2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1287

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

Улсын яллагч М.Анхбаяр,

Хохирогч Я.Э , түүний өмгөөлөгч Г.Ганбаяр,

Шүүгдэгч И.А , түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос И.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306044500207 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.А  нь “манай ээжийн 69,2 метр квадрат байрыг хууран мэхэлж барьцаанд тавиулж, биднийг залилсан” гэх шалтгаанаар буюу түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эх Ж.И гоос Я.Э т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эх Ж.И д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн “хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн үйл ажиллагаанд бага насны хүүхдийн хамт оролцож байсан хохирогч Я.Э ийг “...муу луйварчин олон зуун айлыг байр савгүй болгосон” гэж хэлэн, түүний өмсөж байсан хувцаснаас татаж, хоолойг нь боон, хохирогчийн нүүр хэсэгт удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд “...шүүгдэгч И.А  нь “манай ээжийн 69,2 метр квадрат байрыг хууран мэхэлж барьцаанд тавиулж, биднийг залилсан” гэх шалтгаанаар 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн “хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн үйл ажиллагаанд бага насны хүүхдийн хамт оролцож байсан хохирогч Я.Э ийг “...муу луйварчин олон зуун айлыг байр савгүй болгосон” гэж хэлэн, түүний өмсөж байсан хувцаснаас татаж, хоолойг нь боон, хохирогчийн нүүр хэсэгт удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Я.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүү болох Э ийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцоод хүүгийнхээ орж байгаа ... ангийн самбарыг хайгаад явж байхад зүс мэдэх урд өмнө ганц хоёр удаа таарч байсан залуу хүрч ирээд намайг боож унагаах гэсэн. Тэгээд манай хүү уйлах гээд байхаар нь би хүүгээ өөр танихгүй хүүхдэд ахынхаа хүүхдийг харж байгаач гэж хэлээд би нөгөө хүнд чирүүлээд сургуулийн талбайгаас жаахан холдсон чинь намайг нөгөө залуу ...ямар нэгэн үг хэлэлгүй шууд миний нүүр хэсэг рүү цохиод авсан. Би манараад хайгаад байж байхад дахиад цохиод авсан. Тэгээд би тэр залууг өөрөөсөө холдуулах гээд байж байтал тэнд зогсож байсан цагдаа ирээд тэр залууг надаас салгасан. ...Тухайн залууг би сайн танихгүй, тэр залуугийн ээж нь манай эхнэртэй хамт сүмд явдаг байсан юм. Тэр залуу урд өмнө надтай таарах болгондоо яг юунаас болдгийг нь мэдэхгүй, ална зодно гээд л байдаг юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27 дугаар тал/,

-Дахин өгсөн: “...Дээрх гэмтлүүдийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өглөөний 08 цагаас 09 цагийн орчимд миний хүү Баянзүрх дүүргийн ... дугаар сургуульд анх 1 дүгээр ангид элсэн орж байсан юм. Тухайн дөрийн өглөө өөрийн хүүгээ хөтлөөд сургуулийн гадаа явж байхад нэг үл таних залуу над дээр хүрч ирээд намайг тэр олон хүмүүсийн дунд муу луйварчин, олон зуун айлыг байр савгүй болгосон гээд миний хоолойноос боогоод байхаар нь би гарыг нь тавиулаад өөрийн хүүгээ жаахан холдуулъя гэж бодоод хүүхдээ нэг бас танихгүй хүүд миний хүүг над руу битгий харуулаарай гээд гарт нь хөтлүүлсэн. Тэр үед нөгөө залуу намайг цохиод л байсан. Тэнд маш олон хүүхдүүдийн баярын өдрөөр янз бүрийн юм харуулахгүй гэж бодоод тэр залууд цохиулан барин сургуулийн талбайгаас гараад эргээд хартал миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод авсан. Яг тэр үед миний ухаан балартаад байж байтал сургуулийн гадна эргүүл хийж байсан нэг эмэгтэй цагдаагийн дэслэгч бас нэг ахлагч цолтой залуу хоёр ирээд эмэгтэй цагдаа нь намайг бариад авсан. Харин нөгөө эрэгтэй цагдаа нь намайг цохиод байсан залууг барьж аваад хорооны цагдаагийн байр луу бид хоёрыг аваад яваад орсон. ...Тэр өдөр миний биед халдсан гэх залуугийн биед нь би огт цохиж халдсан зүйл байхгүй. Тэр залууд цохиулснаас болоод миний толгой өдөр болгон өвдөж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-32 дугаар тал/,

-Дахин өгсөн: “...Тийм мөнгө өг гэж намайг байнга шаардаж байсан ба 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө өгсөнгүй гэж зодсоноос хойш бол ахиж мөнгө өг гэж надтай холбогдоогүй болно. Шүүхийн шийдвэр гарсны дараа Ж.И  нь мөнгө өг гэж намайг дарамталж, ална гэж сүрдүүлдэг байсан юм. Би уг иргэнээс нэг ч төгрөг аваагүй. Би иргэн Д.М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явсны үр дүнд  А гийн заналхийлэлд өртдөг байсан. Ж.И  утсаар намайг дуудаад уулзахад А  ирж ална гээд хувцас хунар ураад цохих гэж дайрдаг байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 138 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 6 настай хүүгээ 8 цаг 00 минут гэхэд ... дугаар сургуулийн талбайд нээлтийн үйл ажиллагаанд очихоор баяр баясгалантайгаар хүүгээ дагуулаад явж байлаа. Гэтэл танхай балмад этгээд олон нийтийн газар 6 настай 300-400 хүүхэд цугларсан байхад олон зуун айлыг орон байргүй болгосон луйварчин гэж заамдаж авч намайг боосон. Миний хүүхэд айж ямар байдалтай тэнд байсныг хэлж мэдэхгүй байна. Эцэг хүний хувьд 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүүгийнхээ өмнө боолгоод тэр олон хүүхдүүдийн дунд ичгэвтэр байдалд оруулахгүй гэж би их тэвчсэн. Надад маш хүнд байсан. Энэ хүн шүүгчийн хажууд хүн гүтгэж луйварчин гэсэн ба прокурор, нарийн бичиг, цагдаа, өмгөөлөгчийн хажууд гэр бүлээр чинь үгүй хийгээд чулуун дээр сийлбэрлэж тавина гэж шүүх хурлын танхимд хэлсэн. Ийм хүнд зодуулсандаа Монгол Улсын иргэн хаана ч явсан зодуулах эрсдэлд орсон юм байна гэж бодож байна. Өөрөө хуулийн гаргалгаагаа маш сайн мэддэг юм байна. 14 хоног камер хадгалдаг гэж байна. Өөрсдөө тухайн үед бичлэг хийсэн. Тухайн бичлэг нь намайг зодож байсан бичлэг учраас цагдаад өгөөгүй. Цагдаа их даруухан мэдүүлэг өгсөн байна. Тэрүүгээр нэг юм болж намайг зодож ухаан алдуулсан. Би тэнд юу болсныг мэдээгүй. Тэр битгий хэл намайг мөргөсөн. Намайг мөргөж хамраас цус гаргаж ухаан алдуулчхаад гэмшсэн сэтгэлгүй. Шүүх шинжилгээний байгууллагыг болон мөрдөгчийг миний хамаарал бүхий хүн гэж хэллээ. Энэ хүн хууль сахиулахын ажилтныг оройн цагаар дуудлаа ална хядна гэж хэлдэг. Дуудсан цагт ирдэггүй. Би хохирсон. Би энэ хүнд зодуулаад чихэндээ гурван оёдол тавиулсан хиймэл циллюттай. Миний эрүү зуурсан. Би 40 гаран минут хагалгаанд орсон. Хойд талын нэгдүгээр нугалам байхгүй. Би 8 сар гэмтэлд байсан. Би хоол ундаа идэж чадахгүй байсан, одоо ч гэсэн чанга зүйл хазаж чаддаггүй. Би усанд орж чадахгүй эхнэрээрээ оруулуулдаг. Энэ хүний харц одоо хүртэл намайг алах гэж байна. Би хоёр жил группт орсон. Нэмэлт үзлэг хийх гээд явж байна. Би одоо 150,000,000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гадагшаа дотогшоо явж эмчилгээ хийлгэнэ. Энд оношлогдоогүй байгаа оношилгоогоо хийлгэнэ. Миний өмгөөлөгч баримттай зардлаа нэхэмжилнэ, та хэдийг нэхэмжлэх нь таны асуудал гэж хэлсэн. Би өнөөдрийг хүртэл группт байгаа, мөн цалингүй амьдарч байна. Би 3 жилийн цалин 38,000,000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний төлбөр 58,000,000 төгрөг орсон. Бээжин рүү 47,000,000 төгрөгөөр шинжилгээ хийлгэж эмчилгээнд явсан. Үлдэгдэл илүү дутуу такси үйлчилгээний мөнгө нь гарч ирэхгүй юм байна лээ. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Г.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Ерөнхий боловсролын ... дугаар сургууль орчимд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн тухайн сургуулийн урд талбай дээр хүмүүс шуугиад байхаар нь очсон чинь 2 эрэгтэй хүн заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёр эрэгтэйг салгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны цагдаагийн хэсгийн байр луу оруулсан. Тэгсэн гартаа камер барьсан тэр 2 эрэгтэйн арай нас залуу харагдаж байсан хүний хамраас цус гарсан байсан, угаахаар нойлын өрөө орсон. Тэгэхээр нь би арай ахимаг настайгаас юу болсон талаар асуухад тухайн эрэгтэй сая нойл орсон залуу намайг зодсон гэж хэлээд байж байхад нөгөө нойл орсон залуу гарч ирээд энэ шоронд байх ёстой хүн энд явж байна, чи миний байрыг залилсан биз дээ гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж гомдол, санал байгаа бол цагдаагийн хэлтэс дээр очиж хүсэлтээ гарга гэж хэлсэн чинь арай ахимаг настай нь би хүүхдээ хүргэж өгчхөөд цагдаагийн байгууллагад очиж гомдол гаргана гээд гараад явсан. Тэгсэн нөгөө нас залуу эрэгтэй нь би цагдаагийн байгууллага дээр очихгүй, намайг дуудсан ч очихгүй гээд цагдаагийн хэсгийн байрнаас гараад явсан. ...намайг очиход ...нас ахимаг эрэгтэй нь нүүрээ гараараа дараад миний нүүр лүү цохисон гээд байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Гэрч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би болон манай ажилчид тухайн үед тийм зодоон болсон талаар мэдээгүй. Сүүлд нь цагдаагийн байгууллагаас ирж асууж тодруулахаар нь мэдсэн. ...Бид мэдээгүй, байгууллагын хувийн үйл ажиллагаа алдагдаж, уг иргэд танхайрсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 118 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 11115 дугаартай: “...Я.Э ийн биед зүүн хацар яс, хоншоор яс, эрүү яс, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 116-117 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай: “...Я.Э ийн биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, 5-р нугалмын жийргэвчийн урагдал, зүүн хацар яс, хоншоор яс, эрүү яс, зүүн нүдний ухархайн хананы хугарал , зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихэнд шарх, гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 42-47 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 169 дугаартай: “...2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 11115 дугаартай болон 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Я.Э ийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн хацар яс, хоншоор эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархай ясны доод, гадна хананы хугарал , зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 112-113 дугаар тал/,

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт: “... Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр: 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ЭХМК-ын суурин хурлаар даатгуулагч иргэн Я.Э-нд ердийн өвчний жагсаалтын 1-10-15 хз:заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэв. Шийдвэрийн хүчинтэй хугацаа эхлэх 2024 он 02 сар 22 өдөр дуусах 2025 он 02 сар 22 өдөр...” гэсэн акт /1хх-ийн 128-134 дүгээр тал/,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00621 дугаартай шийдвэр /2хх-ийн 96-11 дүгээр тал, 1хх-ийн 156 дугаар тал/,

 

Шүүгдэгч И.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө хичээлийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотой ...сурвалжилга бэлтгээд байж байтал ...Э  гэх хүнтэй таарсан. ...Миний ээжийн байрыг залилсан асуудлаа шийдэж, шуурхай мөнгө төгрөгөө өг гэж шаардлага тавьсан. ...өөрөө буцаж ирээд намайг заамдаж бариад хэрүүл болсон. Энэ үеэр маргалдаж байгаад нүүр хэсэгт гараараа түлхэж холдуулаад эргэж хараад явсан чинь нүүр тус газар, хамар хэсэгт цохисон. Би эргэж хараад толгой тус газар нь 2-3 удаа цохисон. ...эцэг, эх нар ирээд бид хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 236-237 дугаар тал/,

үүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ээж өмнө нь христийн сүмд явдаг байсан. Тухайн үед хохирогч гэх Э  гэр бүлийн хамтаар тэр сүмд ээжтэй минь хамт явдаг байсан. 2011 онд тухайн сүмд явж байхдаа манай ээжид Э  уурхайн лицензтэй гэх А4 цаас үзүүлээд байраа барьцаанд тавьчих, би дараа нь тодорхой хэмжээний хувь өгнө гэж ятгалаг хийж манай ээжийн байрыг барьцаанд тавиулсан. Э  ээжийн байрыг барьцаанд тавиулчхаад сарын төлөлтөө огт төлөөгүй. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэрээс манай байрыг хураахаар ирэхэд Э  гэх эмэгтэй барьцаанд тавьсан байсан. Э  гэх эмэгтэй надад хэлэхдээ Э  гэх хүн батлан даасан гэх гарын үсэгтэй бичгийг нь үзүүлж байсан. Тухайн үед Э  гэх хүний өмгөөлөгч нь надад мөн хэлж байсан. Энэ хүн төлбөр төлөхгүй зугтаахын тулд удаа дараа шүүхдэж байсан. Э  гэх хүн залилан хийгээд сурчихсан. Эхнэрийнхээ нэр дээр зээл тавиулсан. Тухайн үед нь манай ээж Э ийн нэр дээр шүүхэд хандсан. Шүүхээс Э тэй хамааралгүй гээд буцаасан хэдий ч 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө энэ хүний өгсөн мэдүүлэг нь бүгд худлаа. Би тухайн өдөр энэ хүнийг хараад өрөө төл луйварчин минь гэж шаардлага тавьсан. Гэхдээ би энэ хүнийг шууд барьж авч биед нь огт халдаагүй. Бид хоёр хэрэлдээд өнгөрсөн. Би зүгээр ажлаа хийгээд үргэлжлүүлээд үлдсэн. Намайг ажлаа хийж байхад хүүхдээ үлдээчхээд өөрөө эхэлж ирж над руу дайрсан. Бид хоёр цаашаа хүүхдүүдээс холдоод би нүүр лүү нь мангасдсан. Би 10 цагт Сүхбаатарын талбай дээр ажилтай яараад явж байсан. Би явах гэтэл хойноос хамар луу цохисон. Би эмчид үзүүлээгүй, цагдаад хандаагүй л болохоос миний хамраас нь дараа нь цус тогтохгүй гарч байсан. Шүүх шинжилгээний эмч болон мөрдөгч нарыг хохирогчтой хамаарал бүхий хүн гэж бодож байгаа. Учир нь өргөдөл өгснөөс хойш байцаагч нь 12 дугаар сард над руу ярьсан. Би тухайн үед юу болсныг мэдэж байгаа юу, камер шүүсэн үү гэхэд шүүгээгүй гэсэн. Монгол Улсад ямар ч камер 14 хоног хадгалдаг. Тухайн хугацаанд яаж маргалдсан, хэн нь цохисон гэдгийг тогтоох боломж байсан. Би хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаа үйлдсэн гэдгийг ойлгохгүй байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч И.А  нь “манай ээжийн 69,2 метр квадрат байрыг хууран мэхэлж барьцаанд тавиулж, биднийг залилсан” гэх шалтгаанаар буюу түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эх Ж.И гоос Я.Э т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эх Ж.И д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн “хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн үйл ажиллагаанд бага насны хүүхдийн хамт оролцож байсан хохирогч Я.Э ийг “...муу луйварчин олон зуун айлыг байр савгүй болгосон” гэж хэлэн, түүний өмсөж байсан хувцаснаас татаж, хоолойг нь боон, хохирогчийн нүүр хэсэгт удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд баримтаар нэхэмжилсэн 17,585,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 3,059,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч ойлгохгүй байна гэж байна. Аливаа санаатай үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нь ямар нэг сэдэл санаа зорилго агуулсан байх ёстой. Тухайн хэрэг болсон шалтгаан нь өөрөө эдийн баялагтай холбоотой маргаан байсан. Хохирогч, шүүгдэгч нарын хооронд байрны төлбөр төлсөн, төлөөгүй гэх маргаан болсон. Эдийн баялагтай холбогдуулан бусдын эрх эрх чөлөөнд халдаж байгаа бол хэргийн зүйлчлэл хүндэрдэг. Хоёр хүн хоорондоо гудамжинд мөрлөлцөж маргаан үүссэн бол субьектив санаа зорилго нь өөр байх байсан. Тохиолдлын шинжтэй биш хүндрүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ижил байдлаар үйлдэгдсэн. Эдийн болон эдийн бус баялагтай холбогдуулан өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр бусдын эрүүл мэндэд халдаж байна гэж үзсэн. Тухайн маргаан болох шалтгаан нь эдийн баялагтай холбоотой асуудал байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна гэсэн боловч шүүгдэгч нь өөрөө хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн нүүрэнд авсан гэмтэл нь цаашаа яаж хүндрэх нь түүний насжилт биеийн байдлаас шалтгаална. Тусгай мэдлэг бүхий шинжээч нар дүгнэлт гаргасан. Иймд шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан ба тухайн гэмт хэргийг үйлдэхдээ эдийн баялагтай холбоотой маргаан үүсгэж хүний биед халдсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Хохирогчийн Хятад улсад эмчлүүлсэн зардал нь өөрөө нүүрний гэмтэл болон нурууны гэмтэлтэй холбоотой баримтууд байсан ба тухайн үед авсан гэмтэл байна гэсэн. Мөн хохирогч нь давхар хөдөлмөр эрхлэлтийн комиссоор ороод хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан байна гэх дүгнэлт гарсан...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ганбаяраас: “...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Хохирлын тухайд зарим баримтыг дутуу үнэлсэн болов уу гэж ойлголоо. Нийт хохиролд 37,895,340 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, уг дүнгээр хохирлоо нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос бусад хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас бусад эсвэл хөдөлмөрийн чадвар нь буурснаас болж хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд арилгана” гэж заасан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан хохирлыг арилгах гэж байгаа. Гэм хор учрах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхой хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж байгаа. Миний үйлчлүүлэгч 2023 оны 9 дүгээр сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа гэдгийг Эмнэлэг хөдөлмөрийн магадлалаар тогтоогоод хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь алдсан гэх дүгнэлт гарсан. 2023 оны 9 дүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуустал 4 сарын хугацаанд 2,200,000 төгрөг, 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан. Нэг жилээр тооцохоор 792,000 төгрөг, 2025 онд 792,000 төгрөг байсан. Үүнийг нэг жилээр тооцохоор 9,004,000 төгрөг, 2026 оны эхний 4 сарыг 792,000 төгрөгөөр тооцоод 3,168,000 төгрөг байгаа. Нийт 22,792,000 төгрөгийг хохирогч орлогогүй байсан учир нэмэгдэл зардалд төлөх ёстой гэж үзэж байна. Хохирлын баримтаас гадна цаашид гарах эмчилгээний төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдоржоос: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буруутгаж байгаа. Өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус  ашигтай байдал бий болгохоор гэж зүйлчилсэн. Энэ хэрэг нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Анхан шатны шүүхээр урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээд бусдын амгалан тайван байдал алдагдуулах танхайрах гэдэг дээр маргаан үүсээд Давж заалдах шатны шүүх хүртэл явсан байдаг. Тухайн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаад яллах дүгнэлт гардуулсан. Давж заалдах шатны шүүхээс 2 ба түүнээс дээш этгээд оролцсон байвал танхайрах үйлдэл байдаг гэж прокурорт ойлгуулаад гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл яллагдагчаар татаж чадаагүйдээ шаралхаж хорссон юм уу 2026 оны 01 дүгээр сард хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар татаад оруулаад ирж байгааг ойлгомжгүй байна. Энэ гэмт хэргийн хуулийн заалт нь өөртөө болон бусдад эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор гэж оруулж ирсэн ч аль өмнө нь шүүхийн шийдвэр 2017 онд И д М  төлбөр төлөхөөр гарсан. Хохирогчид нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болоод шийдэгдсэн. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зодоон болох үед муу луйварчин минь байрны мөнгө өгөөрэй гэх асуудал ярьснаас биш чи тэдэн төгрөг өгөх ёстой, өгөхгүй бол ална хядна гэсэн асуудал байхгүй. Ийм нөхцөл байдлыг 2026 оны 01 дүгээр сард улсын яллагч яллах дүгнэлт дээр 69 мерт квадрат байрыг залилсан гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт байгаа хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт муу луйварчин минь мөнгө өгөөрэй л гэх асуудал яригдсан. Түүнээс чи тэдэн төгрөг өгөхгүй бол тэгнэ ингэнэ гэх идэвхтэй үйлдэл хийгдээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа заавал шүүхээр оруулахгүй бол болохгүй гэсэн байдлаар ийм гэмт хэргийн шинж байна гээд яллаад оруулаад ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хохирогч баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй. Гэмт хэрэг хэзээ хаана гарав гэдгийг тогтоохгүйгээр шүүхээр яваад асуудал нь шийдэгдэхгүй болохоор дахин өөр зүйлчлэлээр татаж оруулж ирж болохгүй. Миний үйлчлүүлэгч тухайн үед нүүрэн тус газар нь хүрсэн нь хохирогчийн мэдүүлэг болон тухайн үед ажиллаж байсан цагдаагийн хэсгийн байцаагчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийг унагаасан үйл баримт харагдахгүй байна. Нуруу нугалмын гэмтлийг энэ хэрэгтэй холбож байгааг ойлгохгүй байна. Нуруунд нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байна. Нүүрэн тус газарт нь учирсан гэмтлийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрх зүйн дүгнэлт:

НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор...” хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтэл /хохирол/ учирсан байхыг шаарддаг.

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 11115 дугаартай, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 169 дугаартай дүгнэлтүүдээр: “...хохирогч Я.Э ийн биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж, ...мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэж дүгнэсэн байна.

Мөн хэрэгт авагдсан, дээр дурдсан нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр “...шүүгдэгч И.А  нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн “хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн үйл ажиллагаанд ...оролцож байсан  Я.Э ийг “...муу луйварчин олон зуун айлыг байр савгүй болгосон” гэж хэлэн, маргалдаж түүний өмсөж байсан хувцаснаас татаж, хоолойг нь боон, хохирогчийн нүүр хэсэгт удаа дараа цохисон...” нь үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон.

Гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоотой буюу шүүгдэгч И.А  нь хохирогч Я.Э ийг “таарамжгүй харилцааны улмаас маргалдаж” хохирогчийн хоолойг боож, гараараа нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч И.А гийн хохирогч Я.Э ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус улмаас бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч И.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэж буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэх тус гэмт хэргийн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхэд гэмт хэргийн сэдэл зорилгыг анхааран үзэхээс гадна хэзээ бий болсныг тогтоох нь чухал.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд хөрөнгийн ашиг хонжоо олох, эд хөрөнгийн үүргээ биелүүлэхээс зайлсхийхээс гадна бусад этгээд ашиг орлого олоход туслах санаа зорилготой байна. Энэ санаа зорилго нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн байх учиртай.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгчийн эх тус хэргийн хохирогч нарын хооронд эд хөрөнгийн маргаантай, уг маргаан нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал тогтоогддог.

Хохирогч, шүүгдэгч нар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байхдаа таарч, өмнөх эд хөрөнгийн маргааны асуудлаар дахин маргалдаж, хоорондоо зодолдсоныг өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилготой” байсан гэж шүүгдэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Хохирогчийн биед халдаж байгаа санаа, сэдэл зорилго нь өмнөх эд хөрөнгийн маргаанаас үүдэлтэй байх хэдий ч шүүгдэгчийн хувьд өөртөө, бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох гэсэн сэдэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч, хохирогч нар нь “...өмнөх эд хөрөнгийн маргаанаас болж хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай байсан...” нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзлээ. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн” гэж буруутган яллаж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Я.Э ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.

Хохирогч Я.Э  нь эмчилгээний зардал, цалин түүнтэй адилтгах орлого, Бээжин явсан эмчилгээний болон замын зардал, орчуулагч, өмгөөлөгчийн хөлс зэрэгт нийт 150,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. 

Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудтай танилцаад эмчилгээний зардал, ажлын хөлс, замын зардлын буюу 33,023,340 төгрөгийг шүүгдэгч И.А гаас гаргуулж хохирогч Я.Э т, 3,059,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэв.

Харин шүүх өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хохирогч Я.Э  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, орчуулагчийн болон олох байсан цалин орлогын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч И.А гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн ба шинжээчийн дүгнэлтээр “...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэжээ.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дахь хэсэгт: “...шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо ...хор уршгийн зэрэглэл, шинжээчийн дүгнэлт, ...хэргийн хүнд хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн төлбөрийн чадвар, ...хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлыг харгалзан ...төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж заасан байна.

Хохирогчийн тухайд цаашид эмчилгээ хийлгэх, эмчлүүлсэн байдал, эдгэрэлтийн хугацаа, хохирогчид учирсан сөрөг үр дагавартай холбоотой баримт, шүүгдэгчийн тухайд төлбөрийн чадвар, ...хохирлын хэмжээнд нөлөөлж болох нөхцөл байдлыг илтгэх баримтаа аль аль нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тогтоолгох нь хор уршгийн хэмжээг бодитой тогтоох үндэслэл болохоор байна гэж шүүх үзлээ.

Шинжээчийн дүгнэлтээр “гуравдугаар зэрэглэл” гэж тогтоосон ба хор уршгийг мөнгөн дүнгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэмжээг 13-22,99 дахин буюу хоорондын зөрүүг шүүх бодитой тогтооход нотлох баримтад тулгуурлах шаардлагатай тул хохирогчийн хор уршиг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж жич шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч И.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдоржоос: ...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэмт хэрэг нь 450 нэгжээс 5,400 нэгж хүртэлх нэгжээр торгох зохицуулалттай байгаа. Миний үйлчлүүлэгч анхнаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг дээр маргаагүй. Хүлээн зөвшөөрч оролцсон учир анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, хохирол төлбөр төлөх нөхцөл байдлыг харгалзаад 1,000 нэгжээр торгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч И.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 72 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 77-78 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 70 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч И.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.А г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй...” гэж,

-мөн  хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч И.А г “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр...” гэмт хэрэг үйлдсэн гэж цаг хугацааг тодорхойлж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр И.А д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ...” гэж,

-Мөн хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна...” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч болж эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ.

Прокурор шүүгдэгч И.А г гэмт хэрэг үйлдсэнээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа буюу 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагааг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэх үүргийг мөрдөгч, прокурор хүлээнэ. Уг үүргээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлж чадаагүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч И.А д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн” гэж буруутган яллаж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч И.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч И.А д холбогдох  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

            4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч И.А гаас хохиролд 33,023,340 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Э т, 3,059,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.Э ийн өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлого болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч И.А гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН