Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 119

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Нацагдорж, даргалж мөн шүүхийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанд:

Прокурор                                              А.Ариунзаяа

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хотгойд овогт Бадарчийн Эрдэнэчимэгт холбогдох 1731000260020 дугаартай хэргийг Шүүх хүлээн авч, шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 03-нд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, эмэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг, Баянбулаг, ургац 1 дүгээр гудамж, 13 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, Хотгойд овогт Бадарчийн Эрдэнэчимэг. /РД:РБ85050303/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах валют арилжааны цэгийн гадна Д.Ичинхорлоог “их хэмжээний валют авна” гэж хуурч, 274.000 рубль буюу 11.300.000 төгрөгийг нь өөртөө шилжүүлэн авч, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь: 2017 оны 07 дугаар сарын 17-ны үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах валют арилжааны цэгийн гадна Д.Ичинхорлоог “их хэмжээний валют авна” гэж хуурч, 274.000 рубль буюу 11.300.000 төгрөгийг нь өөртөө шилжүүлэн авч, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

1.Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....Би 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нөхөртэйгөө хэрэлдээд машинаа асаагаад гэрээсээ гарсан. Замаасаа танихгүй жолоочийн машинд сууж наашаа явж байгаад Дарханы ойролцоо явж байтал замаас нэг хүн намайг Алтанбулагт хүргээд өгөөч гэж хэлсэн. Жолооч ч зөвшөөрөөд тэр хүнийг суулгаад цааш үргэлжлүүлэн явсан. Алтанбулагт ирээд би тэр хүнээс мөнгө авчихсан. Хэрэг гарсны дараа би буруу юм хийсэн гэдгээ мэдээд айгаад яахаа мэдэхгүй байсан. Тэр эгчийн мөнгийг нь буцаагаад өгчих юмсан гэсэн бодол байнга бодогдох болсон. Сүүлдээ тэсэлгүй би өөрөө хэргээ илчилж ирсэн. Одоо би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Нөхөр бид хоёр бага насны олон хүүхэдтэй мөн миний бие одоо жирэмсэн тул надад хөнгөн ял оноож өгөөч гэж шүүхээч хүсч байна гэв.

2.Хохирогч Д.Ичинхорлоогийн 2017 оны 07 сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би 2017 оны 07 сарын 17-ны 04 цагт Алтанбулаг суманд байрлах өөрийн валют арилжааныхаа байранд байж байхад “рубль авах гэсэн юмаа, та гаргаад ирээч” гэж утсаар ярихаар нь би гарахад цагаан өнгийн 00-25 гэсэн дугаартай жижиг цагаан өнгийн машинтай эрэгтэй8 эмэгтэй 2 хүн байсан. Тэгээд 274.000 рубль өгөхөд надад 20.000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 11.300.000 төгрөг утсаар шилжүүлье гээд миний дансны дугаарыг аваад хийчихлээ гэж хэлсэн болохоор нь миний дансанд орчихсон юм байх гэж бодоод 09 цагт Алтанбулаг сумын ХААН банкинд дансаа шалгуулахад таны дансанд мөнгө ороогүй байна гэхээр нь цагдаад мэдэгдсэн.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

3.Хохирогч Д.Ичинхорлоогийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....2017 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн үед намайг Алтанбулаг суманд байхад миний гар утасны дугаар руу танихгүй дугаараас “рубль байна уу, рубль авах гэсэн юм” гэж эмэгтэй хүн ярихад би хариуд нь “надад байна хаана байгаа юм” гэж асуусан чинь “түцний чинь гадаа байна” гэж хэлсэн. Би гарч саарал өнгийн машинд суусан. Уг машины марк дугаарыг нь мэдэхгүй байна. Машинд байхад эмэгтэй эрэгтэй хүмүүс байсан. Би тэр эмэгтэй хүнтэй ярьж байгаад надаас бэлнээр 274.000 рубль тоолж аваад миний ХААН банкны дансны дугаарыг асуусан. Мобиал банк үйлчилгээгээр 11.300.000 төгрөгийг чинь энэ ХААН банкны данс руу чинь шилжүүлчихье гэж хэлсэн. Миний гар утсанд мессеж ирсэн чинь миний ХААН банкны мобиал дансны мэдээлэлд 11.300.00 төгрөг орлого гэж байсан. Би мөнгө орчихлоо гэж бодоод машинаас буугаад явсан. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

4.Гэрч Б.Цацралмаагийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....2017 оны 07 сарын 16-ны өдөр Орхон аймагт дэнж Эрдэнэ баг 27-12 тоотод өөрийн гэртээ ээж Нямсүрэн, аав Бадарч, дүү Амгаланбаатар нарын хамт байж байгаад орой нөхөр Алтангэрэл, дүү Амгаланбаатар нарын хамт 89-07 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу гарч явж байгаад 2017 оны 07 сарын 17-ны өглөө хотод орж ирсэн дэлгүүр хошоо ямарч байсан онгойгоогүй байхад Улаанбаатар хотод орж ирсэн ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 13, 69 дүгээр хуудас/

5.Гэрч С.Алтангэрэлийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2017 оны 07 сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд дэслэгч Энхтүвшин манай камерийн бичлэгийг шүүж үзээд явсан. ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

6.Гэрч А.Мөнгөншагайгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би 2017 оны 07 сарын 17-ны 05 цагийн орчимд Алтанбулагт байрлах өөрийн валют арилжаандаа байж байхад Ичинхорлоо эгч орж ирээд рубль хэдтэй байгаа юм бэ гэж асуухаар нь 41.50 гэж хариулахад манай хамаатнууд явах гэж байгаа юм 300 гаруй мянган рубль авах гэсэн юмаа 41.30-д өгөх үү гэхээр нь өгнөө та хүмүүсээ дагуулаад ороод ир гэж хэлсэн. Тэгээд гарч яваад эргэж орж ирээгүй. Тэгээд 1 цаг орчмын дараа орж ирээд манай хамаатнууд доллар авч явахаар боллоо, доллар нь ашигтай юм байна гэж хэлээд гарсан. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

7.Гэрч З.Даваажаргалын 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2017 оны 07 сарын 16-ны орой 22 цагийн намайг жимсэнд яваад ирэхэд 96-10 ОРО улсын дугаартай HYUNDAI SONATA-6 тээврийн хэрэгсэл байхгүй байсан. 2017 оны 07 сарын 17-ны өглөө Сундуй-Очир над руу залгаад ээж маань цус харвачихсан байна гэнээ таны машинтай бид нар Архангай яваад ирье гээд авч яваад 10 орчим хоноод ирсэн гэсэн. Тэрнээс хойш манай машиныг одоо хүртэл авчирч өгөөгүй байна. 2017 оны 07 сарын 16,17-ны өдрүүдэд Эрдэнэчимэг, Сундуй-Очир нар л ашигласан......гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

8.Гэрч Сундуй-Очирын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Миний нэр дээр 23-16 ОРХ улсын дугаартай Кальдина маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Манай эхнэр Эрдэнэчимэг 2016 оны 12 сард 96-10 ОРО улсын дугаартай HYUNDAI SONATA-6  маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч эзэмшдэг байж байгаад ээжийнхээ дүүгийн хүүхэд болох Лхагва-Очирт наадмын өмнө нэр дээр нь шилжүүлсэн гэж ярьж байсан. Эхнэрийн эгч Даваажаргалын гэрээс 96-10 ОРО улсын дугаартай  HYUNDAI SONATA-6 маркийн тээврийн хэрэгслийг 07 сарын 17-ны өглөө очиж авч явсан. Даваажаргал эгчийн гэрээс авч явахад охин нь унтаж байсан болохоор би машины түлхүүрийг аваад машинаа асаагаад хадам аавынх руу явсан. Бид 2 Голомт банкнаас хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих зээлээс 2017 оны 06 сард 5.000.000 төгрөгийн зээл авсан. 2016 оны 12 сард ХААН банкнаас 2 сая төгрөгний лизингээр зурагт, шарах шүүгээ авсан....гэх мэдүүлэг

/хавтас хэргийн 3-31 дүгээр хуудас/

9.Гэрч Б.Лхагва-Очирын 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Уг тээврийн хэрэгслийг манай ээж Даваажаргал хамаатны эгч Эрдэнэчимэгээс 2017 оны 06 сарын эхээр надад 3.500.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Уг машиныг худалдаж авсан боловч миний нэр дээр албан ёсоор шилжүүлэг хийгээгүй байж байгаад 2017 оны 08 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод миний нэр дээр албан ёсоор шилжүүлсэн. Эрдэнэчимэг эгч өөрөө хөөцөлдөөд шилжүүлсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн №4022 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн CD дискинд байх “came3_2017-07-17_04-40-00_04-59-59_САМЗ. avi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилэж буй “came3_2017-07-17_04-40-00_04-59-59_САМЗ. avi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь дүрс бичлэгийн цагаар 04:41:33 дүрслэгдэх  суудлын автомашин нь ерөнхий хэлбэр, арын гэрлийн хэлбэр хэв зэргээрээ 2004-2009 оны хооронд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг саарал өнгийн "hyundai sonata NF” маркийн суудлын автомашин байна.

3.Уг суудлын автомашины улсын дугаар хэсгийг дүрс бичлэгийн тусгай зориулалтын программ  ашиглан тодруулахад хяналтын камераас алслагдсан зайд дүрслэгдсэн, арын гэрлийн нөлөөлөлтэй зэрэг шалтгаанаар улсын дугаар тодрохгүй байна. ...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

11.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 08-11 дүгээр хуудас/

12.Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 12-14 дүгээр хуудас/

13.ХААН банкны дансны хуулга /хх-ийн 54-88 дугаар хуудас/

14.Голомт банкны хуулга /хх-ийн 91-94 дүгээр хуудас/

15.СКайтел ХХК-ийн лавлагаа /хх-ийн 100-101/

16.Юнитэйл ХХ-ийн лавлагаа /хх-ийн 102-118 дугаар хуудас/

17.Тээврийн хэрэгслийн лавлагаа/хх-ийн 122-147 дугаар хуудас/

18.Дархан сумаас Сэлэнгэ явах чиглэлийн Түшиг уулын постын камерийн бичлэгийн жагсаалт /хх-ийн 150 дугаар хуудас/

19.Дархан сумаас Улаанбаатар хот явах чиглэлийн Түшиг уулын постын камерийн бичлэгийн жагсаалт /хх-ийн 152 дугаар хуудас/

20.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 160 дугаар хуудас/

21.Шүүгдэгчийн хил нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 165-168 дугаар хуудас/

22.Хохирогчийн гар утсанд ирсэн мессеж /хх-ийн 173 дугаар хуудас/

23.Шүүгдэгчийн гадаад паспортын хуулбар /хх-ийн 174 дүгээр хуудас/

24.Хохирол барагдуулсан баримт /хх-ийн 175 дугаар хуудас/

25..Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161 дүгээр хуудас/

26. Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр өгсөн”...2017 оны 07 сарын 16-ны орой гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж, уурандаа хашаанд байсан 96-10 ОРО улсын дугаартай HYUNDAI SONATA-6  маркийн тээврийн хэрэгслийг барин Орхон аймгийн Баян-Өндөр сумын авто вокзал ороод Улаанбаатар явна гэж бодоод байж байтал нэг залуу автобуснаасаа хоцорчихлоо Улаанбаатар явна гээд Истанад суух гэсэн чинь хүн нь дүүрэх болоогүй байна гээд вокзал дээр машин хайж байхаар нь уулзаад Улаанбаатар явах гэж байгаа бол миний машиныг бариад явчих би чамаас зардал авахгүй гээд Би 2 Улаанбаатар явахаар болсон. Тэгээд замд явж байгаад би Орос руу явдаг юм уу гэж бодоод нөгөө залууг чи завтай бол намайг Алтанбулаг хүргээд өгөөч би чамайг тэндээс Улаанбаатар буцах зардал мөнгийг нь хангаллтай өгье гэхэд тэр залуу тэгье тэгье миний Өмнөговь руу явах машин маргааш орой хөдлөх юм чинь амжина гээд зөвшөөрч бид 2 явсаар Алтанбулаг сум руу 2017 оны 07 арын 17-ны үүрэр 04 цагийн үед очоод яах учраа олохгүй 10 орчим минут болж байгаад нөгөө залууд их рубль авах гэсэн чинь дансанд байгаа мөнгө хүрэлцэхгүй байна Би чамд утас өгөхөөр тухайн утсан дээр мессеж биччихсэн байна тэр мессежийг ченжийн утас руу явуулаад өгөөрэй гээд хэлсэн чинь тэр залуу тэгье тэгье гэсэн. Тэгээд 96850612 дугаараас Алтанбулаг суманд байсан ченжийн түцний хаалган дээр байсан дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн авахаар нь би “рубль ямар ханштай байгаа вэ, рубль авах гэсэн юм та ажил дээрээ байна уу гараад ирээч” гэхэд нэг эгч гарч ирээд машинд суусан тэгээд хөдлөөд түцнээс жоохон холдож зогсоод “танд хэр хэмжээний рубль байгаа вэ” гэхэд нөгөө ченж эгч “300.000 хүрэхгүй рубль байгаа хэдийг авах юм” гэхэд нь “байгаа бүх рублийг чинь авъя дансаар мөнгө шилжүүлж болох уу” гэхэд тэр эгч “болноо” гэсэн тэгэхээр нь “миний утас нэгжгүй болчихоод байна таны утсаар хүн рүү яриадахъя” гээд утсыг нь аваад мобиал банкинд үлдсэн үлдэгдэл мөнгөнийх нь мессежийг 96850612 дугаар руу мессежээр явуулаад буцаагаад утсыг нь өгсөн. Тэгээд тэр эгч рублээ тоолоод 274.000 рубль байна гэхээр нь бүгдийг нь авъя гээд бүх рублийг нь авсан тухайн үед тэр эгчийг рубль тоолж байх үед би 96850612 дугаарын утсан дээр явуулах мессежийг бэлдээд цуг явсан залууд өгөн байсан. Тэгээд тэр эгчээс рублээ аваад нийт 11.316.200 төгрөг өгөх болохоор нь би 20.000 төгрөг өгөөд тэр эгчээс 3800 төгрөг хариулж аваад үлдсэн 11.300.000 төгрөгийг дансанд чинь шилжүүлье гээд нөгөө залууг чиний дансанд хэдэн мөгрөг үлдлээ 20 гаруй сая төгрөг байгаа биз дээ тэндээсээ чи шилжүүлчих дараа нь 2-лаа тооцоо хийчихье гээд нөгөө залуугаар өөрийн бэлдсэн мессежийг нөгөө ченж эгчийн 99240687 дугаар руу явуулахад нөгөө эгчийн утсанд месеж очоод нөгөө эгч мөнгө орчихлоо гээд буугаад явахаар нь бид 2 буцаад Орхон аймаг руу яваад овто вокзал дээр очоод нөгөө залууд 120.000 төгрөг өгөөд би машинаа аваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнжид аавынхаа гэрт очоод хэвтэж байтал нөхөр маань ирээд “ээж харвачихлаа ухаангүй байна гэнээ хоёулаа яаралтай явах хэрэгтэй байна” гээд бид 2 хүүхдүүдтэйгээ цуг Архангай аймаг руу явсан. ...гэх мэдүүлэг 

/хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

27.Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн”....нөгөө ченж эгч машинд суухаар нь “эгч танд хэдэн рубль байгаа юм” гэхэд “эгчид нь байгаа нь 300.000 хүрэхгүй рубль байна” гэсэн. Би тэгэхээр нь нөгөө эгчид худлаа 2-3 машинтай олуулаа явж байгаа мэт зүйл хэлж ярьж итгүүлж ченж эгчийг  утсаа өгч байгаач нөгөө хэдтэйгээ ярих хэрэгтэй байна гэж хэлээд утсыг нь авсан. Утасных нь мессеж рүү орсон чинь ХААН банкны дансны мэдээлэлд нь 600.000 төгрөг байсан санагдаж байна. Тэгээд би тооны машин дээр дээрх мөнгөнүүдийг нэмж бодсон Ченж эгч надад рубль тоолж өгөх гэж байх үед нь би өөрийн утсанд ирдэг ХААН банкны дансны мэдээлэл дээрээ жоохон өөрчлөлт оруулж, дансны мэдээллийн сүүлийн 4 оронг ченж эгчийн дансны сүүлийн 4 оронд оруулж бичээд орлого зарлага гэдгийг нь бас жоохон өөрчлөөд ченж эгчийн гар утас руу мессежээр явуулсан юм. Ченж эгчийн утсанд мессеж ирэхэд “ирчихлээ ирчихлээ, дахиж рубль авахаар бол эгчдээ хэлээрэй, эгч нь энэ хавиар байж байна” гэж хэлээд машинаас буугаад яваад өгсөн. Скайтелийн дугаар бол 96850612, нөгөөх нь 96850617 гэсэн 2 дугаарууд нь фэйсбүүк 3 сар үнэгүй ашиглах болмжтой болохоор нь охидууддаа фэйсбүүк орог гэж бодоод 06 сарын дундуур Нарантуул худалдааны төв дээрээс худалдаж авсан. Ингээд Алтанбулаг суман дээр ирээд анх хүнээс рубль аваад ОХУ руу явъя гэж бодож байсан юм. Тэгээд л уг дугааруудыг ашиглаж байгаад хүн залилъя гэж бодоод л ХААН банкны дансны мэдээллийг мессеж хэлбэрт оруулаад ашигласан. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн надтай хамт явж байсан залуу ямар ч хамаа байхгүй, намайг юу хийж байсан талаар мэдээгүй ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 46-47 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтууд болон хавтаст хэрэгт бэхжүүлж, цуглуулж авсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

-Хохирогч Д.Ичинхорлоогийн хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд өгсөн: Би 2017 оны 07 сарын 17-ны 04 цагт Алтанбулаг суманд байрлах өөрийн валют арилжааныхаа байранд байж байхад “рубль авах гэсэн юмаа, та гаргаад ирээч” гэж утсаар ярихаар нь би гарахад цагаан өнгийн 00-25 гэсэн дугаартай жижиг цагаан өнгийн машинтай эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Тэгээд 274.000 рубль өгөхөд надад 20.000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 11.300.000 төгрөг утсаар шилжүүлье гээд миний дансны дугаарыг аваад хийчихлээ гэж хэлсэн болохоор нь миний дансанд орчихсон юм байх гэж бодоод 09 цагт Алтанбулаг сумын ХААН банкинд дансаа шалгуулахад таны дансанд мөнгө ороогүй байна гэхээр нь цагдаад мэдэгдсэн.....гэх мэдүүлгүүд болон дээрхи баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдож байхаас гадна Б.Эрдэнэчимэгийн “Залилах” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь энэ төрлийн гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулсан байна.            

   Иймээс Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Хотгойд Бадарчийн Эрдэнэчимэгийг нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах валют арилжааны цэгийн гадна Д.Ичинхорлоог “их хэмжээний валют авна” гэж хуурч, 274.000 рубль буюу 11.300.000 төгрөгийг нь өөртөө шилжүүлэн авч, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

 Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар өгсөн улсын яллагчийн дүгнэлт, ялын санал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль ёсны, уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэдэг дээр эсрэг санал гараагүй, гэм буруугийн талаар маргаангүй, шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.   

Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.

      2015 оны шнэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоонзуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хорих ял шийтгэнэ.” гэж,  заасан нь оногдуулах ял хөнгөрсөн тул шинэчлэн найруулсан хууль шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.  

  Хохирогч Д.Ичинхорлоо нь “...11.300.000 төгрөгийн хохирлыг төлүүлж авсан тухайгаа мэдүүлж байгаа ба мөрдөн байцаалтын шатанд хохирол төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шүүх үзэж байна.

  2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 07 сарын 17-ны 04 цагт Алтанбулаг суманд байрлах өөрийн валют арилжааныхаа байранд байж байхад “рубль авах гэсэн юмаа, та гаргаад ирээч” гэж утсаар ярихаар нь би гарахад цагаан өнгийн 00-25 гэсэн дугаартай жижиг цагаан өнгийн машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Тэгээд 274.000 рубль өгөхөд надад 20.000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 11.300.000 төгрөг утсаар шилжүүлье гээд миний дансны дугаарыг аваад хийчихлээ гэж хэлсэн болохоор нь миний дансанд орчихсон юм байх гэж бодоод 09 цагт Алтанбулаг сумын ХААН банкинд дансаа шалгуулахад таны дансанд мөнгө ороогүй байна гэхээр нь цагдаад мэдэгдсэн....” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/, 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 4022 дугаартай шинжээчийн дүгнэлт: “дүрс бичлэгийн цагаар 04.41.33 секундэд дүрслэгдсэн суудлын автомашин нь ерөнхий хэлбэр, арын гэрлийн хэлбэр, хэв зэргээрээ 2004-2009 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг саарал өнгийн /Hyundai sonata NF/ маркын суудлын автомашин байна” хэргийн 36 дугаар хуудас/, хохирогч Д.Ичинхорлоогийн гар утсанд ирсэн мэдээллийг харуулсан зураг /хэргийн 173 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөгөө ченж эгч машинд суухаар нь “эгч танд хэдэн рубль байгаа юм” гэхэд “эгчид нь байгаа нь 300.000 хүрэхгүй рубль байна” гэсэн. Би тэгэхээр нь нөгөө эгчид худлаа 2-3 машинтай олуулаа явж байгаа мэт зүйл хэлж ярьж итгүүлж ченж эгчийг  утсаа өгч байгаач нөгөө хэдтэйгээ ярих хэрэгтэй байна гэж хэлээд утсыг нь авсан. Утасных нь мессеж рүү орсон чинь ХААН банкны дансны мэдээлэлд нь 600.000 төгрөг байсан санагдаж байна. Тэгээд би тооны машин дээр дээрх мөнгөнүүдийг нэмж бодсон Ченж эгч надад рубль тоолж өгөх гэж байх үед нь би өөрийн утсанд ирдэг ХААН банкны дансны мэдээлэл дээрээ жоохон өөрчлөлт оруулж, дансны мэдээллийн сүүлийн 4 оронг ченж эгчийн дансны сүүлийн 4 оронд оруулж бичээд орлого зарлага гэдгийг нь бас жоохон өөрчлөөд ченж эгчийн гар утас руу мессежээр явуулсан юм. Ченж эгчийн утсанд мессеж ирэхэд “ирчихлээ ирчихлээ, дахиж рубль авахаар бол эгчдээ хэлээрэй, эгч нь энэ хавиар байж байна...” гэж хэлээд машинаас буугаад яваад өгсөн гэх мэдүүлэг, /хэргийн 44-47 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

        Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна. Эрдэнэчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт бага насны буюу 2 настай хүүхэдтэй ба 3 сартай жирэмсэн гэж мэдүүлж байгаа ч хэрэгт энэ талын баримтууд авагдаагүй байна.

  Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: Бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Прокуророос шүүгдэгчийн гэм бурууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 450 нэгжээр торгох санал оруулж байгаач шүүгдэгчийн хувийн байдал, хохиролыг арилгасан байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж Шүүх үзлээ.

          Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дулаанхаан тосгоны 4 замын постын хяналтын  камерийн бичлэг бүхий CD 1 ширхэг, “Даян дээрхи валют” ХХК-ний хяналтын камерийн бичлэг бүхий CD 2 ширхэгийг тус тус хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхээр  шийдвэрлэснийг дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хотгойд овогт Бадарчийн Эрдэнэчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар шүүгдэгч Эрдэнэчимэг нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас Бадарчийн Эрдэнэчимэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэчимэгт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ялын биелэлтийн хугацаанд зан үйлээ засах, сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дулаанхаан тосгоны 4 замын постын хяналтын  камерийн бичлэг бүхий CD 1 ширхэг, “Даян дээрхи валют” ХХК-ний хяналтын камерийн бичлэг бүхий CD 2 ширхэгийг тус тус хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхээр тогтоосугай.

6.Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал гараагүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

             

             

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.НАЦАГДОРЖ