Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 117/ШШ2022/0008

 

             

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Нд холбогдуулан гаргасан “2021 оны 05 сарын 19-ний өдрийн ... дугаартай Б.Мд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг /дүгнэлт/ 2021 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “...Б.М нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн...” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Мыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав.

Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтны “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, иргэний үнэмлэхийн лавлагаа, холбогдогч Б.Мын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Б.М нь 2021 оны 05 дугаар сард иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам маягт батлах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан тус тогтоолын 3 дахь заалтаар Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байхад дээрх зөрчилд Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар Б.Мыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Нгийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Монгол улсын засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам маягт батлах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан тус тогтоолын 3 дахь заалтаар Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байхад мэдээгүйн улмаас тухайн хүчингүй шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж иргэн Б.Мыг ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь миний алдаа байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчаас баталсан загвар бүхий үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, дүгнэлт, шаардлага, мэдэгдэл, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3/4998 дугаартай чиглэлээр Орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтсийн нярав, нягтлан бодогч нар тус газрын Санхүү аж ахуйн хэлтсээс хяналтын улсын байцаагчийн хэвлэмэл хуудсыг тухайн жилд хэрэглэгдэх тоо ширхгээр хүлээн авах гэх чиглэлийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэгдсэн шийтгэлийн хуудсыг хүлээн авч үйл ажиллагаандаа хэрэглэж байсан.

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мыг ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж   шийдвэрлэсэн  шийдвэрийг  хүчингүй  болгох   прокурорын   дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хариуцагчид холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байхад хүчингүй болсон тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан тул хүчингүй болгуулахаар  прокурорын дүгнэлт[1] бичиж ирүүлжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаас  иргэн Б.Мыг иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-д зааснаар 30 нэгж буюу 30000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[2] оногдуулсныг зөрчилд холбогдогч Б.М 2021 оны 05 сарын 19-ний өдөр биелүүлж төлсөн болох нь  баримтаар[3] тогтоогдож байна.

Хариуцагч албан тушаалтан прокурорын дүгнэлтийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг[4] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах ба ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх,хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав.

Дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан 30000 төгрөгийн төлбөр биелэгдсэн байх тул  орон нутгийн орлогоос буцаан гаргуулж  зөрчилд холбогдогч Б.Мд олгох нь зүйтэй  ба түүнийг гуравдагч этгээдээр татах шаардлагагүй.

Захирамжид давж заалдах журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэргийг  танилцуулж, энэ тухай баримтжуулсан[5] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1,122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2021 оны 05 сарын 19-ний өдрийн .. дугаартай Б.Мд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн ...дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2021 оны 05 сарын 19-ний өдөр төлөгдсөн торгуулийн 30 нэгжтэй тэнцэх буюу 30000 /гучин мянган/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж Б.Мд /РД:/ олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-2 хуудас

[2] Хэргийн 9 хуудас

[3] Хэргийн 10- хуудас

[4] Хэргийн 21 хуудас

[5] Хэргийн 22 хуудас