Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01529

 

“ДО ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01537 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ДО ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 62 541 604 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Төмөрсүх, М.Баярцэнгэл нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДО ББСБ” ХХК нь А.Ц-тэй 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 25 000 000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч А.Ц нь зээл, зээлийн хүүгийн төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн хүүний 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 62 541 604 төгрөгийг хариуцагч А.Ц-гээс гаргуулан, барьцаа хөрөнгөөр хангуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “ДО  ББСБ” ХХК-тай 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан нь үнэн юм. Тухайн үед зээлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн н.Баттулгаас 20 000 000 төгрөгийг хүүтэйгээр зээлж, өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Шаравын гудамж, 43 дугаар байрны 95 тоотод байрлалтай 49,84 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. н.Баттулгатай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү, алдангид 8 000 000 төгрөгийг төлсөн ба зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй байсан. н.Баттулга Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, зохигчдын эвлэрлийг баталж шүүх шийдвэрлэсэн. 2017 оны 5 дугаар сард н.Баттулга А.Ц-г “ДО ББСБ” ХХК-тай уулзуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Шаравын гудамж, 43 дугаар байрны 95 тоотод байрлалтай 49,84 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанд байршуулж 25 000 000 төгрөгийг н.Баттулгын хувийн дансруу шилжүүлсэн байдаг. А.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “ДО ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй байдаг ба зээлийн төлбөр төлөөгүй шалтгаан нь дээрх 25 000 000 төгрөгийг бэлнээр болон хувийн дансаар хүлээн аваагүй учир түүнийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй ба зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-д “Зээлийг зөвхөн гэрээг байгуулсан зээлдэгчид хүлээлгэн өгч баримт үйлдэнэ” гэж заасныг зөрчсөн. Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан кассын зарлагын баримт дээр зурагдсан бэлэн мөнгө хүлээн авсан гэх гарын үсэг нь хариуцагч А.Ц-гийн гарын үсэг биш ба тухайн үед дээрх баримт дээр гарын үсэн зурж байгаагүй болно. Дээрх баримт дээрх гарын үсгийг нэхэмжлэгч байгууллага нь дуурайлган зурсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар А.Ц-гээс 60 827 849 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ДО ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 713 755 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар А.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 462 089 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч миний эрх, ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр болжээ. Учир нь хариуцагч надад 25 000 000 төгрөгийн үндсэн зээл олгосон гэсэн атлаа түүний хүү нь 29 856 541 төгрөг болж байгааг, мөн нэмэгдүүлсэн хүү нь 5 971 308 төгрөг болж байгаа нь үндэслэлгүй ба хэт иргэдийг хүүлж, шулж байгаа үйлдэл. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох хүү, түүний нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн өмнөөс тооцож, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болох нь харагдаж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан ба шүүх түүний өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг нотолж хүү болоод нэмэгдүүлсэн хүүг тооцоолж байгаа нь үндэслэлгүй ба үнэн зөв бодитой гэж үзэх боломжгүй. Иймд нэмэгдүүлсэн хүү 5 971 308 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ДО ББСБ” ХХК нь хариуцагч А.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 541 604 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ДО ББСБ” ХХК нь 25 000 000 төгрөгийг, 1 сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлж, хариуцагч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр /17042/, Шаравын гудамж, 43 дугаар байр, 95 тоотод байрлах, 49,84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 135-142 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байх боловч зээлийн гэрээний үүрэг шаардсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, талууд зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, 12 сарын хугацаатай буюу 2018 оны 5 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд байгуулсан боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгч нь 2018 оны 3 сарын 13-ны өдөр зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид зээлийн гэрээний үүргийн талаар мэтгэлцэж, хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч байсан боловч нэмэгдүүлсэн хүүгийн 5 971 308 төгрөгийг эс зөвшөөрсөн агуулгаар давж заалдах гомдлоо гаргасан. Иймд хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд нэмэгдүүлсэн хүүг тодорхойлох боломжтой байна. Үүнд: 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх зээлийн үндсэн хүү 8 630 714 төгрөг байх бөгөөд үүнээс гэрээний 2.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцоход 1 726 142 төгрөг болно.

Иймд хариуцагч А.Ц-гээс үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хүү 29 856 541 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 726 142 төгрөг, нийт 56 582 768 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 60 827 849 /жаран сая найман зуун хорин долоон мянга найман зуун дөчин ес/ ...” гэснийг “56 582 768” гэж, “... 1 713 755 /нэг сая долоон зуун арван гурван мянга долоон зуун тавин тав/ ...” гэснийг “5 958 836” гэж

3 дах заалтын “... 462 089 ...” гэснийг “440 863” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                  ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ

                                                                                       Г.ДАВААДОРЖ