Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.М-д холбогдох 17160003900015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, ........ сумын ............. багт оршин суудаг, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 ахын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 163 дугаартай магадлалаар 03 жил 01 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэгдсэн, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, ялаа эдэлж байгаа, ................. регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ............ овогт Э-ын М гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.М нь 2017 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 09-ний өдрийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-8 тоот хашаанаас иргэн Д.Г-ийн эзэмшлийн 500/таван зуун/ мянган төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

2017 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 09-ний өдрийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-8 тоот хашаанаас иргэн Д.Г-ийн эзэмшлийн 500/таван зуун/ мянган төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хулгайлсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Э.М нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Э.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...Би найзынхаа мотоциклийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 4-5 цагийн орчим хашаанаас нь унаж гарсан. Тэгээд тухайн мотоциклийг эгчийнхээ хашаанд тавичихаад хөдөө 2 хоносон. Тэгтэл Д.Г-ийн ээж нь цагдаад гомдол гаргасан байсан. Л  гэдэг мөрдөгч намайг баривчилсан. Би мотоцикль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Очиход ээж нь байхгүй байхаар нь аваад явчихсан... Гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Миний ялыг багасгаж өгнө үү... Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Ялаа эдэлж гарч ирээд ажил хийх бодолтой байна. Оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2017 оны 08 сарын 05-нд би Алтай сум руу өөрийн найз нар болох Н , О  нартай яваад 2017 оны 08 сарын 10-нд гэртээ ирэхэд хашаанд байсан улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 150 мотортой мотоцикль алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх 10-11-рт/,

Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Мотоциклийн түлхүүр нь гэрт байсан, гэхдээ түлхүүргүй энэ мотоцикль нь асчихдаг юм...Надад хэлж мэдэгдэлгүй авчихсан байсан. Надаас ерөөсөө асуугаагүй юм...” гэх мэдүүлэг /хх 14-15-рт/,

Гэрч Ц.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 08 сарын 08-ны өдөр би 15 цагийн орчимд аймгийн төвийн Шинэ-Алтай зах дээр очиж жаахан ажил амжуулж байгаад орой 20 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хүүгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн  Мустанг-5  150 мотортой улсын дугааргүй  мотоцикль манай хашаанаас гэрийн үүднээс алга болсон байсан... 8 сарын 10-наас 1, 2 хоногийн л өмнө байх...” гэх мэдүүлэг/хх 18-19-рт/,

Гэрч Ж.Б-гийн /цагдаа зохицуулагч/ мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2017 оны 08 сарын 10-ны өдөр шугам замын эргүүлд ажиллаж байх үед Оргил баг 15-21 тоот хашааны үүдэнд сэжиг бүхий улсын дугааргүй мотоцикль байж байсан. Тэгээд хашаанд байсан махлагдуу эмэгтэй хүнээс дээрх мотоциклийн эзэмшигчийн талаар асуутал “мэдэхгүй, байхгүй байна” гэж байсан. Тухайн үед аймгийн хэмжээнд 2 ширхэг улаан өнгийн мустанг мотоцикль хулгайд алдагдсан гэж эрэн сурвалжилж байсан тул би дээрх мотоциклийг журмын хашаанд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх 22-23-рт/,

Гэрч Д.Ш-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэр мотоциклийг манай төрсөн ах Э-ын хүү болох М гэх дүү маань 2017 оны 08 сарын 08-ны өдрийн үдээс хойш   БНХАУ-д  үйлдвэрлэсэн  улаан  өнгийн   мустанг-5 150   мотортой  улсын дугааргүй мотоцикль манай хашаа болох Оргил 15-21 тоотод унаж орж ирсэн... Нэг замын цагдаа дээрх мотоциклийг ямар учиртайг асууж,  бичиг баримт болон эзэмшигчийн талаар асуухад нь би мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Г  бид хоёр 2017 оны сард 2 мотоциклоо солилцсон юм. Дээрхи мотоциклийн оронд Г  надад 27-19 ГАЗ улсын дугаартай, Ө-ын Ө  гэсэн гэрчилгээтэй, улаан өнгөтэй 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 мотоциклоо өгсөн...” гэх мэдүүлэг/хх 20-рт/,

Шинжээч М.А , Б.Б  нарын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх 27-рт/,

Шүүгдэгч Э.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 08 сарын 08-ны өдөр хүргэн ахынд байж байгаад үдээс хойш 15-16 орчимд өмнө таних цэргийн онжав Г -ийн хашаанд очсон. Хашаанд нь очиход 2 гэр байсан. 2 уулаа цоожтой байсан. Гадаа нь Г-ийн улаан мотоцикль гэрийн үүдэнд байж байхаар нь зөвшөөрөлгүй асааж аваад унаад явчихсан юм. Тэгээд уг мотоциклио хүргэн ахын хашаанд аваачиж тавьчихаад хөдөө Олонбулаг баг руу эмээгийн мал туухаар яваад 4-5 хоносон...Зөвшөөрөлгүй хүний эд зүйл авсан нь миний буруу. Би буруугаа хүлээж байна...Мотоциклийг нь бүрэн хүлээлгээд өгсөн. Эвдсэн эд ангийг нь төлөөд барагдуулсан одоо ямар нэг хохирлын тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг/хх 30-31-рт/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх 33-рт/,

Зөрчлийн лавлагаа/хх 34-38-рт/,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн -- дугаартай шийтгэх тогтоол/хх 41-44-рт/,

Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх 9-рт/,

Нийтэд тустай ажилй хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэл зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх 9-рт/, хохирогч М-ын мэдүүлэг/хх 10-11-рт/, хохирогчийн 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг/хх 14-15-рт/, гэрч Буяннэмэхийн мэдүүлэг/хх 20-рт/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт/хх 25-рт/, шүүгдэгч Э.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 30-31-рт/, шүүгдэгч Э.М-ийн урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа/хх 33-34-рт/, шинээр гаргаж өгсөн нийтэд тустай ажил хийж байх үеийн цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Э.М-ийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан/хх 58-рт/ байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Э.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.М-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан/хх 58-рт/, Прокурор 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Э.М-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Э.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 73-рт/ бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Миний ялыг багасгаж өгнө үү... Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Ялаа эдэлж гарч ирээд ажил хийх бодолтой байна. Оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүхээс шүүгдэгчийн хүсэлт болон прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.М нь өмнө нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялаа эдэлж улмаар 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, мөн түүний хувийн байдал зэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.М нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ............ овогт Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Э.М-д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Э.М-ий 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 сар, 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Ялтан Э.М-ийг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА