2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1288

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

Улсын яллагч Н.Ундрах,

Шүүгдэгч Ц.Ц , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411013280332 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь ...  тоотод 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ашиг олох зорилгоор шоо, цахим хэрэгсэл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Э.Ц нь ...  тоотод 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ашиг олох зорилгоор “фейсбүүк дээр ... хаягнаас лайв шууд дамжуулалт явуулж хүмүүсийг покер тоглоом зохион байгуулж тоглуулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

 

Нотлох баримтын талаар:

Үүнд:

Гэрч Л.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хаан банкны ... тоот данс нь миний өөрийн эзэмшлийн данс байгаа юм. Би тухайн тоот дансыг 2024 оны 3 дугаар сард хүү болох Ц тэй хамт явж байгаад нээлгэж байсан. Уг дансыг миний хүү болох Ц  нь одоо ашиглаж байгаа. Юунд ашигладаг талаар би мэдэхгүй байна. Би өөрөө данстай болохоор уг дансны талаар сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 дугаар тал/,

 

Гэрч С.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнгөрсөн жил хэсэг хугацаанд орлого муу олж байх үедээ би фейсбүүк дээр ... хаягнаас лайв шууд дамжуулалт явуулж хүмүүсийг покер тоглоом тоглуулж байгааг үзээд тоглож байсан. ...Миний санаж байгаагаар тоглогч нар нь тухайн тоглоомын ширээнд суухын тулд бооцооны мөнгөө тухайн шууд дамжуулалт дээр байршуулсан данс руу шилжүүлж суудаг байсан. Тэгээд түрүүлж 2 хожих эсхүл 5 хожсон хүн нь бооцооны мөнгөө өсгөж авдаг байсан. Би одоо тухайн хаяг байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Би хэсэг хугацаанд тоглож байгаад одоо тоглохоо больсон. Би мөрийтэй тоглоод олохоосоо алдсан нь их байх. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 дүгээр тал/,

2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 48 дугаар тал/,

 

2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкнаас гаргаж өгсөн 1 ширхэг СД дискийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 47 дугаар тал/,

 

Шүүгдэгч Э.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. ...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 222-223 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын сүүлээр ээжийн нэр дээр интернэт банк нээгээд ашиглаж байсан. Хүмүүс нээгээд тоглуулаад байхаар нь болдог юм байна гэж бодсон. Фейсбүүкийн найзуудаараа групп нэг нээгээд 5,000 төгрөгөөр тоглуулдаг байсан. Нэг тоглоом нь 30 минутаас 01 цаг үргэлжлэн явагддаг байсан. Би өдөр бүр тоглуулдаггүй байсан. Үлдсэн 2-3 хоногт нь тоглуулдаггүй байсан. Ээж маань 7 буудал дээр шүр, ганга зардаг. Би хууль бус гэдгийг нь мэдээгүй. 2025 оны 5 дугаар сард цагдаагаас дуудаад хууль бус гэдгийг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, үйл баримтыг нотолж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Ц нь ...  тоотод 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ашиг олох зорилгоор шоо, цахим хэрэгсэл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 68,960,861 төгрөг гаргуулж улсын төсөвт олгох саналтай байна. Уг үнийн дүнг гаргуулах үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан. Тухайн үнийн дүнг ашиг гэдгээр нь тооцоогүй. Тухайн мөрийтэй тоглоом тоглосон хүмүүсийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа тул хууль бус орлого гэж үзэхээр байна....” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос: “...Тухайн данс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нээгдсэн. Тухайн 68,000,000 төгрөг гэдэг нь 2023 оны 11 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд гаргасан хугацааны дүн байгаа. Тухайн мөнгө нь дандаа покер тоглуулаад олсон орлого биш. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн асуудлыг шийдэх учиртай. Гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл 2024 оныг оруулаад 68,000,000 төгрөг болж байгаа. Бид зүйл анги дээр маргахгүй байгаа. Хохирлыг бодсон аргачлал эргэлзээтэй байна. 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 01-ний хооронд 28,000,000 төгрөгийн ашгийг олсон гэж бичсэн байгаа. Гэтэл хавтаст хэргийн 52 дугаар талд орлого зарлагын хуулгууд авагдсан байгаа. 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 7 удаа тоглуулаад 115,000 төгрөг олсон байх боловч 457,000 төгрөгийн ашиг олсон гэж бичсэн байсан. 5 дугаар сарын 15-ны өдөр 140,000 төгрөг олсон байхад мөрдөгч нь 450,000 төгрөг олсон гэж зөрүүтэй бичсэн. Ямар аргачлалаар бодсон нь тодорхойгүй. 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний хооронд тоглуулсан хуулгыг тооцох ёстой. Хаа байсан өмнөх онуудыг оруулаад тооцсон нь эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгч өөрөө 2,000,000 төгрөг олсон гэдэг. Иймд гэм буруутайд тооцоод 2,000,000 төгрөгийг улсын орлого болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн диспоцизыг “олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол...” гэж тодорхойлсон.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Э.Ц нь ...  тоотод 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ашиг олох зорилгоор “фейсбүүк дээр ... хаягаас лайв шууд дамжуулалт явуулж хүмүүсийг покер тоглоом зохион байгуулж тоглуулсан...” болох нь хэрэгт цуглуулсан дээр  дурдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Ц нь фейсбүүк дээр ... хаягнаас лайв шууд дамжуулалт явуулж хүмүүсийг зохион байгуулан покер тоглоом тоглуулсан нь “мэдээллийн технологи ашигласан” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл “мэдээллийн технологи ашиглан” гэж интернэт, компьютер болон сүлжээний технологи ашиглан мөрийтэй тоглоом тоглуулах үйлчилгээг зохион байгуулсан үйлдлийг ойлгоно.

Мөн шүүгдэгч нь хөзрийг ашиглан “покер” гэх тоглоомыг мөрийтэй тоглуулсан нь үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.

Мөрийтэй тоглоом гэж хоёр буюу түүнээс олон тооны этгээдийн хооронд буюу эсхүл зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу түүнтэй байгуулсан бөгөөд эрсдэлд үндэслэсэн хонжворын тухайн хэлэлцээр юм. Мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусад эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдоно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.Ц нь зохион байгуулсан тоглолтод хүмүүсийг оролцохын тулд бооцооны мөнгөө тухайн шууд дамжуулалт дээр байршуулсан данс руу шилжүүлдэг, үүнээс тодорхой хувийг өөртөө авч, хожсон хүн нь мөнгөө өсгөж авдаг байсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлтийн хувьд ашиг олох зорилготой байсан болох нь дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхээс шүүгдэгч Э.Ц ийг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Ц , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ц ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 238 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 236 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1хх-ийн 239 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 240 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1хх-ийн 243 дугаар тал/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1хх-ийн 245 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 246 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Э.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Дансны хуулгад үзлэг хийсэн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэлд “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хаан банкны ... дугаартай дансанд үзлэг хийхэд нийт 28,016,961 төгрөгийн ашиг олсон...” гэх баримт авагдсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц ээс 28,016,961 төгрөг гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц ийг 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц д оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц ээс 28,016,961 төгрөг гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТСАЙХАН