Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г т холбогдох эрүүгийн 1705 0029 70059 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, “Өсөх Зоос” ХХК-д операторч ажилтай, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 10 хоног хорих ял, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 960 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, Г . Шүүгдэгч Г  нь 2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадокс төвийн дэргэд “Мисон” караокены гадна “эхнэрийг хоргоолоо” гэх шалтгаанаар маргаан үүсгэсэн иргэн 2 А.Цэрэндоржийн нүүрэн тус газар нь цохиж, зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруул буйланд цус хуралт, баруун зүүн тохойд зулгарал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г  мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хохирогч А.Цэрэндоржтой маргалдаж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А.Цэрэндоржид 250 000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан. Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи прокурорын саналыг зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтад хохирогч-А.Цэрэндорж мэдүүлэхдээ: ...манай эхнэр 00-ын өрөө орчихоод караокены өрөөнд орж ирээд “сая намайг караокены эзэн нь өдөж, хоргоолоо” гэхээр нь би эхнэрээ өмөөрөөд уг залуутай маргалдаад, нүүрэн тус газар нь нэг удаа гараараа алгадахад зөрүүлээд миний үүдэн шүд рүү гараараа цохиход үүдэн нэг шүд хөдөлсөн” гэжээ. ( хэргийн 5 дугаар хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-С.Сумъяасүрэн мэдүүлэхдээ: ...2017 оны 7 дугаар сарын 29-ны шөнө байх би Г  ахын караоке болох “Мисон” караоке орж, 00 ороод эргээд гарах үед Г  миний бөгснөөс базаж аваад, урд талаас гараараа илээд байхаар нь би юм бодоогүй гараад явсан юм. Тэгээд уг караокед сууж байгаад би буцаад гарах үед Г  ах дахиад миний бөгсийг илээд, энэ тэндээс бариад байхаар нь би нөхөр Цэрэндоржид хэлсэн. Тэр үед манай нөхөр Г  ахыг нэг удаа алгадсан юм. Гэтэл тэр манай нөхрийн шүд рүү нэг удаа цохиод авсан юм гэжээ. ( хэргийн 30 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9678 тоот дүгнэлтэд: 1. А.Цэрэндоржийн биед дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруул, буйланд цус хуралт, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Г  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 3 зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 960 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Г  нь 2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадокс төвийн дэргэд “Мисон” караокены гадна “эхнэрийг хоргоолоо” гэх шалтгаанаар маргаан үүсгэсэн хохирогч А.Цэрэндоржийн нүүрэн тус газар гараараа цохиж, зүүн 1 дүгээр шүдний сулрал, уруул буйланд цус хуралт, баруун зүүн тохойд зулгарал буюу хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Цэрэндорж, гэрч С.Сумъяасүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9678 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Баянгол дүүргийн прокурорын газраас Г т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрсөн болно. Хохирогч А.Цэрэндорж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэлээ. 4 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г  нь торгох ялыг 01 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН