Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 117/ШШ2022/0001

 


Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Б.Тын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн З даргад хариуцагдах 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаартай Дундговь аймгийн Засаг дарга болон И-К ХХК нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” болох захиргааны гэрээ нь нэхэмжлэгчийн хууль ёсны  эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 25 минутад хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоолоор Дундговь аймгийн Х, Ө, С, Г, Бсумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх орон нутгийн замын хажууд амьдарч буй малчид бидний Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлд “Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ”, 2 дахь хэсэгт “эрүүл, аюулгүй орчин амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, мөн хуулийн 18 дахь хэсэгт “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, ....эрхтэй” гэж заасныг тус тус зөрчиж бидний эрүүл аюулгүй орчинд мал аж ахуйгаа эрхлэн амьдрах эрхэд халдаж “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай” шийдвэр гаргасныг үндэслэн Аймгийн засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн   30.1, 30.3   дахь  хэсгийг  тус  тус  зөрчиж,  илт  хууль бус захиргааны гэрээ байгуулж малчин иргэн миний эрх ашгийг ноцтой хөндсөн байна. Үүнд:

Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн .. дугаар тогтоолын 3 дахь хэсэгт: Маршрутын дагуух орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж барих, засварлах арчилж хамгаалах талаар аж ахуй нэгж байгууллагад үүрэг, чиглэл өгч биелэлтийг нь хангуулах, орон нутгийн чанартай зам ашигласны төлбөр тогтоож, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, уг маршрутын дагуу аж ахуйн нэгж тус бүрт бүтээгдэхүүн тээвэрлэх маршрут батлаж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ц.М/-д үүрэг болгосугай гэжээ.

Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлд Аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг заасан байх бөгөөд орон нутгийн чанартай зам ашигласны төлбөр тогтоох эрх аймгийн засаг даргад олгогдоогүй ба мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт уг эрх нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгогдсон байтал аймгийн засаг даргад үүрэг болгож буй нь хууль бус үйлдэл юм.

Ийнхүү хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай” .. дугаар тогтоолыг үндэслэн Аймгийн засаг дарга болон “И- К” ХХК нар нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” буюу захиргааны гэрээ байгуулсан байна.

Уг гэрээний 2.1-д заасан нэр бүхий 7 аж ахуй нэгж компаниуд нь тус гэрээний 3.8-д “Компани нь Нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон орчин бий болгох, маршрутын дагуу авто замыг засварлах, арчлахад нь зориулж Аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн ... тоот төрийн сангийн дансанд аймгийн нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч буй нэгж тээврийн хэрэгсэл тутмаас 20.000 /хорин мянга/ төгрөгийг тооцон төлбөр тооцоог cap бур хийнэ” гэж заасан байна.

Үүнээс харвал Аймгийн засаг дарга нь хүчин төгөлдөр бус дээрх тогтоолын дагуу орон нутгийн чанартай замаар тогтоосон маршрутаар ашигт малтмал буюу нүүрс тээвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэл тутмаас cap бүр 20000 төгрөгийн төлбөр авахаар тогтоосон байгааг олж мэдлээ.

Гэтэл Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ" гэж заасан байтал аймгийн Засаг дарга нь аж ахуй нэгж, хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөр авч буй явдал нь хууль бус үйлдэл болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “..нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно” гэж зааснаар төлбөрийн хэмжээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, уг тогтоосон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймгийн Засаг дарга баталж мөрдүүлэх атал захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан байна.

Дээрх гэрээнээс үүдэн нэр бүхий аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслүүд манай Х, Ө, С, Г, Б сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх орон нутгийн чанартай авто замаар нүүрс тээвэрлэж, их хэмжээний шороо тоос босгож байгаа нь зам дагуу оршин суугаа иргэн миний болон мал сүрэг амьдрахад хүнд нөхцөлд оруулж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлгүй болгож, орчны бохирдол үүсгэж, байгалийн тэнцэл алдагдахад хүргэж байгаа гол үндэслэл болж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан байх тул 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай Дундговь аймгийн Засаг дарга болон “И-Кк” ХХК нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” болох захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Дундговь аймгийн Засаг дарга болон И-К ХХК нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” болох захиргааны гэрээ нь нэхэмжлэгчийн хууль ёсны  эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид болон Засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу орон нутгийн иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргээ өдөр тутмын үйл ажиллагаа, гаргасан шийдвэртээ тусгаж ажилладаг болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн түүнчлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид болон Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18, 19, 20, 29 дүгээр зүйлд заасанчлан орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байдгийг дурдахыг хүсч байна.

Аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.(а)-д зааснаар “хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” үүргийнхээ дагуу Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот тогтоолыг хэрэгжүүлж, хуульд заасан бүрэн эрх, үүргийнхээ хүрээнд ажилласан ба үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Уг тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхлэлтэй ашигт малтмалын тээврийг Дундговь аймгийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх маршрутыг баталсан бөгөөд замын маршрутыг аж ахуйн нэгж байгууллагад танилцуулах, байнгын хяналт тавьж ажиллах, орон нутгийн чанартай замын засвар арчлалтыг хангуулах, орон нутгийн чанартай зам ашигласны төлбөр тогтоож төсөвт төвлөрүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дээрх маршрутад нэмэлт оруулан тогтоохдоо байгалийн тогтоц, уул, усны эх, гол горхигүй газар байх шаардлагыг хангасан зэргээр холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаан дээр үндэслэн шинээр зам гаргахгүй байх хуучин тээвэрлэлтийн замыг ашиглах чиглэлийг барьж, Хулд сумаас Өлзийт сумын Дэрт багийн нутаг М ХХК-ын уурхайн олборлолтын замд нийлүүлэх, Баянжаргалан сумаас 25 дугаар зөрлөг рүү салж явах замыг нэмж оруулсан. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1-д заасны дагуу орон нутгийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бага байлгах, харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр юм.

Аймгийн Засаг даргын зүгээс нэг талаас иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийг хангаж, батлагдсан маршрутын дагуу тээврийн үйл ажиллагааг зохион байгуулах, нөгөө талаас тээврийн компаниудыг сахилга хариуцлагатай байлгах, орон нутгийн байгууллага, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг тодорхой байлгах нөхцөлийг хангах зорилгоор Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр орон нутгийн чанартай авто замыг зорчигч болон ачаа тээврийн зорилгоор ашиглах эрхтэй бөгөөд уг авто замаар ашигт малтмал тээвэрлэх үйл ажиллагаа нь “И-КХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ”-ээс ч өмнө хэрэгжиж байсан, хэд хэдэн уул уурхайн болон тээврийн компанитай ижил төрлийн гэрээг байгуулан ажиллаж байна.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй ийнхүү гэрээ байгуулах үндсэн шалтгаан нь тухайн аж ахуйн нэгжийг хариуцлагажуулах, бүртгэлжүүлэх, орон нутгийн удирдлага болон иргэдийн өмнө тодорхой үүрэг хүлээлгэх буюу хууль тогтоомж, стандарт шаардлагыг биелүүлэхийг шаардах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд нөлөөлөх байдлыг хамгийн бага түвшинд байлгах, замын засвар арчлалт, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийлгэх үүргийг аж ахуйн нэгжид хүлээлгэх зорилготой. Хэрэв энэхүү үүргээ зөрчвөл орон нутгийн удирдлагын зүгээс харьяалах нутаг дэвсгэр дээр тээвэр гүйцэтгэхийг хориглох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм.

Батлагдсан маршрутаар нүүрс тээвэр гүйцэтгэх нөлөөллийн бүсэд амьдран сууж байгаа малчид, иргэдийн нийгмийн асуудлыг сумын засаг захиргаа болон тээвэр гүйцэтгэж буй аж ахуйн нэгж нь шат дараатай шийдвэрлэхээр арга хэмжээ авч ажиллаж байгаа болно.

“Аймгийн Засаг дарга нь аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөр авч буй явдал нь хууль бус үйлдэл болох нь тогтоогдож байна” гэжээ. Нүүрс тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл тутмаас cap бүр 20,000 төгрөгийн төлбөр авах асуудал Тэргүүлэгчдийн хурлын үеэр хэлэлцэгдсэн асуудал бөгөөд Засаг даргын зүгээс төлбөрийн хэмжээг дур мэдэн тогтоосон зүйл байхгүй тул Авто замын тухай хуулийн 30.1-д заасан нөхцөлийг зөрчөөгүй болно.

Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т аймгийн засаг дарга нь ‘Авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх”, 12.1.3-т “орон нутгийн чанартай авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх,   зарцуулах  ажлыг зохион байгуулах”,  12.1.4-т “орон нутгийн төсвийн

хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах”, 12.1.5-д “орон нутгийн чанартай авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэвгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах” бүрэн эрхтэй.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Авто замын тухай хуулийн 30.1 -д заасанд нийцэж гарсан, аймгийн Засаг дарга нь дээр дурдсан хуулийн заалтын дагуу гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан бөгөөд үүнд хууль бус ямарваа санаа, зорилго, үр дагавар байхгүй, хувийн хэвшлийн компанийг хариуцлагажуулж, гэрээ байгуулж ажилласан нь хуулийн зөрчил үүсгэхгүй, И-КХХК болон бусад тээврийн компанитай байгуулсан гэрээг цуцлах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Б.Таас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан “2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн .. дугаартай Дундговь аймгийн Засаг дарга болон И-К ХХК нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” болох захиргааны гэрээ нь нэхэмжлэгчийн хууль ёсны  эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж мэдэгдсэн ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар түүнд хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулсан болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг   66.1-т   заасныг   баримтлан    нэхэмжлэгч    Б.Таас   Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Дундговь аймгийн Засаг дарга болон И-К ХХК нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” болох захиргааны гэрээ нь нэхэмжлэгчийн хууль ёсны  эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              В.Ц