Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2024/00433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: М . Хаяг:Б аймаг, Б  сум, 4 дүгээр багт оршин суух,

 

Хүсэлтийн  шаардлага: Б аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 9 дүгээр сарын 01-ээс 1992 оны 7 дугаар сарын 15-ны хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М /Б  сумаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчаас түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч М аас тус аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 9 дүгээр сарын 01-ээс 1992 оны 7 дугаар сарын 15-ны хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие хүсэлт гаргагч М ы төрсөн дүү нь юм. Би эгчээс олгосон итгэмжлэлийн дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Миний төрсөн эгч М  нь 2024 оны 2 сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Өндөр насны тэтгэвэрт гарахад Б  сумын хүүхдийн цэцэрлэгт ажилласан жил нь ажилласан жилд тооцогдоогүйн улмаас шүүхэд хандсан.

1.2 Хүсэлт гаргагч М  нь 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б  сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажилд орж улмаар 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр сургууль сурахаар болж ажлаас чөлөөлөгдсөн байна.

1.3 Тус сумын хүүхдийн цэцэрлэгийн архиваас цалин хөлсний баримт нь гарсан боловч ажилд томилж, чөлөөлсөн тушаал нь гарахгүй байгаагийн улмаас энэхүү ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.

1.4 Иймд шүүхээс хүсэх нь хүсэлт гаргагч М ы тус аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 9 дүгэр сарын 01-ээс 1992 оны 7 дугаар сарын 15-ны хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсныг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, Б  сумын хүүхдийн цэцэрлэгийн цалингийн хүснэгт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчаас 2024.03.14-ний өдөр  Т.Мэндсүрэнтэй олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШЗ2024/01208 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 196 тоот албан бичгээр Б д олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 478, 479 дугаартай албан бичиг, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 511 дүгээр албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 404 дугаартай албан бичгээр ирүүлсэн М  болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 118 дугаартай албан бичиг, Б аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаар албан бичгээр ирүүлсэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаартай тушаалын хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хүсэлт гаргагч М  нь 2024 оны 2 сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Өндөр насны тэтгэвэрт гарахад Б  сумын хүүхдийн цэцэрлэгт ажилласан жил нь ажилласан жилд тооцогдоогүй бөгөөд тус сумын хүүхдийн цэцэрлэгийн архиваас цалин хөлсний баримт нь гарсан боловч ажилд томилж, чөлөөлсөн тушаал  гарахгүй байгаагийн улмаас энэхүү ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэжээ.

6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

6.1 Б аймгийн Б  сумын 8 жилийн сургуулиас 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон №00 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Т , нэр М , 1969 онд төрсөн, дунд боловсролтой, Хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэг гэдэг дээр М  гэж бичсэн, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Б аймгийн Б  сумын 8 жилийн сургуулийн захирал М гэж бичиж тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан байна. Уг дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд Б аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 9-р сарын 11-ний өдрийн 8 тоот тушаалаар 1989 оны 9 дүгээр сарын 01-ээс тус цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн туслахаар томилж, мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 07 тоот тушаалаар 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр А  аймгийн багш нарыг бэлтгэх коллежид явсан тул үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж тус цэцэрлэгийн тамгыг дарж баталгаажуулсан ба энэ нь Б аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 8 тоот тушаалаар тус цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажилд томилогдсон болох нь  тохирч байна.

6.2 Б аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаар албан бичгээр ирүүлсэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “ажилд хүн авах тухай” 8 тоот тушаалын нэг дэх заалтад хүүхдийн цэцэрлэгийн дунд бүлгийн хүмүүжүүлэгчийн туслахаар 1989 оны 9 дүгээр сарын 01-ээс Т  овогтой М ыг томилсон байна.

6.3 Тус хүүхдийн цэцэрлэгийн цалингийн хүснэгтийн 1990 оны 2 дугаар сарын цалингийн ажилчдын нэрсийн жагсаалтын 10-рт М , хүмүүжүүлэгчийн туслах, ажилласан хоног 23, сарын цалин 245 төгрөг, 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цалингийн ажилчдын нэрсийн жагсаалтын 8-рт М , ажилласан хоног 14, үндсэн цалин 250 төгрөг, 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн цалингийн ажилчдын нэрсийн жагсаалтын 8-рт М , ажилласан хоног 24, үндсэн цалин 250 төгрөг, 1992 оны 5 дугаар сарын цалингийн ажилчдын нэрсийн жагсаалтын 7-рт М , ажилласан хоног 26, үндсэн тогтмол цалин 890 төгрөг гэж тус тус бичигдэж тухайн үед хүлээж авч гарын үсэг зурж байсан зэрэг бичгийн нотлох баримт авагдсан болно.

7.Дээрх үйл баримтыг харьцуулан үнэлэхэд хүсэлт гаргагч М ы Б аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 9 дүгэр сарын 01-ээс 1992 оны 7 дугаар сарын 15-ны хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.

8.Иймээс хүсэлт гаргагч М  нь аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгт  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

9.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан М ы Б аймгийн Б  сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 9 дүгэр сарын 01-ээс 1992 оны 7 дугаар сарын 15-ны хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЖАРХЫНГҮЛ