Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Б.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т-д холбогдох 17160004700012 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ......... сумын харьяат, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ....... аймгийн .... сумын ...... баг, ......... хороолол ......... тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ........... регистрийн дугаартай, ........... овогт Б....ийн Т  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч  Б.Т  нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ...... аймгийн   ......г сумын ........ багийн ...... тоотод байрлах иргэн Б.Ш-ийн хашаанд иргэн П.Д-г зодож, П.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Т  нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр .......... аймгийн ......... сумын ............. багийн ......... тоотод байрлах иргэн Б.Ш-ийн хашаанд иргэн П.Д-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би оюутан байхдаа П.Д-гийн байранд  эхнэрийн хамт байр хөлсөлдөг байсан. Төгсөөд Петровис компанид ажилласан. П.Д-гийн эхнэр бас Петровист ажилладаг байсан. П.Д эхнэрээ надтай хардаад эхнэрээсээ салж байна гээд манай эхнэр надад хэлсэн. Тэгээд би найзуудтайгаа жоохон сууж байгаад П.Д-гийнд очсон тэгээд маргаан үүссэн. Танай эхнэр бид хоёрын хооронд тийм юм байхгүй, та эхнэртэйгээ эргэж нийл гэж хэлсэн. Бид хоёр салсан чи одоо амьдралаа бод, чамд бид хоёрын амьдрал хамаа байхгүй гэсэн. Тухайн зодоон нь харилцан зодоон болсон. Тэгээд П.Д-гийн эхнэртэй уулзъя гээд П.Д-гийн  хамт хадам аавынд нь очиход эхнэр нь байхгүй байсан. Хадам аав нь гар гэсэн тэгээд гадаа хашаанд жоохон ноцолдож байгаад П.Д  цагдаа дуудсан би согтуу байсан учир цагдаатай хамт явж эрүүлжүүлэх байранд нэг хоносон. Тухайн хугацаанд би ижилхэн зургаа авахуулаад гомдол гаргаад явж болохоор байсан боловч Шарга суманд цолны найр хийгээд 3 хоночихоод ирсэн болохоор шарх маань арилсан байсан. Одоо надад нотлох баримт байхгүй тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Замдаа бид хоёр маргаад чи зүгээр яв чамд хамаа байхгүй гээд байхаар нь шар гозойгоод түлхэж унагаасан. Хадам аавынд нь ороход хадам аав нь гар гэсэн тэгээд гадаа ноцолдож байхад П.Д  цагдаа дуудсан байсан. Тэгээд би согтуу байсан учир цагдаатай хамт явж эрүүлжүүлэх байранд нэг хоносон... М  над руу бичсэн мессеж байсан. Бид хоёр салчихлаа чамаас болоогүй шүү  эгчийн дүү амьдралаа сайхан аваад яваарай гэсэн байсан.... 1.9 зэргийн согтолттой байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул оногдуулсан шийтгэлийг багасгаж  өгнө үү...” гэх мэдүүлэг,  

Хохирогч П.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний машины түлхүүрийг надаас булааж авахдаа намайг 3-4 удаа газарт унагасан. Шүхэрийнд очихгүй бол гэрийг чинь буулгаж, чамайг ална гээд байхаар нь би Т-тэй хамт явах болсон. Би өөрийнхөө машиныг, Т  өөрийнхөө машиныг унаж явсан. Гэрт ороход Т  бид хоёрыг та хоёр зайл гэж хэлээд хөөсөн. Тэгэхэд Т  нь намайг “чи тэр янхан эхнэр лүүгээ залга” гэж хэлээд цохиод авсан юм. Тухаин үед би согтуу хүнтэй муудалцаад байх шаардлага байхгүй. би явлаа гээд гарсан. Намайг гэрээс гарсны дараа хашааны хаалга руу дөхөж явахад Т  миний араас ирээд намайг тэвэрч аваад хавсарч унагаасан. Тэнд ноцолдож байгаад би босч ирсэн. Утсан дээрх мессежүүдийг уншиж дуусгаад би Т-д "чи өөрийхөө амьдралыг бод. ах эгч хоёр нь салж байгаа гэдгийг хэлсэн. Тэгэхэд Т  намайг боогоод газарт унаж байх хооронд Т  миний шанаанд гараараа цохисон. Намайг газарт унаж байх хооронд Т миний цээжин дээр дарчихаад босгохгүй байсан, би ноцолдож байгаад босч ирэхэд Т  намайг дахин цохисон...” гэх мэдүүлэг/хх 27-28-рт/

Хохирогч П.Д-гийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Т  нь миний өмсөж явсан бэлтгэлийн цамцны энгэр хэсгээр гараараа барьж аваад захаар  нь хоолой боогоод баруун хөлөөрөө миний зүүн хөлний шагай орчмын хэсгээр хавсаран намайг 2-3 удаа газар унагасан...Т  бид хоёр манай өөр өөрсдийн машиныг унаад манай хадам аав болох Шүхэрийн гэрт очиж гэрт нь ороход гэрт хадам аав Ш  ганцаараа байсан бөгөөд М  гэрт байхгүй байсан. Тухайн үед гэрт нь ороод Т намайг баруун гараараа миний зүүн шанаа орчим газарт нэг удаа цохиж аваад чи муу бол гөлөг ш дээ гэж хэлэхэд хадам аав Ш  бид хоёрыг гэрээсээ гар зайл хол очиж хэрүүлээ хий гэж хэлэхээр нь бид хоёр тэднийхээс гарах гэхэд Т  намайг цамцны энгэр хэсгээс заамдаад гараараа заамдаад авахаар нь би тэр заамдсан гарыг нь тавиулах санаатай заамдсан гартай нь ноцолдоод Ш-ийн байрнаас гараад хашааны хаалганы ойролцоо очиход Т  намайг хөлөөрөө хавсарч унагаад дээрээс өвдөглөх үедээ миний зүүн шанаа орчим газарт баруун гараараа цохиход би толгойныхоо ар дагч хэсгээр газар мөргөсөн...”гэх мэдүүлэг/хх 87-88-рт/,

Гэрч Ш.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би өөрийн аав Ш-ийн байшингийн цонхоор харахад хашааны хаалгаар Д , Т нар барьцалдсан орж ирж байсан. Т  нь Д-г дэгээдэж унагааж байгаа харагдсан. Тэгээд босож ирээд манай аав Ш-ийн гэрт орж ирэхэд нь аав хөөгөөд гаргасан... Миний харснаар Т  Д-г аавын байшин руу явж байх замдаа нэг удаа хавсарч унагаж байсан...” гэх мэдүүлэг/хх 29-30-рт/,

Гэрч Х.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би гэртээ хувцсаа сольж байхад манай хүүхэд гэрт орж ирээд гадаа хүн зодолдож байна гэж хэлсэн. Намайг гэрээс гарч ирэхэд Д  нь гэрийн гадаа ирсэн байсан приус маркын машины жолоочтой газарт унасан ноцолдож байсан. Тухайн үед приус маркын машины жолооч Д-гийн дээр нь гараад суусан байсан...” гэх мэдүүлэг /хх 32-33-рт/,

Гэрч А.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... П.Д  тухайн өдөр манай ажил дээр ирж рентген зураг авхуулсан...Рентген зураг дуур байгаа нэрийг зураг авахаас бичиг нэр гаргах хэсэгт хийдэг тэгээд Рентген зураг авахад булан хэсэгт нь байгаа нэр хаяг нь зурагтай хамт хэвлэгдэн гарч ирдэг. Рентген зураг авсаны дараа тухайн зурагны доод хэсэгт байгаа нэрийг бичиж хэвлэх ямар ч боломжгүй юм...” гэх мэдүүлэг/хх 37-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №258 дугаартай “...1. П.Д-гийн биед тархи доргилт, хүзүү, баруун эгэмний дээд хэсэг, зүүн шагайнд зулгаралт, баруун эгэмний доод хэсэг, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.  Шүүх эмнэлэгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 43-44-рт/

Шинжээч эмч Т.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Би П.Д-гийн биеийг өөрийн биеэр үзэж дүгнэлтийг гаргасан...эмнэлгийн баримт бичиг болон үзлэгийг үндэслэж П.Д-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг/хх 38-рт/,

Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “... Гэр бүлийн асуудлаас болсон...Д  нь намайг боосон байсан. Мөн би Д-г боосон байж байгаад урагш нь хоёр удаа татаж унагаасан...” гэх мэдүүлэг/хх 62-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч П.Д-гээс дахин мэдүүлэг авсан мэдүүлэг/хх87-88-рт/, гэрч Н-ын мэдүүлэг/хх 37-рт/, шинжээч Т.А-ын /хх 38-39-рт/, шинжээч эмч Т.А-ын  2017 оны  08 дугаар сарын 17-ны 258 дугаартай дүгнэлт/хх 43-44-рт/, Яллагдагч Б.Т-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Т-ийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 30.000 төгрөгийн хохирлыг барагдуулахаа Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Т-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 30.000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулахаа Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт болон шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ/хх 108-рт/ прокурорт гаргасан, Прокурор 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Т-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Б.Т  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 118-рт/ бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул оногдуулсан шийтгэлийг багасгаж  өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүхээс шүүгдэгчийн болон прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Т  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Т  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 30.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Их мянган овогт Б-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Т  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Т-өөс 30.000 төгрөг гаргуулж хохирогч П.Д-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, ялтан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 30.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА