Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Н.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.А-д холбогдох 17160006000016 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ....... сумын харьяат, 19.... оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жилийн тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэгдэж байсан, .......... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ........... овогт Н-ийн А  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.А  нь 2015 оны 12 дугаар сард Есөнбулаг сумын ...... баг ...... хороолол ...... дугаар байрны гаднаас УАЗ-469 маркын автомашин дотроос хайрцагтай эд зүйл, 2 ширхэг хурган дээл зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Л.М-т 1.070.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

2015 оны 12 дугаар сард Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 18 дугаар байрны гаднаас УАЗ-469 маркын автомашин дотроос хайрцагтай эд зүйл, 2 ширхэг хурган дээл зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Л.М-т 1.070.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Н.А  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Н.А-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 18 дугаар байрны зүүн талаас УАЗ-469 маркын машин дотроос 2 ширхэг хурган дотортой дээл, хайрцагтай эд зүйл авсан. Цаг хугацааг нь сайн санахгүй байна. 2015 оны 12 сард байх...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Л.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2015 оны 12 дугаар сард шиг санагдаж байна яг хугацааг нь тодорхой санахгүй байгаа юм. Жаргалан сумаас Говь-Алтай аймгийн төвд ирж 18 дугаар байранд өөрийн найз Хад-ынд хоносон юм. Тэгэхдээ өөрийн хүргэн ахын бор ногоон өнгөтэй УАЗ-469 маркын машиныг 18 дугаар байрны зүүн талд тавиад хүйтэн байсан учраас хөдөө байхдаа хучдаг байсан хуучин бүтээлгээр бүтээсэн юм. Тэгээд маргааш нь машинаа асааж үзсэн чинь 2 ширхэг хурган дотортой дээл, машинд тавьж сонсдог байсан МП хөгжим алга болсон байсан. Тухайн үед би Цагдаагийн байгууллагад хандаагүй олдохгүй байх гэж бодоод хөдөө явчихсан юм. Харин саяхан хүмүүсээс сонсож байсан чинь Хөгжил хороолол болон аймгийн төвийн машинаас хулгай хийгээд байсан хүмүүс баригдсан гэхээр нь миний дээл хулгайлсан хүн олдсон байж магадгүй гэж бодоод Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг/хх 13-рт/,

Шүүгдэгч Н.А-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: "...Би цаг хугацааг нь санахгүй байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байдаг 18 дугаар байрны гадна байсан УАЗ-469 маркын машины буруу талын хойд хэсгийн жижиг цонхыг цааш нь түлхсэн тэгэхэд цонх нь онгойсон бөгөөд би цонхоор гараа оруулаад хаалгыг нь нээсэн тэгээд машинд орж хойд хэсгийг /хонины хонхорыг/ үзэхэд шар өнгөтэй байсан гялгар уутан торонд дээл хийсэн байсан. Түүнийг би хулгайлж авсан..." гэх мэдүүлэг /хх-н 24-рт/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх 5-рт/,

Шинжээч М.А , Ж.Ё  нарын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх 18-рт/,

Шүүгдэгч Н.А-н яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг/хх 11-12-рт/, хохирогчийн 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг/хх 13-14-рт/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх 5-рт/, эд зүйлийн үнэлгээ/хх 18-рт/, шүүгдэгч Н.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 23-24-рт/, бичиг баримт хуулбарлан авах тэмдэглэл/хх 38-рт/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх 28-рт/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/хх 36-39-рт/,  2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Н.А-г сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан/хх 15-рт/ байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Н.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.070.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.А-н хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал болон  амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Н.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан/хх 15-рт/, шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ/хх 45-рт/ прокурорт гаргасан бөгөөд прокурор 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Н.А-г яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Н.А  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 52-рт/ бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нийтэд тустай ажил хийе...” гэсэн саналыг гаргасан байх тул шүүхээс шүүгдэгчийн болон прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн  хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг нь 2015 оны 12 сард үйлдэгдсэн болох нь тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн буцаан хэрэглэхгүй гэж заасан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Н.А  нь гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.А  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг тэмдэглэх  нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч .........н овогт Н-ийн А-г 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан Н.А  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА