Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0790

 

 

 

 

 

 

 

 

 

2023           10          30                                    128/ШШ2023/0790

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-Он Ч/РД:ХД**********/;

Хариуцагч: Ч-н дүүргийн н-н д-н хэлтэс;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:З.М нарын хооронд үүссэн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчид олгож байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгох, олгоогүй сарын тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах” маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А нарыг оролцуулав.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Ч***** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Г, Ц.Ж нарын **** оны *-р сарын *-ны өдөр 2*******улсын байцаагчийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчид олгож байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгуулж, олгоогүй сарын тэтгэврийг нөхөн олгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3.1, 103.3.4-т заасан шийдвэрийг гаргуулахаар маргаж байгаа болох нь тогтоогдсон тул энэхүү маргааны хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэлээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч Б.Ч нь Б*******, С******, Ч***** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны * сарын **-ны өдрийн **** тоот шийдвэрээр 1979-1995 оныг хүртэл улсад 22 жил ажиллаж байсан болохоо тогтоолгожээ.

2.2.Үүний дараагаар Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Т.Г, Ц.Ж нар нь нэхэмжлэгчийг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах заалтыг үндэслэн “хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр тогтоолгон авсан **,***,***төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэхээр” шийдвэрлэжээ.

2.3.Нэхэмжлэгч нь Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагч нарын дээрх актын эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад гомдол гаргасан байна.

2.4. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нэхэмжлэгчийн уг гомдлыг хянаад,  2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/246 дугаар албан бичгээр өгсөн хариундаа “Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг дурдан, улсын байцаагчийн актыг эс зөвшөөрвөл хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх” гэж дурджээ.

2.5.Нэхэмжлэгч нь Улсын байцаагч нарын актыг хүчингүй болгож, урьд олгогдож байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгуулж, олгоогүй сарын тэтгэврийг нөхөн олгуулахаар тус шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Гурав.Хэргийн оролцогч нарын тайлбар, хууль зүйн үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “Нэхэмжлэгч нь Б*******, С******, Ч***** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны * сарын **-ны өдрийн **** тоот шийдвэрээр 1979-1995 оныг хүртэл улсад 22 жил ажиллаж байснаа тогтоолгосон билээ. Гэтэл 2023 оны 4 дүгээр сард Ч***** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс холбогдож ирж уулз гэж хэлсний дагуу очиход дүүргийн нийгмийн Даатгалын тасгийн дарга 3.М хүлээн авч Б.Ч та хуурамч бичиг баримт бүрдүүлж эрт буюу 52 насандаа тэтгэвэрт гарсан, хүүхэд байхдаа ажилласан гэж хуурамч материал бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр чинь хүчингүй гэж намайг айлган сүрдүүлж 16 сая төгрөг төлж барагдуулна гэж бич хэмээн хүчээр бичүүлж авсан. Тухайн үед би айж балмагдан шүүхийн шийдвэр хүчингүй юм байхдаа, 52 насандаа тэтгэвэрт гарах ёсгүй байсан юм болов уу гэх зэргээр учир явдлыг тунгаан бодох чадваргүй байдалд орсон байсан. Надтай уулзсанаас хойш миний тэтгэврийг шууд хааж 2023 оны 4 дүгээр сараас өдийг хүртэлх хугацаанд би тэтгэврээ авч чадаагүй. Миний бие зөвхөн тэтгэврээр амь зуудаг бөгөөд байнга даралт ихсэх, зүрх өвдөх өвчнөө дарахын тулд өдөр тутамдаа эм тариа авч хэрэглэдэг. Өнөөдрийн байдлаар би даралтны эмээ авч чадахгүй хоногийн хоолоо ч аргацаах чадалгүй арай ядан амьдарч байна.

Б******, Ч******, С***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 6448 тоот шүүхийн шийдвэрийн агуулгаас товч дурьдвал: Б-Он Ч нь 1979 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 08 сарын 05-ны өдөр хүртэл Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Талх, хүнсний комбинатын талхны цехэд ц-р, 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс Эмийн үйлдвэрт нарийн самнах цехэд машин баригчаар, гэрч Д.Д-н мэдүүлэг, 1995 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, сүүлд ажилд томилсон тушаал, "А г" ХК-ийн үйлдвэр худалдааны компанийн тодорхойлолт, "Э” үйлдвэр худалдааны хувьцаат компанийн "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хугацааг нөхөн тооцох" тушаал, "А г” ХК-ийн гаргасан Б.Ч-н цалингийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивийн лавлагаа, ээлжийн амралт олгох тухай тушаал зэргээр тогтоогдож байна” гээд ТОГТООХ нь: Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Б-Он Ч нь 1979 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Талх, хүнсний комбинатын талхны цехэд ц-р, 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Эмийн үйлдвэрт /сүүлд "Э" ХК болсон/ нарийн самнах цехэд машин баригчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай” гэжээ.

2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 тоот "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалын хавсралтын хөдөлмөрийн хүнд нөхцөл хэсгийн 18. Ноос, ноолуур, хивсний боловсруулах үйлдвэрлэлийн ялгагч, зөөгч, сэгсрэх машин баригч, хялгас ялгах цехийн машин баригч, угаах машин баригч, ... хөдөлмөрийн хүнд нөхцөл байна гэж заасан нь миний Э-ийн үйлдвэрт тасралтгүйгээр 11 жил 4 сар 22 хоног нарийн самнах цехэд /ноос самнах цех/ машин баригчаар ажилласан ажлын байр нь хүнд нөхцөлд хамаарч байгаа юм.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч доор дурдсан болзлыг Хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй /нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-с доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн/ бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж заажээ.

            Дээр дурдсанаас үзвэл миний бие Э-ийн үйлдвэрийн нарийн самнах цехэд /ноос самнах цех/ машин баригчаар 11 жил 4 сар 22 хоног ажилласан нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч хуулийн дагуу 50 насандаа тэтгэвэр авах эрх үүссэн бөгөөд 52 насандаа тэтгэвэрт гарсан нь Монгол улсын хуулийг огт зөрчөөгүй хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгосон гэдэг нь тодорхой байна.

1979 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Талх, хүнсний комбинатын талхны цехэд ц-р ажиллаж байсныг Монгол Улсын шүүх холбогдох нотлох баримтыг үндэслэн тогтоосон байхад Тасгийн дарга З.М нь шүүхэд бүрдүүлж өгсөн баримтыг хуурамч, энэ шүүхийн шийдвэр чинь хүчингүй баримт гэж байгаа нь Монгол Улсын хуулиас давсан үйлдэл гэж үзэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 120 дугаар зүйлийн 120.4-д “Шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй” гэх мэт шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинж, хуулийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлсон хэд хэдэн хууль, эрх зүйн зохицуулалт байсаар байтал хууль зөрчиж гаргасан захиргааны акт гаргасан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй учраас Улсын байцаагчийн ********* тоот акт нь гаргасан цагаасаа буюу 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс л эрх зүйн үйлчлэлгүй.

Б*******, С******, Ч***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн **** тоот шийдвэрийг Ч-н дүүргийн н-н д-н хэлтэс эс зөвшөөрсөн бол тус шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх ёстой байтал гаргаагүй. иргэний шүүхийн шийдвэр, тус шийдвэрээр тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар зөвхөн иргэний хэргийн давж заалдах, улмаар Улсын дээд шүүх л эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой. Гэтэл гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй хариуцлагаа миний буруу мэтээр тайлбарлаж Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч Т.Г, Ц.Ж нарын 2023 оны 6 сарын 7-ны өдөр ********* тоот улсын байцаагчийн "Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх" акт гаргаж надад сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасанд гомдолтой байна.

Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Т-н дарга 3.М-д Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэнд ч байхгүй. Шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуульд нийцүүлэн шийдвэр гаргах эрх хэмжээг ингэж бүдүүлэг байдлаар үгүйсгэж болохгүй юм. Төрийн байгууллагаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт цуглуулах, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох ажиллагааг тус тус хууль бусаар хүч хэрэглэж хийсэн юм.

            Гэтэл тухайн улсын байцаагч нар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байтал тогтоогоогүй. Мөн хуулийн 24.2-т заасан  бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар бүрдүүлээгүй. Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж баталгаажуулсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд заавал биелэгдэх учиртай эрх зүйт төрийн хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг ойлгож ухамсарлалгүйгээр өөрийн үзэмжээр үнэлсэн хууль бус юм.

            Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох ажиллагааг хийхдээ нэхэмжлэгч Б.Ч намайг айлгаж сүрдүүлж тулган шаардах байдлаар, сүрдүүлж ингэж миний хэлснээр бич гэж төрийн албан хаагчид байхааргүй ёс суртахууны зөрчил гаргаж өргөдөл авсан. Миний бие нь зүрхний хэм алддаг суурь өвчтэй. Ухаан санаа айж сандарсан үедээ балартдаг бэрхшээл надад байдаг болно.

            Би тэтгэвэр тогтоолгохдоо огтхон ч хуурамч материал бүрдүүлж өгөөгүй, шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгохдоо ямар нэгэн худал хуурамч баримт шүүхэд өгөөгүй бүх зүйлийг дүрэм журмын дагуу бүрдүүлэн өгч тэтгэврээ тогтоолгосон. Гэтэл шүүхийн шийдвэрийг хүртэл хүчингүй болгох, ядарсан иргэн надаас 16 сая төгрөг төл гэж үндэслэлгүйгээр шаардаж, тэтгэврийг минь өгөхгүй хаах эрх нийгмийн даатгалын байцаагчид олгогдоогүй гэж үзэж байна. Угийн орлого багатай, бие муутай хүнийг ингэж төрийн албадлага хэрэглэж эрх зүйн байдлыг минь дордуулсан. Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын тасгийн дарга 3. М өөрийн удирдлагад байгаа ажилтнуудын хууль бус  үйлдлийг таслан зогсоохын оронд хаацайлсаныг энд дурдах нь зүйтэй болов уу.

Иймээс Ч***** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч Т.Г. Ц.Ж нарын 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ********* тоот улсын байцаагчийн "Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх" актыг хүчингүй болгож, надад олгож байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгуулж, олгоогүй сарын тэтгэврийг нөхөн олгуулж өгнө үү.

Сонсох ажиллагааг хуулийн хүрээнд явуулаагүй. Б.Ч нь зүрхний хэм алдагдалтай, бие муутай хүн байгаа. Амархан сандардаг хүн. Захиргааны байгууллага аливаа зүйлд бодитой хандах, үр нөлөөтэй байх зарчмын дагуу явуулах ёстой. Энэ хүн бие муутай үгүйг нь харгалзаж үзэх ёстой байсан. Аливаа захиргааны акт гаргахаас өмнө тодорхой үйл баримтуудыг цуглуулж, захиргааны актын үндэслэл болоогүй учраас хууль бус захиргааны акт гэж үзээд байна. Хөдөлмөрийн дэвтрээ өөрөө үрэгдүүлсэн. Гэхдээ хуульд заасан хугацаанд хуулбарлаад өгсөн учраас үүнийг тодруулаад байх шаардлагагүй. Зөрчлийг гаргаагүй. Ажилласан жилийг хуурамчаар тогтоогдоогүй гэж маргаж байна” гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар удирдамжийн дагуу тус хэлтэст Нийгмийн даатгалын тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжилтийг шалгах зорилго, болгон "Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтын ажлын хүрээнд 2019 оноос 2022 оны хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад тулгуурлан шалгалтын явуулсан.

Хяналт шалгалтаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.3 дах заалтыг тус тус зөрчиж, нэр бүхий 30 иргэн хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зөрчлийг илрүүлж, Нийслэлийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Нэрийн бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай" 31/12 тоот актаар "Хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 30 иргэний тэтгэврийн олголтыг түдгэлзүүлж, хуурамч баримт бүрдүүлэн худал мэдээлж, тэтгэвэр тогтоолгосон иргэдтэй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтын дагуу нэг бүрчлэн уулзаж, зөрчлийг танилцуулан илүү олгосон тэтгэврийн тооцооллыг хийж баталгаажуулж, холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

Дээрх Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагчийн актын дагуу иргэн Б.Ч-г дуудан уулзаж, асууж тодруулахад "Тэтгэвэрт гаргахдаа сурч байсан хугацааг оруулж тооцож, тэтгэвэрт гарсан буруугаа хүлээж байна. Улсын байцаагчийн актаар тогтоосон тэтгэврийн мөнгийг бэлнээр төлнө" гэсэн тайлбарыг гаргасан.

 Мөн Б*******, С******, Ч***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн **** тоот шүүхийн шийдвэрийг шинжлэн судалж үзэхэд “Б.Ч нь 1979 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Талх, хүнсний комбинатын талхны цехэд ц-р, 1983 оны 08 дугаар 05-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Э ийн үйлдвэрт /сүүлд Э ХК болсон/ нарийн самнах цехэд машин баригчаар тус тус сарын ажиллаж байсныг хуурамч материал бүрдүүлж, шүүхээр тогтоолгож, тэтгэвэр тогтоолгосон гэж үзэхээр байна. 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд арван жилийн сурагч байсан болохыг Б.Ч өөрийн биеэр илэрхийлсэн тул Б.Ч нь дээрх хугацаанд ажил хөдөлмөр эхлэх боломжгүй, нөгөөтэйгүүр ажил хөдөлмөр, эрхлэх насанд хүрээгүй болох нь тогтоогдож байна.

            Иймд Б.Ч нь Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэвэр сангаас олгох, тэтгэвэр, тогтоолгох эрх үүсээгүй байхад хуурамч баримт материал бүрдүүлэн үндэслэлгүйгээр 1******** төгрөгийн тэтгэвэр авч төрийн санг хохироосон зөрчил гаргасан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаарт зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хуурамч баримт бичиг бүрдүүлэн үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч Б.Ч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу 1******** төгрөгийг буцаан төлүүлж, төрийн санг хохиролгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Миний бие тухайн өдөр Б.Ч-г шууд шахаж шаардаж, гарын үсэг зуруулсан гэж тайлбар өгсөн байсан. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын удирдамжтай 5 сар хүртэл Улсын ахлах байцаагч, хяналт шалгалтын байцаагч нар ажлаа хийж эхэлсэн. Анхны уулзалтаар зөрчилтэй гэдгийг тогтоон Б.Ч-г зөрчилтэй байна, тухайн акт тооцоонуудыг хий гэсэн үүргийг өгч байсан учраас акт тогтоосон. Энэ хүн өөрөө уулзахдаа би энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, сурч байсан гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн. Өөрийнхөө гараар өргөдлөө бичиж өгсөн. 2023 оны 8 сард Б.Ч нь Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт гаргасан өргөдөлдөө хүлээн зөвшөөрсөн гэдэг тайлбараа өгсөн. Хөдөлмөрийн дэвтрээ үзүүлж байсан. Өөрөө хөдөлмөрийн дэвтэртээ байхад үзүүлэхгүй байна гэдэг тодорхой бус гэж үзэж байна. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр хуурамчаар үйлдэх тохиолдол байдаг. Анх хөдөлмөрийн дэвтэр хэдэн онд нээсэн, хаасан  талаар танилцъя гэж хүсэлт гаргасан юм. Тухайн иргэн хүлээн зөвшөөрсөн учраас Нийслэлийн Нийгмийн даатгалын газар акт дээр иргэний хуурамч баримтаар нийгмийн даатгалыг түдгэлзүүлэн зогсоох жагсаалт орж ирсний дагуу, энэ хүн хүлээн зөвшөөрсний дагуу суутгалыг нь хийж эхэлсэн. 50 хувийн суутгалыг хийж, 50 хувийн тэтгэврийг олгож эхэлсэн. Тухайн үед иргэн Б.Ч-г шахаж шаардаж хүчлээгүй. Өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байхад суутган тооцоогүй, тэтгэврийг зогсоогоогүй” гэв.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь Б.Ч-н ажилласан байдал, түүний тэтгэвэр тогтоолтын үйл баримт бөгөөд  тэтгэврийн эрх зүйн харилцааны хүрээнд үүсэн маргаан болно.

   Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Б*******, С******, Ч***** дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаар шийдвэрээр Монгол овогт Б-О-н Ч-г 1979 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Талх хүнсний комбинатын Талхны цехэд ц-р, 1983 оны 08 дугаар  сарын 05-ны өдрөөс 1995 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл Э ийн үйлдвэрт /Сүүлд “Э” ХХК болсон/ Нарийн цехэд машин баригчаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэжээ.  /ХХ-н 13-14 дэх тал/

2.2.Нийслэлийн  Нийгмийн даатгалын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар удирдамжийн дагуу Ч-н дүүргийн н-н д-н хэлтэст хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжилтийг шалгах зорилго бүхий хяналт шалгалтыг явуулжээ. /ХХ-н 60-62 дахь тал/

2.3.Уг хяналт шалгалтыг үндэслэн Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ********* дугаартай “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актаар Б.Ч-г “... 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн **** тоот шүүхийн шийдвэр хуурамчаар гаргуулсан, ажилласан жилээр тэтгэвэр тогтоолгосон шийдвэрийн үндэслэлийг шалган үзэхэд тухайн онуудад ажиллаж байгаагүй болон хуурамч баримт бүрдүүлснийг иргэн Б.Ч өөрөө хүлээн зөвшөөрсөн, хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр **,***,***төгрөгийн тэтгэвэр авсан зөрчил гаргасан” гэж дүгнээд  Б.Ч-р **,***,***/Арван зургаан сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-н11-12 дахь тал/

2.4.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хяналт шалгалтын явцад Б.Ч-г дуудаж уулзахад тэрээр тэтгэвэрт гарахдаа сурч байсан хугацааг оруулж тооцож тэтгэвэрт гарсан буруугаа хүлээж байна гэж өөрөө зөвшөөрч, бичгээр бичиж өгсөн, айлгаж сүрдүүлээгүй, албадлага хэрэглээгүй” гэж тайлбарлан Б.Ч-н өөрийн гараар бичсэн тайлбар гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Б.Ч-г дуудаж уулзсан буюу сонсох ажиллагааны уулзалтын тэмдэглэлийг хөтлөөгүй, ийм баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

2.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Ч-н өөрийн гараар бичсэн гэх бичгийн баримтыг няцааж, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, Б.Ч зүрхний хэм алдагдал өвчтэй, айж сандарсан үедээ ухаан балартдаг учраас уг бичгийг айж, сандарсан байхдаа бичсэн гэх агуулгатай тайлбарыг гаргасан.

2.6.Энэ актын  зөрчил гэдэгт Б.Ч-н 1979 онд буюу 15 настайдаа дунд сургуульд сурч байсан хугацааг ажиллаж байсан гэж үзээгүй учраас энэ хугацааг хамруулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

2.7.Нэхэмжлэгч Б.Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Б.Ч ажилласан байдлаа тогтоолгохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, сурч байсан хугацаагаа ажилласан жилээр тогтоолгосон гэж үзэхгүй” гэж байна.

2.8.Түүнчлэн Б*******, С******, Ч***** дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаар шийдвэртэй хэрэгт авагдсан, иргэний хэргийн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд энэхүү захиргааны хавтаст хэрэгт авагдсан /ХХ13-44 дэх тал/ байна.

2.9.Нэхэмжлэгч Б.Ч-н тэтгэврийг акт гарсан 2023 оны 05, 06, 07, 08, 09, 10  дугаар саруудын   тэтгэврийг бүрэн тооцож олгоогүй зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо. 

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

            3.1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гээд мөн зүйлийн 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж заасны дагуу Б*******, С******, Ч***** дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаар шийдвэрээр Б-О-н Ч-н  ажиллаж байсан байдлыг 1979 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцож тогтоосон байна.

3.2.Шүүхийн энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой  байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна.

3.4.Б*******, С******, Ч***** дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаар шийдвэрээр тогтоогдсон Б.Ч-г  1979 онд ажиллаж байсан гэж тогтоосон үйл баримт нь энэ хэргийн маргааны зүйл байгаа бөгөөд маргаан бүхий актад энэ үйл баримтыг хуурамч нотлох баримт өгч иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг  гаргуулсан гэж маргасан ч нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртээр тогтоосон үйл баримтыг захиргааны хэргийн шүүх дахин тогтоохгүй, ийм эрх хэмжээ шүүхэд байхгүй.

3.5.Захиргааны хэргийн шүүх нь иргэний хэргийн шүүхэд хянан хэлэлцсэн, хэрэгт авагдсан Б.Ч-н Хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар гаргуулж шинээр шинжлэн судлах, түүнд дахин үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээгүйгээс гадна  хариуцагчаас гаргаж өгсөн нэхэмжлэгчийн “тэтгэвэрт гарахдаа сурч байсан хугацааг оруулж тооцож тэтгэвэрт гарсан буруугаа хүлээж байна” гэх бичгийн тайлбарт үнэлэлт өгөх, түүнийг хуурамчаар тэтгэвэр тогтоолгосон эсэхийг шалгаж тогтоох эрх хэмжээгүй болно.

3.6.Эдгээрээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан учраас шүүхэд “аливаа тайлбар” нь нотлох баримт болдоггүй “нотолгооны хэрэгсэл” тул Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нараас хяналт шалгалтынхаа явцад Б.Ч-с бичгээр гаргуулсан тайлбарыг нотлох баримт гэж үзсэн нь хуульд нийцээгүй, шүүх уг тайлбарыг дангаар нотлох баримтаар үнэлэхгүй болно.

3.7.Мөн нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад дахин дүгнэлт өгөх эрх нь шүүхээс гадна нийгмийн даатгалын байгууллагад байхгүй учраас хариуцагчийн “Б.Ч шүүхийн шийдвэрийг хуурамчаар гаргуулсан” гэх дүгнэлт хуульд нийцээгүй байна.

3.8.Ингэхдээ хариуцагчийн ”шүүхийн шийдвэрийг хуурамчаар гаргуулах” гэдэг дүгнэлт ч өөрөө хууль зүйн хувьд утга агуулгын алдаатай, буруу байна.

3.9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан учраас шүүхийн энэ шийдвэр нь Б.Ч-н ажилласан байдлыг хөдөлбөргүй тогтоосон гэж дүгнэж байгаа явдал биш болохыг тэмдэглэж өгөх нь зүйтэй гэж үзлээ.

3.10.Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар нийгмийн даатгалын байцаагчийн гаргасан шийдвэр хуульд нийцээгүй бол хэн, хэрхэн хүчингүй болгох талаах зохицуулалт байхгүй байна.

3.11.Харин мөн хуулийн  37 дугаар зүйлийн 37.15-д “Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрмийг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 354 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 37.13-т” Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 37.13.4-т “нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох, өөрчлөх” гэж, мөн дүрмийн 5.2-т “Шимтгэл төлөгч, төлбөр хариуцагч нь нийгмийн даатгалын  байцаагчийн тавьсан акт, албан шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны талаар шимтгэл төлөгч гомдлоо зохих дээд шатны нийгмийн даатгалын байгууллага болон шүүхэд гаргаж болно” гэж заасан байна.

            3.12.Дүрмийн 5.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Ч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрсөн гомдлоо түүний дээд шатны албан тушаалтан Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын ерөнхий байцаагч нарт хандаж бус шүүхийг сонгож гаргасан байгаа учраас шүүх энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журам хангуулахаар буцаахгүй шийдвэрлэх эрх зүйн  боломжийг энэ журмаар олгосон гэж үзсэн болно.

3.13.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийж болох үндэслэлийг тогтоож, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно” гэж хуульчилжээ.

3.14.Иймд нийгмийн даатгалын байцаагч нь өөрийн байгууллагын хуульд нийцсэн шийдвэр, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийх эрхтэй, бусад тохиолдолд нэхэмжлэгч Б.Ч-н өндөр насны тэтгэврээс суутгал хийх эрхгүй болно.

3.15.Ийнхүү шүүхийн шийдвэрээр Б.Ч-н ажилласан байдлын үйл баримтыг тогтоосон байхад, уг шийдвэр нь одоо хуулийн хүчин төгөлдөр буюу аливаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас заавал биелүүлэх шинж нь хүчинтэй үйлчилсээр  байхад, нөгөө талаас хариуцагч нь хуульд заасан арга хэрэгслийг хэрэглэж, Б.Ч-н ажилласан жилийг бодитоор тогтоох үйл ажиллагаа явуулаагүй, шууд дүгнэлт хийж, Б.Ч-н тэтгэвэр олголтыг хязгаарласан, Б.Ч-р **,***,***/Арван зургаан сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцээгүй хууль бус болох нь тогтоогдож байгаа учраас Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ********* дугаартай “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

3.16.Дээрх хуульд нийцээгүй гарсан Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ********* дугаартай “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг үндэслэн нэхэмжлэгч Б.Ч-н өндөр насны тэтгэврийг бүрэн олгохоос татгалзаж, зогсоосон шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Ч-т олгож байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгох,  олгоогүй 2023 оны 05, 06, 07, 08, 09, 10 дугаар саруудын тэтгэврийг бүрэн тооцож, нөхөн олгохыг даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ********* дугаартай “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ч-т олгож байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгох,  дутуу олгосон 2023 оны  05, 06, 07, 08, 09, 10 дугаар саруудын тэтгэврийг бүрэн тооцож, нөхөн олгохыг даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Ч-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Ч***** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

    

     

   

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ