Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/05024

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 16 101/ШШ2023/05024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

1,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* //,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч С.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.******* 2022 оны 05 сард мөнгө хэрэгтэй байна, электроникоос шарах шүүгээ /дуков/ авах гэсэн юмаа хурдан, найдвартай буцаагаад өгнө гэх гуйлтаар итгэж үнэмшин тухайн үед мөнгө байхгүй байсан тул " " ББСБ-с өөрийн нэр дээр зээл авч өгсөн.

Гэтэл Д.******* нь зээлээ намайг төлөөд явж байгаарай, мөнгөтэй болохоороо бүгдийг буцаагаад чамд өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл надад болон ББСБ-д нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд элдэв шалтаг, шалтгаан хэлж, удахгүй буцаагаад өгнө, түр хүлээж бай гэж хэлж хойшлуулсаар байсан. Тэгснээ сүүлдээ утсаа авахгүй, ор сураггүй алга болсон.

Д.*******гийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад шарах шүүгээ байгаа гэдэгтэй хариуцагч маргахгүй байгаа байдлаас үзэхэд тэрээр мөнгийг нь төлөөгүй байж үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хосын харилцаатай биш, харин найз нөхдийн харилцаатай. Түүний гуйлтаар энэ маргаан бүхий шарах шүүгээг авч өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа чамд мөнгийг нь төлье гэж тохиролцсон боловч төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Шаардах эрхийн тухайд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардсан.

Иймд хариуцагч Д.*******гаас 1,560,000 төгрөгийг гаргуулж С.*******т олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.******* нь 1,560,000 төгрөг хэрэгтэй байна, Элекроник-оос шарах шүүгээ /дуков/ авах гэсэн юм, хурдан найдвартай буцаагаад өгнө гэж хэлж гуйсны дагуу Шийдэл ББСБХХК-с өөрийн нэр дээр зээл авч өгсөн гэж нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлдээ бичжээ.

Энэ бол ор үндэсгүй юм. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******тай дотно харьцаатай байсан, тэрээр найз бүсгүйдээ бэлэглэсэн зүйлийн үнийг авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ гэж ойлгож байна.

Д.*******гийн төрсөн өдөр 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон, энэ өдөрт нь зориулж С.******* төрсөн өдрийн бэлэг болгож шарах шүүгээ бэлэглэсэн. Энэ талаар төрсөн өдрийн баярт очсон Д.*******гийн найз, гэрчүүд байдаг. Тэрээр энэ дуковыг бэлэглэсэн мөртлөө хэрэглэж байсныг нь аваад явсан байдаг.

С.******* нь төрсөн өдөрт зориулж бэлэглэсэн бэлэгний үнийг нэхэмжлэх эрх дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Учир нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Д.******* үсчин мэргэжилтэй, өөрөө хангалттай орлоготой мөртлөө С.*******аас 1,560,000 төгрөг зээлж авах шаардлага байхгүйгээс гадна түүнийг дуков авч өгөхийг шаардсан зүйл байхгүй. С.*******аас мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Тэгэхээр талуудын хооронд зээлийн гэрээний тохироо хэн алинд нь байгаагүй учир Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Мөн зээлээр авч өгсөн гэдгийг Д.*******д хэлж байгаагүй. Түүнээс гадна шарах шүүгээний үнэ 1,560,000 төгрөг гэдэг баримтаар тогтоогдохгүй байна.

Тэр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шаардлагын тухайд С.******* бэлэглэсэн шарах шүүгээний оронд Д.*******гийн хуучин хэрэглэж байсан шарах шүүгээг сольж авсан. Түүнээс гадна Д.******* гэрийнхээ тавилга, эд хогшлыг сольж шинэчлэхдээ С.*******т хуучин эд зүйлээ өгдөг байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эдгээр хүмүүсийг дотно харилцаагүй гээд байгаа гэдэг үндэслэлгүй, өмнөх шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө нэхэмжлэгч нь Д.******* дээр очоод үсээ будуулж, үсэндээ үйлчилгээ авсан. Тэгэхэд тэрээр чи надтай аятайхан харьцах юм бол би мөнгөө нэхэмжлэхээ болилоо гэж ярьсан байсан.

Тухайн үед Д.******* бид хоёрын дунд хосын харилцаа байх боломжгүй учир чи надтай аль болох уулзахгүй байх хүсэлтийг С.*******т хэлсэн байсан. Мөн өмнөх дотно харилцааг дуусгавар болгосны дараа үл ойлголцлын улмаас С.******* нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан, Д.******* өөрөө энэ хэрэгт гаргаж өгөхийг хүсээгүй учир нотлох баримтаар гаргаж өгөөгүй юм.

Иймд С. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, С.*******ын Хаан банк ХК-ийн тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, С.*******ын 2023.07.05-ны өдөр өмгөөлөгч Г.*******тай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт /хх-ийн 2-18,30,40/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, Д.*******гаас 2023.08.09-ний өдөр Д.д олгосон итгэмжлэл /хх-ийн 22,27-29/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан, үндэслэлгүй хөрөнгөжсөн 1,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч нь 1,560,000 төгрөгийн үнэ бүхий шарах шүүгээг Д.******* нь хэсэг хугацааны дараа үнийг төлөхөөр тохиролцсон боловч үнийг төлөөгүй, тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нь дээрх шарах шүүгээг төрсөн өдөрт нь зориулан бэлэглэсэн, хэсэг хугацааны дараа үнэ төлөхөөр тохиролцоогүй, 1,560,000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5. Зохигчийн тайлбараар, нэхэмжлэгч С.*******ын өгсөн гэх шарах шүүгээ нь хариуцагч Д.*******гийн өмчлөлд байгаа болох нь тогтоогдож байх ба энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

6. Хэрэгт, нэхэмжлэгч С.*******аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож ирүүлсэн Хаан банк ХК-ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, тус банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт авагдсан. /хх-ийн 4-18/

 

6.1.1. Хаан банк ХК-ийн С.*******ын гэх депозит дансны хуулгаас үзэхэд 2022.06.15-ны өдөр тоот дансанд 140,000 төгрөгийн, 2022.0714-ний өдөр тоот дансанд 593,128 төгрөгийн, 2022.07.18-ны өдөр тоот дансанд 140,000 төгрөгийн, 2022.08.16-ны өдөр тоот дансанд 1,470,000 төгрөгийн, 2022.08.15-ны өдөр тоот дансанд 140,000 төгрөгийн, нийт 2,483,128 төгрөгийн зарлагын гүйлгээ/хх-ийн 4-9/,

6.1.2. Шилжүүлгийн баримтаас үзэхэд ББСБ-ын тоот дансанд 2022.09.16-ны өдөр 140,000 төгрөг, 2022.10.18-ны өдөр 140,000 төгрөг, 2022.11.17-ны өдөр 142,000 төгрөг, 2023.01.16-ны өдөр 140,000 төгрөг, 2023.02.14-ний өдөр 140,000 төгрөг, 2023.04.17-ны өдөр 142,000 төгрөг, 2023.05.11-ний өдөр 152,000 төгрөг, нийт 996,000 төгрөг шилжүүлсэн /10-14, 17-18/,

6.1.3. Д.*******гийн гэх тоот дансанд 2023.03.15-ны өдөр 140,000 төгрөг, 2023.03.17-ны өдөр 144,000 төгрөг, нийт 284,000 төгрөг тус тус шилжүүлжээ. /хх-ийн 15-16/

 

7. Дээр дурдсан С.*******ын Хаан банк ХК-ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтад гүйлгээний утга бичигдээгүй байх ба эдгээр баримтаар С.******* нь ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний зүйлээр Элекроникс ХХК-иас 1,560,000 төгрөгийн үнэ бүхий шарах шүүгээг худалдан авсан болохыг тогтоосон баримт гэж үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь Элекроникс ХХК-иас худалдан авсан гэх шарах шүүгээ 1,560,000 төгрөгийн үнэтэй болохыг, түүнийг ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний зүйлээр худалдан авсан гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

 

Үүнээс үзэхэд, талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэх нь тогтоогдох учиртай.

 

9. Тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд үндэслэлгүй хөрөнгө олж авсан этгээд нь хариуцагч Д.******* гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл 1,560,000 төгрөгний шарах шүүгээг, хэсэг хугацааны дараа үнийг төлөх талаар нэхэмжлэгч С.*******тай тохиролцсон баримтгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

10. Иймд хариуцагч Д.*******гаас, 1,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.*******д холбогдох, 1,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ