Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 28-ны өдөр              Дугаар 2022/ДШМ/04                                   

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

     Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Д.Ганцэцэг

                                                Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

                                        Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан

 

      Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан гомдлоор А.Баярцэнгэлд холбогдох эрүүгийн 2026000430017 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

      Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид тагнуулын техник хэрэгслийн нярав ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар багийн 6-01 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Залаа овогт Адилбишийн Баярцэнгэл РД:ЙД87031118.

      Адилбишийн Баярцэнгэл нь бусадтай бүлэглэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Түшиг худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Энхтуяагийн алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хамтран амьдрагч А.Буянжаргалтай урьдчилан тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 удаагийн үйлдлээр нийт 4050000 /дөрвөн сая тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

       Анхан шатны шүүх Залаа овогт Адилбишийн Баярцэнгэлийг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, шүүгдэгч А.Баярцэнгэл нь хохирогч С.Энхтуяад төлөх төлбөргүй, хохирогч С.Энхтуяагийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 32 153 380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 4 050 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энхтуулд 2 150 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригт 1 400 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Мөнхбаатарт 500000 төгрөгийг тус тус олгохоор, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Баярцэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Баярцэнгэл авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

     Хохирогч С.Энхтуяагийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь нарийн сайн үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлийг төрүүлж байна.

        А.Баярцэнгэл 4 050 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаач тухайн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн баримтууд хавтаст хэрэгт хангалттай байхад шүүх үнэлээгүй. Талийгаач А.Буянжаргалын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 209 дүгээр хуудас/, А.Буянжаргал нь Энхтуяагийн лангуун дээр ажиллаж байх хугацаанд зарагдсан барааны мөнгөөр А.Баярцэнгэлийн цалингийн зээлийг удаа дараа төлж байсан хуулга байдаг.

        Иргэний нэхэмжлэгч Д.Ганзориг, П.Мөнхбаатар нарын /1-р хавтаст хэргийн 61, 82-83 хуудас/-т А.Баярцэнгэл, А.Буянжаргал нар нь хамт орж ирж ломбарданд алт, үнэт эдлэл тавьж байсан, алт мөнгөний лангуу ажиллуулдаг байсан гэх мэдүүлгүүд байдаг. Мөн 5542202558 тоот данс А.Буянжаргалын дүүгийн данс  бөгөөд тухайн дансаар өдөрт доод тал нь 700 000-3 500 000 төгрөг орж гардаг байсан нь дансны хуулгаар харагдаж байхад энэ талаар огт шалгаагүй.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй, хохирол хор уршгийг буруу тооцож дүгнэсэн. Иймд хэргийн зүйлчлэл хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан А.Баярцэнгэлээс С.Энхтуяад учруулсан 64 000 000 төгрөгнөөс 24 000 000 төгрөгийг буцаан авснаар тооцон үлдэгдэл 40 000 000 төгрөгийг хоёр хувааж 20 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч А.Баярцэнгэлийг 4 050 000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай гэж шүүх тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Яллах дүгнэлтэнд дурдсан үйл баримтыг шүүх үнэлсэн тул шүүгдэгч А.Баярцэнгэлийн үйлдсэн гэх гэмт хэргийн хохирлын асуудалд шүүх хавтаст хэрэгт авагдаагүй баримтаар хохирол тооцох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

      Прокурор Д.Ганцэцэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн үйл баримтад тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчөөс учирсан хохирол 64306760 төгрөгөөс буцааж хураасан алт мөнгөн эдлэлийн үнийн дүнг хасаад үлдсэн 40 000 000 төгрөгийг тэнцүү хувааж гаргуулах ёстой байсан гэдэг.

      Давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. А.Баярцэнгэлийн хамтран амьдарч байсан эхнэр А.Буянжаргал гэх хүн нь нас барсан учраас энэ хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэж хэрэгсэхгүй болгосон шийдвэр хавтаст хэрэгт авагдсан байдаг. Харин хавтаст хэрэгт авагдсан үйл баримтын хэмжээнд Баярцэнгэлийг Буянжаргалтай хамтран оролцсон оролцоон дээр нь 6 удаагийн үйлдлээр 4050000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ 4050000 төгрөгийн хохирлоос хохирогч Энхтуяад төлөх төлбөр байхгүй. Харин иргэний нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлж олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.

      Шүүгдэгч А.Баярцэнгэлээс хохирогч Энхтуяад төлөх төлбөр байхгүй учраас энэ гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийх ямар ч шаардлага байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч А.Баярцэнгэлийн гэм буруутай үйлдэлд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тохирсон. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн өмгөөлөгчийн  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А.Баярцэнгэл нь хамтран амьдрагч Буянжаргалтай хамтарч хохирогч С.Энхтуяад 64 306 760 төгрөгийн хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгахдаа хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй гэж үзэж байна.

       А.Баярцэнгэл нь эхнэр Буянжаргалтай 7-н жил хамт амьдарсан. 2018 оноос С.Энхтуяагийн алт мөнгөний лангуун дээр ажиллаж эхэлсэн. Баярцэнгэлийн цалингийн зээлийг Буянжаргал төлж байсан баримт, дансны хуулга зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүхээс нотлох баримтуудыг гүйцэд үнэлээгүй, хохирол хор уршгийг нарийн тогтоогоогүй.

Баярцэнгэл нь 4-н удаа гэж байгаа боловч Энхтуул, Ганзориг, Мөнхбаатар нарын мэдүүлгээс харахад Баярцэнгэл, Буянжаргал нар нь бид хоёр алт мөнгөний лангуу ажиллуулдаг. Юмаа ломбардад тавих гэсэн юм мөнгөний хэрэг гарлаа гээд удаа дараа орж ирдэг байсан гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан байдаг. Шүүх үүнийг үнэлж үзээгүй. Прокурор дүгнэлт гаргахдаа 4050000 төгрөгийн хохирол учруулсан 4-н удаагийн үйлдэлтэй Энхтуяад нийт 20 гаран сая төгрөгийн алт, мөнгийг буцааж өгсөн гэж байгаа боловч үлдэгдэл хэдэн төгрөгийн хохирол учраад байгаа, түүнийг хэн төлөх, хэрэгт цугларсан баримтуудаар Баярцэнгэл 4050000 төгрөгийн хохирол төлөх үү. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгах явцдаа 64306760 төгрөгийн бодитой хохирол учруулсан уу гэдгийг нарийвчлан тогтоолгүйгээр гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.

      Тиймээс нийт хохирол хор уршгийн хэмжээг нарийвчлан тогтоож, хохирлыг адил тэнцүү хувааж А.Баярцэнгэлээс 20 000 000 төгрөг гаргуулж хохирогч С.Энхтуяад олгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

     Адилбишийн Баярцэнгэл нь бусадтай бүлэглэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Түшиг худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг С.Энхтуяагийн алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан хамтран амьдрагч А.Буянжаргалтай урьдчилан тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6-н удаагийн үйлдлээр нийт  4 050 000 /дөрвөн сая тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Энхтуяа, гэрч Б.Энхтуул, П.Мөнхбаатар, иргэний нэхэмжлэгч Д.Ганзориг, Style shop, Буянт дов, Болор төв, Заан гарьд, Орхон тайж нэртэй зэрэг ломбардуудад үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, Буянт дов ХХК ломбардны 1152, 1121 дугаартай, Орхон тайж ХХК-ний 1541, 495 дугаартай барьцаат зээлийн гэрээ, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон шүүгдэгч А.Баярцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Адилбишийн Баярцэнгэлийг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон, хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан ... анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэн, тухайн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн баримтууд хавтаст хэрэгт хангалттай байхад шүүх үнэлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй, хохирол хор уршгийг буруу тооцож дүгнэсэн талаарх гомдол үндэслэлгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

            Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.           

         2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ЭНХМАА

                                     ШҮҮГЧИД                            Л.НЯМДОРЖ

                                                                                   Д.БЯМБАСҮРЭН