Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 28-ны өдөр      Дугаар 2022/ДШМ/03     Өвөрхангай аймаг                       

Б.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

        Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Б.Эрхэмбаатар

                                                Шүүгдэгч Б.Уртнасан

                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор

                                       Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан

 

          Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, шүүгч М.Мандахбаяр, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.Уртнасанд холбогдох эрүүгийн 2126001210176 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, охины хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 23 дугаар гудамжны 20 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай энгийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, Сор овгийн Батсуурийн Уртнасан /РД:ЖМ83091861/.

        Б.У  нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 23 дугаар гудамжны 20 тоотод байрлах монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Адъяахүүг хүнд зэргийн согтолтын улмаас биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тодорхой шалтгаангүйгээр халуун тогооны цахилгаан эх үүсвэрт залгадаг утсаар хоолойг нь боосны улмаас бие махбодид нь хүзүүн дэх цус хуралт, зулгаралтууд, хүзүүний арьсан дахь цус хуралт, зүүн ховч ясны мултралт, хугарал, баруун бамбай булчирхайн цус хуралт, голтын эрхтний гадна гялтанд үүссэн цус хуралт бүхий гэмтэл учруулж амьсгал бүтэлтэнд оруулан алсан гэх гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

           Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Сор овгийн Батсуурийн Уртнасанд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уртнасанд оногдуулсан 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 4000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч Б.Уртнасан нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уртнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Уртнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар эсэргүүцэлдээ: Б.Уртнасан нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 23 дугаар гудамж 20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Адъяахүүг хүнд зэргийн согтолтын улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатайгаар алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүхээс Б.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцож 8 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн, гэм буруутай этгээдэд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Уртнасан нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хамтран амьдрагч Д.Адъяахүүг архи уусангүй гэж шалтаглан хүүхдийнх нь дэргэд боомилон алсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Насанд хүрээгүй гэрч У.Ганцэцэгийн “...Манай аав Адъяахүүг орноосоо буугаад орныхоо доод талд байж байхад нь манай ээж болох Уртнасан халуун тогооны хар өнгөтэй залгуур аваад аавын хүзүү хэсгээр нь ороогоод татчихсан тэр үед аав “ай” гэх авиа гаргаад хөл нь тийчлээд байсан ээж улам чангалаад байсан аавын нүд, хэл нь хөх өнгөтэй болчихсон байсан тэгээд аав хөдөлгөөнгүй болчихсон...” гэх мэдүүлэг авагджээ. Дээрх мэдүүлгээс үзэхэд Б.Уртнасан нь амь хохирогч Адъяахүүг ойр дотных нь хүний дэргэд санаатайгаар алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан буюу онц харгис хэрцгий аргаар алсан байхад шүүх илтэд үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулсан байна. Онц харгис хэрцгий аргад хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан тарчилган зовоосон учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, өлсгөж цангаасан осгоосон амьдаар нь шатаасан түлсэн гэх аргуудаас гадна ойр дотнын хүний дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан үйлдлийг хамааруулахаар хуульчилсан, шүүхийн жишиг тогтсоныг анхааран үзээгүй байна. Б.Уртнасангийн гэмт үйлдсэн гэмт хэрэг нь хүний амьд явах эрхэнд онц харгис хэрцгий аргаар халдсан байхад оногдуулсан ял шийтгэл нь нийгмийн аюулын шинж чанар нь хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй нийгэмд сөрөг ойлголт төрүүлэхүйц болжээ.

Иймд нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичлээ гэжээ.

      Шүүгдэгч Б.Уртнасангийн өмгөөлөгч П.Дониддолгор дээд шатны прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Прокуророос Б.Уртнасанд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Б.Уртнасанд холбогдох эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж мөн хуулийн 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байдаг. Гэтэл дээрх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг шинжийн хууль зүйн ойлголт нь хохирогч бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй үйлдэл бүхий эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ойлгож мэдсэн бөгөөд тэрхүү нөхцөл байдлыг далимдуулж буюу зориуд ашиглан хүнийг алсан ухамсарт үйлдлээр илэрдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач буюу хохирогч нь бусадтай архи ууж, гарч орж биеэ хамгаалах чадвартай байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Мөн хохирогчийг хүнд зэргийн согтолттой байсныг шүүгдэгчийн хувьд мэдээгүй, тэд хамтдаа архидан согтуурсан байх тул хохирогчийн согтуурсан байдлыг ашигласан гэх, идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэж шүүгдэгч нь ухамсарлаж мэдсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь шүүгдэгч өөрөө адилхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Хохирогч буюу талийгаачийн хувьд хэрэг болсон гэх өдөр, тухайн цаг хугацаанд идэвхитэй үйлдэл хийж байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр, мөн хэрэг болох үед үүссэн гэх шархны ул мөрнөөс шүүгдэгчтэй тэмцсэн ул мөрнөөс үлдсэн байх боломжтой гэх шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс биеэ хамгаалах чадвартай байсан нь тогтоогддог. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх шинж болох” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийн хууль зүйн ойлголтын обьектив тал нь хохирогчийг байнга бие махбодийн, сэтгэл санааны буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасан байдлаар үйлдэхийг шаарддаг. Гэтэл шүүгдэгчийн зүгээс талийгаачид дээрх шинж бүхий үйлдлийг гаргаж байсан талаар авагдсан нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч болон талийгаач нарын тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалсан, харин шүүгдэгч нь талийгаачид байнгын шинжтэй бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, талийгаач нь урьд сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл талийгаачийг боож алсан шүүгдэгч Б.Уртнасангийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Улсын яллагчийн зүгээс зөвхөн шүүгдэгч болон амь хохирогч нарыг хамтын амьдралтай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байгаа нь хууль зүйн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

      Дээд шатны прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх шинж болох 2.1-д зааснаар “онц харгис хэрцгийгээр” хүнийг алсан хэмээн үзэж шүүгдэгч Б.Уртнасанд холбогдох эрүүгийн хэрэгт эсэргүүцэл бичсэн гэж ойлголоо. Учир нь дээд шатны прокурорын зүгээс анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бол хуулийн ямар зүйлчлэлийг хэрэглэх боломжтой Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль зүйлчлэлээр хууль зөв хэрэглэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар эсэргүүцэлдээ тодорхой бичээгүй тул өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар анхан шатны шүүх хэргийг зүйлчлэн шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой гэж дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн гэж үзлээ. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн хууль зүйн шинжийг 2017 онд буюу Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын дараа хийсэн Улсын дээд шүүхийн энэ зүйлчлэлийн талаарх хууль хэрэглээний талаарх тайлбартаа “Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг” гэжээ. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь талийгаачийг алахдаа түүнийг тарчлаан зовоосон, тарчилгах өвтгөх үхэлд хүргэх олон тооны шарх гэмтэл учруулаагүй болох нь тогтоогдоогүй бөгөөд энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдагдсан хууль хэрэглээний тайлбар нь буруу буюу хууль ёсны хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хэрэглээнд нийцээгүй тайлбар хийсэн нь үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн 2018 оны тайлбараар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой” гэсэн бөгөөд энэ хууль зүйн шаардлагаар шүүгдэгч Б.Уртнасанд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг нотлоогүй, энэ зүйлчлэлээр зүйлчлэх боломжгүй бөгөөд дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна.

     Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Дээд шатны прокурорын эсэргүүцэл нь прокуророос шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д тус тус зааснаар зүйлчлэн шилжүүлсэн хэргийн хүрээнд бус хэрэгт авагдаагүй, хэрэгт нотлогдоогүй зүйлээр эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, шийггэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан зүйлчлэлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж давхар зүйлчлэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр алах, хохирогчийг алахаас өмнө хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөж шаналгаж, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон эсвэл өлсгөж, цангаасан, амьдаар нь шатаасныг гэж үзэхээс гадна гэр бүлийн ойр дотно хүний хажууд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамруулан үздэг. Энэ нь Эрүүгийн эрх зүй болоод хууль хэрэглээний явцад тогтоогдсон жишиг байгаа. Шүүгдэгч Б.Уртнасан нь амь хохирогчид онц харгис, хэрцгий аргаар үхэлд хүргэсэн болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, тайлбар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээс гадна насанд хүрээгүй гэрч У.Ганцэцэгийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг заавал хадгалсан байх ёстой гэж хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх бие даасан гэмт хэргээс дараах шинжүүдээрээ ялгаатай байх ёстой гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн 1 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг шууд учруулсан бол уг хор уршигт нь суурилан гэмт хэргийг зөв зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Хавтаст хэргийн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Уртнасан амь хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан нь тогтоогдож байгаа. Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн нэг болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэж прокурор зүйлчилсэн үүнийг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүнийг алахад хохирогчийн бие махбодь, сэтгэцийн улмаас өөрийгөө хамгаалж идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болохыг ухамсарлаж үйлдсэн байхыг ойлгодог бөгөөд хэргийн нотлох баримтаас үзэхэд хохирогчийн согтуурсан, согтуурсны улмаас өөрийгөө хамгаалж үйл хөдлөлөө хянах чадваргүй гэдгийг нотлоогүй байхад биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь прокурорын алдаа байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшмэл болсон буюу урт хугацаанд тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгохоос гадна нэг удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын амь насыг хохироосон байдлыг зүйлчилнэ гэж ойлгож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн нь эрүүгийн хариуцлага, тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой шударга ёсны зарчимд харшиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж яллагдагчаар татах процессыг зөв болгосны дараа гэм буруутай эсэхийг шийдвэрлэж  ял шийтгэл оногдуулах нь зөв гэж үзэж байна гэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гэж үзэж байна. Дээд шатны прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэх зүйлчлэлийг буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас үүнд маргаангүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан нэр томьёоллоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэх нэр томьёоллыг зааж өгсөн байгаа учир диспозит санкцаар энэ хуулийн нэр томьёоллыг баримтална. Тийм учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан бие даасан зүйлчлэлийг хангахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэх зүйлчлэлийг прокурор 2002 оны Эрүүгийн хуульд заасан тайлбараар тайлбарлаж эсэргүүцэл бичсэн. Дүгнэлтдээ 2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тулгуурлаж гаргасан Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор тайлбарласан. Энэ гэмт хэргийн зүйлчлэлийг шийдвэрлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 564 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд уг гэмт этгээд үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлаан зовоож үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. Шүүгдэгчийн хувьд хохирогчийг санаатай алах субьектив санаа нь шууд үхэлд хүргэх олон тооны гэмтэл 2 буюу түүнээс дээш гэмтлүүдийг учруулсан байхыг шаарддаг. Гэтэл зөвхөн боолтын улмаас үхэлд хүргэсэн, хөвч ясны хугарал бусад хоолойнд үлдсэн шарх, мөрнүүд үлдсэн байдаг. Тиймээс уг гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байна гэж үзэж байна. Дээд шатны прокурорын зүгээс хуулийг өөрийн бодлоор ийм байх ёстой, ийм байх боломжтой гэдэг үзэл бодолд тулгуурлаж тайлбарлаж байна. Хуулийн хэрэглээг хууль чигээр нь хэрэглэх ёстой учраас үзэл бодолд тулгуурлахгүй. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Мөн прокурор нь шүүхийн жишиг тогтсон гэж ярьж байна. Улсын дээд шүүхийн жишгийг харгалзаж үздэг ч манай эрх зүйн бүл нь Ром Германы эрх зүйн системээр явдаг. Тийм учраас шийдвэрийг жишиг болгон үзэх боломж байхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

       Шүүгдэгч Б.Уртнасан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

        Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Сор овгийн Батсуурийн Уртнасанд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэжээ. 

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

      Хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй.

    Анхан шатны шүүх “...Б.Уртнасанд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч амь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч шүүгдэгч нь Д.Адъяахүүг ойр дотных нь хүний буюу насанд хүрээгүй У.Ганцэцэгийн дэргэд алсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Дээд шатны прокурорын “ ... Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Уртнасан нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хамтран амьдрагч Д.Адъяахүүг архи уусангүй гэж шалтаглан хүүхдийнх нь дэргэд боомилон алсан болох нь насанд хүрээгүй гэрч У.Ганцэцэгийн мэдүүлгээр тогтоогдсон. Б.Уртнасан нь амь хохирогч Д.Адъяахүүг ойр дотны нь хүний дэргэд санаатайгаар алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан буюу онц харгис хэрцгий аргаар алсан байхад шүүх илтэд үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулсан байна...” гэх эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байна.

    Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг прокурорт буцаалгүйгээр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

          Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Уртнасанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1.Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Б.Уртнасанд холбогдох эрүүгийн 2126001210176 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

         2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Уртнасанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ЭНХМАА

                                         ШҮҮГЧИД                    Л.НЯМДОРЖ

                                                                              Д.БЯМБАСҮРЭН