Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.Б-т холбогдох, 2135000000146 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шангас ургийн овогт Доржийн Батсуурь, 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Увс аймгийн Өлгий сумын 1-р багт оршин суух бүртгэлтэй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар торгох ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлж хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт эдлэх ялыг 5 жил 5 хоногийн хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил хорих ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, .

Яллагдагч Д.Б нь Увс аймгийн Ховд сумын 1-р багийн нутаг Шаазгай нуур орчмоос иргэн Д.Д-гийн бэлчээрээр алдагдсан хул зүсмийн, зөв гуяндаа саран тамгатай, 6 настай азаргыг 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын нутаг “Ут гахай” гэх нэртэй газарт байхад нь алдуул мал бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 1.000.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас: Шангас ургийн овогт Доржийн Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас ургийн овогт Доржийн Батсуурьт холбогдох, 2135000000146 дугаартай эрүүгийн хэрэгт шүүх санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж, яллагдагч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт :

-М.Б-т учирсан 800,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн эсэхийг тогтоож, төлөгдөөгүй бол иргэний нэхэмжлэгчээр тогтоох,

-2021 оны 8 дугаар сард Увс аймагт 6 настай азарга, 12 настай гүү хэдэн төгрөгийн үнэтэй байсныг тогтоолгох зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэх,

-хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх гэх үндэслэлүүдийг заажээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхээс “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Б-т учирсан 800.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй нь хүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна. Иймд гэрч М.Б-т учирсан 800.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн эсэхийг тогтоож, төлөгдөөгүй бол М.Б-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ” гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Д.Б нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэрч М.Б-аас авсан 800.000 төгрөгөө буцааж өгсөн талаар мэдүүлэг өгсөн. Мөн иргэн М.Батбаатар нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр хоёр удаа мэдүүлэг /ХХ-44-49 хуудас/ өгөхдөө яллагдагч Д.Б-иас 800.000 төгрөг нэхэмжлэх талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.9, 6.10-т заасан үндэслэлээр шүүхийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн ба шүүхээс хэрэгт авагдсан үйл баримтад эргэлзээ төрсөн тохиолдолд шүүхийн санаачилгаар гэрч М.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулж түүнээс мэдүүлэг авч дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, заавал прокурорт буцаах шаардлагагүй ажиллагаа юм.

Мөн анхан шатны шүүхээс “....Мөрдөгч нь 12 настай гүүний үнэлгээг гаргахыг шинжээчид даалгасан байтал шинжээч 12 настай морины үнэлгээ гаргасан байна.

Мөн хохирогч Д.Д-н6 настай хул зүсмийн адуу нь азарга байхад мөрдөгч 6 настай морины үнэлгээ гаргуулсан нь шинжилгээний обьектийн талаархи мэдээллийг буруу өгсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй гэж үзнэ. Иймд 2021 оны 8 дугаар сард Увс аймагт 6 настай азарга, 12 настай гүү хэдэн төгрөгийн үнэ ханштай байсныг тогтоолгох шаардлагатай байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Д.Д нь нэг тооны 6 настай азаргаа яллагдагч Д.Б-иас биетээр нь хүлээн авсан ба прокуророос яллагдагч Д.Б-ийг Д.Д-ийн бэлчээрээр алдагдсан хул зүсмийн, зөв гуяндаа саран тамгатай 6 настай азаргыг 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын нутаг Ут гахай гэх нэртэй газарт байхад нь алдуул мал бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж Д.Д-д 1.000.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, прокурорын яллах дүгнэлт үйлдсэн.

Харин 12 настай хээр зүсмийн гүү, 6 настай төөлтэй хээр зүсмийн гүүг хууль бусаар авсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдээгүй. Өөрөөр хэлбэл 12 настай болон 6 настай гүүний зах зээлийн үнийг тогтоолгох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба өөрөөр хэлбэл азаргын үнэлгээг 6 настай эр адууны зах зээлийн үнэлгээгээр гаргуулсан нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй юм.

Нөгөө талаас шүүхээс азарганы үнэлгээнд эргэлзээ төрж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах хуулийн зохицуулалт байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Д.Д нь Өлгий сумын иргэн Х.Ш-аас 2021 оны 7 дугаар сард 3 тооны адуу худалдаж авсан ба тухайн гурван тооны адуу нь ижил буруу байсан учраас Ховд сумын Шаазгай нуур орчмоос гүйж алга болсон болох нь тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Д.Д-ийн 3 тооны адууг Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутгаас яллагдагч Д.Б нь хулгайлж ирээгүй, тухайн адуунууд нь ижил буруу, тухайн нутаг орны байдалд дасаагүй байдлаас шалтгаалж, урьд нутаглаж байсан газар орондоо буюу Увс аймгийн Өлгий сумын нутагт гүйж ирсэн үйл баримт тогтоогдож байна.

Харин хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Д.Б-ийн буруутай үйлдэл нь уг хул зүсмийн азаргыг Өлгий сумын иргэн Х.Ш нь Ховд сумын иргэн Д.Дд зарсан, өөрөөр хэлбэл Ховд суманд байх ёстой адуу Увс аймгийн Өлгий сумын нутагт гүйж яваа болохыг мэдэж түүнийг завших сэдэлт төрж завшсан үйлдэл тогтоогддог.

Д.Б нь тухайн гурван тооны адууг нууцаар, хууль бусаар өөрийн өмчлөл, эзэмшилд оруулах идэвхтэй үйлдэл хийгээгүй юм.

Учир нь мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй бол хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.

Мөн яллагдагч Д.Б нь мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргаан байгууллагад мэдээлэх хууль зүйн үүргийг болон малчдын дунд байдаг алдуул малын талаар зар түгээх зан заншлын хэм хэмжээгээр хүлээсэн үүргэ биелүүлсний дараа тухайн малыг бусдад зарсан тохиолдолд тухайн үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй үйлдэл юм.

Шүүхээс яллагдагч Д.Б 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өөрийн 8222-8709 дугаарын утсаар гэрч Х.Штай ярьсан эсэхийг тогтоох, гэрч Х.Шаас мөн өдөр хул зүсмийн азарганы талаар асуусан эсэхийг тогтоох ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэсэн нь заавал хийгдвэл зохих ажиллагаа биш юм.

Учир нь яллагдагч Д.Б нь мэдүүлэхдээ иргэн Х.Штай ярьж тухайн хул зүсмийн азаргаа зарсан эсэхийг асуусан талаараа мэдүүлдэг ба гэрчээр Х.Ш нь мэдүүлэг өгөхдөө уг мэдүүлгийг үгүйсгэдэггүй болох нь хэрэгт авагдсан байгаа тул хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ .

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хувьд 6 настай азарганы үнэлгээ гаргуулахдаа эр морины үнэлгээ гаргуулсан байсан. Уг хэрэгт хяналт тавьсан прокурорын хувьд мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан алдааг анзаарч хараагүйгээс болж алдаа гаргасан. Мал ахуйтай харьцаж үзээгүй мөрдөгч нар их болсонтой холбоотойгоор азарга, морь, гүүг ялгахгүйгээр үнэлгээ гаргуулсан алдаа гаргасан.

Энэ талаар прокурорын эсэргүүцэл дээрээ бичсэн учир алдааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 300 нэгж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэг болдог. 6 настай адууны үнэлгээ 1.000.000 төгрөг болсон. 6 настай азарга нь 6 настай мориноос бага үнэлгээтэй байна гэж байхгүй. Хохирогч Д.Д нь өөрийн хул зүсмийн азарга биетээр нь хүлээн авсан учир хэргийг заавал прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Ингэснээр яллагдагч хохирогчийн эрх зөрчигдөж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, дордуулаагүй. Шүүхээс зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзээд прокурорын эсэргүүцлийг бичсэн.

Анхан шатны шүүхийн зүгээс хэргийн зүйлчлэлийг буруу гэж дүгнэж, уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байна гэж үзэж байгаа нь буруу юм. Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг прокурорын эсэргүүцэлд дурдсан.

Анхан шатны шүүхийн зүгээс иргэн М.Б-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагатай гэж үзсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б удаа дараа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “хул азаргыг М.Б-т 800.000 төгрөгөөр худалдан борлуулсан ба буцаагаад 800.000 төгрөгийг өгсөн” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Батбаатар 2 удаагийн өгсөн мэдүүлэгтээ “хулгайн азарга гэдгийг мэдээгүй, 1.000.000 төгрөгөөр азарга зарна гэхээр нь 800.000 төгрөгөөр худалдан авсан” гэж мэдүүлдэг.

Мөн М.Б-ынзүгээс 800.000 төгрөгийг буцаан авахаар ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа М.Б-аас хохирлоо барагдуулж авсан уу гэдэг байдлаар мэдүүлэг тайлбар авах боломжгүй нөхцөл байдал үүссэн, яагаад гэвэл хөдөөний айлууд өвөлжөө рүүгээ нүүсэн учир тэр болгон араас нь очиж мэдүүлэг авах боломжгүй байсан.

Иймд энэ асуудлыг байгаа хэмжээнд нь шийдвэрлэх боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. М.Б-аас хохирлын асуудлыг зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрч М.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой. Иймээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны хяналтын прокурор А.Анхбаяр би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна.

Увс аймгийн Ховд сумын иргэн Д.Д-ийн эзэмшлийн 1 тооны адуу нь Увс аймгийн Ховд сумаас алдагдаж, Увс аймгийн Өлгий сумын иргэн Д.Б-ийн адуутай нийлсэн байхад бусдын өмчлөлийн адуу гэдгийг мэдсээр байж завшиж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн зүгээс Д.Б-ийг 2021 оны 8 дугаар сард бусдын мал хулгайлсан гэж үзэж, гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Энэ нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч Д.Б-ийн мэдүүлгээс харахад Д.Б нь уг 6 настай азаргыг хулгайлж аваагүй ба Д.Б-ийн эзэмшлийн малд хохирогчийн азарга ирж нийлсэн байсныг мэдсээр байж авч ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Б-т холбогдох, 2135000000146 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Д.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт шүүх санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ, М.Б-т учирсан 800,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн эсэхийг тогтоож, төлөгдөөгүй бол иргэний нэхэмжлэгчээр тогтоох, 2021 оны 8 дугаар сард Увс аймагт 6 настай азарга, 12 настай гүү хэдэн төгрөгийн үнэтэй байсныг тогтоолгох зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэх, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх гэсэн үндэслэлүүдийг заасан байна.

Яллагдагч Д.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэх хуулийг заалтуудыг тус тус зөрчсөнөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Д нь Увс аймгийн Ховд сумын 1-р багт оршин суудаг, тэрээр 2021 оны 7 дугаар сард Увс аймгийн Өлгий сумын иргэн Х.Шаас 3 тооны адуу /азарга 1, гүү 2/ худалдан авсан, уг 3 тооны адуу 2021 оны 8 дугаар сарын 15-ны үед Ховд сумын нутаг Шаазгай нуур, “Уу хөтөл” гэх газар орчмоос алга болсон, хохирогч 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ховд, Өмнөговь, Өлгий, Наранбулаг сумдын нутгаар явж уг 3 тооны адуугаа эрж хайсан, эрлийн явцад 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын нутаг Улаан үзүүр гэх газар бэлчээрт байсан /Мархаан буюу Цэдэнчимэд гэгчийн адуу/ адуунд хээр зүсмийн гүү байсныг хохирогч барьж авсан, нэг тооны, хул хээр зүсмийн азарга нь Наранбулаг сумын 1-р багийн иргэн М.Б-ынадуунд байсан, уг азаргыг яллагдагч Д.Б нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М.Б-т 800.000 төгрөгөөр худалдан борлуулсан, үлдсэн нэг тооны адуу буюу төөлтэй, хээр зүсмийн гүү нь яллагдагч Д.Б-ийн адуунд байсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Прокуророос яллагдагч Д.Б-ийг хохирогч Д.Д-ийн хул хээр зүсмийн, 6 настай азаргыг 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын нутаг “Ут гахай” гэх газар байхад нь авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлох баримтад үндэслээгүй байна гэж үзлээ.

Тухайн адууны эзэмшигч, өмчлөгч нь мэдэгдэхгүй байгаа буюу алдуул мал байсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тухайлбал хул хээр зүсмийн азарга Өлгий сумын нутаг “Ут гахай” гэх газар хэзээ ирсэн, хэдий хугацаанд уг газар нутагт, хэний адуунд, эсхүл ганцаараа байсныг нутгийн хүмүүс мэдэж байсан эсэхийг шалгасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад алдуул мал гэж үзсэн нь үндэслэлгүй.

Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн оролцоогүй ижил сүргээсээ тасарч, бэлчээрлэж байсан газар нутгаасаа холдож гарсан байхыг ойлгох боловч тухайн мал хариулгагүй, тухайн нутаг бэлчээрээр удаан хугацаагаар байсан, эзэн нь тодорхойгүй болох нь нутгийн малчид, иргэдэд илэрхий болсон, нутгийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх үед хэн нэг этгээд эзэмшил, өмчлөлдөө авахыг алдуул мал завших гэмт хэрэг гэж үзэх бөгөөд нутаг бэлчээрээсээ холдсон болон хариулгагүй байгаа, эзэн нь мэдэгдэхгүй байгаа мал бүрийг алдуул гэж үзэх нь учир дутагдалтай болно.

Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр, эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно” гэжээ. 

Д.Б яллагдагчаар : “2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “ Ут гахай” гэх газар мал харж яваад саран тамгатай хээр зүсмийн азарга ганцаараа байхыг харсан. Уг азаргыг сайн ажиглаж хараад Өлгий сумын засаг даргаар ажиллаж байсан Х.Шын азарга мөн болохыг таньсан, уг азаргыг Ховд сум уруу хүнд зарсан болохыг мэдэж байсан, гэхдээ лавлаад асууя гэж бодоод өөрийн 88228709 дугаараас Х.Шын 88849986 дугаарын утсанд залгаж, “чи хээр азаргаа яасан бэ, одоо чамд байгаа юу” гэж асуухад тэр “би азаргаа Ховд сумын Шивэр багийн хүнд зарчихсан, надад байхгүй” гэж хэлсэн тул уг азаргыг Ховд сумаас гүйж ирсэн гэдгийг лавтай мэдэж, эзэн нь олж ирэхгүй гэж бодоод Батбаатартай ярьж, түүнд худалдахаар ярьж тохироод 8 сарын 30-ны өдөр аваачиж өгсөн” гэж мэдүүлсэн байх ба уг азарга Д.Б-ийн адуунд нийлсэн байгаагүй, түүнийг бэлчээрт байхад нь барьж авч Б.Батбаатарт зарж борлуулсан байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн алдсан азарга яллагдагч Д.Б-ийн идэвхтэй үйлдэл, оролцооноос үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн, эсхүл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас түүний эзэмшилд шилжсэн гэх үндэслэлүүд тогтоогдоогүй байна. 

Мөн хохирогчийн алдсан төөлтэй хээр зүсмийн гүү яллагдагч Д.Б-ийн адуунд байсан болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдсон байх бөгөөд уг гүү хэзээ, ямар байдлаар яллагдагч Д.Б-ийн адуунд орсон болохыг хэрэгт шалгаж тогтоогоогүй байна.

2. Хохирогч Д.Д 2021 оны 8 дугаар сарын 15-ны үед хул хээр зүсмийн, зөв гуяндаа саран тамгатай, 6 настай азарга 1, төөлтэй, хээр зүсмийн 6 настай гүү 1, хээр зүсмийн 12 настай гүү 1, нийт 3 тооны адуу алдсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолд: 6 настай эр морь, 12 настай эм морь, 6 настай эм морь гэж тус тус бичиж үнийг тогтоолгохоор заасан, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 217 дугаар Шинжээчийн дүгнэлтэд: 6 настай эр/ эм морины зах зээлийн үнэ ханш 1,000,000 , 12 настай морь 1,300,000 төгрөг гэж тус тус тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоох зарчимд нийцээгүй байна.

Мөрдөгч шинжилгээ хийлгэх тогтоолдоо шинжилгээний объектын талаар буруу мэдээлэл тусгаснаас шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэх үндэслэлд хамаарч байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3. Иргэний нэхэмжлэгч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа этгээдийг ойлгох бөгөөд мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэл гаргах, 8.5 дугаар зүйлийн 5-т заасан эрхийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байна.

Эрх нь зөрчигдсөн гэж үзсэн иргэн, хуулийн этгээд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдэд хуульд заасан эрхийг тайлбарлан танилцуулах, иргэний нэхэмжлэл гаргах  эрхээ  хэрэгжүүлэх боломжийг хангах нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Яллагдагч Д.Б нь хохирогч Д.Д-ийн хул хээр зүсмийн 6 настай азаргыг М.Батбаатар гэгчид 800.000 төгрөгөөр зарж борлуулсан, азаргыг М.Б-аас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг тайлбарласан, энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоохоос гадна гэмт хэрэг гарсан байдлыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож хэргийг шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцнэ.

Дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэж, прокурорын “...Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 355 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                             Л.АЛТАН