Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01528

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн тухай       

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01735 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27 401 463 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гарасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 07 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нийт 20 000 000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн билээ. Ингэхдээ тухайн үед гэрээг бичгээр байгуулж амжаагүй бөгөөд дараа нь гэрээгээ бичгээр байгуулахаар тохиролцож 20 000 000 төгрөгийг түүнд хүлээлгэн өгсөн юм. Үүний дараа бид 2017 оны 02 сарын 20-ны өдөр гэрээгээ бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулсан. Ингэхдээ бид харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 20 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн 2015 оны 7 сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-нийг дуустал нийтдээ 29 cap 11 хоногийн хугацаатай байхаар тохиролцсон юм. Хоёр тал зээлийн гэрээ байгуулахдаа хүүг ялгамжаатай тогтоосон байдаг. 2015 оны 7 сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 сарын 20-г хүртэлх 2 сарын хугацаанд зээлийн хүүг сарын 3,5 хувиар, 2015 оны 9 сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 сарын 20-г хүртэлх 4 сарын хугацаанд зээлийн хүүг сарын 2,5 хувиар, 2016 оны 01 сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-г хүртэлх 23 cap 11 хоногийн хугацаанд зээлийн хүүг сарын 2 хувиар ялгамжтай хэмжээгээр тохиролцсон. Зээлийн гэрээний дагуу 2015 оны 7 сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 сарын 20-г хүртэлх 2 сарын хугацааны 20 000 000 төгрөгийн зээлийн хүү 1 400 000 төгрөг. 2015 оны 9 сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 сарын 20-г хүртэлх 4 сарын хугацааны 20 000 000 төгрөгийн зээлийн хүү 2 000 000 төгрөг. Зээлдэгч С.Б үндсэн зээлээс 7 800 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 01 сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-нийг хүртэлх 23 cap 11 хоногийн хугацааны зээлийн хүү 5 701 463 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанаар зээлдэгч нь 2016 оны 01 сарын 20-ны өдөр үндсэн зээлээс 7 800 000 төгрөгийг төлсөн тул 2016 оны 01 сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх 23 cap 11 хоногийн зээлийн хүүг үлдсэн үндсэн зээлийн төлбөр болох 12 200 000 төгрөгөөс тооцож 5 612 000 төгрөг, 11 хоногийн хүү нь 89 463 төгрөг буюу нийт хүү 5 701 463 төгрөг. Талууд гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс зээлдэгчийг үүргээ зохих хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд зээлдэгчийн үүргээ гүйцэтгэх зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс нэхэмжлэл гаргаж буй 2018 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэл нийтдээ 10 сарын хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээл 12 200 000 төгрөг, нийт хугацаанд хуримтлагдсан зээлийн хүү 9 101 463 төгрөг буюу нийт 21 301 463 төгрөг. Гэрээнд заасны дагуу хоног тутамд 0,5 хувийн алданги хоногт 61 000 төгрөгөөр тооцогдох алдангийг хугацаа хэтрүүлсэн 10 cap буюу 300 хоногт тооцвол 18 300 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул зээлдэгчийн гүйцэтгээгүй үндсэн үүрэг буюу зээлийн үндсэн төлбөрийг үлдэгдэл болох 12 200 000 төгрөгийн 50 хувь буюу 6 100 000 төгрөгийн алданги. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэж заасны дагуу хүүгийн төлбөр болох 9 101 463 төгрөгөөс алданги тооцоогүй. Иймд С.Б гээс үндсэн зээлийн төлбөрт 12 200 000 төгрөг, зээлийн хүүнд 9 101 463 төгрөг, алдангид 6 100 000 төгрөг буюу нийт 27 401 463 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Надаас зээлийн гэрээний дагуу мөнгө авна гэж нэхэмжлэл гаргасан С.О бол ТВ 8 телевизийн гүйцэтгэх захирал, харин би тус телевизийн кино албаны дарга хүртэл ажлыг хийж бид хамтдаа 8 жил ажилласан. Гэтэл 2014 онд тус телевизийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч эрх бүхий этгээдүүдийн шийдвэрээр миний ажлын байр болох кино албыг татан буулгаж, ямар ч санхүүгийн эх үүсвэргүй болсон тул С.О захирал бид хоёр ярилцаад би өөрөө 80 орчим сая төгрөгийн, С.О захирал одоо нэхэмжлэлд бичээд байгаа 20 000 000 төгрөгийн нийлүүлсэн хөрөнгө оруулалт хийж, 2015 онд ТВ 8 телевизээр солонгосын олон ангит Алтан солонго, Гурван удаа гэрлэсэн эмэгтэй гэх хоёр киног гаргасан. Эдгээр кинонуудын дундуур зар сурталчилгаа оруулж бид оруулсан мөнгөн хөрөнгийг олох боломжтой гэж үзсэн боловч С.О захирал болон одоо ТВ 8-ын захирал болсон Б.Хулан нарын хооронд маргаан гарч юун киноны зардал гаргах байтугай С.О захирал ажлаас чөлөөлөгдөн ТВ 8-аас гарсан. Ингээд миний өөрийн оруулсан хөрөнгө болон надтай ярилцаж оруулсан С.О-ийн 20 000 000 төгрөгийн асуудал замхарч хэдэн тийш асуудал тавьдаг, улмаар С.Баярмөнх, С.О гэдэг хоёр хүн болон ТВ 8 телевизийн хооронд асуудал тавьдаг, ярьдаг юу ч шийдэгдэхгүй болсон. Бид хоёр цөөнгүй хэдэн жил хамт ажиллаж, бие биенээ мэддэг учир С.О эгч би оруулсан мөнгөө яаж олж авах уу гэдэг асуудал надад тавиад байдаг байсан учир түүнд 7, 8 сая төгрөг олж өгсөн нь үнэн боловч энэ бол танаас зээл авсан, тэр зээлийн мөнгөө төлж байна гэдэг асуудал огт байгаагүй. Нэг удаа С.О эгч надруу утасдаад миний дүү хүрээд ирээч гэж очих газрын хаяг зааж өгөхөд нэг нотариатч байсан, тэнд одоо хэрэгт байгаа зээлийн гэрээг бэлэн болгосон байсан бөгөөд нөгөө л ТВ 8-д байхад хамтарч ажилласан мөнгө төгрөгийн асуудлыг хөндөж тэр талаар нэг бичигтэй үлдье гэхээр нь зөвшөөрч дуртай дургуй гарын үсгээ таталж зураад уншаад үзтэл зээл, хүү гэх мэт байж боломжгүй зүйл бичсэн байхаар нь орхиод гарсан. Нэг хувь л баримт байх ёстой. Миний бие ТВ 8 телевиз болон С.О нарын хоорондын асуудлаас болж эд хөрөнгийн хохирол хүлээсэн учир Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ТВ 8 телевизийг хариуцагчаар татсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасныг баримтлан, хариуцагч С.Б-гээс 27 401 463 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294 960 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагчаас 294 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагч С.Б нь ТВ-8 телевизийн захирал С.О-д 2014 онд 80 сая төгрөгийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдагаад байгаа 20 сая төгрөгийн нийлүүлсэн хөрөнгө оруулалт хийж солонгосын олон ангит киног гаргасан. Гэтэл С.О одоогийн ТВ-8 телевизийн захирал Б.Хулан нарын хооронд маргаан гарч С.О ажлаасаа гарсан. Үүний улмаас С.Б-н оруулсан хөрөнгө оруулалт эзгүйдэж улмаар С.О энэ талаар нэг бичигтэй үлдье гэх зэргээр зээлийн гэрээн дээр С.Б-г гарын үсэг зуруулсан. С.Б нь эд хөрөнгийн хохирол хүлээж хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн байдлыг анхан шатны шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд хэргийг хянаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 401 463 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.О нь 2015 оны 7 сарын 20-ны өдөр хариуцагч С.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөгийг, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сарын 3,5 хувийн, 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сарын 2,5 хувийн, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, хариуцагч С.Б-д зээлдүүлсэн байх бөгөөд талууд зээлийн гэрээг 2017 оны 2 сарын 20-ны өдөр бичгээр байгуулсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо “2015 онд 20 000 000 төгрөгийг С.О-өөс зээлж аваагүй, ТВ 8 телевизэд солонгос кино гаргахаар авсан” гэх боловч энэхүү тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хариуцагч С.Б-гээс нийт 27 401 463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заажээ. Хэдийгээр талууд 2015 онд зээлийн гэрээг амаар байгуулсан байх бөгөөд хожим зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэнийг хүлээн зөвшөөрч 2017 оны 2 сарын 20-ны өдөр баталгаажуулсан байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/01735 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 957 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                      ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                                                       Г.ДАВААДОРЖ