Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/02762

 

 

2024 05 20

101/ШШ2024/02762

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ********** тоот хаягт оршин суух Боржигин овогт *******ийн ******* /рд:*******/-гийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ************** /рд:*******/-нд холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, гэрч Б.*******, нарийн бичгийн дарга Ө.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/487 тоот захирамжаар Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж хаягт байрлах нэгж талбарын 143551/0088 тоот дугаартай 480 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга барих зориулалтаар эзэмшиж эхэлсэн ба хожим Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 тоот дугаартай захирамжаар газрын талбайн хэмжээг 732 м.кв талбайтай болгон нэмэгдүүлж 15 жилийн хугацаатай эзэмших болсон.

Би, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч ХХК-тай хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр тус компани дээрх газар дээр орон сууцны зориулалт бүхий 12 давхар барилгыг барих, ийнхүү барихтай холбоотой санхүүжилтийг 100 хувь бие даан хариуцаж, улмаар орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

Гэвч хариуцагч ХХК нь тус газар дээр барилгын суурь цутгалтын ажлыг хийснээс өөр ямар ч ажлыг хийж гүйцэтгээгүйн сацуу хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон байхад энэхүү компани санхүүгийн хувьд чадавхигүй болох нь тодорхой болсноос барилгын ажлыг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон.

Зохигчдын байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т талуудын аль нэг нь үүргээ ноцтойгоор зөрчсөн аль эсхүл үр дүн гарахгүй нь тодорхой болсон бол нөгөө тал гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж зааснаар миний бие 2023 оны 01 сарын 25-ны өдөр хариуцагч ХХК-нд хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан, цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж гэрээг цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдээд газрын чөлөөлж өгөхийг шаардсан.

Гэтэл газрын эзэмшигч миний бие уг газрын эрхийг бусдад шилжүүлэх, бусад иргэн, аж ахуй нэгжтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа боловч хариуцагч ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс миний бусадтай хамтран ажиллах боломжийг хааж хохироож байна.

Хэдийгээр хариуцагч хуулийн этгээдтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэгжүүлэхээс татгалзсан, цаашид ч уг гэрээ хэрэгжих боломжгүй атал хариуцагч ХХК-ийн захирал А.И******* нь барилга барина, ажиллана гэсээр 6 жилийн хугацааг өнгөрөөлөө.

Гэрээний дагуу хариуцагч нь орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэж өгөх тохиролцоотой байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч хадаас зоогоогүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй. Ийм учир хариуцөагч ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлаад тухайн газар дээр байгаа барилгын суурийг чөлөөлүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн.

Иймд, нэхэмжлэгч миний эзэмшил газар дээр хариуцагч ХХК нь барилгын ажил гүйцэтгэж, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тухай гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрийн боломжийг хязгаарлуулж байгаа тул гэрээ цуцлагдсаны үр дагавар буюу газар дээрх барилгын суурийг албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай ХХК нь нэхэмжлэлд дурдагдаад байгаа газарт 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Гэзэгийн худаг ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлснээс үүдэж барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр уг газар дээр суурыг барьсан билээ.

Гэрээний явцад захиалагч буюу Гэзэгийн худаг ХХК нь төлбөрийн чадваргүй болсны улмаас бид нар арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар шийдвэрээр барилгын суурийг манай компанийн хөрөнгө мөн гэж үзсэн учир энэхүү барилгын суурийг өмчилж байна.

Энэ ажил анхнаасаа Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, тэдэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 486 тоо шийдвэрийг үндэслэн 0228428 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг.

Бид уг газар дээр анхнаасаа нэхэмжлэгч А.*******тай хамтран ажиллаж эхлээгүй, дан ганц манай компаниас болж энэ маргаантай асуудал үүсээгүй. Гэзэгийн худаг ХХК нь дампуураад манай барилгын суурийн газар өөр эзэнтэй болж таарсан бөгөөд бид нэгэнт барилгын ажил эхэлсэн, суурийн хэсэг баригдсан байсан учир нэхэмжлэгч А.*******тай хамтран ажиллах асуудлыг шийдэхийн тулд 2017 онд дээрх гэрээг байгуулж 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаварыг батлуулж хамтран ажиллаж эхэлсэн боловч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 08/1400 тоот дугаартай мэдэгдлийг ирүүлж газрын хэмжээгээ томруулахыг шаардсан.

Ингээд манай компани нэхэмжлэгч А.*******гийн өмнөөс 17,660,000.00 төгрөгийг төлж газрын хэмжээгээ 480 м.кв байсныг 252 м.кв талбайгаар нэмэгдүүлж 732 м.кв болгосон ба газрын гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан, мөн уг сарын 13-ны өдрөөс эхлэн барилгын ажлыг эхлэхийн тулд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт удаа дараа хүсэлт гаргаад өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна.

Энэ хооронд нэхэмжлэгч А.******* бид нарын байгуулсан гэрээний хугацаа манай компаниас үл хамаарах шалтгаанаар дууссан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс газрын талаар баримтлах зарчим 4.1,7-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх гэж заасан.

Өөрөөр хэлбэл, бид нараас үл хамаарах гэрээний үүргээ биелэгдээгүй 2 хүчин зүйл байгаа. Үүнээс талуудын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 2 гэрээ байдаг бөгөөд гэрээнд тохиролцсон зүйл нь 4 ширхэг орон сууц өгье гэсэн бол, нөгөө гэрээнд 2 ширхэг орон сууц өгье гэсэн тохиролцоотой. Яагаад орон сууцыг хугацаандаа ашиглалтанд оруулж чадахгүй байна вэ гэхээр А даалгавар өгөгдөөгүй учир нэг ч хадаас зоож чадахгүй, нэг ч хадаас зоогоогүй нь үнэн. Мөн яагаад архетиктур төлөвлөлтийн даалгавар яагаад өгөгдөөгүй вэ гэхээр газрын хэмжээ бага байна гэсэн. Ингээд 480 м.кв талбайг 732 м.кв болгосон буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан.

Тухайн газар нь урьд өмнө нэхэмжлэгч А.Батбясгалангийн талийгаач аав н.******* гэж хүний эзэмшилд байсан бөгөөд 2012 оны үед ашиглалтын шаардлага хангаагүй гэж хуучин барилгуудын нурааж байсан. Тэр үед Гэзэгийн худаг ХХК нь газар эзэмшигчтэй гэрээ байгуулсан бөгөөд тэр төсөл дээр манай ХХК нь гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тэгээд гүйцэтгэгчээр ажлаад суурь цутгаад ажил явж байтал Гэзэгийн худаг ХХК нь дампуураад маргаан үүссэн.

Энэхүү 480 м.кв газар дээр А даалгавар Хот төлөвлөлтийн ерөнхий газраас гаргуулах гэхээр Барилгын хууль тогтоомжийн дагуу нийт эзэмшил газрын 70 хувь нь барилгажих талбай байна, үлдсэн 30 хувь цэцэрлэг, тоглоомын талбай байх ёстой гэсэн журамтай учир танай суурь газартайгаа тэнцүү буюу газар чинь багадаад байна гэсэн хариу өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч, хариуцагч нар газрын хэмжээг сунгуулах гэж хөөцөлдөөд 252 м.кв газрыг дуудлага худалдаагаар авч 17,660,000.00 төгрөг төлж газрын хэмжээг сунгуулсан.

Ингээд газрын хэмжээгээ томруулаад 732 м.кв талбайтай болоход нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулах санаалаас удаа дараа татгалсзан. Гэтэл талууд урьд өмнө 480 м.кв дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дууссан учир А даалгавар өгөгдөөгүй. Ийм 2 хүчин зүйлээс болоод орон сууцыг барих хугацаа хэтрээд байгааг нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байж зөвхөн хариуцагчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид хандаж дахин гэрээ, хэлэлцээр байгуулах санал тавихад татгалзсан хариу өгдөг. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.  Улсын тэмдэгтийн хураамжид 407,950.00 төгрөг төлсөн баримт,

2.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

3.  Хамтран ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдэл,

4.  ХХК-ийн хариу албан бичиг,

5.  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэл,

Хариуцагчийн өгсөн баримт,

1.  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

2.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

3.  Хариу тайлбар,

4.  Өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг,

5.  2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ,

6.  Архитектур төлөвлөлтийн даалгавар нотариатаар гэрчлүүлсэн хувь, ,

7.  Барилгажих талбайн схем зураг нотариатаар гэрчлүүлсэн хувь,

8.  Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэдэгдэл,

9.  Төлбөрийн баримт нотариатаар гэрчлүүлсэн хувь,

10.  Нэхэмжлэх нотариатаар гэрчлүүлсэн хувь,

11.  Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

12.  ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

13.  ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

14.  2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2 талын тохиролцооны баримт.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт,

1.  Гэрчийн мэдүүлэг.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч ХХК-нд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр товлосон боловч хариуцагчийн төлөөлөгч нь монгол хэл мэдэхгүйг үндэслэн түүнийг орчуулагчтай оролцуулах болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан.

Ингээд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах болон хариуцагч нь орчуулагчийг өөрөө олж шүүх хуралдаанд хамт оролцох хүсэлтийг үндэслэн хойшлуулсан хэдий ч 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн орчуулагч нь шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааны товыг хойшуулсан. Үүний дараагаар хариуцагчаас тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г.*******д итгэмжлэл олгожээ.

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гэрч Б.******* нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч ХХК-тай хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан бөгөөд талууд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц барихад хамтран ажиллахаар тохиролцсон байна /х.х-ийн 5-9 хуудас./

Тодруулбал, нэхэмжлэгч А.******* нь Нийслэлийн засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1052 тоот захирамжаар Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж хаягт байрлах нэгж талбарын 18643312916750 тоот дугаартай 480 м.кв талбайтай газрыг эзэмшдэг ба тэрбээр гэрч Б.*******д 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэлцэлд төлөөлөх итгэмжлэл олгосны үндсэн дээр зохигчид тухайн гэрээг байгуулсан үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 48, 114 хуудас/.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж зааснаар нэхэмжлэгч А.******* болон хариуцагч ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

3.            Зохигчдын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хариуцагч ХХК нь нэхэмжлэгч А.*******гийн эзэмшлийн 480 м.кв талбайтай газар дээр 12 давхар орон сууц барих, тийнхүү нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр орон сууц барьсантай холбогдуулан 52.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өгөхөөр тохирсон байна.

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, гэрчийн мэдүүлгээр хариуцагч ХХК нь нэхэмжлэгч А.*******д 1 дүгээр давхрын зүүн урд талд 52.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 10 дугаар давхрын зүүн урд талд 52.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн 11 дүгээр давхрын зүүн урд талд 52.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, нийт 3 /гурав/-н орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон байна /х.х-ийн 40-42 хуудас/.

4.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтар зохигчдыг энэхүү гэрээг байгуулахаас өмнө уг 480 м.кв талбайтай газрыг Д.******* гэж хүн эзэмшиж байх үед хариуцагч ХХК нь Гэзэгийн худаг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 480 м.кв талбайтай газар дээр барилга барихаар барилгын суурийг цутгасан бөгөөд Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 78 тоот шийдвэрээр хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тухайн суурийг шилжүүлэн авахаар болжээ /х.х-ийн 52-59 хуудас/.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.*******г хариуцагч ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тухайн гэрээг байгуулахаас өмнө хариуцагч нь 480 м.кв талбайтай газар дээр барилгын суурь цутгасан ба зохигчид хожим үргэлжлүүлэн орон сууц барихаар тохирсон байна.

5.            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Тайлбарлавал, хоёр болон түүнээс дээш тооны иргэн, хуулийн этгээд хамтран ашиг олох, аль эсхүл тодорхой зорилгод хүрэхийн тулд тухайлан хуулийн этгээд буюу компани, нөхөрлөл байгуулахгүйгээр нэгдэж ажиллах үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, хамтын үйл ажиллагааг нэгдмэл ашиг сонирхолтойгоор хамтран хэрэгжүүлэх ба бусдын өмнө эсрэг-тэсрэг чиг үүргийг гүйцэтгэхгүй, ийм ашиг сонирхлыг илэрхийлдэггүй бөгөөд хамтран /нэг тал болж/ үйл ажиллагаагаа явуулж, олсон орлого, үүсэх эрсдэл, хүлээх хариуцлага зэргийг хуваарилдаг байна.

6.            Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн байгуулсан гэрээг үзвэл зохигчид хамтран ажиллах бус харин хариуцагч ХХК нь нэхэмжлэгч А.*******д түүний эзэмшлийн 480 м.кв талбайтай газар дээр 12 давхар орон сууц барих, нэхэмжлэгчид хариу төлбөрт гэрээгээр тохирсон орон сууцыг өгөх агуулгаар эрх, үүргийн хувьд холбогдсон байх тул хамтран ажиллах гэрээ гэж дүгнэхгүй.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох эдгээр орон сууцыг нэхэмжлэгч нь зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй байснаас гадна хариуцагч нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шинээр барьж гүйцэтгэж 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байна.

7.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, мөн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

Тайлбарлавал, хариуцагч ХХК нь зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээгээр тохиролцсон орон сууцыг барьж гүйцэтгэх, ийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч А.*******д хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч буюу ажил гүйцэтгэгч ХХК нь гэрээний зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж гүйцэтгэх үүргээ зөрчжээ. Тодруулбал, талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь орон сууцны барилгын суурийн цутгалтыг хийснээс орон сууцыг барихтай холбоотой өөр ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй байна.

8.            Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж, 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь үүрэг гүйцэтгэгч этгээд болохын хувьд энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүргээ ийнхүү зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

Тайлбарлавал, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа олгох шаардлагагүй байдаг.

9.            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулах боломжгүй болох нь илэрхий байгаа ажээ. Иймд, нэхэмжлэгч А.******* нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гээд 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэсэн үндэслэлэр хариуцагч ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй юм.

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзаж болдог.

Нэгэнт хариуцагч ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгч А.*******д хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн нь тодорхой байгаа, нэхэмжлэгч нь энэхүү зөрчлийг үндэслэн орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй.

10.         Иргэний хуулийн 221.5-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ.

Тайлбарлавал, зохигчид гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн байна. Тиймээс хариуцагч ХХК нь нэхэмжлэгч А.*******гийн эзэмшлийн газар дээр барьсан барилгын суурийг чөлөөлөх үүрэгтэй болно.

11.         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төрийн захиргааны байгууллагаас барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөөгүйгээс гадна нэхэмжлэгч нь 732 м.кв талбайтай болсон байхад дахин гэрээ, хэлэлцээр байгуулаагүй гэж буруутгасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохигчдын маргаж буй 480 м.кв талбайтай газар дээр 48 айлын орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон боловч газрын хэмжээ бага гэсэн үндэслэлээр барилга барих зөвшөөрөл олгогдоогүй байна /х.х-ийн 43-45 хуудас/.

Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.******* нь газрын хэмжээг 252 м.кв талбайгаар томруулж 732 м.кв талбайтай газрыг эзэмэших эрхтэй болсон бөгөөд төлбөрийг хариуцагч ХХК нь төлсөн талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 46-48, 89-91 хуудас/.

12.         Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Гэвч хариуцагч ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч А.*******д 732 м.кв талбайтай газар дээр орон сууц барих талаар гэрээний санал хүргүүлж байсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хугацаа хэтрэх нөхцөл байдлыг үүсгэсэн гэж шууд буруутгахгүй боломжгүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан.

Хариуцагч ХХК нь 12 давхар орон сууцыг барих ажил гүйцэтгэгчийн хувьд төрийн эрх бүхий байгууллагаас барилга барихтай холбоотой тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл зэргийг авахтай холбоотой хариуцлагыг хүлээх учир ажил гүйцэтгэгчийг гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй /х.х-ийн 49-51 хуудас/.

Харин зохигчид 480 м.кв талбайтай газрын хэмжээ хожим 732 м.кв талбайтай болсон болон 252 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг авахтай холбоотой төлбөрийг хариуцагч нь төлсөн талаар маргаагүй тул нэмэгдсэн газартай холбоотой тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй болно. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч ХХК-нд Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж хаягт байрлах нэгж талбарын 1461502117 тоот дугаартай 732 м.кв талбайтай газрын 480 м.кв талбай дээр барьсан барилгын суурийг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР