Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 119/2016/0039/З |
Дугаар | 119/MA2016/0377 |
Огноо | 2017-05-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 119/MA2016/0377
2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар0221/МА2017/0377 | Улаанбаатар хот |
М.*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, гуравдагч этгээд Б.******* нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор М.*******ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч М.******* 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, цалингийн зөрүүг гаргуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалд М.*******ыг эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.*******ын цалингийн зөрүү 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх цалинтай тэнцэх олговор, зөрүү /урьд авч байсан цалин 1636590 төгрөг, одоо авч байгаа цалин 1103702 төгрөг ба зөрүү 532888 төгрөгийг 3 сар 16 хоногоор тооцон/-г гаргуулан татвар суутгал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү /нягтлан бодогч/-д даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээд Б.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрт “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчиж М.*******ыг албан тушаалаас нь бууруулж, даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д “Сануулах”, 26.1.2-т “Албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 26.1.3-т “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэсэн хариуцлагын 3 төрөл заасан бөгөөд “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл байхгүй.
М.******* үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан учир Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцлагын арга хэмжээ авсан. Уг хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулаагүй. Энэ нь миний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн аймгийн Засаг даргын Тамгын даргын Б/41 дүгээр тушаал, хариуцагчийн хариу тайлбараас харагдана.
Гэтэл шүүхийн шийдвэрт “...хариуцагч бичгээр өгсөн тайлбартаа сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан” гэж тайлбар өгсөн мэтээр дүгнэсэн. Миний бие 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултад хариулсан хариултыг тайлбар өгсөн мэтээр шүүгч буруу тайлбарлан хэт нэг талыг баримтлан дүгнэсэн. Шүүгч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл мэтээр тайлбарлан дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн.
Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 5/28 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байхад Авилгатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” 01/7467 дугаар албан бичгийг үндэслэн М.*******т хариуцлага тооцсон нь үндэслэлгүй Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т заасан эрхийг зөрчсөн гэжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 159 дүгээр албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайханд Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Хуулийн хэлтсийн дарга М. ******* нар Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийг зөрчсөн байх тул зөрчлийг шалгаж шийдвэрлүүлэхээр 93 хуудас материал, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан материалыг хуулбарлан хамт хүргүүлсэн байдаг.
Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс шалгалтын дүнгээ 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулсан. Хяналт шалгалтаар М.******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон байдаг ба хавтас хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын нотлох баримтаар ирүүлсэн материалаар нотлогддог. Авилгатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/7467 дугаар хууль ёсны шаардлага бүхий албан бичиг ирүүлсэн бөгөөд тус албан бичгийн хариуг Авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 31-ний дотор ирүүлэхийг мэдэгдсэн байсан.
Авилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу М.*******т хариуцлага тооцон хариуг хүргүүлсэн. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “...хөдөлмөрлөх аятай нөхцөлөөр хангуулах...” гэж заасан эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм. Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 5/28 дугаар тогтоолоор М.*******т эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь түүнийг хуулийн бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Шүүхийн шийдвэрт “...Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/41 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон ба тухайн маргаан бүхий захиргааны актад М.*******ыг ямар албан тушаал бууруулах болсон нь тодорхойгүй, мөн албан тушаал бууруулсан атлаа дахин төрийн албанаас чөлөөлж буй үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан шаардлагыг хангаагүй” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно” гэж заасан бөгөөд ямар албан тушаалд томилж байгааг тодорхой заах хуулийн шаардлага тавиагүй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга М.*******т албан тушаал бууруулах арга хэмжээ авсантай холбоотой Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, төрийн захиргааны албан тушаалаар хангах ажлын зохион байгуулахыг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст үүрэг болгосон бөгөөд Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Хууль зүйн Архивын тасгийн даргын албан ажилд томилсон бөгөөд төрийн албанаас чөлөөлсөн зүйл огт байхгүй. Гэтэл шүүхийн шийдвэрт “...М.*******ыг ямар тушаалд бууруулах болсон нь тодорхойгүй, ...төрийн албанаас чөлөөлж буй үйлдэл” гэж төрийн албанаас чөлөөлсөн мэтээр тайлбарласан нь хуулийн зүйл, заалтын үзэл санааг буруу ойлгон тайлбарласан нь хууль зүйн хувьд зөрчилтэй, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргыг төрийн албанаас чөлөөлөөгүй, даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Засаг даргын Тамгын газрын даргын Б/41 дүгээр тушаалаар нотлогддог.
Шүүхийн шийдвэрт “...Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “Хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэсэн бөгөөд М.******* дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байгаа” гэжээ.
М.******* нь иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах нэрийдлээр 2015 оны 8 дугаар сард н.Батжаргалаас 800,000 төгрөг бэлнээр авч 2015 оны 11 дүгээр сард гомдол гаргасан иргэнд хүлээлгэн өгсөн байдаг.
Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт өгөдөл, гомдолд дурьдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсанаа мэдэгдэж тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэж уг хугацаанд багтаан хариу өгөх байсан боловч өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл юм.
Түүнчлэн М.*******тай холбоотой “Түнт хүрээ” ХХК-ний захирал н.Батжаргалаас ирүүлсэн гомдлын дагуу холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байсан бөгөөд Монгол Улсын үндсэн хуулийн Арван зурагдугаар зүйлийн 14-т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасны дагуу Авилгатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 01/7467 дугаар албан бичиг ирэх хүртэл М.*******ыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдаагүй чиг үүрэг гүйцэтгэсэн, өргөдөл гомдол барагдуулах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасан хариуцлага тооцох боломжгүй.
Гэтэл шүүхийн шийдвэрт “...Авлигатай тэмцэх газар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн бөгөөд үүнийг сахилгын зөрчлийг мэдсэн болон илрүүлсэн хугацаа гэж үзэх боломжтой” гэж дүгнэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасныг зөрчиж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож арга хэмжээ авах байсан мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. М.*******ыг “...Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01/7467 дугаар албан бичигт гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй” гэжээ. М.*******т Авилгатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” 01/467 дугаар албан бичгийг танилцуулахад “...аймгийн Цагдаагийн газарт ажилд орохоор хөөцөлдөж байгаа учир хариуцлага тооцох тухай асуудлыг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд М.******* шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг ба Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” 01/7467 дугаар албан бичгийг эс зөвшөөрч гомдол гаргах талаар дурдаагүй байдаг.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны акт гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад”, 93.2-д “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасны дагуу иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл дээд шатны байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй бөгөөд иргэний тус эрхийг эдлүүлэх үүргийг төрийн байгууллага хүлээхгүй. Захиргааны үйл ажиллагааны оролцогч нь гомдлын хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага болох Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/41 дүгээр тушаалын биелэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжилтийг түдгэлзүүлэх боломжтой байсан.
Гэтэл шүүх Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан иргэний эрхийг төрийн байгууллага эдлүүлэх үүрэг хүлээх мэтээр буруу тайлбарлан хуулийг буруу хэрэглэсэн.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Б/41 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 буюу “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас бууруулах заалтыг үндэслэсэн байхад анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбогдуулан уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулж болохгүй тухай зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч М.******* Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байхдаа иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна гэх шалтгаанаар 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Түнт хүрээ” ХХК-ийн захирал Б.Батжаргалаас иргэн Л.Саруулбаярт өгнө хэмээн 800.000 төгрөгийг хүлээн авч, 4 сарын дараа буюу 12 дугаар сарын 24-ний өдөр Л.Саруулбаярт өгсөн болох нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогджээ.
Хууль зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод зааснаар нэхэмжлэгч “иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах” эрхтэй ч харин гомдол барагдуулах зорилгоор бусдаас бэлэн мөнгө хүлээн авах, санаатай болон санамсаргүйгээр өөртөө удаан хугацаанд байлгах /шкафандаа хийгээд мартсан гэж/ байдлаар гомдлыг шийдвэрлэж байгаа нь хуулиар олгогдсон чиг үүрэгт нь үл хамаарна.
Дээрх тушаалд нэхэмжлэгчийг ямар албан тушаалд бууруулсан талаар тусгаагүй ч, 2 дахь заалтаар албан тушаал бууруулсантай холбогдуулан төрийн захиргааны албан тушаалаар хангах ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргад үүрэг болгосон байгаагаас гадна бодит байдалд 7 хоногийн дараа буюу Засаг даргын Тамгын газрын даргын 11 дүгээр сарын 9-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн даргаар томилогдсон, нэхэмжлэгч одоог хүртэл уг албан тушаалд ажиллаж байх тул ямар албан тушаалд бууруулсан болох нь тодорхойгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
Маргаан бүхий актаар М.*******ыг эрхэлж байсан Хууль зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байхад төрийн албанаас чөлөөлсөн мэтээр анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн, нэгэнт албан тушаалаас бууруулж байгаа тохиолдолд тухайн албан тушаалаас чөлөөлж, улмаар холбогдох албан тушаалд томилж байгааг Төрийн албаны тухай хуультай зөрчилдсөн гэж үзэхгүй.
Үндсэндээ “Түнт хүрээ” ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулж 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдлийн дагуу хяналт шалгалт явуулж, гомдол барагдуулах зорилгоор бэлэн мөнгө хүлээн авах, хадгалах эрх хэмжээ Хууль зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод байхгүй тул М.*******ын үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-ийн “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглох заалтыг зөрчсөнөөр Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нийтийн албан тушаалтны албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон байх тул Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хариуцлага хүлээлгэхийг Орхон аймгийн Засаг даргад мэдэгдсэнийг хэрэгжүүлэх хүрээнд М.*******ыг албан тушаал бууруулсан хариуцагчийн тушаал Авлигын эсрэг хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн 2015 оны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийг 91.8 буюу “маш сайн” гэж дүгнэсэн ч Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад тогтоогдсон зөрчил нь энэхүү үр дүнгийн гэрээг дүгнэхэд мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байснаас гадна дээр дурдсан тус газрын албан бичиг хүчинтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.*******ын гаргасан “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, цалингийн зөрүүг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН