Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/02159

 

 

 

 

 

 

 

                               2024        04          22

                   101/ШШ2024/02159

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 5,033,836.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Т.Эрдэнэтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь *******наас 2022 оны 05 дугаар сарын 17-ний өдөр MNЗ80034313101851101 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000.00 /Арван сая / төгрөгийг жилийн 15,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлэн авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 5,162,128.99 төгрөг, хүүгээс 1,774,322.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 8,627.84 төгрөг, нийт 6,945,089.39 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Т.******* нь 2023.07.21-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээний дагуу хавсралтаар харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2024.02.01-ны байдлаар зээлдэгч Т.******* нь үндсэн зээл 4,837,871,01 төгрөг /Дөрвөн сая найман зуун гучин долоон мянга найман зуун далан нэг төгрөг нэг мөнгө/, зээлийн хүү 133,965.98 /Нэг зуун гучин гурван мянга есөн зуун жаран таван төгрөг ерэн найман мөнгө/, нийт 4,971,836.99 /Дөрвөн сая есөн зуун далан нэг мянга найман зуун гучин зургаан төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй болж хуримтлагдсан.

Зээлдэгчтэй холбоо барьж зээлийн төлбөрийг барагдуулах тухай сануулан хугацаа өгсөн мөн төлбөр барагдуулах талаар мэдэгдэх хуудас өгсөн, зээлдэгчид зөрчил баагдуулах хугацаа өгсөн, шүүхэд шилжүүлэх тухай удаа дараа анхааруулсан.

Нэхэмжлэлийн шаардлага:

Иймд иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 24 дүгээр зүйлийн 24.З-т тус тус заасныг үндэслэн Т.******* үндсэн зээлийн төлбөр 4,837,871,01 төгрөг, хүүгийн төлбөр 133,965.98 төгрөг, нотариатын зардал 62,000 төгрөг буюу нийт 5,033,836.99 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,492 төгрөгийн хамт гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын тодруулга:

Зээлдэгч Т.******* нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т заасан зүйл заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн зээлийн MN380034313101851101 дугаартай гэрээний 3.2.8, 6.2.1, 6.3 дугаар заалтуудыг зөрчсөн нь зээлдэгч Т.*******тай байгуулсан зээлийн гэрээг цуцлах, үндэслэл болж байна.

Иймд үндсэн зээлийн төлбөр 4,837,871,01 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 133,965.98 төгрөг, нотариатын зардал 62,000 төгрөг буюу нийт 5,033,836.99 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,492 төгрөгийн хамт гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү.

1а. Хариуцагч нь гэрээт байгууллагад ажиллаж байхдаа 2022.5.17-нд зээлийн гэрээ байгуулсан 10 саяын зээл авсан. Үүнээс хойш төлж байгаад ажлаасаа гараад төлөхөө больсон. Зээлээ төлөх талаар шаардаж байсан боловч өнөөдрийг хүрсэн. Иймд үндсэн зээл 4,837,871.01 төгрөг дээр хүү 133,965.98 төгрөг, нотариатын зардал 62,000 төгрөг, нийт 5,033,836.99 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Мемориалын баримт /хх5/, зээл хүсэгчийн мэдүүлгийн хуулбар /хх22/, үнэлгээний хуудасны хуулбар /хх23/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх24/, харилцах дансны харилцагчийн хуулганы хуулбар /хх25-28/, зээлийн мэдээллийн сангийн баримтын хуулбар /хх29/, өргөдлийн хуулбар /хх30/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /хх31/, хариуцагчийн бичиг баримтын хуулбар /хх32/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх33-36/, зээл олгох зөвшөөрлийн хуудасны хуулбар /хх37/, мэдэгдлийн хуулбар /хх38/, холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн хуулбар /хх39-40/, тайлбар /хх41/, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх41/, 9 ширхэг гэрэл зураг /хх42-44/, ******* дахь хариуцагчийн зээлийн дансны хуулга /хх63-65/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,033,836.99 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 5,033,836.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Т.******* нь 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар хариуцагчийн шүүхэд мэдэгдсэн утсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй.

Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

 

4.         Зохигчид 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг жилд 15.6 хувийн хүү, хугацаа хэтрүүлсэн бол 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, 30 сарын хугацаатайгаар байгуулсан байна. /хх33-36/

 

5.         Нэхэмжлэгч нь хариуцагчийг эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй. Хариуцагчийн гэр бүлийн хүн нь С.******* болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хх41/

Хариуцагчийн гэр бүлийн хүнд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдсэн. /хх38/

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх үүсжээ.

 

6.         Зээлийн гэрээний 2.1.6-д зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тооцож, шимтгэл авахаар заасан байна. Улмаар зээл олгосон даруйд 100,000 төгрөгийн шимтгэл авсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Арилжааны банкнаас олгож буй зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг хариу төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулахыг ойлгоно.

Нэхэмжлэгч нь цалингийн зээл олгоход 100,000 төгрөгийн зардал гарсан эсэхийг нотлоогүй.

Иймд зээлийн гэрээний дагуу 9,900,000 төгрөгийн зээл олгосон гэж үзнэ.

 

7.         Нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул зээлийн гэрээ 1 жил 8 сар 19 хоног хэрэгжсэн. Үүнээс зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүргийг тооцвол: 1 жилд 1,544,400 /9,900,000*15.6%/ төгрөг, 1 сард 128,700 /1,544,400/12/ төгрөг, 8 сард 1,029,600 төгрөг, 1 хоногт 4,231.23 /1,544,400/365/ төгрөг, 19 хоногт 80,393.37 төгрөг, нийт 2,654,393.37 төгрөгийн хүү тооцогдоно. Үүн дээр үндсэн зээлийг нэмбэл хариуцагчид нийт 12,554,393.37 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 6,945,089.39 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь энэ мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

Үүнээс үзэхэд хариуцагч нь 5,609,303.98 /12,554,393.37-6,945,089.39/ төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзэхээр байх боловч зээлийн буцаан төлөлт тус бүрээр тооцсоноос шалтгаалж зээлийн гэрээний үүрэгт нийт 4,971,836.99 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангах нь зүйтэй.

 

8.         Энэхүү нэхэмжлэлтэй холбоотойгоор нотариатын үйлчилгээний хөлсөнд 62,000 төгрөг төлсөн болох нь мемориалын баримт болон уг баримтын цаг хугацааны хувьд нотлогдсон гэж үзэхээр байна. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 62,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах нь зүйтэй. /хх5/

 

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

           ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Т.*******аас 5,033,836.99 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95,492 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД