| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/1326/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1341 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1341
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001498 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, *** байрны зүүн талд байрлах “********” хүнсний дэлгүүрийн худалдагч хохирогч ********“картаас хоёр удаа гүйлгээ хийж, миний хоёр охиныг дэлгүүрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд “дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ажлаа тараад гэртээ байсан чинь хүүхдүүд дэлгүүр гарсан. Картаас илүү мөнгө уншуулсан байна гээд 2 охин дахин явсан. Хөөгөөд байна гэхээр нь би очсон. Намайг заамдаад авахаар нь 1 удаа цохисон. Цагдаагийн хэлтэс рүү явж байхдаа дахин нэг удаа цохисон. Зүйл ангийг болон гэм буруугаа зөвшөөрч байна. Харьцаа муутай хүн байсан, цагдаа ч хэлж байсан. Уураа барьж чадаагүйгээсээ л болсон” гэв.
Эрүүгийн 2408000001498 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ********: “2024 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр өөрийн ажлын байр болох “********” нэртэй хүнсний дэлгүүрт ажиллаж байхад 22 цаг 30 минутын үед үл таних хоёр охин орж ирээд “танай дэлгүүр хоёр удаа гүйлгээ хийсэн, мөнгөө буцааж авмаар байна” гэсэн. Би “банк хаасан байгаа, маргааш орж ирээд авчих” гэхэд “одоо заавал авна” гэсэн. Тэр хүүхэд аав нь бололтой хүнтэй утсаар яриад “энэ дэлгүүр одоо мөнгө өгөхгүй гэж байна” гэж хэлсэн. Тэгсэн тэр охин утсаа надад өгөөд “та манай аавтай яриад өгөөч” гэхээр нь би утсыг нь аваад ярихад утасны цаанаас нэг эрэгтэй хүн намайг “луйварчин минь чи хоёр удаа уншуулсан байна, чи наад мөнгийг нь өгөөч” гэхээр нь “миний биш банкны алдаа гарсан байна, маргааш орж ирээд мөнгө авчих, одоо банк хаалттай” гэсэн чинь миний үгийг сонсохгүй орилоод байсан. Тэгэхээр нь би охинд нь утсыг өгсөн. Тэр охин дахин утсаа өгөөд “яриадхаач” гэхээр нь аваад ярихад эмэгтэй хүн “мөнгийг нь өгөөч луйварчин минь” гэхээр нь би юм ярилгүй тасдаад утсыг нь буцааж өгсөн. Тэр хоёр охин дэлгүүрээс гарсан. Удаагүй 23 цаг 01 минутын үед үл таних эрэгтэй орж ирээд “алнаа чамайг, миний хоёр охиныг хөөсөн” гээд дайраад текин дээр байсан эд зүйлээр цохих гэж байхаар нь би “танай охиныг хөөсөн зүйл байхгүй, охиноо дуудаад ир” гэсэн чинь намайг заамдаж авсан. Би зөрүүлээд заамдсан. Лангуун дээр намайг түлхэж шахаж унагаасан. Миний нүүрэнд нэг удаа баруун гараараа газарт унатал цохисон. ...Би араас нь гараад “одоо хоёулаа цагдаагийн хэсэг оръё” гэхэд миний зүүн нүдэн тус газарт нэг удаа баруун гараараа цохисон. ...Зүүн дээд уруул хэсэгт 5 оёдол тавиулсан. ******** миний ...данс руу 2 сая төгрөг өгч барагдуулсан. Би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23, 90-92 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.09.23-ны өдрийн 12241 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ******** биед дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 5.6.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
Гэрч ********: “Орой манай хүүхдүүд миний картыг авч дэлгүүр орлоо гээд гарсан. Удалгүй дэлгүүрээс юм авч ирсэн. Хэсэг хугацааны дараа утсаа харахад 19,000 төгрөгөөр хоёр удаа гүйлгээ хийгдсэн байхаар нь хүүхдүүдээсээ асуухад “хоёр удаа уншуулчихсан юм шиг байна” гээд хоёр том охин /13-20 насны/ дэлгүүр лүү яваад удалгүй залгаад “энэ хүн би хоёр удаа уншдаг хүн биш гээд хөөгөөд гаргасан” гэж ярихаар нь ******** очиж уулзахаар гарсан. 10 орчим минутын дараа том охин ******** гарч ирээд “аав энэ ахтай маргалдаад байна” гэхээр нь би гараад байрныхаа баруун талын өнцгөөр эргэхэд нөхөр үл таних хүнтэй маргалдаад нөгөө хүн нь “би илүү мөнгө аваагүй” гэж байсан. Тэр хүн согтуу байсан. Тэгээд би гүйлгээг нь харуулаад “хоёр удаа уншуулчихсан байна” гэж хэлсэн. Тэр үл таних залуугийн эхнэр нь ирээд бид хэд цагдаа руу явъя гээд алхсан. Тэр эрэгтэй намайг “чи бас согтуу байна, архи уучихсан байна” гэхээр нь би “больж үз” гэхэд “намайг согтуу байна” гээд хоёр гараараа цээж хэсэг рүү түлхсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дэх тал),
Шүүгдэгч М.********ын яллагдагчаар өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 13-ны 21 цаг 30 минутын үед 9-20 насны миний 3 охин карт аваад дэлгүүр гарсан. 30 гаран минутын дараа эд зүйлс аваад орж ирээд байж байтал ээж нь 23 цагийн үед “19,000 төгрөгөөр хоёр удаа уншчихсан байна” гээд 13-20 насны хоёр охиноо дэлгүүр лүү гаргаад мөнгөө аваад ир гэж хэлсэн. Удалгүй охин ээж рүүгээ залгаад “дэлгүүрийн ах согтуу байна. Мөнгийг чинь өгөхгүй. Маргааш ирээд ав гээд хөөгөөд гаргачихлаа” гэхээр нь дэлгүүрт явж ороход худалдагч залуу, өөр нэг охин байсан. Худалдагч гэх залуу халамцуу байхаар нь “чи илүү мөнгө уншуулчихаад яагаад хүүхэд хөөж гаргадаг юм бэ” гэхэд “чи юу гэнээ” гээд босож ирээд энгэрээс бариад би бас заамдаад “тавь” гэхэд тавихгүй болохоор нь би баруун гараараа уруул хэсэг рүү нь нэг удаа цохиход тавьсан. Уруулаас нь цус гарч байсан. Манай хоёр охин орж ирж намайг аваад бид нар гэр лүүгээ орох гээд зам хөндлөн гарч байтал тэр залуу араас эхнэрийн хамт ирсэн. Манай эхнэр бид нарын өөдөөс гараад ирсэн. Тэр залуугийн эхнэр “та нар өөрсдөө согтуу байгаа юм биш үү” гээд манай эхнэр лүү дайраад байсан. Манай эхнэр “би архи уудаггүй, яахаараа согтуу байдаг юм бэ” гэхэд тэр залуу эхнэрийг хажуунаас түлхэхээр нь би тэр залуугийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод бид нар цагдаагийн газарт ирсэн. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2024 оны 9 дүгээр сарын 13-ны 23 цаг 1 минут 37 секундыг зааж байх ба иргэн ********нь тухайн дэлгүүрийн худалдагч ********тай маргалдаж байна. ********ыг 23 цаг 01 минут 41 секундэд дайрч давшилж байна. ...01 минут 49 секундэд ********нь худалдагч Д.********ыг кассны лангуун дээр түлхэн дарж унагаж байна. ...хоорондоо зууралдаж ноцолдож байгаад ...02 минут 20 секундэд ****************ыг цохиж байх... газар унагаж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 41-46 дахь тал),
Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-97), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-64), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-63), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-62), дансны хуулга (хх-67-81) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, **** байрны зүүн талд байрлах “********” хүнсний дэлгүүрийн худалдагч хохирогч ********“картаас хоёр удаа гүйлгээ хийж, миний хоёр охиныг дэлгүүрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд “дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ******** “...лангуун дээр намайг түлхэж шахаж унагаасан. Нүүрэн тус газарт нэг удаа баруун гараараа газарт унатал цохисон...” гэх мэдүүлэг (хх-21-23, 90-92), шүүх эмнэлгийн 12241 дүгээр “1.******** биед дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 5.6. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-9-10), гэрч ******** “...манай нөхөр үл таних хүнтэй маргалдаад нөгөө хүн нь “би илүү мөнгө аваагүй” гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-118-119), шүүгдэгч М.********ын “...би баруун гараараа уруул хэсэг рүү нь нэг удаа цохиход цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хх-55-56) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.********ын “картаас 2 удаа гүйлгээ хийж, хүүхдүүдийг дэлгүүрээс хөөж гаргалаа” гэх шалтгаанаар маргалдаж хохирогч ******** нүүрэнд цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 2 сая төгрөг төлөгдсөн, хохирогчийн “2 сая төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзаж байна” гэх мэдүүлэг (хх-91-92)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ********бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, *** байрны зүүн талд байрлах “********” хүнсний дэлгүүрийн худалдагч буюу хохирогч ********“картаас хоёр удаа гүйлгээ хийж, миний хоёр охиныг дэлгүүрээсээ хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд “дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “2 удаа гүйлгээ хийж, хүүхдүүдийг дэлгүүрээс хөөж гаргалаа” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж ноцолдон хохирогчийн нүүрэнд 2 удаа цохиж эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 2 сая төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (урьд энэ зүйл ангиар 2 удаа торгох ял шийтгүүлсэн, өөртөө дүгнэлт хийхгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажил, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч ********урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн /2024/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримт (хх-97, 115)-аар тогтоогдож байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****овогт ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.********т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР