 887 875.60 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “НБМФ ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 104 379 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ2017/02/02 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 11 477 175 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, тус тус хуульд заасан журмын дагуу шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлж, баримт нь хэрэгт авагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас 5 589 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 887 875,6 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй ба энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон эсвэл хангасан эсэх талаар огт шийдвэрлээгүйг шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх догол мөрөнд "Иргэний хуулийн 223 дугаар үйлийн 223.2-т "Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх" 224 дүгээр зүйлийн 224.2.3-д "Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийг үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах" үр дагавар үүссэн гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээж аваагүй эсхүл үүргийн гүйцэтгэлд шаардлагатай үйлдлийг хийх үүргээ гүйцэтгээгүй асуудал огт гараагүй юм. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, үүргийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхад зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх буюу зээлийн төлбөрийг төлөхөд үүрэг гүйцэтгүүлэгч байгууллага үүргийг хүлээж аваагүй буюу зээлийн эргэн төлөлтийг хүлээн аваагүй, зээлийн үлдэгдлээс хасаагүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан мэтээр тайлбарлаж үүрэг гүйцэтгүүлэгч байгууллагыг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээж аваагүйн улмаас бий болсон хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлсэнтэй адилхан тооцогдоно. Гэтэл үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн, үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж аваагүй харилцаа огт байхгүй юм. Хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч түүнийг хүлээж авах үүргээ биелүүлээгүй байсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй байх байсан. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байгаа нь үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэж өгөөгүйн илэрхийлэл. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дахь догол мөрөнд "Хариуцагч нь 2017 оны 02 сарын 02-нд хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар нэхэмжлэл гаргаагүй тул уг гэрээнд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж гэж үзлээ" гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ2017/02/02 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 11 477 175 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байхад шүүх хэрэв нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа бол энэхүү үүргийн эрх зүйн харилцаа хэдийд ямар гэрээний үндсэн дээр үүсэж, аль гэрээний үүргийг гүйцэтгэлд 5 589 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож байгааг үндэслэсэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар дүгнэх шаардлагагүй гэсэн атлаа тус зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт дүн болох 11 477 175 төгрөгөөс 5 887 875.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01326 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “НБМФ ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11 477 175.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “НБМФ ББСБ” ХХК нь 2017 оны 02 сарын 02-ны өдөр хариуцагч Ц.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “НБМФ ББСБ” ХХК нь 9 000 000 төгрөгийг, 1 сарын 2,3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хариуцагч Ц.Б-т зээлдүүлэхээр тохиролцож, хариуцагч Ц.Б нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58в-01 тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 15-20 дугаар тал/

Түүнчлэн, хариуцагч Ц.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн дүү Ц.Баяржаргалын хамт “НБМФ ББСБ” ХХК-иас 10 000 000 төгрөгийг, 1 сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хамтран зээлж, зээлийн болон барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 103-107 дугаар тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Б нь бизнесийн зориулалттай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тул гэрээний дагуу 11 477 175.60 төгрөгийг нэхэмжилсэн гэх боловч нэхэмжлэгч “НБМФ ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Б болон түүний дүү Ц.Баяржаргал нарын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 9 000 000 төгрөгийг төлүүлэхээр Ц.Б-тэй 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан депозит дансны хуулгаас үзэхэд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “НБМФ ББСБ” ХХК-иас 9 000 000 төгрөгийг Ц.Б-т шилжүүлсэн ч тухайн өдрөө хариуцагч Ц.Б нь 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “НБМФ ББСБ” ХХК-д буцаан шилжүүлсэн нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өмнөх гэрээний үүргийн хугацаа дууссан үед зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс 2017 оны 02 сарын 02-ны өдөр хамтран үүрэг гүйцэтгэгчтэй дахин гэрээ хийсэн нь зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй гэж үзэж хариуцагчаас 5 589 300 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Харин анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/01326 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт

2 дах заалт нэмж “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58в-01 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж,

2 дах заалтыг “3” гэж, 3 дах заалтыг “4” гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                     

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                               ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                    Г.ДАВААДОРЖ