Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

  С.Б, Д.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Галбадрахын бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.Б, Д.А нарт холбогдох, 2035001360184 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С ургийн овогт С-ын Б, 1983 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Уаймгийн М суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын р багт оршин суух бүртгэлтэй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д-гийн А-, -ны өдөр Увс аймгийн М суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангийн инженер ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн М сумын р багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 7 дугаар сард Увс аймгийн Малчин сумын нутаг Хар хөтөл гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 30.649 метр куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 6.055.261 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.А нь Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангийн инженерээр ажиллахдаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж С.Б-гийн ойгоос хууль бусаар бэлтгэсэн 14 ширхэг модыг хууль ёсны болгох буюу түүний хууль бус эх үүсвэрийг далдлах зорилгоор иргэн Б.Бийн нэр дээр 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Малчин сумын нутаг Хар хөтөл гэх газрын ойгоос мод бэлтгэх 094813 дугаартай эрхийн бичиг олгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Д.Агийн үйлдлийг  18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С ургийн овогт С-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б ургийн овогт Д-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан мөнгө угаах гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д тэнсэгдсэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус тогтоож,

Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Ад хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.А нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч С.Б, Д.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох арван дөрвөн ширхэг мод, малын хашаа барьсан тавин нэгэн ширхэг модны үнэ болох 1.320.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан арван настай морь, төмөр бүүрэгтэй, модон хавтастай эмээл нэг ширхэгийг тус тус шүүгдэгч С.Б-гаас албадан гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж,

Шүүгдэгч Д.Агаас гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Б-гаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 12.110.512 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

93-28 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, шүүгдэгч С.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн модоор барьсан малын хашааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 14 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан 10 настай морийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж,

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр бүүрэгтэй, модон хавтастай эмээл нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс эрүүгийн 2035001360184 дугаартай С.Б, Д.А нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хийж, шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу учруулсан хохирлоо төлөх талаар хүсэлт гаргаж,  шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлгийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цаг хүртэл хойшлуулсан.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн хэлэлцүүлгийг явуулаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан засварлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасан ба шүүгдэгч С.Б, Д.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүхийн хэлэлцүүлэг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болсон нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбартаа: “С.Б, Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дээд шатны прокурорын томилолтоор оролцож байна. Эрүүгийн 20350001360184 дугаартай С.Б, Д.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт дээд шатны прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн ба эсэргүүцлийг дэмжиж байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчсөн байдаг. Хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгаан гарсан боловч хуулийн зүйл заалтыг зөрчиж болохгүй гэдэг утгаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийн үндэслэл нь анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн байдаг.

Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн учир шүүгдэгч нарын зүгээс бодит хохирол нөхөн төлөхөөр хүсэлт гаргасны үндсэн дээр шүүх хуралдаан 5 хоногийн хугацаатай завсарласан. Даргалагч шүүгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан гарсантай холбогдуулан эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан 5 хоногийн дараа буюу товлосон хугацаандаа хэлэлцэгдээгүй.

Ингээд хүндэтгэн үзэх шалтгаан арилсны дараа 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Б, Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болсон боловч С.Б-гийн зүгээс хохирол төлөх хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар завсарлуулсан.

Хурал завсарлуулсны дараа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан товлосон өдрөө ороогүй. Яагаад гэвэл даргалагч шүүгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хурал хойшилсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн нэг шүүгч хэргийн хянан шийдвэрлэх хугацаанд дахин өөр шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэх боломжгүй хуулийн заалт байгаа учир прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С.Б, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн дүгнэлт гаргаж байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Б, Д.А нарт холбогдох 20350001360184 дугаартай эрүүгийн хэргийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Шүүгдэгч С.Б-гийн зүгээс гэм буруугийн шүүх хуралдаан дуусах үед хохирол төлөхийг илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу ажлын 5 хоногийн завсарлага авсан. Шүүх хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагт товлогдсон боловч шүүгчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшилсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх шалтгаан гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны завсарлагыг сунгаж болно гэсэн заалт байхгүй учир 5 хоногийн дотор шүүх хуралдааныг хийх ёстой гэж ойлгож байна. Хэрэв 5 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэж чадахгүй бол шүүх хуралдааныг даргалагч буюу бүрэлдэхүүнийг өөрчилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулах хуулийн зохицуулалт байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлийг дэмжиж байна. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Б, Д.А нарт холбогдох, 2035001360184 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Шүүгдэгч С.Б  2020 оны 7 дугаар сард Увс аймгийн Малчин сумын нутаг “Хар хөтөл” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 30.649 метр куб хэрэглээний, хуурай шинэс мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 6.055.261/зургаан сая тавин таван мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, гэрч Б.Г-ийн : “...2020 оны 8 дугаар сарын 03, 04-ний үеэр байх, өдрийг тодорхой санахгүй байна, Бундгар /С.Б/ гэгч нь над руу утсаар яриад “бэлтгэсэн мод ачаад өг” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн хадам аав Б.Бийн 93-28 УВХ улсын дугаартай цагаан өнгийн автомашинаар Магсар гэх хүний хамтаар Малчин сумын төвөөс яваад Сонгинотын хөндий гэх нэртэй газар явж очтол Бундгар гэгч нь хажуудаа нэг танихгүй залуутай хамт биднийг тосч авсан. Бид нар Бундгарын мод бэлтгэсэн гэх газарт очоод ойролцоогоор 60 орчим ширхэг, 6 метрийн урттай модыг машиндаа ачаад Малчин сумын нэгдүгээр багийн төв дээр буулгасан. Бундгар гэгч нь тухайн 60 гаруй модноосоо 10 гаруй модыг нь банз болгож зүсүүлэхээр миний машинд ачиж өгч явуулсан бөгөөд би тухайн модыг н.Магсарын хамт сумын төв рүү оруулж ирээд хадам аав Б.Бийн хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг / 1хх-122-125, 2хх-ийн 147-148//,

- хохирогчоор тогтоогдсон Увс аймгийн Малчин сумын Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч У.Г-ын : 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр сумын Засаг дарга Сайжрах над уруу утсаар ярьж, “Б.Бийн хашаанд хэрэгцээний 6 метрийн урттай мод буулгасан байна, очиж шалга” гэж хэлсэн. Тухайн айлын хашаанд очиж үзэхэд 6 м-ийн урттай, 14 ширхэг, хэрэгцээний , хуурай, шинэс мод буулгасан байсан. Би тэнд байсан Б.Бийн хүргэн Б.Ганцоожоос мод бэлтгэх эрхийн бичиг хаана байгаа талаар асуухад “наад мод чинь минийх бишээ, Бат-Амгалан ахын мод, зүсүүлэхээр өгч явуулсан юм ” гэж хэлсэн, тэгээд би С.Б--гийн гар утас уруу залгаж, энэ талаар асуухад “ миний мод биш, Б ахынх гэж хэлсэн. Тэгээд Б уруу утсаар залгаад “та гэртээ хүрээд ирээч” гэхэд ирсэн. Б нь “ энэ миний мод , зүсүүлж юм хийх гэж байгаа гэж хэлсэн. Би Бээс мод бэлтгэх эрхийн бичиг хаана байгаа талаар асуухад “ эрхийн бичиг байхгүй” гэж хэлсэн учир би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзэж, зөрчлийн тэмдэглэл үйлдэж, гарын зуруулахад Б нь одоо мод бэлтгэх эрхийн бичиг авчихна” гээд явсан, эргээд ирэхдээ “ ойн ангийн дарга ажил дээрээ байхгүй байна” гэж хэлсэн. Би энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Дараа нь 8 дугаар сарын 20-ны үед С.Б гэгчийн гэрийн ойролцоо явж байгаад мод буулгасан байсныг харсан, тухайн үед би модыг  тоолоогүй, нэлээн олон мод байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107/,

- гэрч С.Батжаргалын : “…2020 оны 8 дугаар сарын эхээр байх, цаг хугацааг тодорхой санахгүй байна. Миний төрсөн ах С.Б над руу гар утсаар яриад “мод ачиж, хашаа баримаар байна ” гэж хэлсэн. Би ямар учиртай мод, хэзээ бэлтгэсэн талаар асуухад төрсөн ах С.Б “ .... Б.Б ахтай хамт хоёр машин модны гоожин авсан, тэгээд мод бэлтгэсэн” гэж хэлсэн. 2020 оны 8 дугаар сарын 17, 18-ны үеэр С.Б ах бэлтгэсэн модоороо Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Ган найтаг” гэх газарт өвөлжөөн дээрээ малын хашаа барьсан. Би уг хашааг барилцсан. Тухайн хашааг барихад 6 метрийн урттай, 40 орчим мод орсон” гэх мэдүүлэг / 1хх-ийн 126-127/,

- гэрч Н.Б-ын : “2020 оны 7 дугаар сарын 17, 18-ны үед С.Б над уруу утсаар залгаад  : “ та маргааш, нөгөөдөр завтай бол надад цахилгаан хөрөөгөөрөө мод бэлтгээд өгөөч” гэж гуйсан. Би түүнээс “мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу?” гэж асуухад эрхийн бичиг байгаа гэж хэлсэн. Би түүнд “ ажлын хөлсөнд 40’000 төгрөг өгчих” гэхэд тэр зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь Бундгар надтай утсаар ярьж “та мотоциклоороо гараад ир, би бензин хийж өгнө” гэж хэлсэн тул би өөрийн улаан өнгийн мотоциклоороо Малчин сумын 1-р багийн нутаг Сөртийн хөндий гэх газар явж очиход тэнд Бат-Амгалан намайг тосож аваад уулын амны ой мод уруу орсон. Тухайн ойгоос бид 2 мод бэлтгэсэн, би өөрийн цахилгаан хөрөөгөөр тайрч унагаасан, Бундгар модны мөчрийг сүхээр цавчиж салгасан. Би модыг тайрч унагаад дундуур нь 5-6 метрийн урттай хувааж өгсөн.Тухайн газар нийт 64 ширхэг мод бэлтгэсэн. Бид хоёр дандаа хуурай мод тайрч бэлтгэсэн. Би тухайн өдөр 3 цаг орчим мод бэлтгээд бензин, ажлын хөлсөнд 40000 төгрөг аваад буцаад сумын төв рүү явсан юм” гэх мэдүүлэг / 1хх-ийн 134-135, 2хх-ийн 150-151/,

-гэрч Д.Цгийн : “ 2020 оны 07 дугаар сарын 25, 26-ны үед манай сумын иргэн С.Б ах манайд ирээд “ ах нь хар хөтөл гэх газар нэг машин мод бэлтгэсэн байгаа, чи ачилцаад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн модыг ачилцаж өгсөн. Тухайн мод нь 6 метрийн урттай, 60 гаруй тооны хуурай мод байсан, модыг Ганцоожийн хадам аав Б.Б гэх хүний ачааны машинаар ачаад 1-р багийн төв дээр буулгасан. С.Б ах 14 ширхэг модыг банз зүсүүлнэ гээд Ганцоожийн машинд ачаад явуулсан” гэх мэдүүлэг / 1хх-ийн 136, 137/, 2хх-ийн 154-155/,  

-гэрч Д.М-ын : “ 2020 оны 7 дугаар сард байх, өдрийг тодорхой санахгүй байна, би Ганцоожийн блокны үйлдвэрт ажиллаж байхад Ганцоож бид 2 түүний машин дээр блок ачаад Малчин сумын 1-р багийн төв дээр хүргэж буулгахаар очсон, тэр үед тэнд Бат-Амгалан гэх залуу ирээд Хар хөтөл гэх газраас мод ачихаар явсан. Хар хөтөл гэх газраас бэлтгэсэн байсан 65 ширхэг модыг ачиж нэг удаагийн тээвэрлэлтээр 1-р багийн төв дээр хүргэж, 51 ширхэг модыг буулгаж, үлдсэн 14 ширхэг модыг Ганцоожийн машинаар сумын төв рүү хүргүүлсэн. С.Б нь хэзээ, хэний хамтаар мод бэлтгэсэн талаар би мэдээгүй, модыг ачихад С.Б, Ганцоож, Цолмон, Алтангэрэл бид нар байсан. 6 метрийн урттай мод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180/,  

- гэрч Ж.Э-ийн2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг орон нутгийн орлогын 100150700095 дугаарын дансанд тухайн хүн тушаах ёстой. Сангийн яамны хуулганы орон нутгийн орлогын дансны хуулгаас тухайн хүний татвар, төлбөр, хураамж төлсөн байдлыг харж болдог. С.Б нь 2020 оны 7 дугаар сард ойн нөөц ашигласны төлбөр хураамж төлсөн нь хуулгаар харагдахгүй байна. 2020 оны 01 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацааны сангийн яамны дансны хуулгыг харахад мөнгө тушаасан нь харагдахгүй байна. Тэгэхээр С.Б нь ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг төлөөгүй байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 171-172/,

-гэрч Д.А/ Малчин сум дахь сум дундын ойн ангийн инженер/-ийн “ ...сумын Засаг дарга Б.Сайжрах, сумын байгаль орчны байцаагч У.Ганбаяр, манай ойн ангийн дарга Ч.Б нар 2020 онд хэрэгцээний мод олгох айлуудын нэрсийн жагсаалт гаргасан байсан. Тухайн жагсаалтад баг тус бүрээр мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл олгох хүмүүсийн нэрсийг бичсэн байх ба уг нэрсийн жагсаалтад Б.Б, С.Б буюу Бундгар нарын нэр байгаа. С.Б гэгч нь 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр надаас 6 метр куб хэрэгцээний мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авсан бөгөөд модоо мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацаанд бэлтгэсэн байсан.

 Харин Б.Б нь надаас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр 6 метр куб хэрэгцээний мод авах эрхийн бичиг авсан. Б.Б нь модоо хэзээ хэрхэн бэлтгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Б.Б нь “ Ч.Б-тэй уулзчихсан, эрхийн бичиг бичүүлээд авчих гэж хэлсэн” гэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 07, 08-ны үед байх, төлбөр тушаасан өдрөөр нь мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн юм. Гэхдээ миний бичсэн мод бэлтгэх эрхийн бичгийг аваад Б.Б гэгч нь модонд яваагүй. Харин С.Б-гийн бэлтгэсэн модноос 14 ширхэг модыг ачаад хашаандаа авч ирээд буулгачихсан байсан. Өөрийнхөө мод гэж хэлчихээд бичиг баримт бүрдүүлэхээр авсан юм шиг байна лээ ” гэх мэдүүлэг ,

- гэрч Ч.Б/ Малчин сум дахь сум дундын ойн ангийн дарга/ -ийн: “ С.Б нь Малчин сумын 1-р багийн нутаг Хар хөтөл гэх газрын ойгоос мод бэлтгэсэн байсан, уг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй, 2020 онд тухайн газрын ойгоос мод бэлтгэхээр талбайн тусгаарлалт хийсэн байсан. 2020 онд хэрэгцээний мод олгох айлуудын нэрсийн жагсаалт гаргасан байсан. Уг жагсаалтад С.Б,  Б.Б нарын нэр орсон байгаа. Мод бэлтгэх эрхийн бичиг авахаас өмнө ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг төлсөн байх ёстой, С.Б нь мөнгөө төлсөн байсан эсэхийг би мэдэхгүй байна, энэ талаар Амгалан сайн мэдэж байгаа байх. Мод бэлтгэхээс өмнө ойн нөөц ашигласны төлбөрийг урьдчилан төлөөгүй тохиолдолд ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй ба эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзнэ.

Б.Б нь ойгоос мод бэлтгэсэн эсэх талаар би мэдэхгүй байна. С.Бгийн бэлтгэсэн модноос авсан гэж хэлсэн. ...Хэрэглээний мод авах тохиолдолд хэдэн метр куб мод авах талаар эрхийн бичигт бичиж, тайлбарлаж өгдөг. 6 метр орчим, аль болох өөрийн боломжоор хэрэглээний мод авах талаар хэлдэг. Бид нар 8 метр куб мод нь нэг зил-130 загварын машин мод болдог талаар тайлбарлаж өгдөг. С.Б нь 6 метр куб мод бэлтгэх эрхийн бичгээр 30 метр куб мод бэлтгэж болохгүй. ...Хэрэглээний хуурай модыг цэвэрлэгээний огтлолоор ойгоос мод тайрч бэлтгэж болно. Гэхдээ талбайн тусгаарлалт хийсэн газраас мод бэлтгэх ёстой. Байгаль хамгаалагч Д.А нь С.Б-д эрхийн бичиг олгохдоо унанги, цэвэрлэгээний ажил гэж бичсэн бол ойгоос босоо / ургаа / мод тайрсан нь эрхийн бичгийн заалттай тохирохгүй байна. Ойгоос хуурай, хэрэглээний модны огтлолт хийж бэлтгэхийг цэвэрлэгээний огтлолт гэж бичдэг. Уг нь хэрэглээний модны эрхийн бичиг олгох тохиолдолд цэвэрлэгээний огтлолт гэж бичих ёстой” гэх мэдүүлэг /1хх-ийн 118-121, 2хх-ийн 160, 161/,

- хууль бусаар бэлтгэсэн модны төрөл, хэмжээ болон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр :  “Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр дүгнэлт үндэслэлгүй байна. Уг дүгнэлтэд нэг шоо метр хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо нойтон шинэс модны үнэлгээгээр буюу 369’436 төгрөгөөр тооцож үнэлгээг гаргасан нь үндэслэлгүй байна. Бүх төрлийн хуурай нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ хоёрдугаар мужид 109’760 төгрөг байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 65 ширхэг мод нь Шинэс төрлийн мод байна. Мод нийтдээ 30.649 метр куб болж байна. Уг мод нь хуурай, хэрэглээний мод байна. ... 30.649 метр куб хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 6’055’261 /зургаан сая тавин таван мянга хоёр зуун жаран нэг/ төгрөг болж байна” гэх дүгнэлт/ 1хх-ийн 224-227/, 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэл/ 1хх-ийн 14-15/, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн хууль бусаар мод бэлтгэсэн үйл баримт, гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т : “гэрээ , зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1дүгээр хавсралтаар баталсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3-т : мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөрийг урьдчилан төлж, ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг ойн анги, эсхүл сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтнаас авна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангиас тус сумын 1-р багийн нутаг Хар Хөтөл гэх газрын ойгоос хэрэглээний зориулалтаар 6 м куб  шинэс модыг 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд 3 хоног бэлтгэх эрхийн бичиг авсан гэх боловч түүнд ойгоос хэрэглээний шинэс мод бэлтгэх эрхийн бичгийг Ойн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Ойгоос мод бэлтгэх журамд заасан үндэслэл, журмын дагуу олгосон гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч нь ойн баялгийн нөөц ашигласны төлбөр төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, тэрээр мод бэлтгэх эрхийн  бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр ойгоос 30.649 м3  хуурай, шинэс мод бэлтгэсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн.

Шүүхээс С.Б-гийн хууль бусаар 30.649 м3 хэрэглээний, хуурай, шинэс мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршгийн хэмжээг Эрүүгийн хууль болон Ойн тухай хууль, Байгаль орчныг  хамгаалах тухай хуулийн  холбогдох заалтуудад үндэслэн зөв тодорхойлж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,055,261//зургаан сая тавин таван мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг шүүгдэгч С.Б төлснийг дурдаж, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хор уршиг 12,110,522 / арван хоёр сая, нэг зуун арван мянга, таван зуун хорин хоёр /  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын сангийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн шүүгдэгч С.Б-гаас хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох мод, модны үнэ, гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон хэрэглэсэн морь, морины хэрэгсэл зэргийг тус тус албадан гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ. 

2. Шүүгдэгч Д.А нь Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангийн инженерээр ажиллаж байхдаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж С.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн 30.649 м3 куб хэрэглээний, хуурай, шинэс модны зарим хэсэг буюу 14 ширхэг модыг хууль ёсны буюу зохих зөвшөөрлөөр бэлтгэсэн болгох зорилгоор Увс аймгийн Малчин сумын нутаг Хар хөтөл гэх газрын ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг /094813 дугаартай/-ийг иргэн Б.Бийн нэр дээр 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр огноо тавьж, 2020 оны 9 дүгээр сард нөхөн олгосон үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчоор тогтоогдсон Малчин сумын Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч У.Ганбаяр /сумын байгаль, орчны улсын байцаагч/-ын “ ... Б.Б-ээс хашаанд байгаа 14 ширхэг хэрэглээний шинэс модыг хэн, хэзээ, хаанаас бэлтгэсэн талаар асуухад тэр “ Хар хөтөл” –өөс бэлтгэсэн миний мод” гэж хэлсэн ба түүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад “ эрхийн бичиг байхгүй” гэж хэлсэн учир  зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзэж, зөрчлийн тэмдэглэл үйлдэж, гарын зуруулахад Б нь “ одоо ойн анги ороод мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлээд ирье ” гээд явсан, удалгүй дахин над дээр ирж уулзаад “ ойн ангид хүн байхгүй байна, би мөнгийг нь банкинд тушаагаад ирлээ” гэж хэлсэн. Сүүлд ойн ангийн инженер Д.Агаар мод бэлтгэх эрхийн бичгийг нөхөж бичүүлсэн байсан. Б.Б нь 2020 онд хэрэгцээний мод бэлтгэх эрх авах иргэдийн жагсаалтад орсон байсан, гэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгээгүй, Б.Бийн хашаанд байсан 14 ширхэг хэрэглээний шинэс мод нь С.Бгийн Хар хөтөлөөс бэлтгэсэн мод байсан, Б.Б нь уг 14 ширхэг модон дээр мод бэлтгэх эрхийн бичгийг сүүлд бичүүлж авсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107, 2хх-ийн 140, 141/,

-гэрч Ч.Б/ Малчин сум дахь сум дундын ойн ангийн дарга/ -ийн: “2020 онд тухайн газрын ойгоос мод бэлтгэхээр талбайн тусгаарлалт хийсэн байсан. 2020 онд суманд хэрэгцээний мод олгох айлуудын нэрсийн жагсаалт гаргасан байсан. Уг жагсаалтад С.Б, Б.Б нарын нэр орсон байгаа. Б.Б нь манай ойн ангийн инженер Д.Агаар С.Б-гийн бэлтгэсэн 14 ширхэг модон дээр эрхийн бичгийг нөхөж бичүүлсэн байсан. Б.Б надтай олон удаа уулзахдаа “ хашаандаа байгаа 14 ширхэг модонд эрхийн бичиг бичүүлж авмаар байна” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 118-121, 2хх-ийн 160, 161/,

-гэрч Б.Бийн : Би мод бэлтгэх эрх авах жагсаалтад орсон байсан ба мод бэлтгэх эрхийн бичгээ авч мод бэлтгэж аваагүй байсан юм. Тэгтэл манай хүргэн С.Б нь Хар хөтөлөөс мод бэлтгэхдээ илүү мод бэлтгэсэн асуудал яригдсан тул би өөрийн нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг аваад өгчихье гэж бодсон. С.Бгийн бэлтгэсэн 14 ширхэг мод манай хашаанд буулгасан байсан.  С.Б нь миний дүүг авсан хүргэн, мөн миний мал маллаж байгаа учраас түүнийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү мод бэлтгэсэн асуудал яригдахаар нь өөрөө мод бэлтгэхгүйгээр эрхийн бичиг аваад өгье гэж бодож Д.А-гаас мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж авсан” гэх мэдүүлэг ,

- шүүгдэгч Д.Агийн гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Хяргас суманд ажилтай явж байтал Б.Б над руу залгаад “мод бэлтгэх эрхийн бичиг авна” гэж ярьсан. Би суманд очоод 2020 оны 9 дүгээр сарын эхээр бичиж өгсөн. Мөнгө тушаасан баримт нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэсэн огноо дугаартай байсан тул 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон  байна.

Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.А нь Ойн тухай хууль болон холбогдох журамд заасан үндэслэл, журмын дагуу ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрх бүхий албан тушаалтан  байх бөгөөд түүний С.Б-гийн хууль бусаар бэлтгэж, Б.Бийн хашаанд буулгасан байсан 6 м-ийн урттай, 14 ширхэг, хэрэглээний, хуурай шинэс модыг иргэн Б.Бийг бэлтгэсэн мэтээр мод бэлтгэх эрхийг  нөхөн бичиж олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” гэх шинжийг хангасан, тэрээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “энэ гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэн, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.  

Шүүхээс шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гаргуулах хохирол, хор уршиггүй болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүхэд бичсэн дээд шатны прокурорын : “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан засварлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасан ба шүүгдэгч С.Б, Д.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүхийн хэлэлцүүлэг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болсон нь  хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, гэм буруугийн шүүх хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр, буцааж өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ. 

Анхан шатны шүүх С.Б, Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг тусад нь явуулахаар тогтоон, гэм буруугийн хэлэлцүүлэг явуулж шүүхээс шүүгдэгч нарыг тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосноор гэм буруугийн шүүх хуралдааныг дуусгаж, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг эхлүүлсэн нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл / 3хх-ийн 63-75/-ээр нотлогдож байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Ө.Нарантуяагаас “ шүүгдэгч С.Б гэмт хэргийн улмаас байгаль, экологид учирсан шууд хохирлыг бүрэн төлөөгүй байгаа тул үлдэгдэл 1,195.089 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар хохирол нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэхүү хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цаг хүртэл хугацаагаар завсарлуулах тухай 298 дугаар шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацааны дотор завсарлуулах шийдвэр гаргасан байна.

Харин 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагт үргэлжлэхээр товлосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах хуульд заасан үндэслэл бий болсноор шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 301 дүгээр захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг хүртэл хугацаагаар,

мөн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 316 дугаар захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 8.30 цаг  хүртэл хугацаагаар тус тус шүүх хуралдааныг  хойшлуулж шийдвэрлэжээ.

Шүүх хуульд заасан үндэслэлээр хуульд заасан хугацааны дотор шүүх хуралдааныг завсарлуулах шийдвэр гаргасны дараа шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бий болсон байх тул шүүх хуралдааныг завсарлуулсан хугацааг хэтрүүлсэн, эсхүл хуульд заасан завсарлуулах хугацааг сунгасан гэж үзэхгүй.  

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б, Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр 2 удаа хойшлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй болно.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан  дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын  2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                           Л.АЛТАН