Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр                                2022/ДШМ/16                          Хэрлэн сум

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0016/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Н.Амаржаргал /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М- /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжавын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1840000590075 дугаартай 4 хавтас 918 хуудас бүхий хэргийг 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овогт Д-н Д.Б-, Төв аймгийн Өндөрширээт суманд 1961 оын 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй

 

Д.Б- нь Хэнтий аймгийн УБҮ-тэй 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий механикаар ажиллаж байх хугацаанд хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж “М” ХХК-ийн экспорт худалдан авах хэлтсээр дамжуулалгүй, өөрийн хамаарал бүхий өөрийн төрсөн дүү Д.Ц-ийн эзэмшлийн “Н” ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1.764.050 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.528.100 төгрөгийн, мөн “Т” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5.880.100 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр 11.172.250 төгрөгийн чанарын шаардлага хангаагүй сэлбэг захиалан авч бусдад давуу байдал тогтоож хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас УБҮ-т шууд хохирол 11.257.250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол, /11.172.250 хохирол дээр бараа материалын үлдэгдлээс 85.000 төгрөгийг сэлбэг нэмж тавьсан/, шууд бус зардал 8.385.304 төгрөг нийт 19.642.554 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шовогт Д-ын Д.Б-ыг “Хөдөлмөрийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал тогтоож, ашиг олох зорилгоор бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Д-н Д.Б-ыг 5000 (таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 (таван сая)  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 11.257.250 /арван нэгэн сая хоёр зуун тавин долоон мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж, хохирогч “М” ТӨҮГ-н харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт олгож, хохирогч нь эд хөрөнгөнд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Д.Б-ын хувьд сэлбэг хэрэгтэй байгаа талаар “Т”-ээс ирүүлсэн захиалгыг хянан “Х”-т шилжүүлдэг бөгөөд уг захиалгыг ерөнхий инженер болон захирал нарын гарын үсэгтэй албан бичгээр “М” ХХК Хангамжийн хэлтэс рүү хүргүүлж Тендерийн тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар худалдан авалт хийж Бор-Өндөр дахь Уулын баяжуулах үйлдвэрийн Хангамжийн албанд хүлээлгэн өгдөг үндсэн зарчимтай. Өөрөөр хэлбэл Д.Б-ын хувьд төсөв, мөнгө, хөрөнгө захиран зарцуулах ямар ч эрх мэдэлгүй бөгөөд шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалгыг уламжлах үүрэгтэй атал “М” ХХК Хангамжийн хэлтсээр дамжуулалгүй худалдан авалт хийсэн гэж прокурор, шүүхээс яллаж байгаа нь хууль бус байна.

2.  Уг хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 5/37 тогтоолоор хаасан байдаг. Дээрх тогтоолтой холбогдуулан хохирогч УБҮ-ээс 7 хоногийн дотор гомдол гаргах хугацаатай атал 1 сарын дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан байдаг. УБҮ-ээс гаргасан гомдол нь албан ёсны үйлдвэрийн бланкгүй, захирал М-н оронд өөр хүн гарын үсэг зурсан зэрэг ноцтой зөрчилтэй гомдлоор хэргийг дахин сэргээсэн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн В/1962 тушаалаар УБҮ-ээс Д.Б-ын хэрэгт хохирогчоор Төмөр замын цехийн механик Г.Г.М-ийг иргэний нэхэмжлэгч, хохирогчийн төлөөлөгчөөр томилсон боловч уг тушаалыг гаргасан П.Машбат нь уг үйлдвэрийн газрыг төлөөлөх эрхгүй захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч байсан. Өөрөөр хэлбэл УБҮ-ийг “М” ХХК захирлаас албан ёсоор томилогдсон дарга төлөөлөх хуультай.

3. Анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/167 тоот захирамжаар Д.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасан байдаг. Уг захирамжид хохирогчийг зөв тогтоох, хохирлыг зөв тогтоогоогүй, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй гэх мэт асуудлыг тодорхой болгох зорилгоор буцаасан. Гэтэл дээрх асуудлыг маш хангалтгүй тогтоосон байдалтай хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Б.Д.Б- нь Уулын баяжуулах үйлдвэрт удирдах албан тушаалтан, уурхай дарга, инженерээр 20 гаруй жил ажиллаж байсан хүний хувьд үйлдвэрийн процессыг сайн мэднэ. Ерөнхий механикаар ажиллаж байсан хүний хувьд ямар сэлбэг эвдэрсэн, ямар сэлбэгийг захиалах зэргийг өөрөө хянах субъект юм. Тухайн ачигч машины сэлбэгийг захиалах процесс явагдаж байхад Д.Б- нь өөрөө дур мэдэн үйлдвэрийн удирдлагад танилцуулахгүйгээр, өөрөөр хэлбэл хүсэлтийг бусад газар шийдвэрлэж амжаагүй байхад өөрийн төрсөн дүү Д.Ц- руу утсаар ярьж чанар муу сэлбэгийг авсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-ыг тэр сэлбэгийг худалдан авах мөнгө болон эрхгүй гэдэг. Д.Б- нь ерөнхий механикаар ажиллаж байхдаа давуу эрхээ эдлээд үйлдвэрийн дүрэм журмаар явагддаг горимыг зөрчиж өөрийн төрсөн дүүгээс чанар муутай сэлбэгийг авсан. Чанар муутай сэлбэг нийлүүлсний улмаас үйлдвэрт 11.257.250 төгрөгийн хохирол учирсан. Энэ хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч А, Б, Т, Г, Э нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Д.Б- нь чанар муутай сэлбэг нийлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд дахин үнэгүй янзалж өгөх хүсэлтийг акт тогтоосон хуралдаан дээр гаргасан байдаг. Д.Б- нь хийх ёсгүй үйлдэл хийж, дур мэдэн албан тушаалаа ашиглаж, хуулийн этгээдийн өмнүүр өөрөө сэлбэг захиалан, мөн захиалахдаа өөрийн хамаарал бүхий төрсөн дүү дээр захиалж, стандартын шаардлага хангаагүй, сэлбэг нийлүүлэн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Д.Б-ын үйлдсэн хэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү”  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Прокурорын саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжавын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.Б- нь Хэнтий аймгийн УБҮ-тэй 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий механикаар ажиллаж байх хугацаанд хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж “М” ХХК-ийн экспорт худалдан авах хэлтсээр дамжуулалгүй, өөрийн хамаарал бүхий өөрийн төрсөн дүү Д.Ц-ийн эзэмшлийн “Н” ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1.764.050 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.528.100 төгрөгийн, “Т” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5.880.100 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр 11.172.250 төгрөгийн чанарын шаардлага хангаагүй сэлбэг захиалан авч бусдад давуу байдал тогтоож хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас УБҮ-т шууд хохирол 11.257.250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол, /11.172.250 хохирол дээр бараа материалын үлдэгдлээс 85.000 төгрөгийг сэлбэг нэмж тавьсан/, шууд бус зардал 8.385.304 төгрөг нийт 19.642.554 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэрч Ц.А-н өгсөн: “УБҮ-н захиалгат бараа материалуудыг худалдан авахдаа тухайн цех, хэсгүүд дээд удирдлагадаа буюу УБҮ-н захирал болон инженерт хүсэлтээ бичгээр гаргадаг. Захирлын шийдвэрийн дагуу манай хэлтсээс “М” ХХК-ийн удирдлагад сэлбэг авах тухай албан тоотыг, холбогдох материалын хамт хүргүүлдэг. Үүний дараа “М” ХХК-иас шийдвэр гарч сэлбэг, бараа материал УБҮ-т нийлүүлэгддэг журамтай.

2017 онд УБҮ-ийн Т-н цех SL-50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн бүрэн ээлж авахаар захиалга, хүсэлт өгсөн. Захиалга хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж “М” ХХК руу явуулсан. Уг захиалга хүсэлтийг явуулаад удаагүй байхад ерөнхий механик Д.Б- надтай уулзаад ”захиалсан сэлбэг ирэхгүй удах юм шиг байна, би “М” ХХК-ийн хангамжийн хэлтсийн дарга Энхбаатартай яриад зөвшөөрөл авчихлаа, SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлж ирнэ, би “Н” ХХК-иас авахаар ярьчихлаа” гэж хэлсэн.

Тэгээд удалгүй төмөр замын цехийн захиалсан SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлжийн сэлбэг ирсэн. SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлжийн сэлбэг ирэхэд нь зохих журмын дагуу хүлээн авч байгууллагын сэлбэгийн агуулахад бүртгэж аваад захиалга өгсөн төмөр замын цехэд хүлээлгэж өгсөн. Тэгтэл SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлж 2017 оны 11 сарын сүүлээр эвдэрсэн. Тэгэхэд нь мөн адил журмын дагуу материалаа бүрдүүлээд захиалгаа өгсөн. Ингэж захиалга өгөхдөө SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлж 2-ыг захиалсан. Захиалгаа журмын дагуу “М” ХХК руу явуулсан. Удалгүй манай үйлдвэрээс захиалсан сэлбэг “Н” ХХК-иас ирсэн. Ирсэн сэлбэгийг хүлээж авч төмөр замын цехэд хүлээлгэж өгсөн. Сүүлд авчирсан SL-50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн бүрэн ээлжийн 1 нь 2018 оны 01 дүгээр сард дахиж эвдэрсэн. Тэгээд журмын дагуу сэлбэг захиалсан чинь “Т” ХХК-иас SL-50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн бүрэн ээлж ирсэн. “Т” ХХК-иас ирүүлсэн сэлбэг нь техникт тавиад 2 хоноод эвдэрсэн.

“М” ХХК-ийн дотоод хяналт шалгалт “Б”-н УБҮ-т ирж шалгалтын явцад энэ сэлбэгийг ерөнхий механик Д.Б-ын хамаатны SHANTUI үйлдвэрийн гэрээт борлуулагч “Н” ХХК-иас нийлүүлсэн болох нь тогтоогдсон. Чанар муутай сэлбэг авчирсны улмаас үйлдвэрт 23.741.653 төгрөгийн хохирол учруулсан байсан. Ерөнхий механик Д.Б- уг хохирлыг төлж барагдуулах талаар ярьж нэг удаа SL-50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн сэлбэг үнэгүй өгье гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх 39-40/,

 

Гэрч Д.Ц-ийн өгсөн: “2016 оны сүүлээр “М” ХХК-д үнийн санал хүргүүлж мотор, хроп нийлүүлэх тендерт анх удаа оролцож байсан.

Үүний дараагаар 2017 оны сард “М” ХХК-иас над руу утсаар яриад ковшын ээлж гэх бараа материал хэрэгцээтэй байна нийлүүлэх боломжтой талаар асуухаар нь 2017 оны 09 сард 1.764.050 төгрөгийн, мөн оны 12 дугаар сард 3.528.100 төгрөгийн бараа материалыг БНХАУ-ын Эрээн хотын “Ш” компаниас худалдаж авч нийлүүлж байсан.

...Тухайн үед манай төрсөн ах “М” ХХК-ийн Б-н УБҮ-н ерөнхий механикаар ажилладаг байсан. Уг ажилд Д.Б- ах оролцоогүй. ...“Т” ХХК нь манай нөхрийн нэр дээр байдаг ба бараа материалыг “Н” ХХК-иас “М” ХХК-д нийлүүлэхэд үед “Н” ХХК-ийн тамга тэмдэг надад байгаагүй учир төлбөрийн нэхэмжлэлээ нөхрийнхөө компанийн тамгыг дараад 1 удаа баримт өгч байсан. Манай нөхөр энэ бараа материал “М” ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх 15-16/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.М-ийн өгсөн: “Би ажил үүргийн хуваариар SL50W загварын ачигчийг хариуцдаг юм. 2017 оны 12 дугаар сараас эхлээд ачигч техникүүдийн хөдөлгүүрүүд маань эвдэрч эхэлсэн. Ингээд би сэлбэг хэрэгслээ нэр төрлөөр нь гаргаж захиалга өгсөн. Би өөрөө шаардлагатай сэлбэг хэрэгслийн жагсаалтаа марк, тоо ширхгээр гаргаж ерөнхий механик Д.Б-аар хянуулж батлуулаад ерөнхий захирал руу оруулж батлуулаад хангамж хэлтэст өгдөг. Ингээд хангамжийн хэлтсээс шаардлагатай сэлбэг хэрэгслүүдийг нийлүүлдэг.

№1 ачигчид хийсэн ээлж нь 72 мото цаг ажиллаад гильз хагарч, кольц элэгдсэн, №2 ачигч нь 200 мото цаг ажиллаад 3 дугаар цлиндрийн гильз хүзүүгээрээ тасарч эвдэрсэн тэгэхээр нь дахин ээлж хийхэд 24 мото цаг ажиллаад 5 дугаар цлиндрийн гильз хүзүүгээрээ тасарч эвдэрсэн. №3 авто ачигч нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүрэн ээлж хийгээд ажилд гаргасан боловч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 900 мото цаг ажиллаад хөдөлгүүрийн гар биеийн вкладыш зуурч шатун нь блокоо хага цохин эвдэрсэн....” гэх мэдүүлэг /2хх 05-06/,

 

Гэрч С.А-н өгсөн: “...Б-н УБҮ-с 2017 оны 09, 12 cap, 2018 оны 01 дүгээр сард ирсэн захиалгын хувьд худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй байхад нэхэмжлэх нь ирчихсэн тухайн барааг Уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх 80-82/,

 

Гэрч Н.Э-н өгсөн: “...Сэлбэгийн жагсаалт Б-н уурхайн дарга, ерөнхий инженерийн гарын үсэгтэй захиалгаар “М” ХХК-ийн төв оффист албан бичгээр хүргэгдэж ирдэг. Захиалгын дагуу худалдан авалтын өртгийг тодорхойлж ямар аргаар худалдан авалтыг зохион байгуулах уу гэдгийг Тендерийн хуулиар зохион байгуулдаг.

Бор-Өндөрөөс захиалгаа өгсөн бол үйлдвэр техникийн хэлтсийн хянасны дагуу заавал худалдан авах ажиллагааг зохион байгуулж сэлбэгийг хүргүүлэх ёстой. Үнийн дүн 10 сая төгрөгөөс доош шууд худалдан авалт хийх бараа материал байсан ч манай хэлтэс 3-аас доошгүй компаниас үнийн санал авч харьцуулж байж чанартай, бага үнийн дүнтэй барааг сонгож нийлүүлэх ёстой.

Дээрх тохиолдлын хувьд манайд захиалга ирүүлчхээд өөрсдөө тэндээ сэлбэгээ хүлээгээд авчихсан, төв рүү нэхэмжлэхийг ирүүлээд хүлээгээд авсан актаа үйлдчихсэн байсан. ...Ерөнхий механик албан тушаалтан нь хангамжийн хэлтсийн худалдан авах ажиллагаанд оролцох эрхгүй...” гэх мэдүүлэг /1ххх 83-84/,

 

Гэрч Б.И-н өгсөн: “Д.Б-ын хүлээн авсан сэлбэгүүд нь нормондоо хүрэхгүй 72 цаг ажиллаад эвдэрсэн. Авто ачигч нь УБҮ-н төмөр замын цехэд харьяалалтай техникүүд бөгөөд үүнээс болоод төлөвлөгдөөгүй зогсолт гарсан, онош тогтоох, засвар хийх, яаралтай ажилд оруулах гээд засварын бригад гарч ажилласан байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор цалингийн зардал, авто тээврийн цехээс үзүүлсэн үйлчилгээ буюу крануудын гаргасан зардал зэрэг нь засварын зардалд ороод нийт 23.741.653 төгрөгийн хохирол учирсан. ...Худалдан авалтын зардал нь 11.172.250 төгрөг, засварын зардал нь 12.569.403 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /1хх 85/,

 

Гэрч Д.С-н өгсөн: “Уулын цехийн дарга албан тушаал нь Техник Эдийн засгийн үнэлгээний комиссын гишүүн бөгөөд 2018 оны 03 дугаар сард тухайн техник болон техникийн тавигдсан хөдөлгүүрийн чанарын асуудлаар акт гаргасан. “М” ХХК-ийн дотоод хяналтаас шалгалт ирээд 3 удаагийн худалдан авалтаар чанаргүй бараа материал авсан, мөн ерөнхий механик Д.Б- нь дүүгийнхээ компаниас уг барааг авсан гэдгийг тогтоосон. Уг асуудлаар комисс хуралдсан. ...хурлын олонхын шийдвэрээр 23.741.653 төгрөгийг Д.Б-аар төлүүлэхээр шийдвэр гарсан...” гэх мэдүүлэг /1хх 85/,

 

-Гэрч И.Б-н өгсөн: “...Shantui брендийн 3 ширхэг ковш байдаг бөгөөд тус ковшны сэлбэг материал олддоггүй, захиалгаар “Н” ХХК нийлүүлдэг байсан юм байна лээ. Бор-Өндөрөөс 1 сая дотор үнийн дүнтэй тус ковшны сэлбэг захиалахаар нь тус компани руу холбогдоод захиалаад авч байсан. “Т” ХХК-ийн талаар сайн мэдэхгүй гэхдээ Д.Ц- энэ компанийн нэрээр нэг удаа бараа өгч байсан санагдаж байна. 2017 оны 09, 12 cap, 2018 оны 01 сарын худалдан авалтуудын хувьд би Д.Ц- руу захиалга өгч яриагүй. Энэ худалдан авсан гэх 3 удаагийн худалдан авалтыг надад Уулын баяжуулах үйлдвэрийн хангамжийн хэлтсээс, “М” ХХК-ийн хангамжийн хэлтсээс аль аль надад ийм сэлбэг шаардлагатай ол гэж үүрэг өгөөгүй. Тэгэхээр сэлбэг шаардлагатай гэдгийг Д.Ц- нь өөрөө мэдээд шууд нийлүүлсэн байна. Сэлбэгүүд нь Бор-Өндөрт оччихсон байсан юм. Нэг удаагийн нэг ком ээлж л надаар дамжсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-178 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Эн-н өгсөн: “Би эдгээр моторын ээлжийг сольж тавьсан. сэлбэг хаанаас хэн нийлүүлж байгааг мэдэхгүй. №1 ачигчийн хувьд 2018 оны 01 сарын 21-ний өдөр моторын ээлж хийснээс хойш 3 хоногт хөдөлгүүр доголдож гильз хагарч кольцнууд элэгдэж эвдэрсэн. Гэхдээ шинэ сэлбэгүүд ирсэн байсан. №2 ачигчийн хувьд моторын ээлж хийснээр норм нь 2700 мото цаг ажиллах ёстой атал 200 мото цаг яваад масло тос хаяад доголдол гарч байгаад цилиндрийн гильз хүзүүгээрээ тасарч эвдэрсэн. №3 ачигчийн хувьд захиалсан Ц ах сольж тавьсан. Харин тавьсан сэлбэг нь мөн адил моторын ээлж эвдэрчихсэн. Тухайн үед ажлын цагаар засвар үйлчилгээгээ хийгээд яаралтай гэсэн тул ажлын бус цагаар илүү цагаар ажилласан. Надтай хамт төмөр замын цехийн А, Ө, Г.М- нар хамт ажилласан санагдаж байна. Би одоо илүү цаг хэдэн төгрөгийн цалин авсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэрнээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулж засварын ажлын хөлс авсан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /1хх 199-200/,

 

Гэрч О.А-н өгсөн: “Авто ачигчийн моторын ээлж 3 удаа эвдэрсэн гэсэн. Үүнээс үүдээд засварчид болон оператор нарын засварын цалингийн хөлс 7.355.530 төгрөг зарцуулсан. Нийгмийн даатгалын шимтгэл нь 1.029.774 төгрөг, шатах тослох материал 3.818.000 төгрөг, бусад тооцоологдоогүй зардал буюу гарсан байж болзошгүй зардал гэж дээрх зардлуудын нийлбэрийн 3 хувь болох 366.099 төгрөг гэж тооцоолоод засварын зардал гэж тооцсон. Моторын ээлж эвдрэхэд моторын тухайн тосыг нь сольж шинээр хийдэг бөгөөд тос нэмж хийхэд 350 литр тос тухайн үеийн дотоодын үнэлгээгээр 1.830.500 төгрөг, моторын гол гардаг гэдэг утгаар Кропны тос сольсон гээд 265 литр 1.987.500 төгрөгийн тос хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх 201-202/,

 

Гэрч О.Ө-ны өгсөн: “Тухайн үед ажиллаж байсан 3 ширхэг авто ачигч ойрын хугацаатай мотор нь эвдрээд байсан. Засварласнаас хойш эхнийх нь 20 гаруй хоног ажиллаад эвдэрсэн, түүний дараагийнх 10 гаруй хоногийн дараа, дараагийнх нь бүр 7 хоногийн дараа эвдрээд байсан. Тухайн техникүүдээс 1 ачигч машинд нь форсунк, 2 ачигч машинд нь /хэдэн номерын ачит байсан гэдгийг санахгүй байна гэх/ би турбокомпрессор, нэг ачигч машинд аппаратур, тухайн турбокомпрессор, аппаратур, форсунк зэрэг нь сольсноос хойш техниктээ эвдрээгүй жил орчим явчихсан. Харин кольц, поршин, вкладыш, моторын жийрэг зэрэг сэлбэгийг ээлж комоор нь солиод байсан. Тухайн техникийг засварлах гээд байнга илүү цагаар ажиллаж байсан. Илүү цагийн мөнгө өгөөгүй. Харин дараа нь цалинтай амралт нөхөж өгч байсан” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.М-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 3 удаа мэдүүлэг өгсөн. Би шинжээчийн дүгнэлтээр гарсан шууд хохирлыг Д.Б-аас нэхэмжилнэ...”гэх мэдүүлэг /3-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Д.Б-ын өгсөн: “... Сэлбэг материалыг манай захиалгаар “М” ХХК-иас худалдан авалтыг хийгээд ирүүлсэн тохиолдолд нярав нь тухайн сэлбэг захиалсан цехийн механикийн хамт хүлээж авдаг. Сэлбэгээ хүлээн аваад механик нь үзэж таарах сэлбэг мөн эсэхийг нь шалгаж тулгаж үзээд мэдлэг нь дутах юм бол операторуудаа дуудаж үзүүлээд хүлээн авсан акт үйлддэг юм. Сэлбэг ирсэн байна гээд намайг буюу ерөнхий механикийг дуудаад компанид орлогод авах актад миний бие гарын үсэг зурдаг. Мөн миний бие моторын ээлж солиход бүхий л ажиллагаанд биечлэн хяналтаа тавьж ажилладаг. Хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь туршилтын 24 цаг ажиллуулж үздэг.

Би дүүдээ бол манайд ийм сэлбэг хэрэгтэй байна гэдгийг нь тухайд үед хэлсэн. Учир нь худалдан авах ажиллагааны ажилтнууд сэлбэг нийлүүлэх гэж их уддаг. Тийм учраас хурдан шуурхай сэлбэгээ авах гэж Д.Ц- руу яриад танайд сэлбэг байгаа юу, Шантуйгаас сэлбэг захиалбал хурдан ирэх юм уу гээд асуусан. Тэгэхээр Д.Ц-ийн зүгээс за би эргээд ярья гэсэн юм. Үүнээс хойш 1, 2 хоногийн дараа л сэлбэг нь удахгүй ирсэн. Үнэлгээний комиссын актад дурдагдаад байгаа сэлбэгийн үнэ гэх 3 удаагийн худалдан авалтын 11.172.250 төгрөг нь тухайн худалдаж авсан бүх сэлбэгийг оруулж зарлагын падаан буюу тухайн худалдан авалтад нийлүүлсэн бүх барааг эвдэрсэн мэтээр хохиролд тооцсон байдаг.

Яг эвдэрсэн гэх юм бол моторын ээлж буюу 1,400,000 төгрөгийн моторын ээлж 3 ширхэг нь дараалан эвдэрсэн бөгөөд 4,2 сая төгрөгийн эвдрэл байна гэж үзэж байна. Мөн орон тооны засварчид буюу үйлдвэрийн үндсэн ажилчид засвар үйлчилгээг хийж авдаг цалингаа авч ажиллаж байхад засварын хөлс гэж 12,5 сая төгрөг гаргаж ирсэн байдаг. Тийм учраас би үнэлгээний комиссын акт, учруулсан хохирол гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг /1хх 181-183/,

Гэрч Ц.А, Н.Э нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /3хх 183-184/,

“Б” УБҮ-ийн захирлын ерөнхий механик Д.Б-тай 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх 12-15/,

“Б” УБҮ-н техник, эдийн засаг, үнэлгээний комиссын акт 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18-01 тоот акт /1хх 18-21/,

“Б” УБҮ-н захирлын Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн Б/304 дугаартай тушаал /1хх 22 /,

Д.Б-ын ажлын байрны тодорхойлолтоор ерөнхий механик нь удирдах албан тушаалын ангилалтай, ажлын байрны үндсэн чиг үүрэгт сэлбэг, тоног төхөөрөмж захиалж авах үүрэггүй гэдгийг тодорхойлж өгсөн ажлын байрны тодорхойлолт /1хх 51-52/,

“М” ХХК-ийн дотоод хяналтын хэлтсийн дарга Д.М-т гаргасан менежер С.А-н тайлбар /1хх 76/,

“М” ХХК-д “Б” УБҮ-с 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 998 дугаартай SL-50W №1 авто ачигчийн сэлбэг авах тухай захиалга явуулсан албан бичиг, мөн “Б” УБҮ-т 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Н” ХХК нь захиалсан 9 нэр төрлийн 1.764.050 төгрөгийн сэлбэгийн орлогын баримт /1хх 77, 186/,

“М” ХХК-д “Б” УБҮ-с 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1348 дугаартай SL-50W №2, 3 авто ачигчийн сэлбэг авах тухай захиалга явуулсан албан бичиг, мөн УБҮ-т 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Н” ХХК нь захиалсан 9 нэр төрлийн 3,528,100 төгрөгийн сэлбэгийн орлогын баримт  /1 хх 78, 188/,

“М” ХХК-д “Б” УБҮ-ээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 48 дугаартай SL-50W №1, 2, 3 дугуйт ачигчуудад сэлбэг /11 төрлийн сэлбэг/ авах тухай захиалга явуулсан албан бичиг, мөн УБҮ-т 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Т” ХХК нь захиалсан 11 нэр төрлийн 5,880,100 төгрөгийн сэлбэгийн орлогын баримт  /1хх 79, 190/,

Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Д.Б- нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хуулийн үйлчлэлд хамааран албан тушаалтан хамаарахгүй гэсэн албан бичиг /1хх 118/,

“Б” УБҮ-н захирлын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/696 тушаалаар ерөнхий механик Д.Б-ыг ерөнхий механикаар ажиллуулсан тушаал /3хх 31-34/,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 179-182/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт /2хх 136-139/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 90 тоот дүгнэлтийн тооцоолол нь тухайн үед шинжилгээнд ирсэн баримтын хүрээнд үндэслэлтэй гэж үзэхээр байна.

...“Б” УБҮ нь SL-50W №01, SL-50W №02, SL-50W №03, дугаарын ачигчуудын засварт “Н” ХХК, “Тт” ХХК-иас хүлээн авсан 11.172.250 төгрөгийн сэлбэг, мөн бараа материалын үлдэгдлээс 85.000 төгрөгийг сэлбэг нийт 11.257.250 төгрөгийг сэлбэгийг тавьж олгосон байна...,

...Санхүүгийн анхан шатны баримтаар 22.426.354 төгрөгийг зардал гарснаас сэлбэгийн 11.257.250 төгрөгийн цалин НДШ-д 8.358.304 төгрөг, тослох материалд 2.783.800 төгрөгийн зардал гарсан байна...” гэх дүгнэлт /3хх 208-213/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг гэмт хэргийн улмаас УБҮ-т 11.257.250 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд илүү цагаар ажилласны цалин өгөөгүй талаарх гэрч С.А /2хх 13/, О.Ө /2хх 14/, Д.Э /1хх 199-200/ нарын мэдүүлгүүдийг үндэслэн шууд бус хохирол болох 8.385.304 төгрөгийг бодит хохирлоос хасч тооцсныг буруутгах боломжгүй байна.  

 

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг Хөдөлмөрийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал тогтоож, ашиг олох зорилгоор бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

 

Давж заалдах гомдлын тухайд:

 

1. Гэрч Н.Э-н “...Сэлбэгийн жагсаалт Бор-Өндөрийн уурхайн дарга, ерөнхий инженерийн гарын үсэгтэй захиалгаар “М” ХХК-ийн төв оффист албан бичгээр хүргэгдэж ирдэг. Захиалгын дагуу худалдан авалтын өртгийг тодорхойлж ямар аргаар худалдан авалтыг зохион байгуулах уу гэдгийг Тендерийн хуулиар зохион байгуулдаг. Бор-Өндөрөөс захиалгаа өгсөн бол үйлдвэр техникийн хэлтсийн хянасны дагуу заавал худалдан авах ажиллагааг зохион байгуулж сэлбэгийг хүргүүлэх ёстой. Үнийн дүн 10 сая төгрөгөөс доош шууд худалдан авалт хийх бараа материал байсан ч манай хэлтэс 3-аас доошгүй компаниас үнийн санал авч харьцуулж байж чанартай, бага үнийн дүнтэй барааг сонгож нийлүүлэх ёстой. Дээрх тохиолдлын хувьд манайд захиалга ирүүлчхээд өөрсдөө тэндээ сэлбэгээ хүлээгээд авчихсан, төв рүү нэхэмжлэхийг ирүүлээд хүлээгээд авсан актаа үйлдчихсэн байсан. ...Ерөнхий механик албан тушаалтан нь хангамжийн хэлтсийн худалдан авах ажиллагаанд оролцох эрхгүй...” гэх мэдүүлэг /1хх 83-84/, гэрч И.Б-н “...2017 оны 09, 12 cap, 2018 оны 01 сарын худалдан авалтуудын хувьд би Д.Ц- руу захиалга өгч яриагүй. Энэ худалдан авсан гэх 3 удаагийн худалдан авалтыг надад Уулын баяжуулах үйлдвэрийн хангамжийн хэлтсээс, “М” ХХК-ийн хангамжийн хэлтсээс аль аль надад ийм сэлбэг шаардлагатай ол гэж үүрэг өгөөгүй. Тэгэхээр сэлбэг шаардлагатай гэдгийг Д.Ц- нь өөрөө мэдээд шууд нийлүүлсэн байна. Сэлбэгүүд нь Бор-Өндөрт оччихсон байсан....” гэх мэдүүлэг /1хх 176-178/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “М” ХХК-иас тус сэлбэгүүдийг “Тт” ХХК, “Н” ХХК-иас худалдан  авах талаар шийдвэр гараагүй байхад Д.Б- нь дур мэдэн “Тт” ХХК, “Н” ХХК-д захиалга өгч сэлбэгүүдийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/37 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд УБҮ-ээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан гомдол нь албан ёсны үйлдвэрийн бланкгүй, захирал Б.М-н оронд өөр хүн гарын үсэг зурсан гэх гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан байх боловч “М” ХХК-ийн харьяа УБҮ-ийн захирал Б.М-н 2018  оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1171 дугаартай “Д.Б-д холбогдох эрүүгийн 184000059 дугаартай хэрэгт УБҮ-ийг төлөөлөгч тус үйлдвэрийн захиргааны хэлтсийн дарга П.Т-г иргэний нэхэмжлэгч, хохирогчийн төлөөлөгчөөр томилж байгаа бөгөөд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэний нэхэмжлэгч, хохирогчийн эрх, үүргийг байцаан шийтгэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд хэрэгжүүлэн оролцох болно” гэсэн албан бичиг /1хх 175/ хавтаст хэрэг авагдсан байх тул тус үйлдвэрийн захиргааны хэлтсийн дарга П.Т нь М” ХХК-ийн харьяа УБҮ-ийг төлөөлж гомдол гаргах эрхтэй гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох учиртай.  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/167 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан байх бөгөөд шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагаануудыг хангалттай хийж гүйцэтгэсэн хэргийн үйл баримт хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Б.ДЭНСМАА