Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/01620

 

 

 

 

 

 

                                2024       03          25

                    101/ШШ2024/01620

           

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,,, тоотод оршин суух, овогт ийн /рд:/,

 

Хариуцагч: ,,лол,, 9 тоотод оршин суух, овогт ийн /рд:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 51,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., хариуцагч Э., хариуцагч Э.ын төлөөлөгч Э., түүний өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г., өмгөөлөгч Ч. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын ******* 2023 оны 02-р сарын 08-ны өдөр Э., Э. нартай 0224 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулан, гэрээний дагуу 3 сарын хугацаатай буцаан төлөх нөхцөлтэйгөөр 40,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Зээлийн гэрээний баталгаа болгож Э.ын өөрийн өмчлөлийн Нийслэлийн дүүргийн 1-р хороо 2-р хороолол /16501/ гудамж, , , 39.21 м.кв 2 өрөө орон сууцыг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн.

Зээлдэгч нар нь 2023 оны 04-р сарын 24-ны өдөр 4,000,000 төгрөг, 4-р сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 05-р сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний 3.1-т “..Гэрээний хугацааг 2023 оны 02-р сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлөх ёстой.” гэж заасан байтал үлдэгдэл 34,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй өдийг хүрч байна.

Иймд үндсэн зээл нийт 34,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7 заасны дагуу алданги 17,000,000 төгрөг нийт 51,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан Б.*******т олгуулж өгнө үү.

1а. Зээлийн гэрээний үүрэгт 51 саяыг гаргуулна. 2023.2.8-нд хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулсан. 3 сарын хугацаатайгаар 40 сая төгрөг шилжүүлсэн. Баталгаа болгож 2 өрөө орон сууцыг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч нар нь нийт 18 сая төгрөг буцаан төлсөн. 2023.5.8-нд зээлээ төлөх байсан боловч үлдэх төлбөрөө төлөөгүй. Иймд үндсэн зээл, хүү 34 сая, гэрээний 3.7-д зааснаар алданги тооцохоор 17 сая төгрөг, нийт 51 саяыг гаргуулна. Анхнаасаа л 10 хувийн хүүтэйгээр зээл авахаар тохиролцсон. Нотариатч нь ажилтай болчихлоо гэсэн болохоор өөр нотариат дээр очсон юм. Хариуцагч нарын ярьж байгаа шиг 5 хувийн хүүгээр тохиролцоод 10 болгосон зүйл байхгүй. Сар болгоны 8-нд төлбөр төлөх байсан тул зээлийн хүүгээс төлөлтийг хассан юм. Худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй, дүр үзүүлсэн шинжтэй.

1б. Гэрээний хугацаа яриад байна. Аль нэг гэрээг түрүүлж байгуулж байгаа нь талуудаас хамаараагүй юм. Нэг цэгийн үйлчилгээ дээр байсан тул материалаа өгөх зорилгоор эхэлж байгуулсан. Гэрчилгээ нь бүртгэгдсэн огноо л байгаа болохоос тэр өдрөө аваагүй байх. Хариуцагч нар нь эрсдэл үүссэн гэж байна гэтэл нэхэмжлэгч талд ч гэсэн эрсдэл үүссэн. Яагаад нэхэмжлэл гаргах хүртэл төлбөрөө төлдөггүй юм. Удаа дараа шаардахад төлөхгүй гэсэн тул шүүхэд хандсан юм. Зээлийн гэрээний сүүлийн хэсэгт зээлийн агуулгыг нотариат зөвлөсөн, ойлгож танилцсан, хүсэл зоригт нийцсэн гэсэн байдаг. Энэ нь нотариатын тухай хуулийн 46.2-т заасан гэрээ байгуулах үед нотариатын хийх үйлдэл юм. Нотариат нь эрх, үүргийг тайлбарласан байна. Анхнаасаа 5 хувийн хүү гэдэг асуудал яригддаггүй бөгөөд шүүх хурал болохоор л одоо 5 хувь гэж яригдаж байна. Зөвхөн хариуцагчийн тайлбараар үүнийг нотлох юм уу. Зээлдэгчийн хувьд ямар оролцоотой барилгын асуудал яригдаж байна. Зээлийн гэрээний хугацаа хэтрээд 10 сар болчихсон байна. Гэрээний хугацаанд л хүү тооцсон бөгөөд алдангийг хуульд нийцүүлэн шаардсан. Зээлийг төлөөгүйгээр хариуцагч нар өөрсдийгөө эрсдэл оруулсан байна. Барьцааны асуудлыг хуульд нийцүүлэн хийсэн бол нэхэмжлэгч талд ашигтай байх байсан. Бид байрны асуудлаар ямар нэг асуудал гаргаж тавиагүй. Учир нь байраар хангуулах хууль зүйн үндэслэлгүй байсан юм. Хүүг гэрээнд зааснаар л тооцсон бөгөөд зээлийн хүүг хүлээн зөвшөөрөөд төлсөн байхад яагаад их гээд байгаа нь үндэслэлгүй байна. 10 сардаа хуваагаад тооцоход хүү их биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.            Хариуцагч Э., Э. нар нь шүүхэд, хариуцагч Э.ын төлөөлөгч Э., өмгөөлөгч С., хариуцагч Э. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ын нэхэмжлэлтэй, Э., Э. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Иргэн Б.******* нь зээл олгох нэрийдлээр иргэн Э.ын өмчлөлийн , 1 хороо, 2 хороолол, гудамж, , орон сууцны зориулалттай 21 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дүр үзүүлсэн гэрээ байгуулан шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориуд бий болгон хууран мэхлэх байдлаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байх тул хариуцагч Э.ын зүгээс энэхүү зээл болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хуулийн асуудлыг цагдаагийн байгууллагаар буюу эрүүгийн хэргийн журмаар шалган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа болно.

Учир нь нэхэмжлэгч тал болох Б.******* нь “зээл олгоно” гэх давуутай байдлаа хөшүүрэг болгон ашиглаж, бусдын өмчлөлийн хөрөнгийг гэрээгээр халхавчлан ямар нэгэн хууль ёсны барьцааны гэрээ хэлцэл байгуулалгүйгээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан хэрнээ өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус үйлдлээ хэрэгжүүлсэн хэвээр байна. Э.ын зүгээс өөрийн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу буцаан шилжүүлэхийг Б.*******аас шаардсан хэдий боловч энэхүү шаардлагыг биелүүлээгүйн зэрэгцээ давхар эрүүгийн хууль тогтоомж зөрчин, бусдын орон байрны халдашгүй байдалд халдан хууль бусаар нэвтэрсэн, мөн бусдын биед халдсан зэрэг үйлдлүүдийг гаргасан. Б.*******ын эдгээр эрүүгийн хууль тогтоомжоор хориглосон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг холбогдох цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бөгөөд эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэгдэх хүртэл иргэний хэргийн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тухайн үед нь энэ талаарх хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх болно. Үндсэндээ Б.*******ын үйлдлийн улмаас зах зээлийн үнэлгээгээр 100 гаруй сая төгрөгийн бодитой хохирол учраад байгаа бөгөөд Э.ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг цаашид бусад этгээдэд шилжүүлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй байна. Ийнхүү шилжүүлсэн нөхцөлд энэ нь гарцаагүй гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамаарах болно.

Мөн энэхүү хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон сууцны төлбөр төлж байгаа мэтээр дансны гүйлгээнүүдийг хийж байсан зэрэг нь зохиомол байдлыг бий болгож төөрөгдүүлэх гэсэн үйлдэлд хамаарч байгаа болно. Эдгээр нөхцөл байдлыг Э. гэрчлэх бүрэн боломжтой. Удахгүй дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар баримтаа бүрдүүлэн харьяалах цагдаагийн байгууллагад хандах болно. Энэхүү хуулийн асуудлын хүрээнд мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч ажиллуулах болно.

Нэхэмжлэлийн үнийн дүн, тоо тооцоолол алдаатай, хүүгийн болон үндсэн зээлийн тооцооллыг алдаатай буруу тооцсон, алдангийг хэт өндрөөр тооцож хамгийн дээд хэмжээнд нь тулгасан зэрэг ноцтой алдааг нэхэмжлэгч гаргасан байна.

2а. Талуудын хооронд 2023.2.8-нд 2 гэрээ байгуулагдсан. Эхлээд худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал нь барьцаа болгосон гэдэг. Үүний дараа зээлийн гэрээ байгуулагдсан. Улмаар 40 сая төгрөгийг 3 сарын хугацаатай олгохоор тохиролцсон. Гэтэл бодит байдалд хариуцагч нарт яаралтай мөнгөний хэрэгцээ гараад 2 хүнтэй уулзаад 5 хувийн хүү тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь эхлээд орон сууцны эрхийг шилжүүлээд дараа нь зээлийн гэрээ байгуулах шаардлага тавьсан. Ингээд зээлийн гэрээ байгуулахдаа өөртөө ашигтай нөхцөлөөр буюу хүүг 10 хувиар гаргасан. Шүүхэд хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй. Иймд шүүхээс хүү, алдангийг багасгах хүсэлтийг багасгаж өгнө үү. СЗХ-с лавлагаа авсан байдаг тул үүнийг үндэслэж хариуцагч нарын хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү.

2б. 2023.2.8-ны 12:37 цагт худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд үүнээс хойш зээлийн гэрээ байгуулагдсан. Ингэхдээ худалдах худалдан авах болон зээлийн гэрээг 2 өөр нотариат дээр байгуулсан байдаг. Энэ нь эхлээд худалдах худалдан авах гэрээ хийгээд араас нь зээлийн гэрээ хийж болохгүй байсан байна. Зээл олгогч нь ямар нэг эрсдэл хүлээхээс зайлсхийсэн байна. Талууд адил эрсдэл хүлээх ёстой байсан. Үл хөдлөхийг шилжүүлж авсны дараа зээлийн хүүг өөрийн хүссэнээр бичих боломж олгогдсон байна. Зээл олгох гүйлгээ хийхдээ байрны дугаараар хийгдсэн байдаг. Эргэн төлөлтийг хүртэл заавал ингэж бич гэж хийлгэсэн байдаг. Энэ нь зээл төлөхгүй бол байрыг нь зараад зөрүү мөнгө нь ашиг болгохоор гэрээ хийсэн байна. Ингэснээр зээл олгоод хэт өндөр ашиг олох гэж байна. Хүсээгүй нөхцөлийг тулгаж хийсэн тул эргэн төлөлт дээр маргаан үүссэн. ын гэрт дайрч орсон байдаг ба энэ талаар гэрч мэдүүлэх байсан. Иймэрхүү байдлаар зээл олгогч хууль зөрчсөн. 40 сая төгрөг зээлээд 69 сая төгрөг болгож авах нэхэмжлэл гаргасан. Алдангийг 17 сая төгрөг тооцож байна. Хүүг түрүүлж авах нөхцөл байсан уу гэх асуудал яригдана. Иргэний хуулийн 282.2-т зааснаар хүү хэт хохиролтой бол шүүх багасгаж болохоор зохицуулсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийн зээлийн дээд хэмжээг харгалзаасай гэж байгаа юм. Мөн хадгаламж зээлийн хоршоодын зээлийн хүү бас байгаа юм. Гэтэл энэ зээл нь 10 хувиар олгогдсоноор хэт хохиролтой нөхцөлөөр олгогдож байна. Хөрөнгийг нь шилжүүлж авчхаад татгалзах боломжгүй болгож зээлийг олгосон байна. Иймд хүүг багасган шийдвэрлэх боломжтой байсан байна. Түүнчлэн анзын хэмжээ илт их байвал багасгаж шийдвэрлэж болох талаар хуульд заасан. Ийнхүү багасгахдаа 50 хувь дотор яригдана. Энэ 17 сая төгрөг нь хэт их байгаа эсэхийг шүүх талууд маргасан бол энийг шийдвэрлэнэ. Үүнийг харьцуулах байдлаар дүгнэх боломжтой юм. 40 саяыг олгосон боловч үндсэн зээлийн тал хувьд 17 саяын алданги нэхэж байна. Зээл авсан асуудал дээр маргаан байхгүй. Шүүх шийдсэний дараа зээл төлөгдөөд хөрөнгийг буцаан шилжүүлнэ гэж найдаж байна. Харин бусдад шилжүүлсэн бол залилангийн шинжтэй болно. Мөн төлсөн хэмжээнд маргаангүй. Гэрээний 3.8-г яах гэж тохиролцож оруулсан юм бэ. Энэ заалтын дагуу 2023.4.8-нд л эрхээ хэрэгжүүлэх байсан. Тэгээд алдангийг дээд хэмжээгээр оруулж байна. Хуульд зааснаас илүү алданги шаардахгүй тул 50 хувь дотроо л хасах асуудал яригдана. Энэ талаар дээд шүүх тайлбарласан байдаг. Гэрээг хариуцагч нар дангаараа зөрчөөгүй. Барьцааны гэрээ байгуулах байтал үл хөдлөх эд хөрөнгө авсан байдаг.

2в. Хүү, алданги багасгах хүсэлтээ дэмжинэ. Тухайн үед манайх барилгын компани дээр гэрээ цуцлагдсан юм. 50-60 ажилтан ажиллаж байсан тул аргагүй эрхэнд зээл авсан. Өөр нэг хүнтэй ярьж байгаад *******тай гэрээ хийх болсон. Уг нь барьцаалбар хийнэ гэсэн боловч нэр шилжүүлнэ гэсэн юм. Тэгээд гэрээ байгуулахдаа хүүг 10 хувь болгочихсон юм. Түүнчлэн Жаргалсайхан гээд зуучлагчид 5 хувийг өгсөн. 8 саяыг хүүд, 10 саяыг үндсэн зээлд төлсөн юм гэв.

 

3.             Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний хуулбар /хх6-7/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх8/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх10/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх32/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх33/, эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх85/

3б. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02583 дугаар захирамжийн хуулбар /хх81/, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 7/1108 дугаар албан тоот /хх126-127/, өмгөөлөгч С.ын СЗХ-д гаргасан хүсэлт 2 ширхэг /хх128, 129/

3в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх79/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 49,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34,000,000 төгрөг, алданги 17,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.             Хариуцагч Э., Э. нар нь зээл авсан талаар маргаагүй боловч хүүг хэт өндөр тогтоосон, зарим төлөлтийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой, алдангийг дээд хэмжээгээр тооцсон гэж маргасан.

 

4.             Зохигчид 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 40,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулсан. /хх6-7/

Зээлийн гэрээний дагуу гэрээ байгуулагдсан өдөр нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгийг олгосон болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх32/

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 4,000,000 төгрөг, 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 05 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь дээрх буцаан төлөлтийн мөнгөн дүн болон хугацааг үгүйсгэж маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

 

5.             Зээлийн гэрээний 3.6-д зааснаар сар бүрийн 08-ны өдөр зээлийн хүү болох 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Мөн гэрээний 3.8-д зааснаар энэхүү буцаан төлөх хуваарь зөрчигдвөл 1 сараар хугацааг сунгахаар тохиролцсон. Үүнээс үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү төлөгдөх ёстой хуваарь зөрчигдөж дээрх үндэслэлээр 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаа сунгагдсан. Цаашлаад эхний төлөлтийг 04 дүгээр сарын 24-ны өдөр төлсөн байх тул энэхүү мөнгөн хөрөнгийг хүүд тооцох үндэслэлтэй байна.

Харин 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүүг төлөх хугацаа дахин сунгагдаж 05 дугаар сарын 08-ны өдөр төлөх байсан боловч 04 дүгээр сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг буцаан төлсөн нь төлбөрийг урьдчилж төлсөн гэж үзэх тул үндсэн зээлийг хасаж тооцох байжээ. Үүнээс үзэхэд дээрх 2 дахь удаагийн төлөлт хийгдсэний дараа үндсэн зээлийн үлдэгдэл 36,000,000 төгрөг болсон байна.

Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үлдэх 2 сарын хугацаанд хариуцагч нарт үүссэн зээлийн хүүгийн үүрэг нь 7,200,000 /36,000,000*10%*2/ төгрөг юм. Улмаар сүүлийн төлөлт болох 10,000,000 төгрөгөөс 7,200,000 төгрөг нь хүүд тооцогдож төлөгдсөн байх бөгөөд илүү төлөлт нь 2,800,000 төгрөг тул үүнийг үндсэн зээлээс хасаж тооцвол үлдэх төлбөр нь 33,200,000 төгрөг болно.

 

6.             Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Гэрээний 3.3-т зааснаар талууд сард төлөх хүүг 10 хувиар тохиролцсон байна. Ийнхүү иргэд хооронд харилцан тохиролцсон зээлийн гэрээний харилцаанд ББСБ болон ХЗХ-с олгох зээлийн жигнэсэн дундаж хүүтэй уялдуулж хүүг багасган тооцох үндэслэлгүй. Учир нь эдгээр зээлийн харилцаа нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанаас тусдаа ойлголт юм. Түүнчлэн хариуцагч нар нь гэрээгээр тохиролцсон хүүг зөвшөөрөн төлж байсан бөгөөд анх хүүг 5 хувиар амаар тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Эдгээр үндэслэлээр шүүх зээлийн хүүг багасган тооцох боломжгүй.

 

7.             Гэрээний 3.7-д хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. Гэрээний 3.8-д зааснаар нэмэлт хугацаа тооцогдож гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дууссан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 5 сар, 12 хоног буюу 165 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү үндэслэлээр алдангийг тооцвол 1 хоногт 166,000 /33,200,000*0.5%/ төгрөг, 165 хоногт 27,390,000 тооцогдоно. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 16,600,000 төгрөгөөс илүү алданги шаардах эрхгүй.

Нэхэмжлэлд дурдсанаар алдангийг 50 хувиар тооцож шаардсан нь дээрх хуульд нийцнэ. Харин алданги ихсэх болсон нь хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байх тул алдангийг шүүх багасган тооцох үндэслэлгүй.

Дээрх үндэслэлийг нэгтгэн тооцвол хариуцагч нараас үндсэн зээлд 33,200,000 төгрөг, алдангид 16,600,000 төгрөг, нийт 49,800,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Энд зээлийн гэрээний 3 сарын хугацаанд тооцогдсон хүү нь дээрх үндэслэлээр төлөгдсөн болохыг дурдав.

 

8.                Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагад байхгүй боловч зохигчид орон сууцтай холбоотой тайлбар гаргаж маргасан тул дараах нөхцөл тогтоогдсоныг дурдав. Зохигчдын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн төлөөлөгч дүр үзүүлсэн хэлцлийн шинжтэй гэж тайлбарласан. /хх8/

Мөн зээлийн гэрээний 3.5-д зааснаар дээрх худалдах худалдан авах гэрээний зүйлийг барьцааны зүйл гэж тусгасан байх тул өөр хэлцлийг халхавчилж хийсэн шинжтэй байна. Түүнчлэн зээлийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэсэн боловч улсын бүртгэлт бүртгүүлээгүй байх тул тухайн заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

9.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э., Э. нараас 49,800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 406,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД