| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 184/2021/03157/И |
| Дугаар | 101/ШШ2024/02122 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/02122
| 2024 04 18 | 101/ШШ2024/02122 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/-т холбогдох
Гэм хорын хохиролд 15,558,705 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******, иргэдийн төлөөлөгч Б.Оюунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: дүүргийн 17-р хороо, Их Монгол улсын гудамж, ******* хотхоны нутаг дэвсгэрт 2019 оны 12-р сарын 26-ны оройн 1800 цагийн орчимд иргэн С.******* нь приус-30 маркийн, УБК- ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явж байхдаа ******* СӨХ-ны нэгдсэн зогсоолын хаалгыг мөргөж 15,558,705 төгрөгийн хохирлыг учруулсан. Тухайн үедээ СӨХ-өөс цагдаа дуудсан, С.******* болон түүний аав, ээж, ах нь гэх хүмүүс хохирлыг төлнө, барагдуулна, цагдаа шүүхээр яваад хэрэггүй гэж гуйсан учраас ******* СӨХ-өөс түүнд итгээд учруулсан хохирол төлбөрөө төлөхийг хүлээсэн, энэ хугацаанд СӨХ-ны нэгдсэн зогсоолын мэдрэгчтэй хаалганы хохирлын үнэлгээг ХХК-р үнэлүүлэхэд 20,565,630 төгрөг гарсан, дараа нь дахин үнэлгээ хийлгэж 15,558,705 төгрөгийн үнэлгээгээр засварлуулна гэсэн тул энэ талаар С.*******т мэдэгдэхэд төлбөр төлөөгүй, зугтааж, олдохгүй маш их хугацаа алдаж өнгөрөөсөн. Мөн иргэн С.******* нь энэ хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байсан тул түүнийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргаж, цагдаагаар эрэн сурвалжлуулж ******* дүүрэг, 16-р хороо, 41А-22 тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Нэхэмжлэлд түүнийг олж тогтоосон баримтуудыг хавсаргасан байгаа. Эрүүгийн хэрэгт байцаагчид С.******* нь мэдүүлэг өгөхдөө мөн ******* дүүргийн дээрх хаягт оршин суудаг, амьдардаг гэсэн баталгаа гаргаж өгсөн байдаг.
******* СӨХ нь дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст С.*******т холбогдуулан гомдол гаргасан боловч ******* СӨХ-д хохирол учруулсан тогтоогдож байх боловч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан. Энэ хугацаанд тус байрны оршин суугчид нэгдсэн зогсоолын хаалгыг (мэдрэгчтэй) хурдан засварлаж хэвийн болгохыг шаардаж байсан тул СӨХ-с ХХК-р гаражийн хаалгыг засварлуулж засвар үйлчилгээний төлбөрт 15,558,705 төгрөг төлсөн болно.
Иймд иргэн С.*******ээс ******* СӨХ-ны нэгдсэн зогсоолын (мэдрэгчтэй) хаалгыг мөргөж гэмтээсэн хохиролд 15,558,705 төгрөгийг гаргуулж, ******* СӨХ-г хохиролгүй болгож өгнө үү.
1а. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хариуцагч нь СӨХ-н 526 байрны гаражийн хаалгыг мөргөж гэм хор учруулснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Хариуцагч нь хохирлоо төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Анх Хан уул дүүрэгт гаргаад хаяг тодорхойгүй гээд эрэн сурвалжилсан. Улмаар ******* дүүрэгт хаягтаа гээд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүрэгт оршин суудаг гээд хэрэг шилжиж ирсэн. Орон сууц нь үргэлжилсэн урт орон сууц бөгөөд гаражийн хаалга нь нэг хаалга байдаг. Мөргөсөн хаалга нь гэм хор учрахын өмнө 2019 оны 11 сард ашиглалтад орсон. Дотор талаараа мэдрэгчээр, гадна талаасаа чипээр онгойдог. Гадна зам нь хальтаргаанаас хамгаалсан барзгар юм. Мөн чипээр нэвтрэх анхааруулах тэмдэглэгээтэй. Гэтэл хариуцагч нь чипгүй бөгөөд өмнөх машины араас амжиж орох гэж байгаад автомат хаалга хаагдсан. Чипгүй тул хаалга автоматаар хаагдаж улмаар хаалгыг мөргөж эвдэлсэн. Үүнийг харуул камераар хараад очсон. Ингээд СӨХ-н ажилтан очсон. Улмаар замын цагдаа дуудсан. Энэ үед хариуцагч нь машиныг зогсоол дээрээ аваачаад тавьчихсан байсан. Цагдаа ирээд танай оршин суугч тул эвлэрэх боломжтой гэсэн. Мөргөсөн үеийн зургийг нь авсан байгаа юм. Менежерийн хувийн эд зүйл биш тул шууд эвлэрэх боломжгүй байсан тул хохирлоо тооцох болсон. Хариуцагч нь хохирлоо төлнө гэж хэлсэн. Маргааш нь хариуцагчийн ээж, ах гэх хүмүүс төлбөрөө төлнө гэж байсан. Үүний дагуу СӨХ үнэлгээ хийлгэж засварын газар хандсан. Үүний дагуу 20,5 сая төгрөгийн засварын үнийн санал ирсэн. Үүнийг хариуцагч болон гэр бүлийн хүмүүст танилцуулахад утсаа авахаа больсон. Бид төлнө гэсэн болохоор нь 1-2 сар хүлээсэн. Улмаар тааралдаад гэр бүлийн хүмүүст нь хэлэхэд манай хүүхэд биш гээд өөрсдөөсөө холдуулсан. Мөн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хариуцагч нь цагдаагийн байгууллагад мөргөснөө зөвшөөрсөн байдаг. Цагдаагаас томилсон шинжээч дүгнэлт гаргасан байдаг. Бид нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр засварыг хийлгэсэн. Учир нь орон суугчид шаардлага тавиад байсан юм. Иймд 15,558,705 төгрөг гаргуулна. Энэ мөнгөн дүн ажлын хөлстэй холбоотойгоор үнэлгээнээс бага зэрэг зөрдөг. Хариуцагч нь замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулийг мөрдөх ёстой. Тухайн үед өвлийн улирал байсан. Анхаарал болгоомжтой явах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлээс болж хохирол учруулсан. Эдгээр нь баримтаар нотлогдсон. Хариуцагч нь цас мөстэй байсан гэж байна. Хариу тайлбартаа машины удирдлагаа алдсан гэдэг. Зургаас харахад мөстсөн зүйл харагддаггүй. Энэ нь 12 сар байсан тул анхаарал болгоомжтой байх үүрэгтэй. Манай СӨХ-ны цэвэрлэгээ үйлчилгээгээ өдөр тутам хийдэг. Тухайн үед давс цацчихсан байсан гэж хэлдэг. Хэрэв тийм их хальтаргаатай байсан бол бусад машин бас л хальтрах байсан. Гэтэл өөр машин осол гаргаагүй. Даатгалаа дуудах эсэх нь хариуцагчийн асуудал юм. Цагдаа дуудах уу гэж хариуцагч асуугаагүй, тэртэй тэргүй дуудчихсан байсан. Хариуцагч өөрөө зугтааж олдохгүй байснаас цаг хугацаа өнгөрсөн. Утсаар нь ярихаар өөрөө аваад тийм хүн байхгүй гэдэг. Цагдаа дээр бас л өөр зүйл ярьдаг. Манай нягтлан шууд тохиролцох боломжгүй юм. Прокурорын тогтоолыг хэрэгт өгсөн байгаа юм гэв.
2. Хариуцагч С.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Хан Хиллс” СӨХ-өөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.
Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргасан цагаас эхлэн болсон үйл явдлын талаар илт худал, хуурмаг зүйлийг нэхэмжлэлдээ дурдсан байна. Тиймээс болсон үйл явдлыг үнэн зөвөөр тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна.
Үйл баримтын тухайд: 2019-12-26-ны өдөр маш их цастай өдөр байсан. Миний бие уг өдрийн орой 18:00 цагийн үед ******* хотхоны 526 дугаар байрны авто зогсоол уруу орох үедээ зогсоолын хаалгыг мөргөсөн. Учир нь:
1. Нэхэмжлэл гаргаж буй СӨХ нь нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүйгээс ******* хотхоны 526 дугаар байрны авто зогсоолын орц, гарцын автозамын хэсэг маш ихээр мөстөж хүн ч тогтож зогсохын аргагүй байсан.
2. Уг зогсоолын хаалга нь хавтсан чип буюу удирдлагаар онгойдог бөгөөд заавал зогсоол уруу орсон тохиолдолд чипийг уншиж онгойдог байсан. Улмаар зогсоолын хаалгыг онгойлгох зорилгоор доош уруудахад зам дээр тогтсон их хэмжээний мөсөн дээр машин жолоодлого алдаж зогсоолын хаалгыг мөргөхөд хүрсэн.
Миний бие машиныг зогсоох арга хэмжээ авсан боловч хальтаргаанаас болоод машин зогсохгүй гулгасаар байсан. Ослын дараагаар миний бие ард зогсож байсан машины жолоочид хандаж хүн дуудаарай гэж хэлээд хүлээж байсан. Хэдэн минутын дараагаар тухайн СӨХ-т ажилладаг хүмүүс нь ирээд өөрсдөө хүртэл доошоо халтирч унаж байсан бөгөөд миний машиныг 5, 6 хүмүүс хойш нь арай хийж түлхэж зогсоолын хаалганаас холдуулсан. Тухайн үед ирсэн ажилчид “яана энэ хаалга саяхан бас нэг машин гулгаад мөргөсөн засуулаад удаагүй байгаа” гэж ярилцаж байсан.
Миний бие осол болсон даруйд цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үү гэж асуухад өөрсдөө хоорондоо ярилцаад эвээр шийдвэрлэе, цагдаа дуудах шаардлагагүй гэсэн тул миний бие эвээр шийдвэрлэх боломжтой юм байна гэж ойлгоод гэртээ орсон. Гэртээ орсон даруйд жолоочийн хариуцлагын даатгал хийсэн компанитай холбогдож болсон явдлын талаар мэдэгдэж даатгалын нөхөн олговор олгох боломжтой эсэх талаар асуусан. Тухайн үед надтай холбогдсон даатгалын газрын ажилтан авто зогсоолын хяналтын камерын бичлэг хэрэгтэй талаар надад хэлсэн.
Маргааш өдөр нь би санхүү хариуцсан хүн /нэрийг нь санахгүй байна/ нь уулзаад даатгалын газартайгаа холбогдсон, ослын газраас хөдөлсөн учир камерын бичлэг ээ явуулах хэрэгтэй байна, 5,000,000 төгрөгийн нөхөн олговор өгөх боломжтой гэснийг нь хэлэхэд санхүү хариуцсан тэр хүн нь за гайгүй ээ хэдүүлээ эвээр шийдье, би энэ хаалганы засвар хийдэг байгууллагатай уулзана санаа зоволтгүй гэж хэлсэн.
Маргааш өдөр нь СӨХ-нь 526 дугаар байрны зөвхөн авто зогсоол уруу орж, гардаг гарцын замын хэсгийг бүхэлд нь цэвэрлэсэн байсан.
СӨХ-ын зүгээс үүссэн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх санал, санаачилгыг гаргасан атлаа 1 жил гарангын дараа намайг хохирол учруулсан мэтээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан.
Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ осол болсон өдөр цагдаа дуудсан, намайг болон миний хамаарал бүхий хүмүүс хохирлыг төлнө, барагдуулна, цагдаа шүүхээр яваад хэрэггүй гэж гуйсан мэтээр илтэд худлаа зүйлсийг дурджээ.
Тухайн үед болсон осол дан ганц миний буруу үйлдэл бус нэхэмжлэгч нь СӨХ-ны үндсэн үйл ажиллагаагаа зөрчиж, замын зорчих хэсгийн цас, мөсийг цэвэрлээгүйгээс болсон. Мөн тухайн үед цагдаа болон даатгалын компанид дуудлага өгсөн тохиолдолд өөрсдөө буруутах байснаа мэдэж байсан учраас санаатайгаар эвийн журмаар шийдвэрлэнэ гэдэг үгээр намайг хуурч цагдаад дуудлага өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.
Тиймээс “Хан Хиллс” СӨХ-ийн хариуцлагагүй үйлдлийн улмаас үүссэн хохирлыг миний бие хариуцахгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
2а. Тухайн үед би чиптэй байсан. Машин гарсны дараа чип уншуулах гэхэд уншихгүй байсан тул доошоо буухад гулгаад мөргөсөн. Улмаар СӨХ-н хүмүүсийг дуудахад хальтарч унаж байсан. СӨХ хүн хүчгүй цас цэвэрлэх нь маш муу байсан. СӨХ замаа цэвэрлэдэггүй байснаас хаалга гэмтсэн. Би цагдаа дуудъя гэхэд яахын машиныг гаргая гээд гаргасан. Маргааш нь даатгалтайгаа яриад 5 саяыг өгөх боломжтой гэж хэлэхэд СӨХ яахын тохиролцъё гэсэн. Би 2 сая орчим л болох байх гэж бодож байтал 20 сая төгрөг нэхсэн. Өөрсдөө бүх зүйл өнгөрч цасаа цэвэрлэсний дараа мөнгө нэхэж байна. Би хүн авчраад засуулъя гэхэд засуулаагүй. Одоо хүртэл хаалга ажилладаггүй. Тэнд манай найз амьдардаг. Одоо хүртэл чип нь муу, ажилладаггүй. Намайг хууль мэдэхгүйг мэдчихээд дайраад байгаа нь хэцүү байна. Тухайн үед камерын бичлэгээ өгсөн бол даатгалаас 5 саяыг авч болох байсан. Даатгал камерын бичлэгээ аваад ир гэж байсан. Гэтэл өөрсдөө хариу үйлдэл үзүүлээгүй. Би хаяад зугтаагаагүй надаас 20 саяыг нэхсэн тул орхичихсон юм. Хаалга нь уруудаж ордог ба наана нь чип уншуулахад онгойх ёстой боловч онгойгоогүй. Өдөр нь цас хайлаад шөнө нь мөстдөг байсан. Хэрэв давс цацсан байсан бол мөргөхгүй байсан. Чип уншсан бол мөргөхгүй байсан. Миний өмнө ч гэсэн өөр хүн мөргөсөн гэсэн ба тэрнээс болоод хаалга гацсан байж магадгүй. Хаалгаа засуулсан гэх боловч мөргөсөн хаалга ажиллахгүй байсан. Цагдаад мэдүүлэг өгөхөд үнэлгээний тайлан байсан. Үүнийг зөвшөөрөхгүй гэж хэлсэн боловч дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй.
2б. Хариуцагч нь тайлбараа шаардлагын хүрээнд гаргаж байгаа юм. Нэхэмжлэлд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ирээд акт үйлдсэн гэх зүйл байхгүй. Гэтэл сая нэхэмжлэгчийн төлөөлөгч цагдаа ирж акт үйлдсэн гэж байна. Хэрэв цагдаа ирсэн бол хариуцагч мэдэх байсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар зөрүүтэй зүйл ярьж байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл бодит эсэхийг шалгах ёстой. Хэрэв цагдаа дуудаад акт үйлдсэн бол энэ актыг гаргуулах хэрэгтэй. Хариуцагчийн эзгүйд акт үйлдсэн байх боломжгүй. Иймд тухайн үед дуудлага өгсөн бол бүртгэгдэх тул дуудлага өгсөн болон актыг гаргуулсны дараа хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбартай холбоотой хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлага хангалттай нотлогдохгүй байна. Хэргийн 15-д нэхэмжлэх байгаа ба төлөгч нь Могул гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь мөнгийг шилжүүлсэн байдаг. Могулаас шаардсан мөнгийг төлчхөөд хариуцагчаас шаардаж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 3 хавтас сольсон гэсэн боловч 4 хавтасны баримт өгдөг тул энэ засварын баримт нь хариуцагчийн мөргөсөн хаалга мөн эсэх нь тодорхойгүй. Зураг нь тухайн хаалга мөн эсэх нь нотлогдохгүй байна. Иймд шаардлага нь баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч өөрөө нотлох үүргээ биелүүлж чадаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахад нь *******д итгэмжлэл олгосон байдаг. СӨХ-н захирлыг ТУЗ сонгодог. Иймд гүйцэтгэх захирал гэдэг нь нотлогдоогүй тул эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг нь нотлогдоогүй гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Б.Оюунзаяа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ******* хохирол учруулсан бол хохирлыг барагдуулах ёстой. Тухайн өдөр цас орж байсан гэж хэлж байна. Цас, мөстэй байсан ч анхаарал, болгоомжгүй байсан гэж үзэж байна гэв.
4. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
4а. Нэхэмжлэгчээс: дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 07309 дүгээр захирамж /хх4/, СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх5, 100/, 15 ширхэг гэрэл зураг /хх7-12, 102-105/, засвар үйлчилгээний акт /хх14/, нэхэмжлэх /хх15/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх16/, зарлагын баримт /хх17/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх18/, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03112 дугаар шийдвэр /хх19/, дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 26к1-3/4440 дүгээр албан тоот /хх20/, дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр тогтоолын хуулбар /хх22-23/, дүүргийн прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/676 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх24/, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх23-33/, “Индранил дент” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн А/78 дугаар албан тоот /хх40/, “*******” МӨХ-ны УЗ-н 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/03 дугаар тогтоол /хх101/
4б. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 412 дугаар тодорхойлолт /хх71/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 15,558,705 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Хан хилсс” СӨХ нь гаражийн хаалгыг мөргөж гэм хор учруулсны хохиролд 15,558,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч С.******* нь тухайн үед цас, мөсийг арилгаагүй байсны улмаас хаалга мөргөсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хариуцагчийн өмгөөлөгч нь тухайн осол болох үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч, улмаар хариуцагчийг оролцуулахгүйгээр акт үйлдсэн бол уг актыг гаргуулах шаардлагатай гэж тайлбарласан. Гэвч цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргаан байгаа бол энэ талаар зохих этгээдэд гомдол гаргах бөгөөд энэ хэрэгт заавал шалгах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Түүнчлэн хэрэв акт үйлдэгдсэн бол нотолгооны хуваарилалтын хувьд нэхэмжлэгч өөрийн тайлбарыг өөрөө нотлох үүрэгтэй.
5. “*******” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Д. ажиллаж байсан болох нь тус СӨХ-ны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон 18162 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх5/
Гүйцэтгэх захирал Д. нь 2021 оны 09 дугаар сарын 20-ны өдөр Б.*******д итгэмжлэл олгосноор 24-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. /хх6/
Улмаар тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/03 дугаар тогтоолоор Д.ыг гүйцэтгэх захирлаар томилсон байна. /хх101/
Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Б.*******д дахин итгэмжлэл олгожээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т “гүйцэтгэх захирал нь энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан.
Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, цаашлаад эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
6. Зохигчид “*******” СӨХ-ны хариуцан ажилладаг 526 дугаартай орон сууцны зоорийн давхрын авто зогсоолын хаалгыг хариуцагч нь өөрийн жолоодож явсан УБК улсын дугаартай автомашинаар мөргөсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөсийг цэвэрлээгүй байсны улмаар осол болсон гэж маргаж байна.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм /2018 он/-ийн 1.2-т зааснаар замын хөдөлгөөн оролцогч гэж замаар яваа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг ойлгоно. Энэхүү дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэж заасан.
Түүнчлэн хариуцагч нь тухайн осол гарах үед нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлээгүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.
Мөн маргаж буй асуудлаар нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Уг тогтоолд хариуцагчийг гаражийн хаалгыг мөргөж гэмтээн хохирол учруулсан гэж дүгнэсэн байна. /хх22-23/
Иймд авто зогсоолын хаалгыг мөргөсөн осол гарахад хариуцагч нь замын болон цаг агаарын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.
7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэж заасан.
Иймд “Хан хилсс” СӨХ нь 526 дугаартай орон сууцны зоорийн давхрын авто зогсоолын хаалганд учирсан эвдрэл, гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм буруутай этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учрахаас өмнөх байдал сэргээх, эсхүл хохирлыг мөнгөн хөрөнгөөр барагдуулах үүрэгтэй.
8. Цагдаагийн байгууллага маргаж буй асуудлыг шалгах явцад “” ХХК нь 2021 оны 05 дугаар сард хохирлын үнэлгээ гаргажээ. /хх23-33/
Хариуцагч нь уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч тухайн үед дахин үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргаж байгаагүй болох нь түүний шүүх хуралдаанд энэ талаар гаргасан тайлбараар тогтоогдсон.
Үнэлгээний тайлангаас үзэхэд нийт 4 ширхэг панель буюу хавтас солих шаардлагатай гэж дүгнэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн 3 хавтас солихоор байсан боловч 4 хавтасны төлбөр шаардсан гэх тайлбар үгүйсгэгдсэн.
Хэдийгээр үнэлгээгээр хохирлын үнийн дүнг 14,838,705 төгрөг гэж тодорхойлсон боловч бодит байдалд хаалгыг засварлахад 15,558,705 төгрөгийн зардал гарсан болох нь засвар үйлчилгээний акт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон. /хх15, 16/
9. Иргэдийн төлөөлөгчийн “******* хохирол учруулсан бол хохирлыг барагдуулах ёстой. Тухайн өдөр цас орж байсан гэж хэлж байна. Цас, мөстэй байсан ч анхаарал, болгоомжгүй байсан гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
10. Эдгээр үндэслэлээр хариуцагч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлоо гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүргийн дагуу өөрийн санаачилгаар хаалгыг засварлаагүйн улмаас нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр засварлуулж, бодитоор 15,558,705 төгрөгийн зардал гарсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.*******ээс 15,558,705 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын хураамжид урьдчилан төлсөн 235,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235,744 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Т.ЭНХЖАРГАЛ