| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 2039000630120 |
| Дугаар | 2022/ДШМ/15 |
| Огноо | 2022-03-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ДШМ/15
2022 оны 03 сарын 07-ны өдөр 2022/ДШМ/15 Хэрлэн сум
Д.Ө-, Б.Б-, М.П-,
Б.Ба-, Б.Э-, Т.Б-,
Ү.М-, М.Б-, Ө.Х-
нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
226/2022/0015/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Прокурор Ж.Батбаатар,
Шүүгдэгч Д.Ө-, Б.Б-, М.П-, Б.Э-, Ч.Ү.М-, Ө.Х-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, А.Саулегүль, Б.Цэрэндолгор, Б.Болортунгалаг, Ж.Энхчулуун, С.Нарангэрэл,
Иргэний нэхэмжлэгч Ө.Энхтөмөр, Ч.Шинэбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, А.Саулегүль, Б.Цэрэндолгор, Б.Болортунгалаг, шүүгдэгч М.П-, Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ө-, Б.Б-, М.П-, Б.Ба-, Б.Э-, Т.Б-, Ү.М-, М.Б-, Ө.Х- нарт холбогдох эрүүгийн 2039000630120 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э овогт Д-н Д.Ө-, 1979 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,
2. Г овогт Б-н Б.Б-, 1987 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг ял шийтгэлгүй
3. С овогт М-н М.П-, 1992 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй
4. Л овогт Б.Б-ын Б.Ба-, 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Рашаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,
5. Т овогт Б-н Б.Э-, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Луус саманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,
6. Б овогт Т-н Т.Б-, 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй
7. Н-н Үн Ү.М-, 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй
8. Б овогт М-н М.Б-, 1985 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй
9. Ш овогт Ө-н Ө.Х-, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй
Шүүгдэгч Д.Ө-, Б.Б-, Ү.М- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож байгаль орчинд 7.479.418 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ба-, Б.Э-, Ү.М-, Т.Б- нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй буюу хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 568.096 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б-, М.П- нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт хүнд машин механизм ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 674.950 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э-, М.Б-, Ө.Х- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Ц” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ө-, Б.Б-, Ү.М-, М.П-, Б.Э-, М.Б-, Б.Б-ын Б.Ба-, Ө.Х-, Т.Б- нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр, хүнд машин механизм ашиглан ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Ү.Ү.М-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Э-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч М.П-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Ба-ийг 7200 /долоон мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Б-ыг 7200 /долоон мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ө.Х-ыг 7200 /долоон мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Ү.Ү.М-ид оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Э-эд оногдуудсан 1 жилийн хорих ял, М.П-ид оногдуудсан 1 жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба-, М.Б-, Ө.Х-, Г.Т.Б- нарт оногдуулсан торгох ялуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 / гурав/ жилийн дотор төлж дуусгахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба-, М.Б-, Ө.Х-, Г.Т.Б- нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ө-аас байгаль орчинд учруулсан хохиролд 7.479.418 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 938.260 төгрөг, шүүгдэгч Б.Б-аас байгаль орчинд учруулсан хохиролд 8.491.843 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1.476.410 төгрөг, шүүгдэгч Ү.Ү.М-аас байгаль орчинд учруулсан хохиролд 7.905.490 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1.043.110 төгрөг, шүүгдэгч Б.Э-ээс байгаль орчинд учруулсан хохиролд 1.442.345 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 252.650 төгрөг, шүүгдэгч М.П-оос байгаль орчинд учруулсан хохиролд 1.012.425 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 538.150 төгрөг, шүүгдэгч М.Б-аас байгаль орчинд учруулсан хохиролд 1.016.273 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 147.800 төгрөг, шүүгдэгч Ө.Х-аас байгаль орчинд учруулсан хохиролд 1.016.273 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 147.800 төгрөг, шүүгдэгч Б.Ба-ээс байгаль орчинд учруулсан хохиролд 426.072 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 104.850 төгрөг, шүүгдэгч Г.Т.Б-гөөс байгаль орчинд учруулсан хохиролд 426.072 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 104.850 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 10 тонн жонш, 38.228.000 төгрөгийн үнэлгээтэй 130 тонн 760 килограмм жонш, 30.223.200 төгрөгийн үнэлгээтэй 107 тонн 940 килограмм жоншнуудыг хурааж улсын төсөвт, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнэ буюу шүүгдэгч Д.Ө-аас 87.166.666 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-аас 277.595.481 төгрөгийг, шүүгдэгч Ү.Ү.М-иас 179.882.856 төгрөгийг, шүүгдэгч М.П-оос 190.428.815 төгрөгийг, шүүгдэгч Б.Э-ээс 145.049.523 төгрөгийг, шүүгдэгч Б.Ба-ээс 92.716.190 төгрөгийг, шүүгдэгч Т.Б-гөөс 92.716.190 төгрөгийг, шүүгдэгч М.Б-аас 52.333.333 төгрөгийг, шүүгдэгч Ө.Х-аас 52.333.333 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, 10 тонн жоншийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, эд хөрөнгө хадгалуулах тухай мөрдөгч С.Э-н 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.П- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие 2021 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт хууль бусаар хүнд машин механизм ашиглан ашигт малтмал олборлосон гэх гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хэргийн хувьд энэ хэргийг үйлдээгүй, хийгээгүй гэж маргаагүй, болсон асуудлыг анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний асрамжид 2-3 насны хүүхдүүд маань байдаг. Эхнэр Ц нь ажилгүй, миний бие ажил хийж амьдрал ахуйгаа авч явдаг. Миний зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байна. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие 2020 оны 03 дугаар сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгаас ашигт малтмал зохих зөвшөөрөлгүй хайсан, 2020 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын нутгаас тусгай зөвшөөрөлгүй хүнд машин механизм ашиглан ашигт малтмал олборлосон гэх хэрэгт 1 жилийн хорих ял шийтгүүлсэн. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна:
1. Намайг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй, мөн хэргийн талаар эсрэг сонирхолтой Б.Ба- өмгөөлүүлэх эрхээр хангагдсан байхад намайг өмгөөлүүлэх эрхээр хангалгүй эрхийг маань зөрчсөн.
2. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй. Энэ хэргийг зохион байгуулсан, хийж гүйцэтгүүлсэн хүмүүс нь бүгд явчихсан. Тэр хүмүүсээс байцаалт аваагүй. Хэргээ үнэн зөвөөр нь шалгуулж Г гэдэг хүнийг шалгуулах хүсэлттэй байна.
3. Дундговь аймгийн үнэлгээний газраас тогтоосон үнэлгээ нь Үнэлгээний тухай хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй. Гэтэл уг дүгнэлтийг нотлох баримтаар тооцож машин механизмын төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тухайлбал ямар ямар машины төлбөр болох 145.049.523 төгрөг гаргуулж байгаа нь тодорхойгүй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2 заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна..
1. Шүүгдэгч Д.Ө-ын эзэмшлийн “И” ХХК нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Б” гэдэг газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар материал бүрдүүлэх зорилгоор дээж авах ёстой байсан. Дээжээ авах зорилгоор газрыг ухсан боловч дээж гарахаас өмнө газар ухахыг зогсоосон, ямар ч жонш гараагүй талаараа мэдүүлсэн байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийг зөрчиж хэргийн газрын үзлэгийг нэг ч хүн байлцуулахгүйгээр мөрдөгч ганцаараа хийсэн байх бөгөөд хаана яаж хийсэн талаараа тэмдэглэл үйлдэж танилцуулаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн байна.
2. Хавтаст хэргийн материалтай яллагдагч Д.Ө- болон өмгөөлөгчийг огт танилцуулаагүй прокурор хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтуудыг зөрчиж байна.
3. Миний бие мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн баримтыг зүйл заалтаар нь хэлж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөх хүсэлт гаргасан боловч миний огт хэлээгүй зүйлийг дөрвөн мөр дурдсан байгааг яаж ойлгохоо мэдэхгүй байна. Ухаад орхисон нүхэнд нь жонш нь ил гараагүй байхад ямар замаар яаж хэргийн газрын үзлэг хийсэн гэдэг нь тодорхойгүй байна.
Эдгээр байдлуудын үнэн зөвийг олж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хэргийг мөрдөн байцаалтад буцаавал шүүгдэгч Д.Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.
Д.Ө- нь газрын хэвлийг ухсан гэдгээ хүлээн зөвшөөрч нөхөн сэргээлтийн зардлуудыг төлөхөд бэлэн байгаа. Мөн Д.Ө- 4 хүүхэдтэй, 1 хүү нь хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр нь бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэртээ байдаг. Хэрэв шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж үзвэл дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Д.Ө-д тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ү.Ү.М-ийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, А.Саулегүль нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос шүүгдэгч Ү.Ү.М-ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Шүүгдэгч Д.Ө-, Б.Б-, Ү.М- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож байгаль орчинд 7.479.418 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр, хүнд машин механизм ашиглан ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан үйлдэл нь ...гэмт хэрэг байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хавтаст хэрэгт байгаа болон шүүхийн шийтгэх тогтоол, яллах дүгнэлтэд байгаа гэрч, яллагдагч нарын мэдүүлэгт 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Ү.М- нь ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагаанд оролцсон талаар нотлох баримт байдаггүй. Гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлэгт 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газарт техник хэрэгслийн хамт очсон ба техник хэрэгслээ буулгаад нэг экскаватортоо засвар үйлчилгээ хийгээд нөгөө экскаваторыг Б.Б- барьж газар ухсан талаар байдаг ба энэ үйлдлээ Б.Б- хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн байдаг. Түүний энэхүү мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд:
- Д.Ө-ын өгсөн: “...Б.Б- газар ухаж эхэлж байтал Баян-Адрага сумаас явж байна гээд бүрэлдэхүүн ирээд бичиг баримтаа шалгуул гээд тэгээд би бичиг баримт гарч байгаа гэсэн чинь хууль бусаар ашигт малтмал явуулж байна техник хэрэгслээ хураа тусгай хамгаалалттай газар гэсэн тэгээд бид нар техник хэрэгслээ тавиад би утсаар яриад ирэх хооронд сумаас ирсэн хүмүүс байхгүй байсан, цагдаагаас залгаад таны ажилтан хүмүүсийг чинь Баян-Адрага суманд аваад ирсэн шүү та ирж уулзаарай гэсэн...” гэх мэдүүлэг /1хх 89/,
- Гэрч Б.О-н өгсөн: “...Б.Б- гээд ах барьж газар ухсан...” гэх мэдүүлэг /1хх 80/,
- Гэрч М.Г-н өгсөн: “...нэг экскаватортоо засвар хийгээд нөгөө экскаваторыг Жагаа гээд ах барьж газар ухсан...” гэх мэдүүлэг /1хх 84/,
- Ү.Ү.М-ийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий аймгаас Д.Ө- гэх хүнийг дагаж гараад 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газарт ирж техник хэрэгслээ буулгаад нэг экскаватортоо засвар үйлчилгээ хийгээд нөгөө экскаваторыг Б.Б- гээд ах барьж газар ухсан...” гэх мэдүүлэг /1хх 82/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд “Б” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлосон үйлдлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар тогтоно. Дээр дурдсанаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газарт зөвхөн Б.Б- нэг экскаватороор газрын хэвлийд халдсан байдаг. Шүүгдэгч Ү.М-, гэрч Б.О болон М.Г нарын нэгэн адил газрын хэвлийд халдаагүй болох нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдож байгааг анхаарч үзнэ үү.
Ү.Ү.М-ийг дээрх үйлдэлд хамтран оролцсон болохыг ямар нотлох баримт, түүний үндэслэл, агуулгад тулгуурласан талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4-д заасан шаардлагуудыг хангаагүй байна.
Эдгээр алдаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн засах боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 “гэм буруугүйд тооцох” зарчмыг хэрэглэх боломжтой тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай бүхий л гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Ү.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний хооронд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдэлд оролцсон болох нь тогтоогдохгүй, гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэхээр байна.
3. Хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Энэхүү гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйлдэл байдаг ба тусгай зөвшөөрлийг Монгол улсад хуулийн этгээдэд олгодог бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “"тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж ...хуулийн этгээдийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “...хуулийн этгээдэд ...сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т “"түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж ... хуулийн этгээдийг”, 4.1.13-т “"хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг”, 6.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг ...хуулийн этгээдэд олгоно” гэж тус тус заасан.
2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийн тухайд хуулийн этгээд оролцсон болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Д.Ө-ын өгсөн: “...би 2013 онд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газрыг боржин чулуутай юм байна гэж судалж үзээд 2019 оны 12 дугаар сараас эхлээд бичиг баримт бүрдүүлж “И” нэртэй ХХК-иар лиценз авахаар Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбад өргөдөл гаргаад одоогоор байгаль орчны газар болон хөгжлийн газраас дэмжсэн хариу ирсэн...” гэх мэдүүлэг /1хх 51/,
- Б.Б-ын өгсөн: “...Д.Ө- дээж авна гээд түрээсэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 69/,
- Гэрч Ж.Эрхэмбаярын өгсөн: “...тэгээд хариуцаж явсан Д.Ө- гэх хүнтэй уулзахад “И” ХХК байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 74/,
- 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “И” ХХК-тай холбоотой 23 хуудас материал хүлээн авсан тэмдэглэл, хүсэлт цохолттой, өргөдлийн хураамж төлсөн баримттай, төсөл, төлөвлөгөөтэй, тодорхойлолттой /1хх 185-203/
- Хэнтий аймагт “И” ХХК-ийн өргөдлийн бүртгэл хийгдсэн /1хх 205/,
- Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 8/1780 дугаартай тоотоор Баян-Адрага сумын “Б” хэмээх солбилцол бүхий талбай “И” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-23000069-01-NE тоот өргөдлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байна. /1хх 232/,
- Ашигт малтмалын газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 8/777 дугаартай Хэнтий аймгийн Засаг дарга Н.Г “И” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэх дүгнэлт /1хх 236/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газар “И” ХХК-ийн лавлагаа, гэрчилгээ, дүрмийн хуулбарыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэв. /2хх 119-128/ Хувьцаа эзэмшигчдийн тоо 3, эцсийн өмчлөгч Д.Ө- болох нь тогтоогдсон.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “И” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргад гаргасан байна. Тус хуулийн 14 дүгээр зүйлд өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа тусгагдсан бөгөөд засаг дарга нь төрийн захиргааны төв байгууллагаас түрүүлж ирүүлсэн өргөдөлтэй давхцалтай эсэхийг тодруулах хариу авсны дараа сум, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авахаар заасан. Хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд хайгуулын зөвшөөрөл олгоно гэж хуульчилсан. “И” ХХК-д төрийн захиргааны байгууллагаас боломжтой гэх хариуг өгсөн, харин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал цагдаад шалгагдаж байгаа асуудлаас болж сүүлд татгалзсан байдаг. Баримт бичиг бүрдүүлсэн нь үнэн байхад тус хэрэгт хуулийн этгээдийг шалгаагүй үлдээсэн нь эргэлзээтэй, ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Хуулийн этгээд тусгай зөвшөөрөл гарахыг хүлээгүй гэмт үйлдэл гаргасан явдалд ажлаа хийж явсан бусад хүмүүс хохирч өмнөөс нь хариуцлага хүлээж хорих ял эдлэх, насаараа өртэй явах хүнд нөхцөл байдал үүссэнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна.
Хоёр: Шүүгдэгч Б.Ба-, Б.Э-, Ү.М-, Т.Б- нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн 1 дүгээр багийн нутагт “Х” гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 22-23-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй буюу хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 568.096 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:
1. Ү.М- нь энэхүү гэмт хэргийг үйлдэх зорилго, шунахайн сэдэлт байгаагүй нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт байгаа гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно. Үүнд:
- Гэрч Б.Б-н өгсөн: “...би Хэнтий аймгийн Батноров сумаас зүүн түүш 30 гаруй километр газар нөхөрлөл дээр ажиллаж байсан. Тэнд хийж байсан ажил 08 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Манай найз Б.Ба- 08 дугаар сарын 20-ны өдөр залгаад Хэнтий аймгийн Мөрөн суманд нөхөн сэргээлтийн ажил байна. Үнэ хөлсийг нь 2 өдрийн сэргээлтийн ажлаар ажиллаад 2 машин жонш өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дуусч буцах замд хийх ажил юм байна гээд зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /3хх 159/,
- Гэрч Б.Ба-ийн өгсөн: “...би 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр найз Б-тай яриад ийм ажил байна, цуг хийх үү гэсэн тэгье гэсэн, Б-н экскаваторыг ачиж дуусаад би Баярмагнайтай хамт “Prado-120” маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймаг явсан...” гэх мэдүүлэг /3хх 154/,
- Гэрч Т.Б-гийн өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буцах гэж байхад Б, Б.Ба- нар Хэнтий аймгийн Мөрөн суманд 2 хоногийн найдвартай ажил байна гээд бид шөнөдөө Мөрөн суманд очиж ажилласан...” гэх мэдүүлэг /3хх 177/,
- Гэрч Ү.Ү.М-ийн өгсөн: “...тэгээд би хот руу буцах гэж байхад Б би Хэнтий аймагт байна. Чи экскаватороо ачаад хүрээд ирээ, энд 2 хоногийн ажил гарчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3хх 178/.
Дээрх мэдүүлэгт Ү.М-, Б.Б-н ажилтан, түүний өмчлөл эзэмшлийн экскаваторын оператороор Хэнтий аймгийн Батноров сумаас зүүн тийм 30 гаруй километр газарт нөхөрлөл дээр ажиллаж байгаад энэхүү ажил нь 08 дугаар сарын 21-ний өдөр дууссан тул Б.Б түүнийг Хэнтий аймгийн Мөрөн суманд 2 хоног ажиллуулахаар техникийн хамт хэрэг болсон газарт хүргэж, ажлын даалгавар өгсөн. Энэ хугацаанд Ү.М- өдрийн 60.000 төгрөгийн хөлсөөр Б.Б-д хөлсөөр ажиллаж байсан гэдгийг зориуд дурдах нь зүйтэй байна. Мөн дээр дурдсан мэдүүлэгт Б.Б Хэнтий аймгийн Мөрөн суманд 2 өдрийн нөхөн сэргээлтийн ажлаар ажиллаад, хөлсөнд 2 машин жонш авахаар Б.Ба-тэй тохиролцсон талаар байдаг ба тухайн ажлыг хийж гүйцэтгэснээр ажлын үр шим, ашгийг Б.Баярмагнай, Б.Ба- нар хүргэхээр байсныг тодорхой илтгэж байна. Гэтэл ажлын тохиролцоог өөрөө бие даан хийж /2 өдрийн ажлын хөлс 2 машин жонш/, нөхөн сэргээлтийн ажил, бичиг баримт асуудалгүй гэх ойлголтыг өөрийн ажилтан Ү.М-д өгч, өөрийн техникийн хамт хэрэг болсон газарт хүргэж өгсөн, магадгүй энэ хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон байж болзошгүй хүнийг яллагдагчаар татахгүйгээр гэрч гэж үзсэнийг ойлгохгүй байна.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан “Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд”-ыг бүрэн хянах үүргээ зөрчсөн, биелүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.7-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх”-д хяналт тавиагүй гэж үзэхээр байна. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татаагүй бол энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа тул хэргийг прокурорт буцаах үр дагавар ч үүсэх боломжтой байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйл: Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн тухайд: Дээрх үйлдлийн тухайд Д.М.П- нь өөрийн эзэмшлийн техникээр газрын хэвийд халдсан нь дараах мэдүүлгээр нотлогдоно. Үүнд:
- Гэрч Д.Пүрэвпоржийн өгсөн: “...ингээд би автомашин дээрээ экскаватораа ачаад Ч гэдэг хүнийг дагаад зүүн зүгт явж байхад Б хайрхан уулын хажууд зам дээр Д гэдэг хүний улаан өнгийн “Хово” маркийн автомашин байсан. Тэгээд замаараа хамт нийлээд Ц гэдэг газарт очсон. Тэр газарт очиход цагаан өнгийн “Портер” маркийн автомашин дээр 1 тонн багтаамжтай савтай түлш ачсан байсан, мөн саарал өнгийн жижиг автомашин байсан. Тэр газар өмнө нь нэлээд ухагдсан байсан ба нүхний хойд талд экскаватороо буулгасан. Экскаватораа машинаас буулгаад түлш хийсэн. Тэгээд би тэр ухагдсан нүхний зүүн хойд хэсгээс 2-3 удаа экскаваторын шанагаар татаж үзсэн чинь газар нь маш хатуу байсан, тэгээд миний экскаваторыг гидрийн шаланк нь завсраар шингэн гоожсон...” гэх мэдүүлэг /8хх 67-68/,
Гэрч Х.Д-н өгсөн: “...удалгүй экскаватораар тус нүхний зүүн хойд хэсэгт байсан сул шороог 5-6 удаа татсан. Тус нүхнээс татаж гаргасан шороогоо тус нүхний зүүн хойд хэсэгт урьд өмнө нь овоолсон шороон дээр нэмж шанагаар асгасан...” гэх мэдүүлэг /8хх 57-58/.
Гэтэл Д.М.П-оос гэрчийн мэдүүлэг авахаас өөрөөр шалгаагүй хэрнээ адилхан хөлсөөр ажиллах үүрэг гүйцэтгэсэн экскаваторын жолооч оператор нар болох Ү.М-, Т.Б- нарыг газрын хэвлийд халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр буруутгаж байгаа нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсэгт “...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнэ буюу ...Ү.Ү.М-иас 179.882.826 төгрөгийг ...гаргуулж улсын төсөвт шилжүүлж, ....эд хөрөнгө хадгалуулах тухай мөрдөгч С.Э-н 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай” гэжээ. Тус өдрийн мөрдөгчийн тогтоолд экскаватор, экскаваторыг хууль ёсны эзэмшигч Б.Б-д хадгалуулахаар шилжүүлэх бүрэн бүтэн байдлыг хариуцуулахаар даалгажээ. /1хх 33/ Гэтэл экскаваторыг Б.Б- нь захиран зарцуулсан байдаг. Энэ нь дараах мэдүүлгээр нотлогдоно.
- Б.Б-ын өгсөн: “...экскаваторыг Г-д зарсан...” гэх мэдүүлэг /2хх 248-249/,
- н.Г-н өгсөн: “...экскаваторыг Б-н дүү Б.Б- надад зарсан...” гэх мэдүүлэг /3хх 137-138/.
Мөн экскаваторыг Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд Б.Б-ын ах Б.Б ашигласан байдаг. Баян-Адрага сумын үйлдэлд тус техникийг 90.000.000 төгрөгөөр үнэлсэн /1хх 129/, Мөрөн сумын үйлдэлд тус техникийг 58.500.000 төгрөгөөр үнэлсэн /4хх 17/. Нэг техникийг 2 өөрөөр үнэлж, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг мөн л алдагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар экскаватор Б.Ба-ийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон /4хх 160/, Б.Б- нь хадгалахаар хариуцсан хөрөнгөө улсын орлого болгохгүйн тулд дүр үзүүлэх хэлцлээр борлуулсан үйлдэл гаргасан нь тогтоогдож байхад ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт “шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ хүнд машин механизм ашигласан бөгөөд уг техник нь бусдын өмчлөлийнх болох нь авто тээврийн газрын лавлагаануудаар тогтоогдож байх тул тухайн эд хөрөнгөнүүдийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна” гэж дүгнэж бусад шүүгдэгч нарт их хэмжээний төлбөр ногдуулсан нь шударга ёсонд нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан байхад байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал, үнэлгээний зардал, шинжээчийн зардал гэх зэргийг тооцож хасалгүй шууд улсын төсөвт шилжүүлэхээр заасан нь оновчгүй болсон байна гэж үзэж байна.
Иймд хэргийг дараах байдлаар шийдвэрлэж өгнө үү.
1. Шүүгдэгч Д.Ө-, Б.Б-, Ү.М- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлосон” гэмт хэрэгт хамтран оролцоогүй, ашигт малтмал хууль бусаар хайх, олборлох үйл ажиллагаанд оролцоогүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт байгаа гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй”, энэ хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэм буруугүйд тооцох” буюу гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Ү.Ү.М-ид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Шүүгдэгч Б.Ба-, Б.Э-, Ү.М-, Т.Б- нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй буюу хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 568.096 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх” нь тодорхойгүй, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн, гэмт хэрэгт ашигласан эд хөрөнгийг үрэгдүүлсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн засах, гүйцэтгүүлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ү.Ү.М-ийн өмгөөлөгч Т.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэгт Н гэх хүний нэрийг М.П- гэж буруу бичсэн, Н нь Т.Б-, Ү.М- нартай эрх зүйн байдлын хувьд ялгагдах зүйл байхгүй байхад Н-г хэргийн гадна үлдээгээд, хөлсөөр ажиллаж байсан Т.Б-, Ү.М- гэх хүмүүсийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсныг дурдаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Саулегүль давж заалдах шатны шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэрэгт 15 тонн жоншийг битүүмжилсэн. 15 тонн жоншны үнэлгээ нь 4.000.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 22-23-ний өдрийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэгт 130.76 тонн жоншийг хурааж авсан. 130.76 тонн жоншны үнэлгээ нь 39.228.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-20-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт 107 тонн 940 килограмм жоншийг хурааж авсан. 107 тонн 940 килограмм жонжны үнэлгээ 30.223.200 төгрөг болсон байдаг.
2020 оны 01 дүгээр сарын 20-21-ний шилжих шөнийн үйлдэлд 15 тонн жоншийг тогтоол үйлдэж хураан авсан байдаг ба 2020 оны 08 дугаар сарын 22-23-ний өдрийн үйлдлийн 130.76 тонн, 2020 оны 10 дугаар сарын 19-20-ний өдрийн үйлдлийн 107 тонн 940 килограмм жоншийг битүүмжилсэн, хураасан прокурорын, мөрдөгчийн тогтоол байдаггүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулахаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр тус тус хуульчилсан байдаг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд бүх жоншийг улсын орлого болгохоор зааж хохирол төлбөрөөс хасаагүй нь хуульд нийцээгүй байна.
2020 оны 10 дугаар сарын 19-20-ний өдөр үйлдэгдсэн хэрэгт Өн нь “С дарга намайг жонш ухаж байна уу, ******* юу гэдгийг хараад ир гэж явуулсан” мэдүүлсэн байдаг ба С дарга нь “Ө-тай бид хамтран ажиллах аман тохиролцоо хийсэн, бичгээр гэрээ хийгээгүй. Мэдээлэл өгөөд төлбөр мөнгөнөөс 15 хувийг Ө авахаар тохиролцсон” гэж мэдүүлэг. Ө-тай хамтран ажиллах гэрээ хийсэн бол прокурорын зөвшөөрлийн дагуу шүүхээс олгох ёстой. Ө гэх хүн хууль бусаар хүмүүсийг мөрдөж мөшгөсөн, мөн С дарга нь дураараа аашлах гэмт хэргийн шинжийг бүрдүүлж, эрх хэмжээ олгогдоогүй байхад бусдыг мөрдөж мөшгөсөн байна.
2020 оны 08 дугаар сарын 22-23-ний өдрийн үйлдэлд Э гэх хүн холбогдсон байдаг. Э нь 20.000.000 төгрөг авсан нь дансны хуулгаар нотлогдсон бөгөөд дансны хуулга нь хэргийн материалд авагдсан байна.
Мөн хэргийн оролцогч тус бүрийн утасны дуудлага, дансанд үзлэг хийсэн байдаг. Энэ үзлэгт Ү.М-ийн дансаар их хэмжээний мөнгө ороогүй, утсаар ярьсан тэмдэглэл байдаггүй. Зөвхөн Ү.М-ийн дансанд ажил олгогчоосоо авсан өдрийн цалин орсон байдаг. Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж явсны төлөө гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдал бий болоод байна.
Ү.М- нь бага насны хүүхэдтэй, мөн эхнэр болон төрсөн дүү нь оюутан, ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Энэ гэр бүлийг Ү.М- авч явдаг. Мөн Ү.М- нь элэгний хагалгаанд орж байсан, хоригдож байх хугацаанд бие нь муу байсан. Хэрэв хэргийг анхан шатны шүүхэд, эсхүл мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзвэл Ү.М-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: "Анхан шатны шүүхээс Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан.
Б.Б-ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ”, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” зэрэг эрх нь зөрчигдсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан.
Учир нь Б.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надтай утсаар холбогдож өмгөөлөгчөөр авах хүсэлттэй байгаагаа илэрхийлж 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдөр надтай ирж уулзсан. Ингээд хэргийн талаар товч ойлголтыг аваад өмгөөлөгчөөр оролцохоор болж харилцан тохиролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд өмгөөлөгч Б.Болортунгалагийг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг бичгээр бичгээр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9-т зааснаар өмгөөлөгч нь “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах” эрхтэй. Ингээд хэргийн материалтай танилцах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.
Өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулахгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах яллагдагчийн эрхийг давхар ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.Б-ын хувийн байдлыг харгалзан үзэж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ү.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарынхаа давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна” гэв.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн надад хувийн батлан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн Ө.Х-, М.П- нарын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад 9 хүнийг тодорхойлсон байдаг. Харин тогтоох хэсгийн 2 дахь заалтад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 8 хүнд ял оногдуулж 1 хүнийг орхигдуулсан ноцтой зөрчил гаргасан учир уг шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр бус болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэрвээ шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзвэл М.П-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Ба-, Т.Б- нарын өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүх хурал удаа дараа хойшилж байсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч нар өмгөөлөгч авч эрхээ эдлэх боломжтой байсан. Энэ асуудлаар анхан шатны шүүх хууль зөрчсөн асуудал гаргаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй тогтоогдоогүй гэж үзэж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ө.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар байхгүй гэв .
Иргэний нэхэмжлэгч Ч.Ш давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “2.453.000 төгрөгийн түлш бензин нэхэмжилсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ү.М- болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдээгүй, өдөр тутмын хийдэг ажлаа хийж гүйцэтгэж яваад гэмт хэрэгт холбогдсон, хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй гэх байр суурьтай байна. Энэ гэмт хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдөр явагдаж 260 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч нар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Энэ хугацаанд өмгөөлөгч авах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн гэрч нарын мэдүүлгүүдээр Ү.М- нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байдаг.
Д.Ө-ын хувьд зөвхөн дээж авах зорилгоор очсон гэж ярьж байна. Цэрэндолгор өмгөөлөгч албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуй нэгж гэдэг боловч хавтаст хэрэгт үүнийг нотлох баримт байхгүй. Тийм учир өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, А.Саулегүль, Б.Цэрэндолгор, Б.Болортунгалаг, шүүгдэгч М.П-, Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Ө-, Б.Б-, М.П-, Б.Ба-, Б.Э-, Т.Б-, Ү.М-, М.Б-, Ө.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмуудыг зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт “гэмт хэрэгт хамтран оролцох” ойлголтын талаар тусгасан байх бөгөөд 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус хуульчилж гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч, хатгагч, хамжигч, зөрж гүйцэтгэх, бүлэглэн гүйцэтгэх, зохион байгуулалттай гэмт хэргийн талаар нарийвчлан тусгасан байдаг.
Прокурор гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, шинж чанарыг харгалзан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснээр эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим хангагдах учиртай.
Иймд гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог зайлшгүй тодорхойлох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно” гэж заажээ.
“И” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр хүнд машин механизм ашиглан ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдэгдэхэд хуулийн этгээдийн хувиар оролцсон эсэхийг шалгах шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх”-д прокурор хяналт тавих үүрэгтэй ба хавтаст хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд уг гэмт хэргийг үйлдэхэд өөр хүн, хуулийн этгээд оролцсон байж болзошгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б-ын .........улсын дугаартай экскаваторыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр өөрөөр үнэлсэн /1хх 129-132, 4хх 17/ байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн үнэлгээг дахин шинжээч томилж бодитойгоор тогтоох, шүүгдэгч Б.Э-, М.Б-, Ө.Х- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Ц” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан үйлдэлд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулахдаа сумын үнэлгээний комиссоор гаргуулсан нь үндэслэл муутай болсон байх тул уг тээврийн хэрэгслийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний компаниар гаргуулах шаардлагатай байна.
Мөн хавтаст хэрэгт өөр аймгийн мөрдөгчөөр мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлсэн байх бөгөөд уг ажиллагаа, тэмдэглэлүүд нь хавтас хэрэгт эх хувь хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.6 дугаар зүйлийн 3-т заасан “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэснийг зөрчсөн байна.
Шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Т.Б-г орхигдуулсан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгорт хэргийн материал танилцуулаагүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Ө-, Б.Б-, Б.Э-, Ү.М-, М.П- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ө-, Б.Б-, М.П-, Б.Ба-, Б.Э-, Т.Б-, Ү.М-, М.Б-, Ө.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Д.Ө-, Б.Б-, Б.Э-, Ү.М-, М.П- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Б.ДЭНСМАА