Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1342

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408036891659 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод байх гэртээ хохирогч ********ыг бусадтай хардаж эд зүйл шидэн баруун нүдэн тус газар нь онож, эрүүл мэндэд “баруун доод зовхинд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь өгсөн мэдүүлэгтэй адил учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2408036891659 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ********ын: “2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр найзуудтайгаа гэрийнхээ ойролцоо караокед уулзаж уусан. Караокены 00-ийн өрөөнд ********, ******** бид гурав юм яриад зогсож байсан чинь миний нөхөр ******** намайг ********тай үнсэлцээд зогсож байсан гэж худлаа харж, буруугаар ойлгоод уурласан. 04 цаг өнгөрч байхад бид караокеноос гарсан. Нөхөр уурандаа ганцаараа явчихсан. Би араас нь алхсаар 05 цаг өнгөрч байхад гэртээ орсон чинь “чи ********тай 00-ийн өрөөнд үнсэлцээд зогсож байсан биз дээ” гээд хараалын үгээр хэлээд уурласан. “Тийм зүйл болоогүй, чи буруу харсан байна” гэж хэлсэн боловч уурлаад байхаар нь би ээжийнх рүү явсан. Өглөө 10 цагийн үед гэртээ очсон чинь нөхөр машины голын хайрцаг дотор байдаг дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн тавиур шиг зүйлийг над руу шидээд миний баруун нүдийг оносон. Доод зовхи зүсэгдээд цус гарсан. Дахиж нөхөр бид хоёр хоорондоо хэрэлдэж, зодолдоогүй. Би шүүх эмнэлгээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 24, 25 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.09.16-ны өдрийн 12091 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ********ын биед баруун доод зовхинд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.7. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Шүүгдэгч З.********ийн яллагдагчаар өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед эхнэр ********бид хоёр ...караокед найзуудтайгаа уулзаж дуулсан. Ариун цэврийн өрөөнд эхнэрийгээ ********тай байхыг хараад гараад явсан. Хариад байж байхад эхнэр үүрээр орж ирсэн. Эхнэр “чи яагаад хүн орхиод явчихсан юм бэ” гэхээр нь “******** та хоёрыг би үнсэлцэхийг хараад явсан” гэхэд эхнэр “тийм юм болоогүй, ******** бас байсан, буруу харсан байна” гээд маргаан болоход эхнэр уурлаад гараад явсан. 10 цагийн үед хашааны үүдэнд зогсож байсан машинаас юм авах гээд зогсож байхад эхнэр буруу талын хаалга онгойлгохоор нь голын хайрцагт байдаг жижиг дөрвөлжин тавиурыг аваад шидчихсэн. Тэгтэл эхнэрийн нүүр хэсэгт буюу баруун зовхины дээр хэсэгт оноод цус гарсан. Эхнэр уурлаад ээжийнхээ гэр лүү яваад Гэмтлийн эмнэлэгт очоод оёдол тавьсан. Би буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хх-12-13), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-14-18), хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-19-22), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “********т сэтгэцэд учирсан хор уршгийн Хоёрдугаар зэрэглэлийг тогтоов” “Шүүх эмнэлгээр тогтоолгох шаардлага байхгүй” гэх бичиглэл бүхий загвар (хх-34), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-85),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-62), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-46), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-63), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-67), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-70), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-61), автотээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хх-68), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-71-74), дансны хуулга (хх-75-83) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод байх гэртээ хохирогч ********ыг бусадтай хардаж эд зүйл шидэн баруун нүдэн тус газар нь онож, эрүүл мэндэд “баруун доод зовхинд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ********ын “...караокед уулзаж уусан. ...дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн тавиур шиг зүйлийг аваад над руу шидээд миний баруун нүдийг оносон. Зовхи зүсэгдээд цус гарсан” гэх мэдүүлэг (хх-8, 25), шүүх эмнэлгийн 12091 дүгээр “1. ********ын биед баруун доод зовхинд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.7. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-30-31), шүүгдэгч З.********ийн “...эхнэр буруу талын хаалга онгойлгохоор нь голын хайрцагт байдаг жижиг дөрвөлжин тавиурыг аваад шидчихсэн. Эхнэрийн нүүр хэсэгт буюу баруун зовхины дээр хэсэгт оноод цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-44-45) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.********ийн хардалтын улмаас хохирогч рүү жижиг дөрвөлжин тавиур шидэн баруун нүдэн тус газарт онож хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хх-8, 25)-ийг үндэслэн шүүгдэгч ********бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Улсын яллагчийн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан 264,260 төгрөгийг шүүгдэгч З.********оос гаргуулах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй. Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 264,260 төгрөгийн төлбөрийн баримт авагдсан боловч холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул улсын яллагчийг дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй, түүнчлэн хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэл гаргаагүй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод байх гэртээ эхнэр буюу хохирогч ********ыг бусадтай хардаж эд зүйл шидсэний улмаас баруун нүдэн тус газар нь онож эрүүл мэндэд “баруун доод зовхинд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохирогчид төлөх төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хардалтын улмаас хохирогч руу эд зүйл шидэж онон эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажил, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч ********600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт *********ийн ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                        Л.БААТАР