Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

О П-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч О.П /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,  

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.П, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж нарын гаргасан давж заалдах гомдлоор О.П-д холбогдох, 2135001310149 дүгээртэй эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, У ургийн овогт О П, 1983 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ц м” ХХК-д жолооч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 5 хоногийн хорих ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт улсын чанартай А-18 кодтой авто зам дээр 2021 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 98-15 УБЦ улсын дугаартай “Toyota crown” загварын суудлын зориулалттай авто машин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ж.З-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас: У ургийн овогт О-н П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У ургийн овогт О-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч О.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/-н жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.П-д оногдуулсан 3 /гурав/-н жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ын гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

шүүгдэгч О.П нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 21’780’250 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн CD /сиди/ дискийг хэргийн хамт хадгалж,

0.75 литрийн архины шил нэгийг, цагаан өнгийн хагархай аяга нэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Тоyota crown загварын 98-15 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож,

шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х. Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний хүүтэй бага наснаасаа нөхөрлөж ирсэн найз нь ийм байдалд орсонд харамсаж байна. Хэрэг санамсар, болгоомжгүй байдлаас болсон ба надаас уучлалт гуйсан. Би анхан шатны шүүх хуралдаанд оролцож, гомдолгүй гэдгээ хэлсэн, миний саналыг харгалзан үзэж О.П-д хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулан багасгаж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгдэгч О.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие 2021 оны 7 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, найзынхаа амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн.

Энэ хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилээр хасаж, 3 жил хорих ялаар шийтгүүлсэн.

Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байна. Тухайн үед талийгаач бид 2 Улаанбаатар хот руу эмчид үзүүлэх, эмчлүүлэх зорилгоор явсан бөгөөд ингэж явах замдаа миний буруутай үйлдлийн улмаас осол гарч найз минь амь нас эрсэдсэн харамсалтай зүйл тохиолдсон.

Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгон ухаарч байгаа бөгөөд найзынхаа оршуулгын зардал болон гэмт хэргийн хор уршигт 21.780.250 төгрөг төлсөн, цаашид талийгаач найзынхаа аавыг чадах чинээгээрээ дэмжиж явахыг хүсэж байна. Ар гэрийн хувьд эхнэр 0-3 насны 2 хүүхдийн хамт амьдардаг учир ялыг минь багасгаж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.Анхбаяр би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.П-д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна.

Шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 01 дүгээр багийн нутагт улсын чанартай А-18 кодтой авто зам дээр 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 98-15 УБЦ улсын дугаартай “Toyota crown” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.2, 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас автомашинд зорчиж явсан иргэн Ж.Згийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үүгэв.

Шүүгдэгч О.Пгийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “О.П анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн “ял хүндэдсэн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэдэг үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан. О.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

О.П нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу оршуулгын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлыг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй гэдэг үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан.

О.Пгийн зүгээс ял хүндэдсэн гэдэг үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан. О.Пгийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь санаатай боловч болгоомжгүйгээр уг гэмт хэрэг гарсан. О.Пгийн хувьд болгоомжгүй үйлдлийнхээ улмаас найзынхаа амь нас хохироосондоо гэмшиж байгаа. О.Пгийн том хүү 2019 онд ясны хорт хавдраар өвчилж Солонгос улсад эмчлүүлж байсан боловч ясны хорт хавдар үсэрхийлсний улмаас 2019 онд нас барсан. О.П Улаанбаатар хот руу явахдаа яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох болсон шалтгаанаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан.

Найзыгаа Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх зорилгоор согтуугаар машин барьж яваад найзынхаа амь насыг эрсдүүлсэн ба өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Найзынхаа амь насыг эрсдүүлсэн учир хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулан найзынхаа дутууг нөхөх хүсэлтэй байдаг. О.Пгийн хүү нь 2019 онд 2 удаа хорт хавдраар өвчилж нас барсан учир хүүгийнхээ эмчилгээ хийлгэхээр авсан өр зээлийг одоо ч гэсэн төлж дуусаагүй гэдэг. О.Пгийн ар гэрийн хувьд эхнэр нь 0-3 насны хоёр нялх хүүхдээ хараад гэртээ байдаг учир ажил хөдөлмөр эрхэлдэггүй. О.Пгийн ар гэрийн нөхцөл байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа гэмшиж буй байдал болон болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзээд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ял оногдуулах ялын санкцтай учир О.П-д хорих ялын доод хэмжээг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жаргал нарын гомдлыг тус тус үндэслэн О.П-д холбогдох, 2135001310149 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.П нь согтуурсан үедээ 2021 оны  07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн 98-15 дугаартай УБЦ улсын дугаартай, “Тоyota crown” загварын  тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаснаас иргэн Ж.Згийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь

- хэргийн газрын “ зам тээврийн осол гаргасан 98-15 УБЦ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тoyоta crown” загварын автомашин Улаангом сумаас урагш чиглэлд замын 75 тэмдэгтэй шонгоос ертөнцийн зүгээр урд зүгт 200 метр зайд, замын эвдрэлтэй хэсгийг хааж байрлуулсан овоолсон шороог замын зорчих хэсгийн баруун талын эгнээнээс дайрч уг шорооноос урагш 8 метр зайнд замын зорчих хэсгийн баруун талын эгнээнд зогссон байлаа.Тухайн авто машин нь хойноос урагш чиглэлд замын зорчих хэсгийн баруун талаар шороог дайрч гарсан байх ба хойноос урагш чиглэлд овоолж зам хаасан шорооны хойд зүгт хар зам дээр авто машины ямар нэгэн тормозны мөр болон дугуйн мөр гараагүй байв гэх үзлэгийн тэмдэглэл /1-р хх 5-10 дугаар хуудас/ ,

- 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 11 дэх хуудас /,

 -цогцост  үзлэг хийсэн мөрдөгчийн үзлэгийн “ 166 см урттай цээжний өргөн 35 см ,дээд уруул доод эрүүнд 0.5 см тачир сахалтай,биеийн хөгжил зөв,дунд зэргийн мах лаг эрэгтэй хүний цогцост үзлэг хийхэд зүүн зулай талд 13х11 см ,духны баруун хэсэгт  7х8 см,баруун дээд зовхинд 5х7.5 см, хамрын нуруу хэсэгт 4х3.5 см,баруун бугалганы урд дунд хэсэгт 5х1 см, зүүн шилбэний урд дээд хэсэгт 2х1 см хэмжээ хүртэл 4 тооны өнгөц зулгаралттай,баруун шууны гадна дунд хэсэгт 3х1 см,баруун бугуйнд 2.5х1.5 см хэмжээний цус хуралттай,биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэл содон шинж тэмдэггүй,гавлын хөндийг нээхэд баруун зүүн чамархай духны хэсгийн хатуу хальсан доор цусан бүлэнтэй,чамархай,дух хэсгээр цусан бүлэнтэй тухайн хэсгийн хальсан доор тархины эдэд цусан бүлэнтэй хажуугийн ховдлууд бага зэрэг шингэн цусан агууламжтай химийн шинжилгээнд ходоодны шингэн,биологийн шинжилгээнд  цус зэрэг дээж авав” гэх тэмдэглэл,түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-25 дугээр хуудас/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жаргалын  “Би Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт өөрийн төрсөн хүү талийгаач Ж.Зтой хамт амьдардаг байсан.Талийгаач хүү Ж.З нь хувиараа такси үйлчилгээнд явдаг байсан.Талийгаач нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээс гарч өөрийн найз О.Птэй нийлж “Их наяд” зочид буудалд архи ууж, хоёр хоносон байсан. Талийгаач нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 00 минутын үед өөрийн эгч болох Ж.Мөнгөнцэцэг рүү утсаар залгаж “ирээд миний машин авчих би “Их наяд”-д байна” гэж хэлсэн байсан. ...Тэр өдөр талийгаач нь О.Птэй хамт Улаангом сумаас Улаанбаатар хот руу явах замдаа О.П нь өөрийн машиныг согтуугаар жолоодон явж байгаад зам дээр хаалт хийж овоолсон шороог мөргөж осол гаргаж улмаар миний хүү Ж.З биедээ гэмтэл авч нас барсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/,

- гэрч Д.Д-ийн  “...2021 оны 7 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг 50 минутын орчим намайг эрүүл мэндийн төв дээр ээлжид гарч байхад эмнэлэг рүү нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд засмал зам дээр шороо мөргөөд осол гарчихлаа, нэг хүн ухаангүй байна яаралтай эмч авч очих хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Тухайн хүн эмнэлэгт орж ирэхдээ нэлээн сандарсан байдалтай, өөрөө хөл нүцгэн, улаан өнгийн цамц, хар өнгийн өмдтэй, цамц нь бага зэрэг цус болчихсон байдалтай эмнэлэгт ирсэн. ...уг дуудлагад жолооч н.Өлзийтогтох, их эмч Б.Б, ахлах сувилагч Г.Отгонцэцэг нар явцгаасан...” гэх мэдүүлэг / хх-ийн 47 дугаар тал/,

- гэрч Г.О-ийн  “...2021 оны 7 дугаар сарын 28-ны орой 23 цаг 40 минутын үед намайг гэртээ байж байтал манай сумын эрүүл мэндийн төвийн эмч Б.Б намайг дуудаж сэрээгээд “ослын дуудлага ирсэн байна. Хоёулаа явах юм байна” гэж хэлсэн. Би босоод эмнэлгийн гадаа байсан эмнэлгийн машинд ороод сууж байтал осолд орсон машины жолооч гэх ах орж ирээд урд талын суудалд суусан юм. Тухайн жолооч ганцаараа явсан бөгөөд манай машинд суугаад ослын газар луу явцгаасан. Уг дуудлагад би Б.Б эмч, жолооч н.Өлзийтогтох нарын хамт явсан. ...Бид нар сумын төвөөс хойш Улаангом сум явах чиглэлд хар замаар 12-13 километр явж ослын газарт очсон. Тухайн газарт очиход хар замын хаалт тавьж асгасан шороог 98-15 УБЦ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин хүчтэй мөргөж шороог дайрч хаалт тавьсан зам руу ороод зогссон байсан. ...Тухайн газарт бид нарыг очиход манай сумын цагдаа Б.Баянмөнх ирчихсэн байсан. Талийгаач нь ослын газарт байх автомашины зүүн урд талын суудал дээр хагас суусан, суудлын бага зэрэг хойш налуулсан байсан. Эмч Б.Б нь түүний биеийн үзэхэд амьсгалахгүй нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 дугаар тал/,

- гэрч Б.Б-ны “...Тухайн үед дуудлага өгч ирсэн О.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тэр хүнээс архи согтууруулах ундааны зүйл их үнэртэж байсан. Би О.Пгээс болсон явдлын талаар асуумж асуухад О.П нь “ирж яваад замд аваар осолд орчихлоо, тэнд хүний бие муудаж байна” гэж хэлсэн. ...Тухайн газарт бид нарыг очиход манай сумын цагдаа Б.Баянмөнх ирчихсэн байсан. ...О.П нь тэр шөнө өөрөө машинаа барьж яваад зам тээврийн осолд орсон гэж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 дугаар тал/,

-гэрч Ж.М-ийн “...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 11:00 цаг өнгөрч байхад над руу манай дүү Ж.З утсаар залгаад “эгч би жаахан юм уучихлаа, машин ирж аваад намайг гэрт хүргэж өгөөч, би өөрөө Их наяд буудалд О.Птэй байна” гэж хэлсэн. ...би арав гаруй минутын дараа Төрийн банкнаас алхаад Улаангом сумын гуравдугаар багийн нутагт байрлах Их наяд баарны нэг давхрын 4 тоот өрөөнд ороход Ж.З нь архи уучихсан согтуу байсан ба гайгүй, ухаан санаа зүгээр байсан. Харин О.П бол нэлээд согтолттой байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 68-69 дүгээр тал/,

- гэрч Б.Б-ийн “...би тухайн үед жолооч О.Пг Наранбулаг сумын хэсгийн албан өрөөнд авч ирж түүний согтолтыг шалгахад 1.92% байсан учир тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн61-62 дугаар тал/ ,

- 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Талийгаач Ж.З-н биед гэмтэл тогтоогдлоо. Тархины суурийн судасны тасралт, зүүн зулай, дух, баруун дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, баруун бугалга, зүүн шилбэний зулгаралт, баруун шуу, баруун бугалгад цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Талийгаач Ж.З нь тархины суурийн судасны гэмтлийн улмаас тархины эд эдгэшгүй өөрчлөлтөд орж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна...” гэх дүгнэлт / хх-ийн 88-91 дүгээр тал/,

-2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүний биеэс биологийн дээж авсан “...Оотой овогтой Пүрэвхүү /он83052671/-ийн биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь цагдаагийн хэсгийн албан өрөөнд 03 цаг 30 минутад эхлүүлэв. ...О.П нь өөрөө сайн дураар зөвшөөрсний үндсэн дээр цусны дээж авав...” гэх тэмдэглэл / хх-ийн 37 дугаар хуудас/,

- 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх химийн шинжилгээний 72 дугаартай “...О.Пгийн гэх 00178013 дугаартай хуруу шилтэй цусанд 1.4% промилли спиртийн агууламж илэрч байна. О.Пгээс цусны дээж авах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна...” гэх дүгнэлт / хх-ийн 142-143 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Пүрэвхүүг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн үйл баримтаар О.П тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, ”жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог,замын болон цаг агаарын нөхцөл,хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, ” харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөн нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.П, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жаргал нар давж заалдах шатны шүүхэд:”... Шүүдэгч О.П-д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гарсан  ба  гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч О.П-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т  “ ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар хуульчилсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал,эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж О.П-д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж,3 /гурав/ жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Шүүгдэгч О.П-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.П,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жаргал нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч О.П-гийн  цагдан хоригдсон нийт 46  хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.П, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.П-гийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АЛТАН

 

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН