| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2026/0221/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1160 |
| Огноо | 2026-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | К.Ч |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1160
2026 04 23 2026/ШЦТ/1160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
Улсын яллагч К.Чимгээ,
Шүүгдэгч Т.С
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Э*н Б*ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;
И овогт Т*ын С*ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн ***************дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 14-ний орой ***ны нутаг дэвсгэрт байрлах Оюутны гудамжинд хохирогч С.Б*д "Утсаар чинь яриад өгье" гэж хэлэн авч, хохирогчийн эзэмшлийн 246.000 төгрөгийн үнэ бүхий "Redmi note 8" загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Э.Б, Т.С нар бүлэглэн 2025 оны 09 дүгээр сарын 14-ний орой ***нд байрлах Оюутны гудамжинд хохирогч С.Б*ийн "Redmi note 8" загварын гар утасны хавтсанд байсан Хаан банкны ********** тоот картыг гэмт хэргийн улмаас олсон орлого, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж картыг ашиглаж 607,330 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж, захиран зарцуулж бусдад хохирол учруулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 Кербор дэлгүүрийн касс нь дээр байсан хохирогч Н.Э*гийн эзэмшлийн Samsung А56 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,538,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан бол шүүгдэгч нар нь хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судалсан зүйлгүй болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 14-ний орой ***ны нутаг дэвсгэрт байрлах Оюутны гудамжинд хохирогч С.Б*д "Утсаар чинь яриад өгье" гэж хэлэн авч, хохирогчийн эзэмшлийн 246.000 төгрөгийн үнэ бүхий "Redmi note 8" загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Э.Б, Т.С нар бүлэглэн 2025 оны 09 дүгээр сарын 14-ний орой ***нд байрлах Оюутны гудамжинд хохирогч С.Б*ийн "Redmi note 8" загварын гар утасны хавтсанд байсан Хаан банкны ************ тоот картыг гэмт хэргийн улмаас олсон орлого, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж картыг ашиглаж 607.330 төгрөгийн зарлагын гүйлгээг хийж, захиран зарцуулж бусдад хохирол учруулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 Кербор дэлгүүрийн касс нь дээр байсан хохирогч Н.Э*ийн эзэмшлийн Samsung А56 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.538.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогджээ. Энэ нь:
Хохирогч С.Б**ийн өгсөн "...Би 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн Дээдийн автобусны буудлын Хаан банкны тооцооны төвөөс хойшоо 64-р дэлгүүр чиглэлтэй оюутны гудамжаар орж алхаж явах үед хойноос нэг залуу гүйж ирээд өвөө Гар утсаа өгч байгаач, хүн рүү залгаад өгье гэж хэлээд, миний гар утсыг аваад халаасандаа хийхээр нь би гар утсаа авъя гээд бариад авсан. Гэтэл тэр залуу намайг түлхээд, зугтах үед нь би хойноос гүйхдээ хазгай гишгэж унасан. Би унахдаа нүүрээрээ бордюр мөргөж зүүн хөмсгөө сэтэлж, нүдний шил хугарч гэмтсэн. Би босоод хойноос нь хөөж гүйсэн болов ч гүйцээгүй. Мөн миний "Redmi note 8" банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг алдагдаж, нүдний шил хугарч гэмтсэн. Би загварын хар өнгийн гадуураа хар ногоон өнгийн кэйстэй. Кэйс дотор байсан Хаан өөрийн Redmi Note загварын гар утсаа Завхан аймгаас 500.000 төгрөгөөр худалдан авч байсан Харааны нүдний шилийг 500.000 төгрөгөөр худалдан авч байсан загвар брэндийг хэлж мэдэхгүй байна. Мөн би хаан банкны виза картаа алдсаны улмаас 500.000 орчим төгрөгийн зарлага гарсан байна..." гэх мэдүүлэг /хх 11/,
Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 111-115/,
Хохирогч С.Б*ийн эзэмшлийн Хаан банкны ********тоот дансны хуулга,
“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ" ХХК-ний 2025 оны 10 дугаар сарын 06-ны "Redmi note 8" загварын гар утсыг 246.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээ /хх 24-29/,
С.Б*ийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот дансны хуулга, /хх 117/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 37-41/,
Хохирогч Н.Э***ийн "... Би 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагаас 21 цагийн хооронд ажлын байрны касс нь дээрээс гар утсаа алдсан. Миний гар утас А-56 загварын ягаан өнгөтэй, 256гб багтаамжтай, гар утас байсан. Би гар утсаа Пи Си молоос 2025 оны 09 сард 1,650,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа хамгийн сүүлд ажил дээрээ кассын ард ашигласан. Хяналтын камер байгаа. Камер шүүж үзэхэд ногоон эрээн саравчтай малгайтай, хөх куртиктэй эрэгтэй хүн миний гар утсыг аваад гарсан байсан..." гэх мэдүүлэг, /хх 130/,
Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-аас Samsung А56 загварын гар утсыг 1,538,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, /хх 136-139/,
Samsung А56 загварын гар утсыг сэжигтэн Э.Б*оос хураан авч хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 132- 134/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Б, Т.С нар нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б*ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т. С*ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б*д 853.330 төгрөг, хохирогч Н.Э*д 1.538.500 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Э*д Samsung А56 загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.
Харин хохирогч С.Б*д шүүгдэгч Э.Б нь ганцаараа 246.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Э.Б ,Т.С нар бүлэглэн 607.330 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй байна.
Шүүгдэгч Э.Б, Т.С нарын бүлэглэж үйлдсэн үйлдлийн улмаас учирсан 607.330 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус бүрээс 303.665 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Б*оос 549.665 төгрөгийг, шүүгдэгч Т.С*аас 303.665 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Б*д олгож шийдвэрлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.С*т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Э.Б*д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчид Э.Б , Т.С нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн шинж, хувийн байдал ,гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзсан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд дараах байдлаар оногдуулав.
Шүүгдэгч Э.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Т.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус оногдуулах нь гэм буруутай үйлдэлд тохирно гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ид энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ид энэ тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар тооцож 01 жил 6 сар 226 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Т.С , Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э*н Б*г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч И овогт Т*ын С*ыг Эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Т.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ид энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ид энэ тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар тооцож 01 жил 6 сар 226 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ид оногдуулсан 02 жил 02 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Э.Б ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оос 549.665 төгрөгийг, шүүгдэгч Т.С аас 303.665 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Б*д олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Т.С , Э.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Б ийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Б ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ