Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

Д.Г, А.Д нарт холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.Г, А.Д нарт холбогдох, 2135000000152 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 16-нд Увс аймгийн суманд төрсөн настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн сумын багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Д-гийн Г

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 21-нд Увс аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт 100 цаг албадан ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 5 сар 13 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Т овогт А-ын Д.

Шүүгдэгч Д.Г, А.Д нар бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын дундуур Увс аймгийн Малчин сумын нутаг “Тээгийн худаг” гэх газраас хохирогч Ч.Н-ийн 3 тооны үхэр буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас: Хойд овогт Даваагийн Гансүх, Тайж овогт Аюушжавын Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: “Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Тайж овогтой Аюушжавын Д, Хойд овогтой Даваагийн Гансүх нарт холбогдох эрүүгийн 2135000000152 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэсэн байх ба

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт :

1. Ч.Н-ийн 3 тооны үхэр нь алдуул мал эсэхийг шалгах,

2. Шүүгдэгч Д.Г, А.Д нарын хооронд өр, авлага байсан эсэхийг шалгаж тогтоох гэх үндэслэлүүдийг зааж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаажээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхээс алдуул мал эсэхийг шалгах тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь

 хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч Ч.Н : “...Би Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Манай үхэр Увс аймгийн Малчин сумын нутаг “Тээгийн худаг” гэх газар Сэргэлэнбаатар гэх хүний малд байсан юм. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 3 тооны үхрээ хайж хэлсэн. Уг үхрүүд нь бэлчээрээр их гүйдэг болохоор нь тэр хавьдаа байгаа байх гэж бодоод хайгаад байсан юм. Тэгтэл 2021 оны 8 дугаар сарын дундуур Малчин сумын Хөхөө гэх хүнээс 3 тооны үхэр сураг гарч байна гэж сонссон юм.

Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаангом сумаас гараад 3 үхрээ сурагласан. Зүүнговь сумын Шаагаа гэх залуу бас  “танай үхэр Малчин сумын нутагт байна” гэж хэлсэн. Тэгээд би Хүрлээ гэх айлын залуу Буянаатай хамт үхэр байгаа газар очсон юм, тэгэхэд манай 2021 оны 7 дугаар сард хулгайд алдсан цагаан үхэр мөн байсан, уг үхэр бэлчээрт айлын үхэрт байхаар нь би авсан, бусад 2 үхрээ олоогүй юм. Тээгийн худагт байх хүмүүсээс уг үхрийг хэн авсан талаар асуухад Д, Малчин сумын Мятаа гэх 2 залуу авсан гэж сонсоод Мятаа, Д хоёртой Малчин сумын 1 дүгээр багийн нутаг хөдөөд уулзсан.

Би “та хоёр миний үхэр авсан байна, гаргаж өг” гэхэд “та уучлаарай, бид хоёр хулгайлж авсан юм, үхэр тань байгаа, та биднийг битгий цагдаад хэлээрэй, уучлаарай, энэ мөнгөөр үхрээ эрж хайсан бензин тосоо хийгээрэй гээд надад бэлнээр 2 сая төгрөг өгсөн, цагдаад битгий хэлээрэй, таныг би хохиролгүй болгоно” гэж хэлсэн. Ингэж би миний үхрийг Мятаа, Д хоёр хулгайлсан талаар мэдсэн юм” гэж мэдүүлдэг ба хохирогчийн мэдүүлсэнчлэн малчид бод малыг бог мал шиг өдөр болгон хариулдаггүй ба хохирогч Ч.Н-ийн 3 тооны үхэр нь Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг Тээгийн худаг гэх газарт шүүгдэгч А.Д-ийн мал бэлчээрлэдэг бэлчээрт 2021 оны 6 дугаар сараас хойш байснаар тухайн малыг алдуул мал гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаас хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг дээрх тохиолдлын хувьд хохирогч нь өөрөө Улаангом сумын 12 дугаар багт амьдардаг, түүний 3 тооны үхэр нь Малчин сумын 3 дугаар багийн нутагт байдаг, тухайн малыг тэнд байгааг хохирогч өөрөө мэдэж байсан болох нь баримтаар тогтоогдож байгаа тул Д.Г, А.Д нарыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, алдуул мал биш болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

2. Шүүгдэгч А.Д, Д.Г нарын хооронд өр, авлага байсан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох, мэдүүлгийн зөрүүг арилгах нь шүүгдэгч нарын оролцоог тогтооход зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт яллагдагч А.Д-ийн  “...Д.Г нь над руу утсаар залгаад “хэдэн мал хэрэгтэй байна. Чи туугаад гаргаад өг, би очоод авчихна” гээд байхаар нь би  3 тооны үхэр хулгайлсан. Уг гэмт хэргийг Д.Г бид хоёр бүлэглэн үйлдсэн, өөр ямар нэгэн хүн энэ гэмт хэрэгт хамтарч оролцсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

гэрч Д.Янжмаагийн “...Тэр явдлаас хойш Даваагийн Гансүх нь над руу утсаар залгаж, Д-г хэргээ даачих гээд хэлчих гэж хэлж байсан. Д.Г нь манай нөхөр Дг Д.Г нь энэ хэргийг ганцаараа даачих, би хохирлыг арилгаад өгнө, чи ганцаараа даачих гэж удаа дараа хэлээд байгаа юм. Тухайн гэмт хэргийг Д.Г нь өөрөө манай нөхөр лүү утсаар залгаж дуудаад байж үхэр туулгуулж гаргуулаад өөрөө ирж аваад явсан мөртлөө цагдаад баригдсаны дараа манай нөхрийг ганцаараа хэрэг үйлдсэн гээд цагдаад хэлчих, хэргээ ганцаараа даачих гэж хэлээд гуйгаад яваад байгаа юм” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Балжиннямын ...Гансүх, Д хоёр уг гурван үхэр ачихдаа Гансүх надад хэлэхдээ Наранбулаг сумын лам мэргэн Жагаа гэж хүнд өгөх гэж байгаа хүнээс авсан үхэр юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед шөнө ачлаа гэж бодоод өнгөрсөн Тэгээд бүүр сүүлд хулгайн үхэр гэдгийг мэдсэн” гэх мэдүүлгүүдээр А.Д, Д.Г нар нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн үйл баримт тогтоогдож байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан ба яллагдагч нарын хооронд урьд нь өр авлага байсан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй юм.

Нөгөө талаас харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах хууль зүйн боломж байхгүй юм.

Улсын яллагчийн зүгээс А.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдэхдээ түүний мэдүүлгийг ямар байдлаар үнэлсэн талаараа тодорхой тусгасан байгаа.

Мөн шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр “шүүгдэгч Д.Г нь хохирогч Ч.Н-той эхэлж уулзсан” үйл баримт тогтоогдсон. Иймд шүүгдэгч Д.Г нь хохирогчтой анх уулзахдаа хэргийн талаар юу ярьсан болохыг хохирогчоос дахин мэдүүлэг авч тодруулах нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй ба хохирогч Ч.Н мөрдөн байцаалтад  “...Д, Малчин сумын Мятаа гэх 2 залуу  манай үхрийг авсан гэж сонсоод Мятаа, Д хоёртой уулзахад “ та уучлаарай бид хоёр хулгайлж авсан юм, үхэр тань байгаа, та биднийг битгий хэлээрэй уучлаарай, энэ мөнгөөр эрж хайсан бензин тосоо хийгээрэй гээд надад бэлнээр 2 сая төгрөг өгсөн, цагдаад битгий хэлээрэй, таныг би хохиролгүй болгоно гэж хэлсэн” гэж мэдүүлсээр байхад хохирогчоос дахин мэдүүлэг авхуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Нөгөө талаар шүүгчид эргэлзээ төрсөн тохиолдолд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж, эргэлзсэн үйл баримтдаа дүгнэлт хийх боломж нь нээлттэй.

Иймд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийж 395 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ .

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Б.Г, А.Д нарын хооронд өр авлагын асуудал байсан эсэх нь эрүүгийн хэрэгт хамааралгүй. Б.Г, А.Д нар нь үйлдлээрээ нэгдэж, олон тооны бод мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Б.Г, А.Д нар нь харилцан эсрэг сонирхолтой, хоёр тусдаа өмгөөлөгч авсан байгаа учир шүүгдэгч нарын мэдүүлгийн зөрүү арилгана гэж байхгүй. А.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ, мөн түүний эхнэр хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Гийн зүгээс А.Д-д хандаж “ ганцаараа мал хулгайлсан гээд даачих” гэж хэлж байсан” гэж мэдүүлдэг.

Хохирлыг Б.Г ганцаараа төлж барагдуулсан ба А.Д-гаас хохирол гараагүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байхад Б.Г, А.Д нар хохирогчтой уулзаад “бид хоёр танай малыг хулгайлсан учир цагдаад битгий хэлээрэй” гэж хэлсний дараа цагдаа мэдээлэл авч хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явагдаж эхлэх үед “Б.Гийн зүгээс А.Д-г чи хэргээ ганцаараа даачих” гэдэг байдлаар тулгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүхийн зүгээс энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг мөн эсэхийг шалга гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь прокурорын эсэргүүцэлд дурдсанаар бод малыг бог мал шиг байнга хариулдаггүй.

Хохирогч мэдүүлэгтээ “миний мал Увс аймгийн Малчин суманд байх Сэргэлэнбаатар гэх хүний малд байсан” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар Б.Г, А.Д нар хохирогчийн малыг Увс аймгийн Малчин сумын “Тээгийн худаг” гэх газраас хулгайлсан болох нь тогтоогддог.

Увс аймгийн Малчин сумын “Тээгийн худаг” гэх газарт А.Д-ийн болон Сэргэлэнбаатар нарын мал бэлчдэг байсан учир малын бэлчээр нэг байсан. Бод малыг тэр бүр хариулаад байдаггүй учир хохирогчийн мал нь А.Д-ийн малтай нийлсэн байхыг үгүйсгэхгүй. Нэг бэлчээрт байдаг бод малууд нийлээд явдаг талтай. Иймд эсэргүүцлээ дэмжиж байна ” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах хяналтын прокурор А.Анхбаяр би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, А.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг үндэслэн оролцож дүгнэлтээ гаргаж байна.

Шүүгдэгч Д.Г, А.Д нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын дундуур Увс аймгийн Малчин сумын нутаг “Тээгийн худаг” гэх газраас хохирогч Ч.Н-ийн 3 тооны үхэр буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж нийт 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийг 3 үндэслэлээр прокурорт буцаасан.

1. Б.Г, А.Д нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах тогтоох үндэслэлээр прокурорт буцаасан. Уг гэмт хэрэг нь алдуул мал завших гэмт хэргийн шинжгүй  болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах тогтоох үндэслэлгүй юм.

2. А.Д урьд нь Б.Гэд 3 тооны адуу заруулахаар өгсөн байдаг ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Харин А.Д нь Б.Г-ээс 3 тооны адууны үнэ хөлсийг буцаан авсан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байдаг. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

3. Анхан шатны шүүхийн зүгээс хохирогч Ч.Н-той шүүгдэгч Б.Г, А.Д нарын хэн нь эхэлж уулзсан гэдгийг шалган тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй. Хэрэв анхан шатны шүүхээс энэ талаар тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулж эргэлзээтэй үйл баримтад дүгнэлт хийх боломжтой.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй учир хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна” гэв.

Шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурорын зүгээс шүүгдэгч Д.Г, А.Д нарын хооронд өр авлагын асуудал байгаа эсэхийг тодруулах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Гэтэл энэ асуудлыг заавал шалган тогтоосноор хэргийн зүйлчлэлд нөлөөлнө гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Б.Гийн зүгээс “би хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй, А.Д-гаас 2 тооны малын мөнгө авах авлагатай байсан учир 2 тооны мал авсан” гэж мэдүүлдэг. Тиймээс шүүгдэгч Д.Г, А.Д нарын хооронд өр авлагын асуудал байгаа эсэхийг шалган тогтоосноор уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн эсэх нь тодорхой болох учир хэргийн зүйлчлэлд нөлөөлнө.

Алдуул мал мөн эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэсэн шүүгчийн захирамжийн хувьд тайлбараа гаргая.

Шүүгдэгч А.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ “тухайн 3 тооны үхэр нь Увс аймгийн Малчин сумын Тээгийн худаг гэх газарт 2021 оны 6 дугаар сараас хойш эзгүй байж байгаад манай бэлчээрт гарсан малтай нийлж салаад яваад байдаг байсан” гэж мэдүүлдэг.

Хохирогч мэдүүлэгтээ : “Миний 3 тооны үхрийг Сэргэлэнбаатар гэх айл өөрсдийн малтайгаа хамт малладаг байсан. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн 3 тооны үхрээ алга болсныг мэдээд хайж эхэлсэн” гэж мэдүүлдэг боловч хохирогчийн зүгээс яг хэзээ үхрээ алдсан гэдгээ мэддэггүй. Сэргэлэнбаатар гэх айл хохирогчийн үхрийг өөрсдийн малтайгаа хамт малладаг байсан уу? Малладаг байсан бол хэзээнээс маллаж эхэлсэн талаарх нотлох баримтууд хэрэгт байдаггүй.

Хохирогчийн 3 тооны үхэр алдуул мал байж магадгүй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

Прокурорын зүгээс эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарлахдаа “Увс аймгийн Малчин сумын “Тээгийн худаг” гэх газарт А.Д-ийн болон Сэргэлэнбаатар нарын мал бэлчдэг байсан учир малын бэлчээр давхацдаг байсан. Бод малыг тэр бүр хариулаад байдаггүй учир хохирогчийн мал нь А.Д-ы малтай нийлсэн байхыг үгүйсгэхгүй” гэж тайлбар гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж заасан байдаг. Прокурорын зүгээс хохирогчийн 3 тооны үхэр шүүгдэгч А.Д-ийн  малд байсныг үгүйсгэхгүй байгаа нь “уг мал шүүгдэгчийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжиж орсны дараа уг малыг завших сэдэлт төрсөн юм шиг тайлбар гаргасан” гэв.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. А.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ : “Хохирогчийн 3 тооны үхэр 2021 оны 6 дугаар сард А.Д-ийн үхэртэй ирж нийлсэн ба манай ойр хавийн айлуудын үхэр биш байсан гэж удаа дараа мэдүүлдэг. А.Д нь уг 3 тооны үхрийг эзэнгүй мал гэж ойлгосон байхыг үгүйсгэхгүй. Энэ байдлыг шалган тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

А.Д-ийн хувьд Сэргэлэнбаатарын малаас хохирогчийн 3 тооны үхрийг тасалж авсан зүйл байхгүй. Прокурорын зүгээс А.Д-г хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлэг өгсөн учир хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж тайлбарладаг. Мал хулгайлсан гэж мэдүүлснээр хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй. Гэмт хэрэг гарсан нөхцөл болон хулгайн гэмт хэргийн шинж байгаа эсэхэд бодит дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна.

Хавтаст хэргийн 11-12-р хуудаст малд үзлэг хийж, бор цоохор эх үхрийг тугалын хамт хүлээлгэн өгсөн тэмдэглэл байгаа. Хулгайлагдсан гээд байгаа хохирогчийн 3 тооны үхрийн 1 үхэр нь хээлтэй байсан ба төрж тугалтай болсон. Хээлтэй малыг бог мал шиг хариулгагүй бэлчээрт хэдэн сараар орхигдуулсан байдаг. Хохирогч өөрийн үхрээ хээлтэй байсан эсэхийг мэдсэн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Хохирогчийн үхрүүд нь хэдэн сараар хариулгагүй алдуул мал байсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Шүүгдэгч А.Д-ийн эхнэр Янжмаа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Б.Г-ийн зүгээс А.Д-г хэргээ хүлээчих гэдэг байдлаар харьцаж байсан” гэж мэдүүлсэн нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэнийг нотолж байна гэж үзэх боломжгүй.

Б.Гийн хүүхэд 2019 онд зүрхний хагалгаанд орох шаардлагатай болсон учир А.Д-гаар дамжуулан 3 тооны адуугаа заруулахаар өгсөн байдаг. Б.Гийн заруулахаар өгсөн 3 тооны адууны үнийг А.Д өгсөн эсэх асуудалд шүүгдэгч нар маргаантай байгаа.

Шүүгдэгч Б.Г мэдүүлэгтээ: “А.Д-гаас адууны үнэ 700.000 төгрөг хүлээн авсан. Үлдэгдэл 2 тооны адууны мөнгийг аваагүй учир 2 тооны адууны үнэ хөлсөнд үхрийг хүлээн авсан” гэж мэдүүлдэг.

Шүүгдэгч А.Д мэдүүлэгтээ: “адууны үнэ болох 700.000 төгрөгийг Б.Гэд өгсөн ба дараа нь үлдэгдэл 500.000 төгрөгийг нэмж өгсөн. Б.Г бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Б.Гийн заруулахаар өгсөн 3 тооны адууны үнэ хөлсийг бүрэн төлж барагдуулсан” гэж мэдүүлдэг боловч Б.Г сүүлд өгсөн 500.000 төгрөгийг аваагүй гэж мэдүүлдэг.

Гэрч Янжмаа мэдүүлэгтээ : “адууны үнэ болох 700.000 төгрөгийг Б.Гэд өгсөн ба дараа нь үлдэгдэл 500.000 төгрөг өгсөн. Б.Гийн заруулахаар өгсөн 1 адууг нь манайд байгаа гэж мэдүүлдэг.

Дараа нь А.Д дахин өгсөн мэдүүлэгтээ “Б.Гийн заруулахаар өгсөн 1 тооны адууг хүнд зарчихсан байгаа тухайн хүнээс мөнгийг нь аваарай гэдгийг би Б.Гэд хэлсэн” гэж эргэлзээтэй мэдүүлэг өгдөг.

Шүүгдэгч Б.Г өөрийн заруулахаар өгсөн малаас 2 тооны адууны мөнгөө аваагүй учир өр авлагын асуудалд маргаантай байгаа. Гэрч Янжмаагийн мэдүүлгээр Б.Гийг хулгайн гэмт хэрэгт буруутгах боломжгүй гэж үзэж байна. Хохирогчийн мал хэр хугацаанд Сэргэлэнбаатарын эзэмшлийн малтай цуг байсан талаар шалган тогтоох шаардлагатай.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Г, А.Д нарт холбогдох, 2135000000152 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Г, А.Д нарт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Г, А.Д нарыг бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын дундуур Увс аймгийн Малчин сумын нутаг “Тээгийн худаг” гэх газраас хохирогч Ч.Н-ийн 3 тооны үхэр буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.     

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г, А.Д нарт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж,

- хохирогч Ч.Н-ийн 3 тооны үхэр нь алдуул мал байсан эсэхийг шалгах,

-шүүгдэгч Д.Г, А.Д нарын хооронд өр, авлага байсан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох,

-мэдүүлгийн зөрүүг арилгах, мөн хохирогчоос дахин мэдүүлэг авч тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэх үндэслэлүүдийг зааж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд нийцээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г, А.Д нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой гэж дүгнэлээ. 

1. Анхан шатны шүүхээс хохирогч Ч.Н-ийн 3 тооны үхэр нь алдуул мал байсан эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.   

Шүүх шүүгдэгч А.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “ манайх 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зусланд буусан, 2021 оны 6 дугаар сарын 20-ны үеэс уг 3 үхэр манай үхэртэй нийлээд, эзэнгүй байгаад байхаар нь 2021 оны 7 дугаар сарын дундуур хулгайлсан” гэх мэдүүлгийг үндэслэн алдуул мал эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, үнэлж чадаагүй байна.             

Хохирогч Ч.Н-ийн 3 тооны үхэр Увс аймгийн Малчин сумын нутаг “Тээгийн худаг” гэх газар зусланд байсан Сэргэлэнбаатар гэх хүний малд байсан, шүүгдэгч А.Д-ийнх мөн “Тээгийн худаг” гэх газар зусланд байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, өөрөөр хэлбэл, малын бэлчээр нэг байсан байна.

Хохирогч 3 тооны үхрээ 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хайж эхэлсэн талаар мэдүүлсэн байх ба  шүүгдэгч А.Д-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн : Манайх 2021 оны 6 дугаар сараас 9 сар хүртэл Малчин сумын нутаг Тээгийн худаг гэх газарт зусланд гарсан юм. 2021 оны 7 сарын 20-ны орчимд Тээгийн худаг гэх газар бэлчээрт байсан 3 тооны үхрийг мотоциклоор тууж, Гансүхийн авч ирсэн цагаан өнгийн, бага оврын ачааны автомашинд ачиж өгөөд явуулсан, Гансүх нь жолооч гэх миний танихгүй эрэгтэй хүний хамт ирсэн байсан” гэж мэдүүлэг,

гэрч Ч.Б-ын: “ 2021 оны 7 дугаар сарын дундуур, өдрийг нь сайн санахгүй байна,  Мятаа буюу Гансүх нь манайд ирж, та машинаараа Тээгийн худаг гэх газраас 3 тооны үхэр ачаад өгөөч гэж гуйсан. Тэгээд Гансүх бид 2 орой болж байхад миний машинаар явж Тээгийн худаг газар очоод байж байтал Д гэх залуу мотоциклтой 3 тооны үхэр тууж ирсэн ба тэр 2 тухайн 3 үхрийг барьж миний машин дээр ачсан, Д тэндээ үлдсэн, Гансүх бид 2 үхрийг ачиж ирээд Малчин сумын нутаг Хоогийн ар гэх газар байсан Гансүхийн гэрийн гадна буулгасан” гэх мэдүүлэг,  

гэрч Б.С-ын: “ 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байх, Г над уруу утсаар залгаж “ та манайд ирээд Ж  үхэр ачаад дөхүүлээд өгөөч “ гэхээр нь би өөрийн машинаар Гансүхийн гэрийн гаднаас бор цоохор эм үхэр ачиж, Б гэх айлд хүргэж өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ч.Н-ийн 3 тооны үхэр Малчин сумын Тээгийн худаг гэх газраас 2021 оны 7 дугаар сарын дундуур буюу 7 дугаар сарын 20-ны үед алга болсон нь тогтоогдсон байна.

Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн оролцоогүй ижил сүргээсээ тасарч, бэлчээрлэж байсан газар нутгаасаа холдож гарсан байхыг ойлгох боловч тухайн мал хариулгагүй, тухайн нутаг бэлчээрээр удаан хугацаагаар байсан, эзэн нь тодорхойгүй болох нь нутгийн малчид, иргэдэд илэрхий болсон, нутгийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх үед хэн нэг этгээд эзэмшил, өмчлөлдөө авахыг алдуул мал завших гэмт хэрэг гэж үзэх бөгөөд хохирогчийн 3 тооны үхэр нь нутаг бэлчээрээсээ холдсон гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй, түүнчлэн нутаг бэлчээрээсээ холдсон болон хариулгагүй байгаа, эзэн нь мэдэгдэхгүй байгаа мал бүрийг алдуул гэж үзэх үндэслэлгүйг шүүх анхаараагүй  байна.

2. Шүүхээс шүүгдэгч Д.Г, А.Д нарын хооронд өр, авлага байсан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох , мэдүүлгийн зөрүүг арилгах нь шүүгдэгч нарын оролцоог тогтооход чухал ач холбогдолтой гэж үзсэн нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

Прокуророос шүүгдэгч  нарыг бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын дундуур Увс аймгийн Малчин сумын нутаг “Тээгийн худаг” гэх газраас хохирогч Ч.Н-ийн 3 тооны үхэр буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нарын хоорондын өр, авлагатай байсан эсэх асуудал энэ хэрэгт хамааралгүй байна.

 Түүнчлэн нэг хэрэгт яллагдаж буй, харилцан эсрэг сонирхолтой хоёр шүүгдэгчийн мэдүүлгийн зөрүүг арилгах үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлгүй, харин яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах байдлаар үнэлж, шүүхийн шийдвэр үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ.  

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад тулгуурлан  гэмт хэргийн шинжийг тодорхойлж, тухайн этгээд / шүүгдэгч/ гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх тул дан ганц яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг яллах болон цагаатгах үндэслэл болгохгүй юм. 

   3. Хохирогч Ч.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгсөн байх ба тэрээр  “...Манай үхэр Увс аймгийн Малчин сумын нутаг “Тээгийн худаг” гэх газар Сэргэлэнбаатар гэх хүний малд байсан юм.  2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс  3 тооны үхрээ хайж эхэлсэн. Уг үхрүүд  нь бэлчээрээр их гүйдэг болохоор тэр хавьдаа байгаа байх гэж бодоод хайгаад байсан юм. Тэгтэл 2021 оны 8 дугаар сарын дундуур Малчин сумын Хөхөө гэх хүнээс 3 тооны үхрийн сураг гарч байна гэж сонссон юм.

Мөн Зүүнговь сумын Шаагаа гэх залуу бас “танай үхэр Малчин сумын нутагт байна” гэж хэлсэн. Тэгээд би Хүрлээ гэх айлын залуу Буянаатай хамт үхэр байгаа газар очсон юм, тэнд манай 2021 оны 07 дугаар сард хулгайд алдсан цагаан үхэр мөн байсан, уг үхэр бэлчээрт айлын үхэрт байхаар нь би авсан, бусад 2 үхрээ олоогүй юм. Тээгийн худагт байх хүмүүсээс уг үхрийг хэн авсан талаар асуухад Д, Малчин сумын Мятаа гэх  2 залуу авсан гэж сонсоод Мятаа, Д хоёртой  Малчин сумын 1 дүгээр багийн нутаг хөдөөд уулзаад  “  та хоёр миний үхэр авсан байна, гаргаж өг ” гэхэд “ та уучлаарай, бид хоёр хулгайлж авсан юм, үхэр тань байгаа, та биднийг битгий цагдаад хэлээрэй, уучлаарай, энэ мөнгөөр үхрээ эрж хайсан бензин тосоо хийгээрэй гээд надад бэлнээр 2 сая төгрөг өгсөн, цагдаад битгий хэлээрэй, таныг би хохиролгүй болгоно гэж хэлсэн. Тэр хоёр надад : А.Д нь миний үхрийг Тээгийн худаг гэх газраас хулгайлан тууж, Гансүхийг дуудан өгч явуулсан гэж хэлсэн” гэж мэдүүлсэн / хх-ийн 35-37/ байна.

Хохирогч мэдүүлэгтээ үхрээ хэдийд, хаанаас алдсан, үхэр байсан газар болон хэний эзэмшилд байсан талаар хаанаас хэрхэн олж мэдсэн, мөн Д.Г, А.Д нартай хэрхэн уулзсан, 2 тооны үхрээ буцааж авсан, нэг үхрийнхээ хохиролд 2 сая төгрөг авсан талаараа тодорхой мэдүүлсэн байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн талаар нэмж тодруулах боломжтой байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хохирогч, гэрчийг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой,

түүнчлэн шүүгдэгч нар, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчимд нийцэхийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх Д.Г, А.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоон, шүүгдэгч нарын гэм бурууг  хянан хэлэлцэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Г, А.Д нарт холбогдох, 2135000000152 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч А.Д Д.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл тус тус хэвээр хэрэглэсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                           Л.АЛТАН