Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/02045

 

 

 

 

 

 

 

                               2024        04          17

                   101/ШШ2024/02045

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,831,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ш.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Зээлдэгч ******* овогтой ******* нь “Фин Экспресс ББСБ” ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “FХ/2022/1335” дугаартай “Зээлийн гэрээ” болон “FХ/2022/1335” дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ” байгуулан 16.450.000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн гэрээний 4.1.5-д заасны дагуу фидуцын зүйлийг үл маргах журмаар хураан авч борлуулах эрхтэй тул 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус фидуцын зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авч, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, тухайн зээлээс нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллын дагуу хассан байна.

******* овогтой ******* нь зээл авснаасаа хойш тус ББСБ-д үндсэн зээлд 9.633,980 төгрөг, зээлийн хүүнд 4.670,412 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 388,758 төгрөг нийт 14,693,150 төгрөг төлсөн байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 6.816.020 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй." гэж мөн хуулийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.’’ гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6.816.020 төгрөг, нотариатын хөлс 15.500 төгрөг нийт 6.831.520 төгрөг гаргуулах тухай.

 

1а. Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш тайлбар ирүүлээгүй, хуралд ирээгүй тул зөвшөөрсөнд тооцож эзгүйд шийдэж өгнө үү.

Хариуцагчтай 2022.11.28-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан зээл олгосон. Хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Зээлээ төлж байгаад доголдол гаргаж эхэлсэн. Улмаар 2023.10.5-ны фидуцийн зүйл болох машиныг хураан авч зээлийн хүү зогссон. Улмаар 11 сая төгрөгөөр худалдан борлуулж зээлээс хасаж тооцсон. Хариуцагч нь нийт 14,693,150 төгрөг төлсөн. Гэрээнд зааснаар хугацаанаас өмнө цуцлах талаар заасан. 2.16-д зааснаар фидуцийн зүйлийн үнэ төлбөрт хүрэлцэхгүй бол үлдэх хэсгийг төлөхөөр заасан. Иймд нийт 6,831,520 төгрөг гаргуулж өгнө үү. Машиныг зарсан болохоор гэрчилгээ байгаагүй юм. Хэнд зарсныг нь мэдэхгүй. Хувь хүн худалдаж авсан. Хамтран ажилладаг хүнд өгөөд заруулдаг юм гэв.

 

2.         Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: Зээлийн гэрээний хуулбар /хх5-8/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх9/, фидуцийн гэрээний хуулбар /хх10-12/, зээлдэгчийн бүртгэл /хх16/, зээлийн гэрээний мэдээлэл /хх17/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 1987 дугаар тодорхойлолтын хуулбар /хх19/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                   ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,831,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч П.******* нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-т зааснаар хариуцагчийн гэр бүлийн гишүүнд мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд ямар нэг хүсэлт ирүүлээгүй. Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

 

4.         Зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16,450,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. /хх5-8/

Зээлийн гэрээний 1.1, 2.6-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг автомашин худалдан авах зориулалтаар олгохоор тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь зээл олгож, автомашин худалдан авсан гэх тайлбараа санхүүгийн баримтаар нотлоогүй боловч энэ талаар хариуцагч үгүйсгэж маргаагүй тул гэрээнд зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг автомашин худалдагчид олгож, хариуцагч нь автомашиныг хүлээн авсан гэж үзнэ.

 

5.         Цаашлаад зохигчид зээлийн гэрээ байгуулсан өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулжээ. /хх10-12/

Фидуцийн гэрээний 1.1, 2.2-т зааснаар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлийн санхүүжилтээр худалдан авсан автомашиныг зээлдэгч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна. Энд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь автомашиныг бусдад худалдсаны улмаас тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан гаргах боломжгүй гэж тайлбарласныг дурдав. Мөн автомашиныг худалдан авч, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

6.         Нэхэмжлэлд дурдсанаар болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд фидуцийн зүйл буюу зээлийн санхүүжилтээр худалдан авсан автомашиныг нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчаас хураан авч, бусдад худалджээ.

Ийнхүү фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитоор өөрийн өмчлөлд авсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар фидуцийн гэрээ дуусгавар болсон.

6а. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээний онцлог нь үндсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухайн фидуцийн эд хөрөнгө бодит байдлаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд очсон бол өмнөх үүрэг буюу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээний үүрэгт ямар хэмжээний эд хөрөнгө фидуциар хангуулж байгаа нь зээлдүүлэгчийн сонгох, өөрийнх нь хүсэл зоригоос хамаарсан эрх тул үнэ нь хүрэхгүй тохиолдолд зээлдүүлэгчийн эрсдэл болох ёстой.

 

7.         Түүнчлэн нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг 11,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд энэ нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд хүрэлцээгүй гэх тайлбараа нотлоогүй. Үүнээс гадна фидуцийн зүйлийг ямар үнэр худалдах нь хариуцагчаас хамаарахгүй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар худалдагч, худалдан авагчид шууд хамааралтай юм.

7а. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн болон фидицийн зүйлээр төлөгдсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй.

7б. Хэдийгээр зээлийн гэрээний 2.16-д фидуцийн зүйлийн үнэ зээлийн гэрээний үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөнөөс үүргийг гүйцэтгүүлэхээр заасан байх боловч гэрээний энэхүү заалт нь хуульд нийцэхгүй тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

 

8.         Иймд фидуцийн зүйлийг нэхэмжлэгч бодитоор хүлээн авч, бусдад худалдсанаар фидуцийн гэрээ дуусгавар болж, цаашлаад үндсэн зээлийн гэрээний үүрэг мөн адил дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч П.*******өөс 6,831,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД