Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 371

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Т  түүний өмгөөлөгч Ж.Дорж,  

хохирогч Ж.Жадамба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020026 дугаартай хэргийг 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Т  Ховд аймагт төрсөн, 22  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

 Шүүгдэгч Т  нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүн нуур зочид буудалд иргэн Ж.Жадамбыг түлхэн унгаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т  шүүхийн хэлэлүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай захирал тухайн рестораныг түрээслэж байгаад больсон байсан. Тэгээд намайг “складнаас юм зөө” гэхээр нь 2 цагийн үед очиход ресепшин, үйлчлэгч нар шатан дээр зогсож байсан. Тэгээд надад “306 тоот өрөөний хүмүүс цаг нь дууссан байхад гарахгүй, хэрэлдээд байна” гэхээр нь тэр өрөөнд ортол Жадамба гэх залуу өрөөнөөс гарч ирээд “гарах цагаа мэдэж байна. Чи зайл” гээд заамдаж авсан. Тэгэхээр нь би складнаас юмаа зөөж байтал үйлчлэгч шатан дээр зогсоод “ресепшинг зодоод байна. Чи очиж салгаад өг” гэхээр нь очиход Жадамба гэх залуу ресепшинг үсдсэн зогсож байсан. Би очоод “эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, боль” гэж хэлэхэд намайг заамдаж аваад цээжин тус газар цохисон. Тэгтэл Жадамба гэх залуугийн эхнэр ирээд миний хүзүү нүүрэнд маажсан. Миний хацар дээр маажуулсан сорви үлдсэн. Би зодуулж байхаар явъя гэж бодоод гараад явах гэтэл Жадамба араас ирээд заамдаад цамц урах гээд байхаар нь би зөрүүлж хоёр гарыг нь хашсан. Жадамба өөрөө юу хийж байгаагаа ч санахааргүй согтуу байсан. Тэгтэл Жадамбын найз биднийг салгахад нь би гараа салгасан байсан. Тэгээд Жадамба унахдаа намайг татсан учраас бид нар давхралдаж унасан. Түүнээс болоод Жадамбын баруун хөлийн шагай гэмтсэн. Би хохиролд 300.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг ажил хийж байгаад өгөхөөр хохирогчтой тохиролцсон” гэв.

 

            Хохирогч Ж.Жадамба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар цаг хэтрүүлсэн нь үнэн. Гэхдээ цагаа сунгах бодолтой байсан. Гэтэл ресепшин Т ийг дагуулж өрөөнд орж ирсэн. Т  ташаагаа тулаад атаман юм шиг аашилсан. Тэгээд түүний араас манай найз гарахаар нь би юу болсныг мэдэхээр дагаад гарсан. Т  ресепшины хажууд зогсож байсан. Манай найз тооцоо хийж байсан бөгөөд би түүнд үйлчлүүлэгчтэй ингэж харьцаж болохгүй гэж зандрангуй хэлсэн. Тэгээд хэрэлдээд дээшээ гарах гэж байтал Т  миний үгийг даалгүй текний цаанаас гарч ирээд надтай барьцалдаж авсан. Тэгээд зууралдаж намайг унагаахад хөл хугарсан. Би хөл хугарчихлаа гэхэд “битгий баашлаад бай” гээд хувцсаа тайлаад байсан. Манай эхнэр биднийг салгах гэтэл манай эхнэрийг түлхэж унагаасан. Тэгээд ресепшин манай эхнэртэй үсдэлцээд байсан. Манай найз Т ийг надаас салгах гээд бараагүй. Нэг мэдэхэд Т  алга болсон байсан. Би хөл гэмтсэнээс болоод 2 сар гэртээ байсан. Ажлаасаа чөлөө авсан бөгөөд эмчилгээний зардал 610.000 төгрөг болсон. Миний шагайны зөөлөн эд гэмтсэн нь хүнд гэмтэлд ордог юм байна лээ. Би Т өөс 300.000 төгрөг авсан. Үлдсэн 317.000 төгрөгийг сар сард нь авахаар тохиролцсон. Одоо би гүйж чадахгүй, эвтэйхэн алхаж явдаг болсон” гэв.

 

Шүүгдэгч Т  нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүн нуур зочид буудалд иргэн Ж.Жадамбыг түлхэн унагаж эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр  шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ж.Жадамбын “2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найзууд болох Пүрэвсүрэн, Даваа, Отгонжаргал нарын хамтаар Баянгол дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Гүн нуур нэртэй зочид буудалд хоногоор өрөө авсан. Маргааш өдөр нь буюу  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед гараарай гэж буудлын ресепшин шаардахаар нь цагаа сунгуулья гээд цагийн мөнгө нь болох 10.000 төгрөгийг төлөхөөр тохироод сууж байтал ресепшин гэх эмэгтэй байн байн орж ирээд одоо гар гэсэн шаардлага тавиад сүүлдээ 20 гаран насны нэг залууг дагуулж орж ирсэн. Тухайн үед би санаа зоволтгүй мөнгийг нь өгнө гээд байхад л байн байн орж ирээд мөнгөө нэхээд байсан тул бидний хооронд үл ойлголцох маргаан үүсээд би доод давхар луу буугаад ресепшин дээр очоод цагийн мөнгийг нь өгөхдөө “танайх үйлчлүүлэгчээ ингэж үл ойшоож дээрэлхэж болохгүй, бид нар мөнгийг нь өгнө, дээрээс нь танайхаас архи аваад үйлчлүүлээд байхад хөөж туугаад” гэх зэргээр хэлтэл хажууд нь байсан 20 орчим насны эрэгтэй гарч ирээд шууд надтай барилцаж аваад намайг түлхсэн. Би тухайн үед баруун хөлний шагайн хэсгээрээ унаж шагай маань мултраад шажигнаад эхэлсэн. Удалгүй намайг түлхсэн залуу гараад зугтсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Б.Даваагийн “2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай найз Жадамбын төрсөн өдөр болох гээд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гүн нуур нэртэй зочид буудалд хүрээд ир гэхээр нь яваад очтол Жадамба түүний эхнэр Отгонжаргал, бас нэг залуу байсан. Би уг нь 12 цагийн орчимд очсон. Намайг очиход нэг архи задалчихсан нээх их уугаагүй сууж байсан. Архи ууж дуустал буудлын цагийг нэг цагаар сунгаад би ресепшинд 10.000  төгрөг өгөөд гарсан. 13 цагийн үед буудлын ресепшин дахин орж ирээд цаг чинь дуусчихлаа гараач гэсэн. Ууж байсан архи маш бага байсан тул энийгээ уучихаад гарлаа гэхэд ресепшин эмэгтэй уурлаад гараад явсан. 5-10 минутын дараа 170 см орчим өндөртэй, дундаж биетэй залууг дагуулаад ороод ирсэн. Ресепшиний дагуулж орж ирсэн залуу биднийг гар гээд хөөгөөд байхаар архиа уучихаад гарлаа гэсэн чинь уурлаад цамцаа тайлаад агсамнаад эхэлсэн. Жадамба нөгөө залуутай барьцалдаж аваад зууралдсаар ресепшиний текний хажууд очсон чинь нөгөө залуу Жадамбыг цааш нь түлхсэн. Тэгтэл Жадамба унаад шагайгаа гэмтээсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

Гэрч Ц.Бүрэнжаргалын “Тэр үед зочид буудлын төлбөр тооцоо, өрөө суллаж өгөх асуудлаас болоод Т , Жадамба хоёр маргалдаж барилцаж авсан. Тэр үед Даваа гэдэг хүн тэр хоёрын дундуур орж салгасан. Даваа хэрүүл маргаанд оролцоогүй бөгөөд маргалдсан хүмүүсийн хэн нэгнийг түлхсэн эсэхийг би анзаараагүй. Нэг харахад Жадамба гэх хүн шалан дээр уначихсан байсан. Жадамбыг унах үед тэр эмэгтэй яг дэргэд нь ойролцоо байж байсан. Жадамба уначихаад хөл эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Тэгэхэд тэр эмэгтэй “яасан бэ” гээд Жадамбаас асуугаад дэргэд нь зогсож байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 100 дугаар хуудас/

Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд хохирогч Ж.Жадамбаас “Т  бид хоёрыг маргалдаж зууралдаж байх үед манай найз Даваа Т  бид хоёрыг салгах гэж оролдоогүй. Харин Т  намайг түлхээд миний хөл гэмтээд газарт унасан байхад Т  цамцаа тайлаад “босоод ир ална” Даваа дундуур орж Т ийг над руу ойртуулаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 105 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 227 дугаартай актад:

“1. Ж.Жадамба-ийн биед баруун шагай үений гадна хавчаар ясны далд хугарал, шагай үений мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хохирогч Ж.Жадамба, шүүгдэгч Т  нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүн нуур зочид буудалд “зочид буудлын өрөөний цаг дууссан, цаг сунгах мөнгөө төл” гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар бие биетэйгээ зууралдах явцад Т  нь Ж.Жадамбыг түлхэн унагаж “баруун шагайн үений хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал” гэмтэл учруулсан байна.

 

Шүүгдэгч Т  нь хэрүүл маргааны сэдэлтээр хохирогч Ж.Жадамбын биед халдаж харилцан зууралдах явцад хохирогчийг түлхэж унагаасан үйлдэл нь санаатай үйлдэгдсэн үйлдэл бөгөөд үүний улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул Т ийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Шүүдэгч Т  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг буюу 300.000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг оногдуулахаар заасан “хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх” ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... Жадамба нь намайг ирээд бариад авсан. Намайг хаалга руу шахаад цээж рүү 2-3 удаа цохисон чинь толины хажууд зогсож байсан найз нь “болиоч” гээд голоор ороод би хоёрыг салгаад хоёр тийш түлхсэн чинь Жадамбаа нь унахдаа намайг татаад уначихсан” гэжээ. /хэргийн 130 дугаар хуудас/

Мөн гэрч Б.Гэрэлмаа нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Нөхөр нь Т ийг барьж аваад зогсож байтал үүдэнд байсан найз нь гэх эрэгтэй ирээд “одоо та нар боль боль” гээд нөгөө хоёрыг салгаад хоёр тийш нь түлхсэн. Тэгсэн Т  буйдан дээр унаад хохирогч залуу ресепшний урд талын ширээний зүүн тал руу унасан” гэжээ. /хэргийн 74 дүгээр хуудас/

Эдгээр мэдүүлгүүд нь хохирогч Ж.Жадамбаа, гэрч Б.Даваа нарын дээр дурдагдсан мэдүүлэг, гэрч, хохирогчийн нүүрэлдүүлэн байцаахад гэрч Б.Гэрэлмаагийн өгсөн “...Би Т  хохирогч залуутай маргалдаад зууралдаж байхыг хараагүй. Хохирогч залуу яаж гэмтсэнийг мэдэхгүй. Т  хохирогч залуу хоёрыг зууралдаж байхад найз нь гэх залуу салгаж байхыг хараагүй” гэсэн /хэргийн 105 дугаар хуудас/ мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Жадамбаад учирсан хохирлын талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд /хэргийн 20-25 дугаар хуудас/ эдгээр баримтуудаар хохирогчид учирсан хохирлыг тооцох боломжтой бөгөөд хохирогчийн шүүхэд ирүүлсэн “эвлэрэлийн гэрээ” гэх баримтад “300.000 төгрөгийг Т  төлж барагдуулсан ба үлдэгдэл 317.000 төгрөгийг барагдуулна гэж хоёр талаас тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэжээ.

Иймд шүүгдэгч Т өөс 317.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Жадамбаад олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүйг дурдвал зохино.

 

              Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                          ТОГТООХ нь:

           

1. Т ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т  цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Т өөс 317.000 /гурван зуун арван долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч  Жадамбад олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ