Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 117/ШШ2022/0006

 

             

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Нд холбогдуулан гаргасан “2021 оны 05 сарын 13-ны өдрийн ... дугаартай Т.Эд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг /дүгнэлт/ 2021 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “...Т.Э нь иргэний үнэмлэхээ сунгуулаагүй...” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.Эд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав.

Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтны “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, иргэний үнэмлэхийн лавлагаа, холбогдогч Т.Эийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Т.Э нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 45 насанд хүрсэн. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна гэж заасан. Тус хугацаанд Т.Э нь иргэний үнэмлэхээ сунгуулаагүй болох нь материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам маягт батлах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан тус тогтоолын 3 дахь заалтаар Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байхад дээрх зөрчилд Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар Т.Эг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Нгийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол улсын засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам маягт батлах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан тус тогтоолын 3 дахь заалтаар Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байхад мэдээгүйн улмаас тухайн хүчингүй шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж иргэн Т.Эг ...  дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь миний алдаа байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчаас баталсан загвар бүхий үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, дүгнэлт, шаардлага, мэдэгдэл, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3/4998 дугаартай чиглэлээр Орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтсийн нярав, нягтлан бодогч нар тус газрын Санхүү аж ахуйн хэлтсээс хяналтын улсын байцаагчийн хэвлэмэл хуудсыг тухайн жилд хэрэглэгдэх тоо ширхгээр хүлээн авах гэх чиглэлийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 09 дүгээр сарын   02-ны   өдөр    шинэчлэгдсэн    шийтгэлийн    хуудсыг    хүлээн    авч     үйл ажиллагаандаа хэрэглэж байсан.

2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эг ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байхад хүчингүй болсон тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан тул хүчингүй болгуулахаар  прокурорын дүгнэлт[1] шүүхэд  ирүүлжээ.

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаас  иргэн Т.Э иргэний үнэмлэхээ сунгуулаагүй гэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20 нэгж буюу 20000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[2] оногдуулсныг зөрчилд холбогдогч Т.Э 2021 оны 05 сарын 13-ны өдөр биелүүлж төлсөн болох нь  баримтаар[3] тогтоогдож байна.

Хариуцагч прокурорын дүгнэлтийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[4] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарна.Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав.

Дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан 20000 төгрөгийн төлбөр биелэгдсэн байх тул  орон нутгийн орлогоос буцаан гаргуулж  зөрчилд холбогдогч Т.Эд олгох нь хуульд нийцэх ба түүнийг гуравдагч этгээдээр татах шаардлагагүй  гэж шүүх үзсэн болно.

Захирамжид давж заалдах журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин  шүүхэд нэхэмжлэл гаргах  /дүгнэлт бичих/  эрхгүй  зэргийг  танилцуулж,   энэ тухай баримтжуулсан[5] болно.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Прокурорын газрын хяналтын прокуророос тус Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2021 оны 05 сарын 13-ны өдрийн ... дугаартай Т.Эд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2021 оны 05 сарын 13-ны өдөр төлөгдсөн торгуулийн 20 нэгжтэй тэнцэх буюу 20000 /хорин мянган/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж Т.Эд /РД:/ олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-2 хуудас

[2] Хэргийн 9 хуудас

[3] Хэргийн 10 хуудас

[4] Хэргийн 20 хуудас

[5] Хэргийн 21 хуудас