Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын  гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-т холбогдох, 2135000000147 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт Д-ын Г, 1991 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б аймгийн  суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн У сумын  дугаар багийн тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар:ОЮ91081378.

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Б.Б-ийн түрээслэн ажиллуулдаг “Gold” караоке пабын цонхоор орж 0,5 литрийн хэмжээтэй “Tiger” /тайгер /нэртэй пиво хорин шил, 1 литрийн хэмжээтэй “Jack Daniels” /жак даниэлс/ нэртэй виски нэг шил, Acer /эйсер/ загварын жижиг зөөврийн компьютер зэрэг 304.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газраас: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Д-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Д.Г-т 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

шүүгдэгч Д.Г-оос гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Д.Г нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Б.Б-ийн түрээслэн ажиллуулдаг “Gold” караоке пабын буюу үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хорих оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Д.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийнхээ эхэнд /ХХ- 85 хуудас/ “би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлголоо, надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч хийсэн гэмт хэрэг, гэм буруугаа ухамсарлаж маш их гэмшиж байгаагаа ч мэдүүлж, гэм буруугийн талаар маргахгүйгээр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар нэг үе шаттай шүүх хуралдаан явагдсан юм.

Гэтэл анхан шатны шүүх Д.Гийг гэмт хэрэг үйлдсэн аргынхаа талаараа мэдүүлээгүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа нь гэм буруугийн талаар маргаж байгаа нэг хэлбэр гэж үзэж, шүүгдэгч Д. Гийг гэм буруугийн талаар маргасан, хэргээ хүлээхгүй байна гэж хийсвэр дүгнэлт хийснээс болж Д.Гийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргалаа.

Д.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн бөгөөд тэрээр пабд орж хулгай хийхдээ согтуу байсан, дотор ороод согтууруулах ундаа ууж согтоод тэндээс хэрхэн эд зүйл авч гарснаа санахгүй байна гэж хариулсан нь түүнд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл болохгүй юм.

Д.Г гэмт хэрэг үйлдсэн эргэлзээ бүхий байвал шүүх нь хуульд заасны дагуу түүний үйлдлийг болон хамтран оролцогч этгээд байгаа эсэхийг шалгаж тогтоолгохоор прокурорт хэргийг буцаах бүрэн боломжтой байхад эргэлзсэн байдалтай дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг журамлаагүйд гомдолтой байна.

Шүүх хэргийн бодит байдлыг нотлох баримтад тулгуурлан үнэлээгүй, таамгаар дүгнэлт хийж хэргийн шийдвэрлэсэн. Шүүх шүүгдэгч Д.Гийг гэм буруутай гэдгээ хүлээгээгүй гэж үзсэн нь шүүх гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахыг хориглосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх, хууль ёсны байх, хүнлэг бус хандахгүй байхыг хуульчилсныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр нь шударга ёсонд нийцсэн, тэгш эрхийг хангасан нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа төлж, гэмт хэргийн хохирол, хор уршгаа арилгасан, хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар Д.Г нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, хүний үгэнд оромтгой, үгүй гэж хэлж чаддаггүй, тусархуу, бага насны 2 хүүхэдтэй зэрэг байдлууд хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлыг энэхүү байдлыг шүүх дүгнээгүй.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ыг журамлаж, хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага руу хууль бусаар орсондоо гэмшиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайобартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах иргэн Б.Б-ийн түрээслэн ажиллуулдаг “Gold” караоке пабын буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө нууцаар хууль бусаар нэвтэрч “Tiger” нэртэй пиво, “Jack daniels” нэртэй виски, “Acer” загварын жижиг зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлж, түүнд 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхийн зүгээс шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Уг анхан шатны шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Г нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугийн талаар маргаангүйгээр үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг тайлбар гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн аргын талаар мэдүүлээгүй мөн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа нь гэм буруугийн талаар маргаж байгаа хэлбэр гэж үзэж хийсвэр дүгнэлт хийж эрх зүйн байдлыг дордуулсан. Д.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн ба согтуугаар “Gold” караоке паб руу нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ санахгүй байгаа гэж байгаа нь ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулах үндэслэлгүй юм. Д.Гийн хувьд мэдүүлэгтээ “тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн учир өөрийн гаргасан үйлдлийг санахгүй байна, өглөө сэртэл орны хажууд хагас шилтэй виски, пиво байсан” гэдгээ удаа дараа мэдүүлсэн.

Д.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээ бүхий эсвэл хуульд зааснаар хамтран оролцогч байгаа эсэхийг шалган тогтоогоогүй гэдэг үндэслэлээр прокурорт хэргийг буцаах бүрэн боломжтой байхад анхан шатны шүүхээс Д.Г ганцаараа хэргийг үйлдээгүй ба өөр хүн ард нь байгаа мэтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийгээгүй ба таамгаар дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Анхан шатны шүүхийн зүгээс шүүгдэгч Д.Гийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн бол шүүх гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахыг хориглосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4-т заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх, хууль ёсны байх, хүнлэг бус хандахгүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр нь шударга ёсонд нийцсэн, тэгш эрхийг хангасан нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Д.Гийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Гэмт хэргийн хохирол, хор уршиг бүрэн арилсан. Гэм буруугаа хүлээн мэдүүлсэн ба хохирлын хэмжээ 304.000 төгрөг болох нь үнэлгээгээр тогтоогдсон. Д.Г хувь хүнийхээ хувьд үг дуу цөөтэй, хүний үгэнд оромтгой, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч залуу юм. Д.Г нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба бага насны 2 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх харгалзан үзэж дүгнэлт хийгээгүй. Иймд шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах хяналтын прокурор А.Анхбаяр би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна.

Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах иргэн Б.Б-ийн түрээслэн ажиллуулдаг “Gold” караоке пабын буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн шалган тогтоосон ба анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт авагдсан үйл баримтад зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүгдэгчид ял оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлээгүй нь Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж гомдол гаргасан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Г--ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 2-8 жилийн хорих ялтай санкцтай хэрэгт 2 жил, 1 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хорих ялын доод хэмжээнээс 1 сараар илүү ял оногдуулж шийдвэрлэсэн тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Д.Г нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хувьд 2-8 жилийн хорих ялын санкцтай ба прокурорын зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэдэг дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Д.Г уг гэмт хэргийг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулж, нийгмийн хор аюулыг арилгасан өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолтой, 2135000000147 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулах  үндэслэлтэй гэж дүгнэв.

Д.Г-т холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг  шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Б.Б-ийн түрээслэн ажиллуулдаг “Gold” караоке пабын цонхоор нэвтрэн орж, 0,5 литрийн, “Tiger” нэртэй, шилтэй пиво 20 ширхэг, “Jack daniels” нэртэй 1 литрийн виски нэг ширхэг, Acer /эйсер/ загварын, жижиг зөөврийн компьютер 1 ширхэг буюу нийт 304.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь :

охирогч Б.Б-ийн : “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Gold” паб дээр очсон юм. Намайг анх ороход баруун талын Увс нуур төв рүү харсан цонх онгорхой байсан. Тэгээд би сэжиг аваад ерөнхийдөө бүх өрөөг шалгаж үзэхэд өрөөнүүдийн эд зүйл бүрэн байсан. Хөргөгч дотор байсан хорь орчим шилтэй 0.5 литрийн пиво, тек дээр байсан 1 литрийн “Jack Daniels” нэртэй архи, мөн текний доор байсан зөөврийн компьютер байхгүй байсан. Тэгээд камерын өрөө лүү орж камер шүүж үзэхэд 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө 22 цаг 30 минутын орчимд пабын баруун талын цонхоор хулгайч орсон бичлэг байсан. ...Манай пабын камерт шөнийн бичлэг байсан тул дүрс нь их муу харагдаж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 35 дугаар хуудас/,

- гэрч Б.Г-ийн: “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Gold” пабын байр луу аяга, таваг оруулж тавихаар Б.Батмөнх түрүүлж ороод буцаж гарч ирснээ хулгайч орсон байна гэхээр нь би орж харахад манай түрээсэлж буй “Gold” пабын текний баруун хойд хэсэгт байрлах вакум цонхны гадна талын төмөр торон хамгаалалтыг татаж байгаад онгойх хэсгийн цонхны рамыг дотогшоо түлхээд онгорхой болгочихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

- гэрч Д.Х-ын  “...би ажлын байрандаа байхад үл таних бор царайтай залуу надтай уулзаад жижиг улаан өнгийн notebook гаргаж ирээд та үүнийг авчих гэж хэлсэн. ...notebook зарахдаа тухайн залуу ганцаараа явсан. Би 50.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Дараа нь тэр залуугийн төрсөн ээж гэх хүн миний данс руу 50.000 төгрөг шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 39 хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн “...хөргөгчний хэсгээс гарын мөр илрүүлэх зорилгоор ажиллаж шинжээч а/х Ягаан  мөр илрүүлж бэхжүүлсэн.Хөргөгч байгаа газрыг 3 дугаарын цэгээр тэмдэглэж гэрэл зураг авч бэхжүүлж ажилласан. Модон тавиурын дотор талын хэсгийг шалгахад доод хэсэгт улбар шар өнгийн тавиур байх ба тавиур дээр компьютерийн mouse /хулгана/, logitech гэсэн бичиглэлтэй дээд хэсэгт даавуун доод хэсгээр хуванцар гадаргуутай дэвсгэр /падь/- тэй түүний хажууд хулгайлагдсан гэх notebook байсан талаар Б.Батмөнх зааж харуулав. Уг тавцан дээр цаасан хайрцаг байх ба дотор талд ямар нэг зүйл агуулаагүй байна. Уг газрыг 2 дугаарын цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлсэн. Үзлэгийн явцад өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.Үзлэгээр 10 ш гарын мөр илрүүлж хураан авч ажилласан” гэх үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 7-8 хуудас/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах хураагдсан ул мөр, эд мөрийн баримт, эд зүйлийн талаарх бүртгэлийн “..Үзлэгээр илэрсэн 10 ш гарын мөрийг цаасанд нааж битүүмжилсэн“ тухай тэмдэглэл, түүнийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21/38 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг мөрөөс 5 гэж хаягласан нэг ширхэг мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд байгаа Д овогтой Г /ою91081378/ гэх хүний зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 хуудас/,

-шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Гийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Караоке паб нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарах бөгөөд түүний цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгч Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.            

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд: “Шүүгдэгч Д.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүлээж, шүүхийн хэлэлцүүлгийг нэг үе шаттай явуулсан. Гэтэл анхан шатны шүүх Д.Гийг гэмт хэрэг үйлдсэн аргынхаа талаар мэдүүлээгүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа нь гэм буруугийн талаар маргаж байгаа нэг хэлбэр гэж үзэж, Д.Гийг гэм буруугийн талаар маргасан, хэргээ хүлээхгүй байна гэж хийсвэр дүгнэлт хийснээс болж түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргалаа.

Д.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн бөгөөд тэрээр пабд орж хулгай хийхдээ согтуу байсан, дотор ороод согтууруулах ундаа ууж согтоод тэндээс хэрхэн эд зүйл авч гарснаа санахгүй байна гэж хариулсан нь түүнд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл болохгүй юм. Шүүх хэргийн бодит байдлыг нотлох баримтад тулгуурлан үнэлээгүй, таамгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа төлж, гэмт хэргийн хохирол, хор уршгаа арилгасан, хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар Д.Г нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, хүний үгэнд оромтгой тусархуу, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг байдлууд хэрэгт авагдсан байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаад өмгөөлөгч Б.Лхагважавын гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Д.Г-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жил нэг сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүгдэгч Д.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ : “би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13:00 цагийн үед найз н.Ууганбаяр, н.Д нартай уулзсан. Бид гурав гурилын үйлдвэрийн ар талд голын хөвөөнд 0.75 литрийн гурван шил архи уусан. Тухайн архийг ууж дуусаад би нэлээд согтсон байсан бөгөөд голын хөвөөнөөс харих гээд ганцаараа алхаад явж байснаа санаж байгаа юм. Нэг мэдэхэд, Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байх “Gold” паб болон Увс нуур төв хоёрын завсарт байх хаалганы цаана байх сандал дээр ганцаараа унтаж байгаад сэрсэн. Гадна харанхуй байсан, би сэрээд тамхи татаж байхад “Gold” пабын цонхны гадна талын тор сэвэлзээд байхаар нь торыг  бага зэрэг сөхөж цонхыг цааш түлхэхэд онгойсон. Би уг цонхоор “Gold” паб руу орсон юм.Тухайн үед миний архи гараагүй, халамцуу байсан. Би паб дотор ороод 2 шил пиво задалж уугаад согтсон.Тэгээд би уг пабаас яаж гарсныгаа сайн санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь сэрэхэд гэртээ ирсэн байсан бөгөөд яаж ирснийгээ сайн санахгүй байгаа юм.

Тухайн үед манай гэрт хүн байгаагүй, өглөө сэрэхэд ширээн дээр “Jack Daniels” гэх виски задалсан байсан ба ёроолд нь 2, 3 хуруу хэмжээтэй үлдсэн байсан. Мөн коридорт байдаг гутлын тавиур дээр улаан өнгийн жижиг notebook байсан, мөн гэрт 3-4 ширхэг шилтэй “Tiger” гэх нэртэй задлаагүй пиво байсан. Би 2021 оны 8 дугаар сарын 23-ны шөнө “Gold” паб руу ороод гарахдаа дээрх эд зүйлүүдийг хулгайлаад гэртээ авч очсон байсан юм. Тэгээд би notebook-ийг зах дээр авчиж 50.000 төгрөгөөр зарсан, би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй ” гэж тухайн болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн ба шүүгдэгч Д.Гийн энэхүү мэдүүлгийг няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний мэдүүлэг нь хохирогч Б.Батмөнх, Б.Гэрэлмаа, Д.Хишигтогтох нарын мэдүүлгүүдтэй тохирч байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г болон түүний  өмгөөлөгчийн зүгээс : “Гэм буруугийн талаар маргаангүй тул гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг нэгтгэж, нэг үе шаттай явуулах санал гаргасан, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт даргалагч шүүгчээс “та холбогдсон хэргийнхээ талаар шүүхэд мэдүүлэг өгөх үү” гэхэд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд бүх үнэнээ хэлсэн байгаа” гэж, мөн улсын яллагчийн “ та гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна уу” гэх асуултад “хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус хариулсан, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн үг болгож, миний хувьд хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй, миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү“ гэж мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргээс дүгнэхэд шүүгдэгч Д.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлээ мэдүүлсэн байх боловч тухайн эд зүйлсийг яаж авч явсан талаараа буюу гэмт хэрэг үйлдсэн аргынхаа талаар мэдүүлээгүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй” гэж дүгнэж, түүнд хуульд заасан ял  хөнгөрүүлэх журмыг хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх  үндэслэл болно.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн “пабд орж пиво уусны улмаас согтсон тул пабаас яаж гарсан талаараа сайн санахгүй байна” гэж  мэдүүлснийг үгүйсгэх өөр бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр 1 зүйлийн дэх хэсэгт “...шүүгдэгч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй “ гэж заасан ба шүүгдэгч энэхүү эрхийнхээ дагуу шүүхийн хэлэлцүүлэгт  “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн” талаараа тайлбарлаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх  үндэслэл болохгүй.

Иймд Д.Гийн  мөрдөн байцаалтын шатнаас  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшсэн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүхээс оногдуулсан хоёр жил нэг сар хорих ялыг нэг жил хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх  нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ  гэж дүгнэлээ.

Энэ талаар давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Б.Лхагважавын гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл  шүүгдэгч Д.Гийн  цагдан хоригдсон 59  хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Гийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Г-ийг нэг жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Г-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ёс / хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

Н.МӨНХЖАРГАЛ