Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч: Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 1705 00661 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Орхон аймгийн Баян- Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Скай мариотт” ХХК-д үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух бүртгэлтэй, одоогоор Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Автоплазагийн арын 43 дугаар байр, 65 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФА 93061511, Гөрөөчин овогт Жаргалсайханы Б . Шүүгдэгч Б  нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд авто зам дээр Д.Баасансүрэнтэй таксины төлбөрөөс болж хоорондоо маргалдаж, улмаар Д.Баасансүрэнг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б  мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Баасансүрэнтэй таксины төлбөрөөс болж маргалдаж, улмаар түүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.Баасансүрэнд нийт 850 000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан. Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи прокурорын саналыг зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтад хохирогч- Д.Баасансүрэн мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Очирпүрэвийн хамт гадуур таксинд явж байхад 4 залуу гар өргөхөөр нь зогсож аваад хорооллын Өргөө кино театрын хойд талын уулзвар дээр ирээд нөгөө залуучууд буусан. Таксины мөнгө 3 500 төгрөг гарахаар нь би тэдэнд 3 500 төгрөг гэж хэлэхэд бэлнээр 2000 төгрөг өгөөд, 1 500 төгрөгийг утсаар шилжүүлье гэж хэлэхээр нь “за” гээд хүлээж байтал нөгөө залуу хийчихлээ гэж хэлэхээр нь “чи мессежээ харуул даа” гэж хэлэхэд “би чам руу гурван удаа явуулчихлаа хар мал минь. 10 минутын дараа ордог гэдгийг мэдэхгүй юу” гээд нөгөө залуу мессежээ харуулахгүй, хэл амаар доромжилсон. Маргаан бол утсаар 1 500 төгрөг шилжүүлнэ гэж хэлэхээр нь би 1 500 төгрөг шилжүүлэхээр “надад мэдээлэл ирэхгүй, чи надад шилжүүлсэн гэдгээ харуулчих” гэж хэлсэнээс болсон. Миний гар утсан дээр мессеж ирэхгүй байсан чинь гар утсыг минь гараараа цохиод унагаасан. Эвдэрсэн зүйл байхгүй гэжээ. (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8819 тоот дүгнэлтэд: 1. Д.Баасансүрэнгийн биед тархи доргилт, зулайн хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстын язарсан шарх, 1 шүдний сулрал, баруун бугалга, шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Б  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Б  нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд авто зам дээр хохирогч Д.Баасансүрэнтэй таксины төлбөрөөс болж маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстын язарсан шарх, 1 шүдний сулрал, баруун бугалга, шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Д.Баасансүрэнгийн мэдүүлэг, Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8819 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Баянгол дүүргийн прокурорын газраас Б д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 000 нэгжээр торгох эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрсөн болно. Хохирогч Д.Баасансүрэн нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б  нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН