| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/1328/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1354 |
| Огноо | 2024-12-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1354
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Э.Ууганзаяа,
хохирогч ********,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажав,
шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001227 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********нь 2024 оны 8 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******** байрны гаднах зогсоолд тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хохирогч ********тай “эхнэртэй үнсэлцлээ” гэх шалтгаанаар маргалдан цохиж, өшиглөн эрүүл мэндэд “давсагны урагдал, зүүн дээд зовхи, зүүн бугалга, цээжинд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Эхнэр, хохирогчтой үнсэлцэж байхыг хараад уурандаа ийм үйлдэл гаргасан. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогчоос уучлалт гуйсан, нийт 14,850,000 төгрөг өгсөн” гэв.
Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохирлоо барагдуулж авсан. 2024 оны 8 дугаар сарын 01-нд “********” бүжгийн клубт очиж бүжиглэсэн. ********тай нэг газар очиж яръя гээд гарсан. Бороотой байсан тул машинд бид 2 архи уусан. Би нэлээд согтсон байсан. ******** нөхрөө дуудсан гэсэн. Гэтэл хаалга онгойлгоод нэг хүн намайг цохиод авсан. Машинаас буугаад өшиглөх шиг болсон. Тэгээд цагдаа ирсэн, эмнэлэг дээр очиж хагалгаанд орсон. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү” гэв.
Эрүүгийн 2408000001227 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ********ын: “2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “********” бүжгийн клубээс тараад бүжгийн хамтрагч ********тай “нэг газар сууж ууя” гэж тохирсон. Баар хаалттай байсан тул байрны авто машины зогсоол дээр миний “Тоуоtа harrier” маркын машин дотор суусан. Би ...гэр лүүгээ орж 2 шил макколие, нэг шил виски авч машины арын суудал дээр юм яриад сууж байхад ******** нөхрөө “ирж ав” гэж дуудсан. Нөхөр нь ирээд машины хаалга онгойлгоод миний зүүн нүд, гар, хөл хэсэгт цохисон. ******** нөхрөө араас нь татаж салгаж машины урд талаар гараад явахаар нь би машинаас буугаад явж байхад ********ын нөхөр араас ирж намайг цохиж унагасан. Согтуу байсан болохоор хаана, яаж цохисон болохыг санахгүй байна. Хэвлий хэсгээр хатгаж өвдөөд босож чадахгүй ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт хагалгааны өрөөнд байсан. Давсаг хагарч хагалгаанд орсон. Миний цээж, толгой хэсэг бүхэлдээ хөхөрч хөндүүр болсон. Би цус их алдсаны улмаас амархан ядардаг болж үе үе толгой эргэж, хэвлий хэсгээр хатгаж өвддөг. Би сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилнэ. Би хагалгааны болон эм тарианы зардал 2,841,950 төгрөг, сувилалд хэвтэх зардал 840,000 төгрөг, нийт 3,681,950 төгрөгийн зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 67-68 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.08.19-ний өдрийн 10581 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ********ын биед давсагны урагдал, зүүн дээд зовхи, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024.10.29-ний өдрийн 1148 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 2.3. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн дэмжлэгт орчин, цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарах тул түр зуурын болон байнгын эсэх, үргэлжлэх хугацааг одоогоор урьдчилан тогтоох боломжгүй. 4.5. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно” гэжээ (хавтаст хэргийн 100-102 дахь тал),
Гэрч ********: “2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 13 цагт том охин залгаад “аав хүнд зодуулаад хагалгаанд орсон, сахиж байна” гэсэн. ГССҮТ эмнэлэгт очиход манай нөхөр хагалгаанд орсон, хэвтэж эмчилгээ хийлгэнэ гэж байсан. Нөхрөөс юу болсон талаар асуухад “таньдаг хүндээ зодуулсан” гээд юу болсон талаараа хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
Гэрч ********: “...2024 оны 8 дугаар сарын 01-ний шөнө 22-23 цагийн хооронд аав цүнх, нүдний шилээ тавьчихаад гарсан. Өглөө 08 цагт дадлагын ажилдаа явахад аав гэртээ байгаагүй. 12 цагийн үед аав ******** над руу залгаад “аав нь өчигдөр хагалгаанд ороод дөнгөж ухаан орлоо” гэсэн. Хагалгаанд орсон эмчтэй нь уулзахад “аав чинь цус их алдсан, хүнд хагалгаа болсон, сахиур хэрэгтэй” гэсэн. Ааваас юу болсон талаар асуухад “хүнд зодуулсан” гэж хэлсэн. Дөнгөж хагалгаанд ороод гарсан болохоор юм ярьж чадахгүй хүнд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
Гэрч Т.********ын: “...бүжгийн хамтрагч ******** “нэг газар хамт сууж пиво ууя” гэсэн. 2024 оны 08 сарын 01-ний өдөр байсан тул архи согтууруулах ундаа зарахгүй байх гэж ******** манай гэрийн гадаа очиж ууя гэж байрны машины зогсоол дээр очсон. ******** гэр лүүгээ орж 2 шил солонгос архи авч ирснийг хувааж ууж дуусаад дахиад нэг шил виски авч гарч ирж бид 2 машины арын суудал дээр уусан. Би нөхөр лүүгээ залгаж байгаа газраа хэлээд “би бүжгийнхэнтэйгээ хамт 5 шард айлд жаахан юм ярьж суух гэж байна, чи намайг ирээд авчих” гэж хэлсэн. ******** бид нэлээн согтож машин дотор үнсэлцсэн. Манай нөхөр ирсэн байсныг мэдээгүй. Намайг машинаас буухад нөхөр машины хажууд байсан. “Та 2 яагаад үнсэлцдэг юм” гэж хэлээд уурлаж нөхөр ******** луу дайрсан. Би нөхрөө арай гэж салгаж авч харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 71 дэх тал),
Шүүгдэгч ********яллагдагчаар өгсөн: “2024 оны 08 сарын 01-ний өдөр эхнэр Т.******** гарч “********” бүжгийн клуб руу явсан. 21 цаг өнгөрч эхнэр залгаад “бүжгийн кпубын хүмүүстэй нэг газар суухаар боллоо, болохоороо хэлье, ирж аваарай” гэж хэлээд 30 минутын дараа залгаад “08 сарын 01-ний өдөр болохоор онгорхой газар байхгүй, Таван шар орж хамт бүжиглэдэг хүнийхээ гэрт суухаар боллоо” гэсэн. ...Эхнэр залгаад “олуулаа юм яриад сууж байна, нэрийг нь мэдэхгүй 2 шил архи уусан, би айлын нойлд суугаад ярьж байна, одоо 1 шил архи байна, энэ архийг дуусахаар залгая” гэсэн. Би 2024 оны 08 сарын 02-ны 01 цагт гэрээсээ гараад эхнэрийн хэлсэн газар Таван шарын “***” ШТС-н хойд талын байрны гадаа очоод 22б байрны хашааны гадна явган хүний замаар явж байхад хашаан дотор байсан хар өнгийн машинд 2 хүн үнсэлцэж байсан. Би 2 хүн машин дотроо болзож байгаа юм байна гэж бодоод буцаж машиндаа суусан. 20 минутын дараа машинаас гараад явган хүний зам дээр зогсож байхад эхнэр залгаад “би нөгөө айлаасаа гарч байна, хүрээд ирээч” гэж хэлэх үед 2 хүн үнсэлцэж байсан хар өнгийн машины хойд талын хаалга онгойж эхнэр харагдсан. Надаас 3 метрийн зайтай байсан болохоор байрны хашааны хаалгаар тойрч ороод уг машиныг онгойлгоход ********, манай эхнэр хоёр хоёулхнаа байсан болохоор би уурлаж хохирогчийн биед халдсан. Эхнэр уурлаж орилж намайг чирч машины урд талд ирсэн. Эргээд харсан хохирогч машины урдуур тойрч байхаар би араас нь өшиглөсөн. Хардалт, уур бухимдлын улмаас хохирогчийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2024.08.02-ны өдрийн 01:51:40 секундэд камерын бичлэг эхэлж байх ба цэнхэр мэт өнгийн цамцтай хүн зогсоол дээр байрлуулсан машин дундуур алхаж байв. ...Цэнхэр мэт өнгийн цамцтай хүн түүн рүү дайрч байгаа мэт үйлдэл хийж голоор нэг хүн орж болиулах гэж байгаа мэт үйлдэл хийж байв. Тухайн хүмүүс хоорондоо зодолдож байгаа мэт үйлдэл хийж уг хар өнгийн тээврийн хэрэгслийн ард талаар орж тойроод гарч ирэхэд цайвар өнгийн хувцастай хүн хэвлий орчим газартаа гараа дарж тонгойгоод машины урд талд сууж байх ба нөгөө 2 хүн нь явж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 28-33 дахь тал),
Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-26), хохирлын баримтууд (хх-44-53), прокурорын “Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” тогтоол (хх-94), прокурорын “Мөрдөгчийг хэргээс татгалзан гаргах тухай” тогтоол (хх-95), шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа (хх-96), шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний 2,850,000 төгрөг шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримт (хх-103), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-112-113),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-74), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-84), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-75), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хх-76), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-77), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-79), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-80), “****” (****) ХХК-ийн “********нь Нарийн сухайтын уурхайд САТ-777 автосамосвалын оператор албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-82) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн “гэм хорын хохиролд 12 сая төгрөг хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, 12 сая төгрөг шилжүүлсэн гэх зарлагын гүйлгээний хуулбар зэрэг баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********нь 2024 оны 8 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, *** байрны авто зогсоолд тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хохирогч ********тай “эхнэртэй үнсэлцлээ” гэх шалтгаанаар маргалдан цохиж, өшиглөн эрүүл мэндэд “давсагны урагдал, зүүн дээд зовхи, зүүн бугалга, цээжинд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ********ын “...машины хаалга онгойлгоод миний зүүн нүд, гар, хөл хэсэгт цохисон. ******** нөхрөө араас нь татаж салгаж машины урд талаар гараад явахаар нь би машинаас буугаад явж байхад ********ын нөхөр араас ирж намайг цохиж унагасан. Хэвлий хэсгээр хатгаж өвдөөд босож чадахгүй ухаан орж гараад байсан...” гэх мэдүүлэг (хх-6-7, 67-68), шүүх эмнэлгийн 10581 дүгээр “1. ********ын биед давсагны урагдал, зүүн дээд зовхи, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-19-21), гэрч Т.********ын “...******** бид нэлээн согтож машин дотор үнсэлцсэн. Тухайн үед манай нөхөр ирсэн байсныг мэдээгүй. ...“Та 2 яагаад үнсэлцдэг юм” гэж хэлээд уурлаж нөхөр ******** луу дайрсан...” гэх мэдүүлэг (хх-16, 71), шүүгдэгч ********“...********, манай эхнэр хоёр хоёулхнаа байсан. Би уурлаж хохирогчийн биед халдсан. ...араас нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-62-63), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-28-33) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********“эхнэртэй үнсэлцлээ” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж, хохирогчийн нүүр, гар, хөл хэсэгт хэд хэдэн удаа цохиж, машинаас буугаад явж байхад нь өшиглөн хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ********ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 2,586,450 төгрөгийн баримт гаргаж өгсөн, эмчилгээний төлбөрт 2,850,000 төгрөг төлөгдсөн (хх-103) байна.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2024.10.29-ний өдрийн 1148 дугаар дүгнэлтээр “...хохирогч ********т гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэжээ. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр гэж заасан.
Гэвч хохирогч, шүүгдэгч нар харилцан тохиролцож сэтгэцийн хор уршгийн хохиролд 12,000,000 (арван хоёр сая) төгрөг өгч авалцсан, хохирогч “хохирлоо барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн гэж шүүх дүгнээд шүүгдэгч ********бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2024 оны 8 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, *** байрны авто зогсоолд тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хохирогч ********ыг “эхнэртэй минь үнсэлцлээ” гэх шалтгааны улмаас цохиж, өшиглөн зодож, машинаас татаж буулган маргалдаж эрүүл мэндэд “давсагны урагдал, зүүн дээд зовхи, зүүн бугалга, цээжинд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохирогч баримтаар 2,586,450 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч 2,850,000 төгрөг болгож төлсөн, сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,300,000 төгрөг гаргуулж, хохирогчид олгуулах саналтай...” гэж,
хохирогч “Хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийг харгалзан үзнэ үү. Энэ хоёр тухайн үед ямархуу байдалтай байсныг ойлгож, мэдэж байгаа. Торгох ялын доод хэмжээгээр шийтгэж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “эхнэртэй үнсэлцлээ” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж, хохирогчийн нүүр, гар, хөл хэсэгт хэд хэдэн удаа цохиж, машинаас буугаад явж байхад нь хэвлий хэсэгт өшиглөн эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгсөн, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажил, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “Торгох ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх тус тус дүгнээд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“*****” ХХК-д дамп оператор ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч ********10,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР