Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 182/2019/01119/и |
Дугаар | 210/МА2019/01548 |
Огноо | 2019-08-21 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2019/01548
“ОИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01136 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “ОИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бадрах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар тогтоолоор Л.Батаагаас 509 293 915 төгрөгийг гаргуулан тус банк бус санхүүгийн байгууллагад олгохоор болсон. Л.Батаа нь тогтоолд дурдсан төлбөрийг сайн дураар эс биелүүлсэн тул албадан гүйцэтгэх захирамж, албадан гүйцэтгэх хуудас гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. НШШГГ-аас Л.Батаагаас төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж Л.Батаагийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах Ү-2206022515 улсын бүртгэлийн дугаартай, 437.2 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэн 963 200 000 төгрөг гэж тогтоосон. НШШГГ-аас зохион байгуулсан 2 шатны албадан дуудлага худалдаагаар Л.Батаагийн барьцаа хөрөнгө нь худалдан борлогдоогүй болно. 2 шатны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох комиссын хурлаар Л.Батаагийн барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнээр тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгосон. Энэхүү санал болгох комиссын шийдвэрийг тус банк бус санхүүгийн байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр НШШГГ-т Л.Батаагийн барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1-д зааснаар тус банк бус санхүүгийн байгууллагад төлбөрт тооцон санал болгоно уу гэж гомдол гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гомдлын хариуг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ...танай гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгдье гэж тус банк бус санхүүгийн байгууллагад ирсэн. Энэхүү гомдлын хариуг тус банк бус санхүүгийн байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гомдлын хариуг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон нь хуульд нийцсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж ирүүлсэн тул танай шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж заасан. Үүнээс үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.5 бол албадан дуудлага худалдаагаар биш өөр хэлбэрээр худалдан борлуулах гээд худалдан борлогдоогүй бол барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх хуулийн зохицуулалт байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.1-д “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно” гэж заасан нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй бол барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг зохицуулсан хуулийн заалт байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.1-д зааснаар тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгох ёстой нь нотлогдож байна. Гэтэл НШШГГ худалдан борлогдоогүй, дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй гэсэн 2 өөр ойлголтыг ялгаж салгаж ойлгож чадахгүй байгаад тус банк бус санхүүгийн байгууллага гомдолтой байна. НШШГГ нь 2 дахь албадан дуудлага худалдаагаар 482 600 000 төгрөгөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагад 965 200 000 төгрөгт тооцон өгч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ... эрхтэй... гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Учир нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн хүлээх хариуцлагыг гэм буруугүй хохирсон этгээдэд хүлээлгэж, төлбөрөө авахдаа төлбөр төлөгчид төлбөр төлөхөөр шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Мөн бидний гаргаж буй гомдолтой адил төрлийн маргааныг шүүхээс НШШГГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-ыг буруу хэрэглэсэн болохыг тогтоосон. НШШГГ нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр санал болгох комиссын хурлаар төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д заасныг баримтлан тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгосон. Энэхүү ажиллагаа нь хууль зөрчсөн болохыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 379 дугаарт магадлалаар тогтоосон. Иймээс НШШГГ урьд нь гаргасан алдаагаа давтахгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1-д заасныг баримтлан барьцаа хөрөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгох ёстой гэж үзэж байна. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож. Л.Батаагийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах Ү-2206022515 улсын бүртгэлийн дугаартай, 437.2 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1-д зааснаар тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгохыг НШШГГ-т даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4592 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 92 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182 тогтоолоор Лхамсүрэнгийн Батаагаас 509 293 915 төгрөг гаргуулж “ОИ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022515 дугаарт бүртгэлтэй 437.2 м.кв талбайтай барилгыг битүүмжлэн, хурааж албадан дуудлага худалдааг 2 удаа зохион байгуулахад худалдан борлогдоогүй. Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж заасны дагуу явуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5-т заасныг баримтлан НШШГГ-ын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах Ү-2206022515 дугаарт бүртгэгдсэн 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг “ОИ ББСБ” ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч “ОИ ББСБ” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу явуулсан гэж үндэслэлгүй худал дүгнэсэн. Тус ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагадаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар санал болгох ажиллагаа явуулж өгнө үү гэж тусгасан. Гэтэл шүүгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасныг баримтлан тус ББСБ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс үзвэл шүүгч хэргийг огт үзэж судлалгүйгээр шийдвэрлэсэн болох нь нотлогдож байна. Бид нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг шүүх зөрчиж тус ББСБ-ын гаргасан үндэслэл бүрд ямар нэгэн тайлбар өгөлгүй зөвхөн нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалт нь ямар үед хэрэглэгдэх талаар шүүх тайлбар дүгнэлтийг өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн. Тус ББСБ-ын үзэж байгаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалт нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг санал болгох харин энэ хуулийн 73.5 дах заалт нь худалдан борлогдоогүй буюу дуудлага худалдаагаар биш өөрөөр хэлбэрээр худалдан борлогдоогүй хөрөнгийг санал болгох хуулийн зохицуулалт болох нь хуульд хэрэглэгдсэн үгнээс нотлогдож байна. Гэтэл 2 өөр нөхцөл байдлыг шүүх ялган салгаж ойлгож чадахгүй байгаад нь харамсалтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан үйл баримт болоод, төлбөр төлөгч өөрөө хөрөнгөө худалдан борлуулж чадаагүй тохиолдолд хэрэглэх ёстой гэж тус ББСБ үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.1-д "Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно” энэ хуулийн 72.1-д анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дах дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно. Иргэний хуулийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. Иргэний хуулийн 177.4-д “хоёр дах дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасан. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг Л.Батаа болон тус ББСБ нь тохиролцож чадаагүй тул үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд буюу шийдвэр гүйцэтгэх байгууллага томилж үнэлгээчний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаа явагдсан нь Иргэний хуулийн 177.1-д заасантай нийцсэн. Мөн хоёр дах албадан дуудлага худалдааг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон явуулсан нь Иргэний хуулийн 177.4-д заасантай тохирч байгаа. Үүнээс үзвэл Л.Батаагийн үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.1-д зааснаар тус ББСБ-д санал болгох ёстой байсан нь тогтоогдож байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т "... шударга ёс, ... дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", энэ хуулийн 16 дугаар зүйлийн 3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ... эрхтэй ..." гэж заасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 дах албадан дуудлага худалдаагаар 482 600 000 төгрөгөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг тус ББСБ-д 965 200 000 төгрөгт тооцон өгөх шударга бус тогтоолыг шүүх шударга гэж үзэж Үндсэн хууль зөрчиж байгаа нь харамсалтай. Мөн бидний гаргаж буй гомдолтой адил төрлийн маргаан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах заалтыг буруу хэрэглэсэн болохыг шүүхээс тогтоосон. Энэ шүүхээс тогтоосон магадлалыг хэргийг материалд хавсаргаж нэхэмжлэлдээ жишээ болгож дурдсан. Үүнд НШШГГ нь 2018 оны 4 сарын 05-ны өдөр санал болгох комиссын хурлаар төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасныг баримтлан тус ББСБ-д санал болгосон. Энэхүү ажиллагаа нь хууль зөрчсөн болохыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 379 дугаар магадлалаар тогтоосон. Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж тогтоосоор байтал анхан шатны шүүх үүнийг харгалзан үзэлгүй алдаатай шийдвэр гаргасан. Иймд 2019 оны 6 сарын 17-ны өдөр гаргасан 182/ШШ2019/01136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “ОИ ББСБ” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4592 дугаар шийдвэрээр Л.Батаагаас 506 602 951 төгрөг гаргуулж, “ОИ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 92 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар тогтоолоор тус тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 14-23 дугаар тал/
Дээрх шийдвэрийн дагуу олгогдсон 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1116 дугаар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч Л.Батаагийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр битүүмжлэн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргажээ. /хх-ийн 57, 59-60 дугаар тал/
Төлбөр авагч, төлбөр төлөгч нар уг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч НШШГГ нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг 963 200 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 62-68 дугаар тал/
Хариуцагч нь шинжээчийн дүгнэлт болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг талуудад хүргүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй болох нь дуудлага худалдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 74-75 дугаар тал/
Ийнхүү худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох комиссын хурлын товыг хариуцагч НШШГГ нь төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдэж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр талуудыг байлцуулан хуралдаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 84 дүгээр тал/
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо хоёр дах албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний үнэ болох 963 200 000 төгрөгийн 50 хувь буюу 481 600 000 төгрөгөөр нэхэмжлэгчид санал болгох ёстой гэж тайлбарласан.
Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно” гэж, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт заасны дагуу хариуцагч НШШГГ нь хөрөнгийн үнэлгээний дүн болох 963 200 000 төгрөгөөр төлбөр төлөгч Л.Батаагийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “ОИ ББСБ” ХХК-д санал болгосон нь хуульд нийцсэн, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Г.ДАВААДОРЖ