Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2024/00193

 

 

 

 

 

  

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ж.Д-ийн,

Б.Эыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Монгол Улсын иргэн Ж.Д нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Б.Этой Зээлийн гэрээ байгуулан 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 20,000,000 төгрөгийг зээлсэн. Улмаар 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б.Этой Барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, 68/3 дугаар байр 7 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069669 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд Ж.Д нь зээлийн гэрээнд заасан үнийг төлж барагдуулсан боловч Б.Э нь барьцааны зүйлийг чөлөөлж өгөөгүй байгаа болно. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хавсаргасан иргэн Б.Эын иргэний үнэмлэхний хуулбараас үзэхэд иргэн Б.Э нь Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13 дугаар гудамж, 1846 тоотод оршин суудаг болох нь харагдаж байсан тул 2023 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Эт холбогдуулан ...Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, 68/3 дугаар байр 7 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069669 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах... гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 102/Ш32024/00874 дугаартай захирамж гаргасан бөгөөд уг захирамжийнхаа үндэслэх нь хэсэгт ...Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннарангийн 13 дугаар гудамж, 1846 тоотод хариуцагч Б.Э оршин суудаггүй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар иргэн Ж.Дгийн нэхэмжлэлтэй иргэн Б.Эт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ж.Дд байгаа баримтад иргэн Б.Эын өөр хаяг байхгүй тул Б.Эыг эрэн сурвалжлуулахаас өөр боломжгүй болоод байна. Иймд Монгол улсын иргэн регистрийн ...................дугаартай, Дэлгэр ургийн овогт Б.Эыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ .

Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Ж.Д, Ч.М. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний  хуулбар, мөн өдөр байгуулагдсан барьцааны гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2024/00874 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай захирамж, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн Б.Эын оршин суугаа газрын хаягийн бүртэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ж.Дгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Ж.Дгийн шүүхэд гаргасан иргэн Б.Эыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад зааснаар шүүхээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэг байх тул тус хуулийн 155 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хянан шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Хүсэлт гаргагч Ж.Д нь иргэн Дэлгэр овогт Б.Эт холбогдуулан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байр, 7 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069669 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ж.Дгийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийг хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа хийх явцад хариуцагч Б.Э нь Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннарангийн 13 дугаар гудамж, 184б тоот хаягт оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогджээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч Б.Эын оршин суугаа газар тодорхойгүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дгийн, хариуцагч Б.Эт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн Б.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Б.Э нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 25 дугаар гудамж, 18 тоот хаягт оршин суудаг гэх лавлагаа ирүүлсэн боловч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга нь иргэн Б.Эыг тус хаягт оршин суудаггүй болохыг мөн тодорхойлжээ.

Ийнхүү иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Б.Эын оршин суугаа газар мэдэгдэхгүйн улмаас хүсэлт гаргагч Ж.Д нь түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, зээлийн гэрээнээс үүдэлтэй маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.Дгийн хүсэлтийг хангаж, иргэн Б.Эыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.  

Хүсэлт гаргагч Ж.Дгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дэлгэр овогт Б.Э (РД:................ 1)-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэн Б.Эын оршин суугаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Ж.Д /Утас:..................... /-д мэдэгдэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА