Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/02161

 

 

 

 

 

                                                                   

 

 

                             2024        04         22

          101/ШШ2024/02161

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Г.*******, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, Б.*******, хариуцагч Г.*******, иргэдийн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Даатгал” ХК-тай УАС улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашины өмчлөгч *******ын ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан.

2022 оны 05 сарын 08-ны өдөр УАС улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашиныг жолоодож явсан Г.******* нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Амгалан амаржих газрын арын замд УАО улсын дугаартай, Subaru Forester маркийн “” ХХК-ийн өмчлөлийн ын ын жолоодож явсан автомашиныг мөргөж, Амгалан амаржих газрын эзэмшлийн хаягийн самбарыг мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн.

Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг Тээврийн цагдаагийн алба гүйцэтгэж, УАС улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашины жолооч Г.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан болохыг тогтоосон байна.

Г.ын автомашинд учирсан хохирлын хэмжээг 2022 оны 05 сарын 10-ны өдөр “” ХХК нь 20373 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 4,725,000 төгрөг, Амгалан амаржих газрын эзэмшлийн хаягийн самбарын хохирлын хэмжээг 2022 оны 05 сарын 10-ны өдөр 015 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлангаар гаргаж 2,347,500 төгрөгийн хохирол учирсныг тус тус тогтоосон байна. 2022 оны 05 сарын 11-ний өдөр “” ХХК нь “” -ийн автомашин техникийн үнэлгээний тайлангийн дагуу 4,725,000 төгрөгийг, 2022 оны 05 сарын 31-ний өдөр Амгалан амаржих газар нь “” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлангийн дагуу 2,347,500 төгрөгийг тус тус даатгалын нөхөн төлбөрт тооцон шилжүүлэхийг нэхэмжилсэн.

Ийнхүү “Монгол Даатгал” ХК нь “” ХХК-ийн хүсэлтийн дагуу Хаан банк дахь /Н./ тоот дансанд 3,340,000 төгрөгийг, 2022 оны 05 сарын 31-ний өдөр Хаан банк дахь /Г.*******/ тоот дансанд 1,660,000 төгрөгийг, нийт 5,000,000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон олгохоор шийдвэрлэн, тус тус шилжүүлсэн болно.

Иймд даатгалын нөхөн төлбөр төлснөөс учирсан хохирол болох 5,000,000 /таван сая/ төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж, “Монгол Даатгал” ХК-д олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна:

Г.*******аас даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол болох 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулах тухай.

1а. Давж заалдах шатны шүүхээс даатгалын гэрээ байхгүй гэдэг. Иймд хураамж төлсөн баримт. Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний маягтыг гаргаж байна. Учир нь гэрээг цахимаар байгуулсан бөгөөд хариуцагч энэ талаар маргадаггүй.

Хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулна. Хариуцагч нь 2022.4.25-нд жолоочийн хариуцлагын даатгал хийсэн. 2022.5.8-нд автомашин жолоодож яваад бусдын автомашин болон хаягийн самбар мөргөсөн. Зам тээврийн ослын үзлэгээр хариуцагчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг баталсан. Нийт хохирлыг үнэлгээнд үнэлгээ болон даатгалын гэрээнд зааснаар 5,000,000 төгрөг нөхөн олговорт төлсөн. Төлбөрийг хохирол учирсан хүн болон хариуцагчид олгосон. Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1, 20-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Осол болсон даруйд мэдэгдээгүй гэдгээр буцаан нэхэмжилж байгаа юм. Тухайн үед очоогүй тул хохирол өөрчлөгдсөн эсэхийг мэдэх боломжгүй болсон юм гэв.

 

2.         Хариуцагч Г.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.******* нь нэхэмжлэгч “Монгол Даатгал” ХК-ийн тус шүүхэд 2022.08.05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа.

Нэхэмжлэгч “Монгол Даатгал” ХК нь надад холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас хохирол болох 5 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иймээс дараах тайлбарыг гаргаж байна.

2022.04.25-ны өдөр “Монгол Даатгал” ХК-ийн ажилтан над руу утсаар залгаж “Таны жолоочийн хариуцлагын даатгал дууссан байна та даатгалаа хийлгэх үү данс руу мөнгөө шилжүүлчихвэл таны гэрээг мэйл хаяг руу чинь явуулаад өгнө” гэснээр би мөнгийг "Монгол Даатгал" ХК-ийн ажилтны өгсөн дансанд шилжүүлэн төлсөн.

Осол болсон өдөр буюу 2022.05.08-ны өдөр УАС улсын дугаартай, приус 30 маркийн автомашин барьж явсан ба машиндаа өөрийн ээж, 6 настай дүү, 3 настай хүү, төрөөд 1 сар 8 хоногтой охины хамт нийт 5-уулаа явж байсан.

Тухайн үед би жолоо барьж явсан бөгөөд машин мөргөлдөхөд би хажуу талын шилээ мөргөөд шокийн байдалтай ухаангүй байсан 1 сартай хүүхэд маань осол болсон чанга дуу чимээнд цочиж, уйлж ээрсэн байсан учраас би машинаасаа буулгүй охиноо хөхүүлж тайвшруулах хэрэгтэй байсан

Энэ үед нөгөө машин болох УАО улсын дугаартай, Subaru Forester машины жолооч эрэгтэй Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би Цагдаа ирсний дараа машинаасаа буусан.

Тэгээд миний зүгээс Замын Цагдаад хандан "Даатгалаа дуудъя” гэж хэлэхэд Замын Цагдаа хэмжилт хийж байсан бөгөөд хоёр машин хоёулаа маш их эвдрэлтэй, энд шууд буруутай жолоочийг тогтоох боломжгүй машинуудыг актлаад, хэн буруутайг нь тогтоосны дараа буруутай холооч даатгалаа дуудна. Түгжрэл үүссэн хоёр машин хоёулаа төв зам дээр байна ачигч машин дуудаж замын хөдөлгөөн чөлөөлөх хэрэгтэй гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлсэн.

Замын Цагдаа тухайн осол болсон газарт хэмжилт зураг авах зэрэг холбогдох ажлаа хийсэн.

Ингээд би маргааш нь буюу 2022.05.09-ний өдөр Замын Цагдаагийн газарт ирсэн боловч шалгаж байгаа байцаагч нь “хэрэг чинь орж ирээгүй байна, ирэхээр нь чам руу залгана” гэж хэлээд намайг буцаасан.

2022.05.10-ны өдөр УАО улсын дугаартай, Subaru Forester машины жолооч Б. гэх эрэгтэй хүн над руу залгаад “чиний буруу болсон байна, намайг машинаа үнэлүүлээд ир” гэж байна гээд намайг Баянзүрх дүүрэг дээр дуудсан.

Би Дүүрэг дээр ирээд замын Цагдаагийн хэлснээр миний буруу гэсэн учраас би “*******” руугаа залгасан ба даатгалын ажилтан машин дээрээ очоод хүлээж бай түгжрэлтэй байна намайг очтол хоёр жолооч хоёулаа хүлээж байгаарай гэсэн. Хоёр машин Чулуун овооны журмын хашаанд байж байсан.

УАО улсын дугаартай, Subaru Forester машины жолооч Б. Үнэлгээний байгууллагын ажилтныг аваад, хамтдаа машин дээрээ очсон ба Үнэлгээний ажилтан үзлэг хийж дуусаад *******ыг хүлээсэн даатгалын ажилтан ирээд нөгөө машинд үзлэг хийж зургийг нь дарж тэмдэглэл хийгээд хоёр жолоочоор гарын үсэг зуруулсан.

Монгол Даатгалын ажилтан надад хандан “өөр хохирсон асуудал байна уу Монгол Даатгалаас бүрэн хохирлыг нь барагдуулна” гэхэд нь би Амгалан амаржихын самбар эвдэрсэн байгааг хэлсэн.

Тэгээд осол болсон газрын зургийг асууж, зураг байгааг хэлсэн. Мөн *******ын пейж хуудас руу явуулаарай гэсний дагуу зургийг явуулсан.

Замын Цагдаагаас өгсөн материалыг Монгол Даатгалд өгөхөд даатгалын ажилтан даатгалаас нь 5 000 000 төгрөг гаргах боломжтой, үлдсэн төлбөрийг та өөрөө төлнө гэж хэлсэн. Монгол Даатгал нь хоёр хохирсон талд мөнгөн дүнг тэнцүү олгох журмаараа хохирсон машинд 3 340 000 төгрөг, Амгалан амаржихын самбарт 1 660 000 төгрөг ингэж олгогдоно, тэгэхдээ хохирсон машины Даатгалын нөхөн төлбөр жолоочдоо олгогдоно, самбарын хохирлыг та өөрөөсөө мөнгөө гаргаж засуулж өгөөд Амгалан амаржих газраасаа *******аас олгох хохирлын мөнгийг Г.*******д шилжүүлж өгнө үү гэсэн бичиг хийлгэж “Монгол Даатгалд” өгөөд нөхөн төлбөрийг өөрийн дансанд авна гэж хэлсэн бөгөөд материал бүртгэж аваад үлдсэн. Тухайн бичиг мэйлээр ирсэн би зургийн дараад “Монгол Даатгалын” пэйж рүү нь явуулснаар нөхөн төлбөрийн 1 660 000 төгрөгийг өөрийн дансанд авсан.

“Монгол Даатгал” ХК-ийн материал бүртгэж авдаг ажилтан “нөхөн төлбөр манайхаас гарах хэдий ч танаас буцаагаад нэхэмжлэн шүү” гэсэн тайлбарыг надад огт хэлээгүй. Үүнийгээ надад хэлсэн хүлээн зөвшөөрөхгүй гээд уурлаад гараад явсан гэж хуулийн хэлтсийн ажилтандаа худал хэлсэн байсан. “Монгол Даатгал” ХК-ийн ажилтан надаас чатаар авсан осол болсон үеийн зургийг уг иргэний хэргийн материалд хавсаргаагүй байсан.

Ийм үйл явдлууд болсон.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлагаа Монгол Улсын Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа боловч энэ нь надаас 5 000 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь дээрх осол нь эрх бүхий байгууллага болох Замын Цагдаагийн байгууллагад тухайн цаг үед буюу осол болсон өдрөө албан ёсоор дуудлагын дагуу бүртгэгдэж, Замын Цагдаагийн байгууллагаар шалгагдан тогтоогдсон учраас “Монгол Даатгал” ХК нь уг хохирлыг төлсөн нь хууль зүйн үндэслэлтэй учраас дээрх хохирлыг барагдуулсан байгаа.

Миний зүгээс 2022.04.25-ны өдөр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан 1 жилийн хүчинтэй хугацаанд уг осол болсон тул Монгол Даатгал ХК нь хохирлыг барагдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2а. Шинээр гаргасан баримтыг мэднэ. Хурлыг үргэлжлүүлэх боломжтой. Осол болсон өдөр цагдаад дуудлага өгсөн. Улмаар шалгаад 2 машиныг журмын хашаанд хийж буруутай этгээдийг тогтооно гэсэн. Цагаад даатгалаа дуудъя гэхэд эхлээд гэм бурууг тогтооно зам чөлөөлөх хэрэгтэй гэсэн тул даатгал дуудаагүй. Улмаар цагдаа дээр очиход хэрэг орж ирээгүй дуудна гэсэн. Дараа нь нөгөө машины жолооч яриад үнэлүүлэх болсон гэсэн. Энэ үед даатгалаа дуудсан байдаг. Цагдаа болоогүй гэсэн тул даатгал дуудаагүй юм. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Самбарын мөнгийг өөрөө авсан учир нь өөрөө засуулаад гомдолгүй гэдгээ аваарай гэсэн болохоор өөрөө эхэлж засуулаад мөнгийг нь авсан юм. Үлдэх мөнгийг нөгөө жолоочид өгсөн юм. Ослын талаарх зургийг даатгалын компани шаардсанаар өгсөн. Улмаар 5 сая хүртэлх нөхөн төлбөр төлөх боломжтой гээд олгосон гэв.

 

3.         Иргэдийн төлөөлөгч Н.******* нь хэргийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: тухайн хэрэг болсон өдөр хариуцаж ажилласан замын цагдаагийн үгээр журмын хашаанд хийж, дүгнэлт гарсан өдөр даатгалд мэдэгдсэн. Хэргийн зургуудыг явуулсан. Даатгалд материалаа бүрдүүлж өгсөн. Даатгуулагч бүх журмын дагуу үүргээ хүлээж асуудлаа шийдвэрлүүлсэн тул буцаан мөнгө өгөх шаардлагагүй гэж бодож байна гэв.

 

4.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

4а. Нэхэмжлэгчээс: Даатгалын тохиолдлын үзлэг хийх үеийн тэмдэглэлийн хуулбар /хх6/, даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягтын хуулбар /хх7/, хариуцагчийн жолоочийн үнэмлэхийн болон УАС улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /8/, зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар /9-10/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар 2 ширхэг /хх11, 13/, арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудасны хуулбар /хх12/, Г.ын жолоочийн үнэмлэхийн болон УАО улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх14/, “Тайгын булаг авто” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 22/4-9575 дугаар албан тоотын хуулбар /хх15/, Амгалан амаржих газрын 2020 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн албан тоотын хуулбар /хх16/, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх17/, автомашины техникийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх18-21/, самбарын хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар /хх22-28/, Хаан банк дахь депозит дансны хуулганы хуулбар /хх63/, даатгуулагчийн гэрээний маягтын хуулбар /хх143/, Хаан банк дахь депозит дансны хуулганы хуулбар /хх144/

4б. Хариуцагчаас: 7 ширхэг гэрэл зураг /хх38-39/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХК нь бусдад гэм хор учруулсны нөхөн төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Г.******* нь даатгалын тохиолдол болж цагдаагийн байгууллагын шаардсанаар замыг чөлөөлж, улмаар гэм буруу тогтоогдсоны дараа даатгагчид мэдэгдэж, шаардсан баримтыг бүрдүүлж өгснөөр нөхөн төлбөр олгогдсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.         Зохигчид хэн аль нь тэдгээрийн хооронд жолоочийн албан журмын даатгалын гэрээний харилцаа үүссэн үйл баримтын талаар маргаагүй. Улмаар нэхэмжлэгч нь даатгалын гэрээг цахимаар хийсэн тул бичгийн хэлбэрийн гэрээ байхгүй гэж тайлбарлаж, даатгалын гэрээний маягтыг бичмэл нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд ирүүлсэн. Хариуцагч нь даатгалын гэрээг цахимаар байгуулж, эрх зүйн харилцаа үүсэн үйл баримтыг зөвшөөрсөн. /хх143/

Ийнхүү даатгалын гэрээг цахимаар байгуулсан нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т нийцнэ.

 

5.         Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр УАС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасныг зөрчиж, УАО улсын дугаартай автомашиныг мөргөж 4,725,000 төгрөгийн, Амгалан амаржих газрын самбарыг мөргөж 2,347,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн тэмдэглэлийн болон магадлагааны хуулбар, зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудасны хуулбар, “Арвижих-эстимейт” ХХК-ийн автомашины болон самбарын хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон. /хх11, 13, 9-10, 12, 18-21, 22-28/

 

6.         Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас хохирол учирсан автомашинууд болон самбарт үзлэг хийсэн байна. /хх6/

Зам тээврийн осолд орсон УАО улсын дугаартай Subaru Forester маркийн автомашин нь “Тайгын булаг авто” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд тухайн хуулийн этгээд нь даатгалын нөхөн төлбөрийг Н.ын дансаар хүлээн авах тухай 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 22-4-9575 дугаар албан тоотоор мэдэгдсэн байна. /хх14, 15/

Амгалан амаржих газар нь самбарын хохирлыг хариуцагч Г.*******ын дансанд олгох тухай 2020 оны 05 дугаар сарын 31 гэж огноолсон албан тоотоор мэдэгджээ. /хх16/

Улмаар нэхэмжлэгч нь автомашины хохирлын нөхөн төлбөрт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3,340,000 төгрөг олгосон болох нь Хаан банкны депозит дансны хуулганы хуулбараар тогтоогдсон. /хх63/

Харин самбарын хохирлын хувьд хариуцагч нь өөрийн зардлаар барагдуулсан тул нөхөн төлбөрийн 1,660,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь Амгалан амаржих газрын дээрх албан тоот болон Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /хх17/

Ийнхүү нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт нийт 5,000,000 төгрөг төлсөн нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1.-д нийцсэн байна.

 

7.         Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар жолоочийн даатгалын тохиолдол гэж жолооч буюу даатгуулагч замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн буруутай үйлдлээс бусдад хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг ойлгоно. Мөн зүйлийн 3.1.6-д зааснаар жолоочийн даатгалын нөхөн төлбөр гэж даатгалын тохиолдолд бий болсон үед хохирогчид төлөх мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагын даатгал гэдэг нь даатгуулагч автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн буруугаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх даатгалын төрөл юм.

 

8.         Нэхэмжлэгч нь хариуцагчийг Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т зааснаар даатгалын тохиолдлын талаар даатгагчид мэдэгдээгүй тул мөн хуулийн 20.1.2-т зааснаар нөхөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна. Тодруулбал, зам тээврийн осол болсон тухайн цаг хугацаанд бус, 2 хоногийн дараа даатгагчид мэдэгдсэнээр хохирлын хэмжээнд өөрчлөлт орох боломжтой гэж тайлбарласан.

8а. Хариуцагч нь зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т нийцнэ. Түүнчлэн зохигчдын хооронд бусдын өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан харилцаа үүссэн тул зам тээврийн ослын гэм бурууг эрх бүхий этгээд тогтоосны дараа даатгагчид мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь даатгалын тохиолдлын үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсанаар энэхүү ослыг даатгалын тохиолдол болохыг зөвшөөрч, улмаар үнэлгээний талаар маргаагүй, нөхөн төлбөр олгожээ. /хх6/

8б. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн даатгалын тохиолдлын талаар 2 хоногийн дараа мэдэгдсэнээр хохирлын хэмжээнд өөрчлөлт орсон байх боломжтой гэх тайлбар баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь автомашиныг түр саатуулах байранд байхад үзлэг хийсэн, харин самбарыг газар дээр нь үзлэг хийсэн байх бөгөөд хохирлын үнэлгээний талаар маргаагүй, мөн хохирлын үнэлгээнээс бага буюу хуульд зааснаар нөхөн төлбөр олгосон тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

9.         Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн даатгуулагч тухайн хэрэг болсон өдөр хариуцаж ажилласан замын цагдаагийн үгээр журмын хашаанд хийж, дүгнэлт гарсан өдөр даатгалд мэдэгдсэн. Хэргийн зургуудыг явуулсан. Даатгалд материалаа бүрдүүлж өгсөн. Даатгуулагч бүх журмын дагуу үүргээ хүлээж асуудлаа шийдвэрлүүлсэн тул буцаан мөнгө өгөх шаардлагагүй гэх дүгнэлтийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

10.       Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь тухайн үед даатгалын тохиолдол болохыг зөвшөөрч нөхөн төлбөр төлсөн нь хуульд нийцсэн, хариуцагч нь боломжит хугацаанд зохих журмын дагуу даатгагчид ослын талаар мэдэгдэж, шаардлагатай баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд осол болсноос 2 хоногийн дараа мэдэгдсэнээр хохирлын хэмжээ өөрчлөгдсөн буюу даатгагчид сөрөг үр дагавар үүссэн үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч олгох журамтай. Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.*******аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД

 

                                        ШҮҮГЧИД                                         Г.БЯМБАЖАРГАЛ

 

                                                                                                 Б.ЦОЛМОНГЭРЭЛ