Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 385

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020745 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Миний зах” дэлгүүрт камер хянагч ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүийн хамт оршин суух, ялгүй, М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М  согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “ЛМ” нэртэй караокед хохирогч А.Отгонбаярыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад би үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Уг бол би хохирогчийг зодъё гэж зодоогүй, хүнтэй андуураад зодсон. Гэхдээ би хохирогч Отгонбаярыг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Аюушийн Отгонбаяр “... 2017 оны 3 дугаар сарын 12-ны орой өөрийн ажлын залуу Болдоо, Батнасан, Төгөлдөр нарын хамт хорооллын “Аз” хүүхдийн их дэлгүүрийн замын урд байрлах ЛМ нэртэй караокед үйлчлүүлсэн. Хамгийн сүүлд Болдоо ах бид хоёр караокены өрөөндөө үлдсэн ба бусад нь гэртээ харихаар явсан байсан. Ингээд шөнийн 00 цаг өнгөрсөн байсан санагдаж байна, би ганцаараа караокены ариун цэврийн өрөө рүү ороод хүндэрчихээд хаалгаа нээгээд гарч иртэл 00-ын өрөөнд орж ирсэн байсан 2-3 залуугийн нэг нь миний өөдөөс ирж нүүр рүү гараараа ямар нэгэн шалтгаангүйгээр цохисон. Би тэр үед арагш савж унасан ба намайг газар унасан байх үед дээрээс өшиглөж 2-3 уулаа нийлж цохиж зодож эхэлсэн. Тэр үед эрэгтэй 00-д нэг эмэгтэй хаалга шагайгаад наад эрэгтэй чинь биш байна шүү дээ, та хэд болиоч ээ гэж хэлтэл нөгөө залуус намайг зодохоо болиод гараад явчихсан. Би газар хэсэг хэвтэж байгаад 00 өрөөнөөс гартал нөгөө залуус байхгүй байсан. Би караокены текэн дээр зодуулсан байдалтай хамраасаа цусаа гойжуулаад очиход текны ард сууж байсан нэг залуу чамайг зодсон залуучууд олдоно оо, наадуул чинь хажуу талын миний захын ажилчид байгаа юм гэж хэлсэн. Тэр үед караокед нэг эмэгтэй зөөгч, хоёр залуу мөн надад намайг зодсон залуусыг танина гэж байсан залуутай нийтдээ 4 хүн байсан. Намайг зодсон залуусыг танина гэж байсан залууг нөгөө хоёр залуу нь чи дуугүй байж бай гээд байсан. Ингээд би цагдаа дуудаж дуудлагын дагуу хоёр цагдаа ирсэн. Тэр үед намайг цагдаа дээр очиж өргөдөл гаргаарай гэж хэлээд явсан. Харин би Гэмтлийн эмнэлэгт очоод цагдаад өргөдлөө өгсөн.

Намайг нийтдээ 2-3 хүн цохиж зодсон гэж бодож байна. Ямар ч байсан 3 хүн байсан. Тэр үед нэг эмэгтэй орж ирээд хаалга шагайгаад намайг зодож байсан залуусыг та нар хүн андуураад байна, хүн аллаа шүү дээ, боль гэж хэлсэн ба араас нь хэсэг залуус орж ирээд салгасан. Ингээд бөөнөөрөө гараад явсан ба гарсаныхаа дараа кордорт муудалцаад байсан. Харин би 00-ын өрөөнөөс гараад тек рүү шууд явж очсон. Намайг зодуулж байх үед хараад болиоч гэсэн эмэгтэй тухайн караокены хажуу талын Миний зах дэлгүүрийн кассан дээр зогсдог эмэгтэй байсан. Мөн тухайн залуус ч гэсэн Миний зах дэлгүүрт ажилладаг юм байна лээ. Би тэдгээр залуустай маргалдаж муудалцсан зүйл байхгүй, би царайг нь ч харж амжаагүй цохиулаад л газар унаад, намайг газар унасан байх үед дээрээс цохиж зодож эхэлсэн. Намайг зодсон залууст би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан болон гарах төлбөр мөнгөө гаргуулмаар байна” /хх-н 8-9/,

“... миний толгой хавдаж, хамар хугарч, уруул бага зэрэг язарсан, шанаа болон баруун чихний ар хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Миний биед учирсан гэмтлийг М  гэх залуу учруулсан. Тэр залуу намайг 00-ын өрөөнөөс гарах гэж байхад шууд л өөдөөс нүүр рүү цохиж авахад би газар унасан. Тэгэхэд дээрээс толгой руу өшиглөсөн. Намайг яг хэдэн хүн зодсонг би мэдэхгүй байна, гэхдээ би эхэндээ бол М  намайг цохиод газар унагах үед хажуу талд нь 2-3 эрэгтэй бас байсан. Тэгэхээр нь би тэд нар намайг нийлж байгаад зодчихлоо гэж бодсон. Харин дараагаар нь М той уулзаж ярилцахад намайг ганцаараа зодсон гэж хэлж байсан учраас М  намайг ганцаараа зодсонг нь мэдсэн юм. Би нилээн согтсон байсан. Намайг хүнтэй андуураад л зодчих шиг болсон. Намайг 00-ын өрөөнөөс гарахад өөдөөс шууд М  гараараа хамар руу цохиход нь би газар унасан. Тэгээд л толгой руу өшиглөж байхад гаднаас нэг эмэгтэй хаалга онгойлгоод наад эрэгтэй чинь биш байна шүү дээ гэж хэлэхэд намайг зодохоо больсон. М  намайг цохиж авах үед хажуу талд 2-3 эрэгтэй хүн байх шиг байсан. Миний биеийн байдал одоо зүгээр болсон. Тухайн караокед эрэгтэй, эмэгтэй ажилчид байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. М  надад өөрөө эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг өгье гэсэн эхний ээлжинд надад 250.000 төгрөг өгсөн учир дараа М оос эмчилгээний зардлын үлдэгдэл 350.000 төгрөг авахаар болсон. Надад одоо шууд гаргаад үзүүлчих эмчилгээний баримт байхгүй. М  надаас уучлалт гуйсан би ч гэсэн М ийг уучилсан, бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн”  /хх-н 38/ гэж,

гэрч Пүрэвдоржийн Мөнхзул “... 2017 оны 3 дугаар сарын үед манай дэлгүүрийн эрэгтэй, эмэгтэй ажилчид бөөнөөр ярилцаад удахгүй болох гэж байсан эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баяраа дунд нь буюу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шинэ жил тэмдэглэсэн ЛМ нэртэй караокены газар орохоор болоод орой 22 цагийн үед дэлгүүрээ хаагаад дэлгүүрийн бүх ажилчид караокед ороод хамгийн том өрөөнд нь орсон. Ингээд архи согтууруулах ундааны зүйл хэрэлээд дуулж байх үед хэдэн цаг болж байсан талаар сайн мэдэхгүй байна, намайг өрөөнд дуулаад сууж байх үед над дээр манай дэлгүүрийн касс Золзаяа гаднаас орж ирээд зодоон болоод байна гэж хэлсэн. Хэн хэнтэй зодолдож байгааг хэлээгүй. Би гараад эрэгтэй 00-н өрөө ороход Эрдэнэтогоо болон Лхагвадорж нар эрэгтэй, эмэгтэй 00-н өрөөний гадна гарчихсан Тэнхэлүүнийг дуудаад гараад ир зодолдьё гээд зогсож байсан. Харин Тэнхэлүүн, М , Шинэтогтох нар эрэгтэй 00-н өрөөнд зогсож байсан ба Тэнхэлүүн нэг талынхаа нүүр рүү цохиулчихсан байсан. Тэр үед Хүрэл-Солонго гаднаас орж ирээд Тэнхэлүүнийг барьж аваад эмэгтэй 00-н өрөөнд оруулаад алгадаж цохиж зодсон. Ингээд Тэнхэлүүнийг би Хүрэл-Солонгоос салгаж аваад караокены өрөөнд орсон. Тэгээд би буцаж караокены өрөөнд ороогүй. Хэсэг хугацааны дараа караокены залуу орж ирээд “та нартай хамт явж байсан залуус хүн зодчихлоо” гэж хэлсэн. Би зодуулсан гэх залуугийнх нь өрөө рүү ороход манай хажуу талын өрөөнд байсан 2 залуугийн нэг болох хар өнгийн польтотой залуу хамар руугаа цохиулсан бололтой хамрын хажуу талд нь цус болчихсон байсан. Тэр үед нь би өөрийнхөө утасны дугаарыг тухайн залууд өгөөд ямар нэгэн зүйл болвол энэ дугаар руу залгаарай гэж хэлээд бүх ажилчид аа аваад караокеаас гарч хөлсний тэргэнд суулгаад хамгийн сүүлд нь би ганцаараа үлдэж, гэртээ харьсан. 00-н өрөөнд зодуулсан гэх залуу хэн хэнд зодуулсан талаар мэдэхгүй байна. Тэрийг Золзаяа кассчин сайн мэдэж байгаа байх” /хх-н 11/ гэж,

гэрч Чулуундоржийн Золзаяа “... 2016 оны 12 сараас эхлэн Миний зах дэлгүүрт кассчин хийж байгаа. 2017 оны 3 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед ажил тарахад манай дэлгүүрийн ажилчид эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглээгүй юм чинь нэг мөсөн дунд нь тэмдэглээд караокед оръё гээд бөөнөөрөө хажуу талын ЛМ нэртэй караокед орцгоосон. Ороод бөөнөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би архи уудаггүй болохоор жаахан уугаад согтсон. Ер бол тасарсан, нэг мэдэхэд тасарсан унтаж байсан. Тэр дэлгүүрт манай ээж Шинэтогтох ногооны худалдагчаар ажилладаг. Мөн караокед цуг орсон болохоор намайг аваад харьсан байсан. Маргааш нь ажил дээр ирээд 00-н өрөөнд Тэнхэлүүн, Лхагвадорж, Эрдэнэтогоо нарыг хоорондоо зодолдсон гэж ярьж байсан. Харин өчигдөр манай дэлгүүрт цагдаа ирээд явсны дараа 00-н өрөөнд өөр өрөөний хүнтэй зодоон хийсэн байсан. Тэр зодооныг Золзаяа салгасан байна гэж ярьж байсан. Би тэр талаар санахгүй байна. Би архи уугаад тасарсан байсан” /хх-н 13/ гэж,

гэрч Санжмятавын Батмөнх “... манайхаар Миний захын ажилчид бөөнөөрөө орж үйлчлүүлсэн ба эсрэг талын өрөөнд нь хоёр залуу үйлчлүүлж байсан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад нэг залуу хамраа дараад текний урдуур явахаар нь би юу болов оо гэхэд 00-ын өрөөнд зодоон болж байна гэж хэлэхээр нь би 00-ын өрөөнд ороход Миний захын хоёр ажилтан хоорондоо барилцаж авчихсан байхаар нь би салгаад тухайн үед Миний захын ажилтнуудыг хариуцаж байсан эмэгтэйд танай ажилчид чинь хоорондоо зодолдоод байна гэж хэлэхэд хэдэн хүүхнүүд гарч ирээд уг хоёр залууг салгаад аваад явсан. Миний захын залуучуудын орсон өрөөний эсрэг талын өрөөнд байсан хоёр залуугийн нэг залуу нь Миний захын ажилтанд цохиулсан байсан. Нийт 8 өрөөтэй бөгөөд 2 өрөөнд нь л үйлчлүүлэгч нар байсан. ВИП-2 өрөөнд нь Миний захын ажилтнууд ВИП-1 өрөөнд нь хоёр залуу байсан. Тухайн хоёр залуугийн яг хэн нь зодуулсанг мэдэхгүй, ямартай ч нэг залуу нь зодуулсан, харин уг зодуулсан залууг яг хэн цохиж авсанг мэдэхгүй байна. Зодоон 00-н өрөөний дотор талд болсон. Зодооныг яг харсан хүн бол байхгүй байхаа. Нэг залуу цохиулчихлаа гээд хамраа дараад 00-ын өрөөнөөс гарч ирээд текний урдуур явахаар нь би 00-ын өрөөнд орсон юм. Одоо харвал танихгүй яагаад гэвэл аль 3 сарын асуудал учраас. Би зурагтай лавлагааг харлаа энэ хүн мөн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна би тухайн үед байсан залуучуудын царайг санахгүй байна. Миний захын эрэгтэй ажилчид нь нилээн их согтчихсон байсан харин нөгөө хоёр залуу бас нилээн согтчихсон тооцооны мөнгөгүй гээд сууж байсан. Нэг залуу нь 00-ын өрөө рүү явж байхад нөгөөдөх нь караокены өрөөн дотор унтаж байсан” /хх-39-40/ гэж,

гэрч Доржсүрэнгийн Зэсэм “... М  нь манай нөхөр. ... шөнө 3-4 цагийн үед гэртээ ирэхдээ их согтолттой байсан. Өмссөн ногоон өнгийн хавар намрын куртик нь энгэр хэсгээрээ урагдсан, цус болчихсон байсан ба өөрийнх нь царай төрх нь зүгээр байсан мөртлөө баруун гарын хуруунууд нь үе хэсгээрээ шалбарсан байсан. Орж ирээд ямар нэгэн зүйл ярилгүй унтсан. Харин маргаан өглөө сэрэх үед нь юу болсон талаар асуухад манайхан маргалдсан юм шиг байна лээ гэж хэлсэн. Яг тодорхой ямар хүнтэй маргалдаж муудалцсан болох талаараа хэлээгүй. Өдөр нь ажилдаа явсан. Түүнээс хойш тэр асуудлын талаар яриагүй байсан ба цагдаагийн байгууллагаас манай нөхрийг хүн зодсон асуудлаар шалгаж эхэлсэн гэдгийг нөхрөөсөө мэдсэн. Өөрөөс нь асуухаар ямар хүнтэй маргалдаж муудсан талаар санахгүй байна гэж байсан” /хх-н 14-15/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч А.Отгонбаярын гэмтэлтэй холбоотой “А.Отгонбаярын биед дагз, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт, хамрын ясны хугарал, таславч, таславчийн мурийлт, баруун шанааны зулгаралт, баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-н 17/ гэсэн 3751 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч М д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Тухайлбал, тэрээр урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 44/, түүний ажил байдлын талаарх “Миний” ХХКомпаний тодорхойлолт /хх-н 46/, гэрч Доржсүрэнгийн Зэсэмийн “... М  нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2012 онд анх танилцаж, тэр цагаас эхлэн хамт амьдарч эхэлэсэн ба 2015 оны 11 дүгээр сард охин Нандинцэцэгийн төрүүлж байсан. Одоо 7 сартай жирэмсэн 2 дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа. Манай нөхөр М  нь зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархаг, ажилласаг. М ын аав ээж нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдардаг тэтгэврийн насны хүмүүс. Улаанбаатар хотод М ын төрсөн ах эгч 2 нь гэр бүлтэйгээ амьдардаг. Манай нөхөр урьд өмнө өөр хүнтэй гэрлэж амьдрал зохиож байгаагүй” /хх-н 14-15/ гэсэн мэдүүлэг зэрэгт тусгагджээ.

Шүүгдэгч М  бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч А.Отгонбаярын зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч М  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. М  торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. М  бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Отгонбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч М  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ