Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0696

 

 

 

 

 

  

  2023           09           18                                   128/ШШ2023/0696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүгч Д.Чанцалням, шүүгч Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК /РД:/,

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам,

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны Үнэлгээний хороо,

Хариуцагч: Сангийн яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийдвэр, мөн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг, захиалагч Барилга, хот байгуулалтын яамны  2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай 3/1820 дугаар мэдэгдлийг, Барилга, хот байгуулалтын яам, “” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2022/211 дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /Дорнод, Дашбалбар/ дугаартай ажил гүйцэтгэх гэрээг, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах  тухай” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан дугаартай 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамжийн төсөл” /Дорнод, Дашбалбар/-ийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон. Тендерт гурван байгууллага оролцож “” ХХК-ийг ялагчаар шалгаруулж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерээс татгалзаж, захиалагч Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1818 дугаар албан бичгээр “С” ХХК-д “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Дорнод, Дашбалбар/”, дугаартай төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр ирүүлсэн танай тендер тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1-д заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТ-3.4, ЗТ-3.5 тусгай зөвшөөрлийн нотлох баримт ирүүлээгүй гэх үндэслэлийг дурдаж тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлдэг.

          2. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч “С” ХХК-аас Сангийн яаманд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан байх ба Сангийн яамнаас “...тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1-д заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТ-3.4, ЗТ-3.5 тусгай зөвшөөрлийн нотлох баримт ирүүлээгүй” гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариуг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дүгээр албан бичгээр өгчээ.

          3. Улмаар нэхэмжлэгч “С” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дугаартай зөвлөмжийг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот “” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасныг,

          4. Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2022/5677 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн Сангийн яаманд холбогдуулан гаргасанСангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин үлдэх шаардлагад нь захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

5. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... “С” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан дугаартай 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн Хангамжийн төсөл" /Дорнод, Дашбалбар/-ийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт “” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба тус яамны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ. Бид захиалагчийн болоод Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул дараах үндэслэлээр хуульд заасан журмын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Үүнд: Нэгдүгээрт, "Т" ХХК-аас ирүүлсэн тусгай зөвшөөрлийн тухайд тухайн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.6.1-ийн 3-д тендерт оролцогч нь БА-3.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт” хийх тусгай зөвшөөрлийг шаардсан байна. Энэ БА-3.5 кодтой тусгай зөвшөөрөл бол Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар “Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”-д тавигддаг цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт хийх тусгай зөвшөөрөл юм. Харин энэ тендерт ялагчаар шалгаруулсан “” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан “Т” ХХК-аас “” ХХК-ийн тендерт ирүүлсэн тусгай зөвшөөрөл бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.2-д “эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах” гэж зөвхөн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тусгай зөвшөөрөл юм. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1.1-д “Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдэд мөн хуулийн 4.1.21-д заасан зөвшөөрөл (цаашид “тусгай зөвшөөрөл” гэх) олгох, бүртгэх, хугацааг сунгах нэмэлт ажлын төрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, мэдээлэлд өөрчлөлт оруулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино” гэж заасан байна. Тодруулбал, зөвхөн Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулах этгээдэд тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулжээ. Тендерийн захиалагч болон Сангийн яам үнэхээр энэ хоёр өөр хуулиар зохицуулагдаж буй тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг анзаарсангүй юу, эсвэл мэдэн будилсан уу, ямартай ч Барилгын тухай хуулиар зохицуулагдаж олгогддог тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгогддог тусгай зөвшөөрөлтэй хольж хутгаж алдаатай дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд “Т” ХХК Тендер шалгаруулалтын хүснэгтээр шаардсан “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт”-ын ажил гүйцэтгэх БА-3.5 кодтой зөвшөөрөлгүй байх тул тендерт оролцогч “” ХХК тендерийн шаардлагад нийцсэн тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна гэж үзнэ. Тийм учраас ялагчаар шалгаруулсан “” ХХК-ийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасан шаардлага, чадварыг хангахгүй байна.

Хоёрдугаарт, Мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах ажлын зураг үйлдэх тусгай зөвшөөрлийн тухайд. Тендерт ялагчаар шалгаруулсан “” ХХК Тендер шалгаруулалтын зөвлөмжийн 17.6.1-ийн 1-д 3Т-4.10. Мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах болон салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажлын зураг, мөн 3Т-6.3, 3Т-10.2 зэрэгт заасан ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлүүд ирүүлээгүй байна. Гэтэл Сангийн яамны 03/2911 дугаартай шийдвэрт “А” гэх компанид байсан мэтээр тэмдэглэсэн байна. Чухам хаанаас ийм нотлох баримтууд бий болсныг ойлгохгүй байна. Тендер шалгаруулалтын цахим талбарт байршуулсан “” ХХК-ийн тендерт ийм баримтууд байгаагүй болно. Иймд “” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн чадварыг хангахгүй байна гэж үзнэ.

Гуравдугаарт, “К” ХХК-ийн тухайд. Энэ тендерт ялагчаар шалгаруулсан “” ХХК нь “К” ХХК нар хоорондоо “Хамтран ажиллах гэрээ” байгуулж ажиллах тухай гэрээг тендертээ ирүүлжээ. “К” ХХК нь энэ тендерээр хийгдэх ажлын зураг, төсвийг өмнө нь тендерээр шалгарч боловсруулж, бэлтгэж гүйцэтгэсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”. Хуулийн 14.1.5. “тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” бол гэж заасан байна. “К” ХХК нь энэ тендерээр хийгдэх ажлын зураг, төсвийг бэлтгэсэн бөгөөд тендерт оролцогч “” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж оролцож байгаа нь нэгдмэл сонирхолтой гэдгийг баталж нотолж байгаа тул “” ХХК-ийн ирүүлсэн тендер хуульд заасан ерөнхий нөхцөлийг хангаагүй гэж үзнэ.

Дөрөвдүгээрт, Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан байна. Уг хуралдааны тэмдэглэлд “... Ц.Б “” ХХК нь тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байна. Харин борлуулалтын орлогын дундаж 157.0 сая төгрөгөөр бага байна. Д.М: “Ковид-19” цар тахалтай холбогдуулан компаниудын орлого бага байгаа. Ц: Бусад шаардлагуудыг хангаж байгаа учраас борлуулалтын орлогыг дундаж хангахгүй шалтгаанаар хасаж болохгүй байх...” гэсэн байна. Ялагчаар шалгаруулсан “” ХХК-ийн борлуулалтын дундаж орлого тендерийн шаардлагын дагуу шаардсан даруй хэмжээнээс 157,0 сая төгрөгөөр бага байхад Үнэлгээний хороо энэ зөрчлийг үл хэрэгсэж ялагчаар тодруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1. “захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт “Тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл”-ийг бичгээр нотолно гэснийг тус тус зөрчсөн байна.

Тавдугаарт, Тендер шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг бид эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан юм. Сангийн яамнаас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ. “Сангийн яамны 03/2911 дугаартай шийдвэр нь үндэслэлээсээ үл хамаарч заавал биелэгдэх, захирамжилсан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шинжийг бүрэн агуулсан Захиргааны мөн юм” гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 606 дугаартай тогтоолд дурдсан байгаа юм. Сангийн яамны энэхүү хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийн улмаас “С” ХХК-ийн тендерийн баталгаанд өгсөн мөнгөнөөс 20 сая төгрөгийг улсын орлого болгохоор хураан авсан болохыг энд зориуд тэмдэглэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчим ч мөн энэ тендерийн сонгон шалгаруулалтад хэрэгжсэнгүй. Бидний хүргүүлсэн тендерийг захиалагч 2 тусгай зөвшөөрөл дутуу ирүүлсэн шалтгаанаар тендерт шалгаруулаагүй атлаа тендерт шалгарсан гэх “ ХХК-ийн тендерийн шалгаруулалтад ирүүлсэн маш олон баримтууд дутуу, зөвшөөрөл дутуу, санхүүгийн шаардлага тендерийн шаардлагад нийцэхгүй байгааг илрүүлээд байхад шалгаруулсан нь зөрчил болсон. Иймд бид Төрийн болон орон нутгийн мөчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар томьёолон тодруулж байна.

Үүнд: Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг, Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дугаартай зөвлөмжийг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот "” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг, мөн Барилга, хот байгуулалтын яам, “” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2022/211 дугаартай “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /Дорнод, Дашбалбар/ дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

6. Хариуцагч Барилга хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь цахилгааны тусгай зөвшөөрөлтэй байгаа. Манай салбарын нэг онцлог нь дэд бүтэц гэдэг утгаараа Эрчим хүчний яамнаас 35 квт-аас дээш буюу хүчин чадлын хувь ангилсан байдаг. Барилга, хот байгуулалтын яам нь 35 квт хүртэл гэдэг ангиллаар тусгай зөвшөөрөл олгогддог. Техникийн цогц шийдвэл ХХК-ийн хувьд Эрчим хүчний яамнаас олгогдсон тусгай зөвшөөрөлтэй байсан. Манай яамнаас олгодог тусгай зөвшөөрлөөс хүчин чадлын хувьд өндөр гэсэн үг юм. “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хувьд Барилга, хот байгуулалтын яам 2018, 2020, 2021 онд олгож байсан тусгай зөвшөөрлүүдээ хооронд нь дүйцүүлэх байдлаар аргачлал баталж, ялгаж ангилсан байдаг. Тухайн компани оролцохдоо 2018 онд авсан 1.2.5, 1.2.6 гэсэн тусгай зөвшөөрлүүд 2020 оны 3.5 3.6-тай дүйцдэг. Тухайн ангиллаар хянагдсан байгаа. Борлуулалтын орлогын хувьд тухайн үед Үнэлгээний хороо ковидын үеийн нөлөө орсон, зөвхөн “” ХХК-ийн борлуулалтын орлого бага байна гэж үнэлээгүй оролцсон гурван компанийн хувьд үнэлж үзсэн” гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

7. Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/30 дугаар тушаалаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үнэлгээний хороо хуралдаж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэрээ гаргасан байдаг. Энэхүү Үнэлгээний хорооны шийдвэрийг үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

“С” ХХК Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яам гомдол гаргасантай холбоотойгоор 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2664 тоот албан бичгээр Үнэлгээний хорооны шийдвэрийг түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Энэхүү гомдлыг хянан шийдвэрлээд Үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2022/211 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрхийг олгосон байдаг. Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “” ХХК-тай 2022/211 дугаартай XII.1.128 "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /Дорнод, Дашбалбар дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Энэхүү үйл ажиллагаа нь холбогдох дүрэм журмын дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2 асуудлыг хөндөж байна гэж ойлголоо. “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн тухайд Эрчим хүчний яамны 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 03.23 тусгай зөвшөөрлөөр 0.4-35 квт эрчим хүчний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсан байна. “А” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөлтэй эсэх асуудал яригдаж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тус компани нь тендер шалгаруулалтад байсан байгаагүй асуудал яригдаж байна. Туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан “А” ХХК нь тендерийн баримт бичигт заасан ЗТ4.10 гэсэн мэдээлэл технологийн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд ЗТ10.2 гэсэн тусгай зөвшөөрлүүдтэй гэдгийг хавтаст хэргээс харах боломжтой юм.

“К” ХХК-ийн хувьд бид туслан гүйцэтгэгч, хамтран ажиллах гэрээний ялгааг ойлгох хэрэгтэй байна. Нийт тендерийн үнийн дүнгийн 10 хувиас хэтэрч байгаа бол туслан гүйцэтгэгч гэж үзэж байгаа. Туслан гүйцэтгэгч дотроо тусгай шаардлагуудыг хангасан байхыг шаарддаг. Харин туслан гүйцэтгэгч биш этгээдийн хувьд тухайн тусгай зөвшөөрлийн шаардлагууд тавигддаггүй. Тендерт оролцож байгаа этгээд нь туслан гүйцэтгэгчтэйгээ хамтран тендерийн шалгуурыг хангаж байх процессын асуудал яригдаж байдаг. Туслан гүйцэтгэгч биш этгээдээс бид тусгай зөвшөөрлийг шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Үүнийг Сангийн сайдын 145 дугаар тушаалд тодорхой заасан байгаа.

20 сая төгрөгийн тендерийн баталгааны асуудал яригдаж байна. Нэхэмжлэгч тухайн гомдлыг гаргахдаа энэ талаар мэдэж байсан гэж ойлгож байна. Тухайн тендертэй холбоотой гомдол гаргаад гомдол нь үндэслэлгүй гэж үзэх юм бол тухайн тендерийн баталгааг улсын орлого болгодог гэдгийг бүгд мэдэж байгаа. Яагаад үндэслэлгүй гэж үзсэн талаар маргаан бүхий захиргааны акт дээр тодорхой дурдсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс шаардлага хангахгүй байна гээд байгаа тусгай зөвшөөрлүүд нь угтаа шаардлага хангаж байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлалаа. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Т” ХХК-ийн хувьд гэрээний дагуу бүх ажлаа хийж дуусгаад санхүүжилтээ авсан байгаа. “К” ХХК-ийн хувьд зургийн даалгавар гэж тендер шалгаруулалтын хүснэгтэд байсан. Зургийн даалгаврын 2 дугаар заалтад инженерийн шугам сүлжээ, сумын төвийн дулаан болон цэвэр ус хангамжийн 2438м, ариутгал татуургын 2468м, шугам сүлжээний зураг төслийг “К” ХХК боловсруулсан. Энэ зураг төсөлд тусгагдаагүй ажлыг энэхүү ажлын даалгавраар нэмж боловсруулна. Мөн тус зураг төсөлтэй холбогдуулан нэмж усан хангамж, цэвэрлэх байгууламжийг шийдвэрлэнэ гэсний үндсэн дээр бид “К” ХХК өмнөх зураг төслийг хийсэн учир өөрсдийнх нь хийсэн ажил дээр уялдуулан хэн хэндээ дэмтэй гэж үзээд сонгосон байгаа. Ашиг сонирхлын зөрчил гэж яриад байна. Гэрээний дагуу хийх ажил нь цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, холболтын ажил байгаа. Зөвхөн энэ зураг төсөл хийгдэнэ. Энэ зураг хийгдсэнээрээ дараагийн компани тэр зургийн дагуу үйл ажиллагаа явуулна. Бидний гэрээний дагуу энэ ажил хийгдэхгүй. Тиймээс ашиг сонирхлыг зөрчилтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Борлуулалтын орлогын хувьд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 17.9-д түншлэл нь ТШЗ-ийн 17.2, 17.6-д заасан дүүд шалгуур үзүүлэлтийг гишүүдийн тооноос үл хамааран бүрэн хангасан байна. 17.2-т борлуулалтын орлого гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн дүнгийн хэмжээ ТШЗ-ийн 17.6-д ижил төстэй гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг тус тус заасан болно. Төлөөлөх эрх бүхий этгээд уг шалгуур үзүүлэлт буюу 30 хувийн 40 хувийг хангасан байх ёстой. Түншлэлийн гишүүн бүр 30 хувийнхаа 25, 25 хувийг хангасан байх ёстой. Манай борлуулалтын орлого тухайн үед 600 орчим сая төгрөг байсан. Түншлэгч байгууллага 300 орчим сая төгрөг байсан. Тухайн үеийн тооцооллоор түншлэгч компани 300 орчим сая төгрөгийн шалгуурыг хангасан байхад болох байсан. Манай компани 480 сая төгрөгийн борлуулалтын орлогыг хангасан байхад болох байсан. Тиймээс манайх шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэж байгаа. Яагаад 157 сая төгрөгийн асуудал гарсан талаар ойлгохгүй байна. Түншлэгч компани туслан гүйцэтгэгч гэдгийг ялгаж салгах хэрэгтэй байна. Түншлэгч гэдэг нь хийх ажлын мөнгөн дүнгээр хамааран 10 хувиас дээш байвал түншлэгч гэж байгаа. 10 хувиас доош байгаа тохиолдолд туслан гүйцэтгэгч байгаа. Туслан гүйцэтгэгч нь хийх ажлынхаа хүрээнд тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Түншлэгчээр орж байгаа тохиолдол бүх шалгуурыг ижил тэгш хангах ёстой. ТШЗ-ийн 17-д түншлэлийн тухай тайлбар байгаа” гэв.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 болон 3.1.3 дахь заалтад “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан таван шаардлага байгаа. Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг, Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дугаартай зөвлөмжийг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 тоот “” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг, Барилга, хот байгуулалтын яам, “” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2022/211 дугаартай “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /Дорнод, Дашбалбар/ дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл эдгээр актуудыг хүчингүй болгуулснаар “С” ХХК-ийн зөрчигдсөн ямар эрх нь сэргэх, “С” ХХК-ийн хүсэж буй эрх зүйн хамгаалалт нь нэхэмжлэгчийн хувьд бодитой ач холбогдолтой буюу үр нөлөөтэй эсэхийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Шүүхийн шийдвэр гарсан ч нэхэмжлэгчийн зорьсон үр дүнд хүрэхээргүй бол шүүхээр хангуулах ерөнхий шаардлага үүсээгүй гэж онолын хувьд үзнэ. Хэрэгт авагдсан нөхцөл байдал, нотлох баримт, нэхэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэгчийн хүрэх гэж буй зорилго нь өөрийн эрхийг хамгаалуулах гэхээсээ илүү өөр зорилготой гэдэг байдал илэрхий буюу эсрэг талаа зориуд хохироох, шүүхийг ямар ч шаардлагагүй ачаалал нэмэх зэрэг эрх зүйн үнэлэмжид үл нийцэх зорилго агуулж байна. Эрх зүйн актуудыг хүчингүй болгоод ч “С” ХХК ялагч болох боломжгүй.

Барилга, хот байгуулалтын яамнаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн 3/1818 дугаартай “С” ХХК-д гэсэн мэдэгдэлд “тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зөвлөмжийн 17.6.1-д заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТ-3.4, ЗТ-3.5 тусгай зөвшөөрлийн нотлох баримт ирүүлээгүй байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу “С” ХХК танай тендерээс татгалзаж байгаагаа мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл буюу эрх зүйн актыг хүргүүлсэн байдаг. Гэтэл энэ мэдэгдлээ хууль бус, манай эрх ашгийг зөрчөөд байна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй байгаа нь “С” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Үүнээс үзэхэд “С” ХХК нь тендерийн ялагч болох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа үндэслэлүүдийг ойлгохгүй байна.

 “С” ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийн гол зорилго нь гаргасан гомдлыг хянаад Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэрээр “С” ХХК-ийн тендерийн баталгааны 40 сая төгрөгөөс 20 сая төгрөгийг улсын орлого болгосныг эс зөвшөөрсөн утга агуулгатай нэхэмжлэл гаргаад гомдоод яваад байгаа нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 287 тоотоор гаргасан давж заалдах гомдол мөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагаас нь тодорхой харагдаж байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д дараах тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно. 20.7.3-т тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол гэх заалт мөн хуулийн 320 дугаар зүйлийн 20.7.3-т заанаар улсын орлого болгосон асуудлаас үүдэн нэхэмжлэл гаргаад олон хүн цуглуулан чирэгдэл үүсгээд байна.

Сангийн яаманд “С” ХХК-ийн гаргасан гомдол нь  Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасан иргэн хуулийн этгээдийн гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллага эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэх заалтын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гэж үзэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэх заалтын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байна. Манайхаас хариу тайлбараа өгсөн. Мөн хариуцагч нар тайлбараа тодорхой дурдсан. Тусгай зөвшөөрөл нь хуульд нийцсэн байна. Тусгай зөвшөөрөлгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Тендерийн дагуу манайх гэрээгээ байгуулсан. Гэрээ бол тодорхой хугацаатай. Гэрээ нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх байгаа. Уг гэрээ хүчин төгөлдөр хэрэгжээд манайх 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Маргаад байгаа эрх зүйн актуудтай холбоотойгоор ажил хийгдээд дууссан. “Т” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу цахилгааны ажил дууссан. “К” ХХК-ийн зураг төслийн ажил бүрэн дуусаад баталгаажуулалтын ажил дууссан. Маргаад байгаа эрх зүйн актуудтай холбоотой ажлууд бүрэн дуусаад үр дүнгээ өгөөд мөнгөө тушаагаад хэрэгжсэн байгаа. Одоо 2 тэрбум төгрөгийн ажлын 75 хувь нь хийгдсэн байна. Энэ хугацаанд дулааны зуухаа угсарч байгаа бөгөөд 80 гаруй хувь хийгдээд байна. 11 сар гэхэд манай гэрээний ажил бүрэн дуусна. Гэтэл энэ асуудал дээр “С” ХХК-ийн эрх ашиг яаж хохироод байна вэ? Энд нийтийн эрх ашиг яригдаад байна. Дашбалбар сумын иргэдийн эрх ашиг яригдана. Өвөл болох гэж байна. Дулаан, цахилгааны асуудлыг шийдвэрлэхийн тулд манай “” ХХК бүх чадлаараа ажиллаж байгаа. Энэ хүчин төгөлдөр хэрэгжээд дуусгавар болгож байгаа гэрээг цуцлах нь хэнд ямар ашигтай вэ? Хэний эрх сэргэж, хэний зөрчигдсөн эрх хамгаалагдах вэ? Энэ маргаад байгаатай холбоотой бүх ажлыг актаар хүлээлгээд өгсөн байгаа. Хэдхэн ажил дутуу байна. Үүнтэй холбоотой баримтуудыг 3 дугаар хавтаст хэрэгт баримтаар өгсөн байгаа. “С” ХХК-ийн хувьд хохирсон, эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй. Ердөө 20 сая төгрөг гэдэг асуудлыг яриад байгаа юм. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж үзээд 20 сая төгрөгийг суутгасан болохоос энд яригдаад байгаа эрх зүйн актууд болон “” ХХК, гэрээ зэргээс шалтгаалаад 20 сая төгрөгийг суутгаад байгаа асуудал биш юм.

Үнэлгээний хорооны шийдвэр 157 сая төгрөг гэж яриад байна. Гэтэл Үнэлгээний хороо Ковид 19 гарч Монгол даяар хүнд байдалд орсон. Ганцхан “” ХХК-ийн борлуулалтын орлого ганцаараа бага байсан юм биш. Оролцож байсан гурван компани гурвуулаа борлуулалтын орлого бага байсан. Хоёрдугаарт, нийтийн эрх ашиг буюу Дашбалбар сумын нийт иргэдийн эрх ашиг байгаа. Өнөөдөр дулаан, цахилгаан, шугам сүлжээг ашиглалтад оруулснаар нийтийн эрх ашиг яригдана. Нэг хүн 157 сая төгрөг бага байна гэж хэлснээр шийдвэрлэгдэх асуудал биш юм. Үнэлгээний хорооны шийдвэр гэдэг бол хамтын шийдвэр байдаг. Бусад бүх шаардлагыг хангаад байхад ганцхан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр энэ ажлыг хойш нь тавьж нийтийн эрх ашгийг хохироож болохгүй. Гэрээний хугацааг харахад мөн ажлыг харахад маргаад байгаа актуудтай холбоотой бүх төсөл хэрэгжээд бараг дууссан байна. Энэ 2,1 тэрбум төгрөгийг буцаах уу? бодит байдалд гэрээ хэрэгжээд дууссан байна.

Манай компани ганцхан газартай түншлэлийн гэрээтэй орсон. Бусад компанитай хамтран ажиллах туслан гүйцэтгэх гэрээтэй орсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа гэж үзэж байна. Тиймээс манайх энэхүү тендерийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан. Хамгийн доод шалгуур үзүүлэлтийг буюу хамгийн доод үнийг санал болгосон тул манайхыг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр нь хуульд нийцсэн. Нийтийн эрх ашгаас гадна манай компани бусад шалгуур үзүүлэлтийг хангасан боловч 157 сая төгрөг дутуу байна гэж нэг хүний ярьсныг улбаалан дөвийлгөөд байх шаардлага байхгүй. Манайх шаардлагыг хангасан учир манайхыг үндэслэлтэй шалгаруулсан.

Эдгээр эрх зүйн актыг хууль бус байхыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Тендерийг хууль бус байсныг тогтоолгон шинээр зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах байх гэж би бодож байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын тодруулгуудыг харахад нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. 20 сая төгрөгийн төлөө энэ олон хүнийг энд цугларуулан өчнөөн ажил удаж байна. 20 сая төгрөгийг хуулийн дагуу улсын орлоно болгосон нь хууль зөрчөөгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эдгээр хүчингүй болгуулах гэж байгаа эрх зүйн актууд нь эргэлзээгүй үнэн зөв байна. Улсын төсвөөс 2.1 тэрбум төгрөг зарцуулагдаад энэ эрх зүйн актууд бодитой хэрэгжээд дууссан байхад 20 сая төгрөгийн төлөө энэ бүтээн байгуулалтыг нураахыг хүсээд байх шиг байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн, зөрчигдсөн гэсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 033/2003 гэсэн Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламж, зураг төслийн магадлан дүгнэлтээр зураг төсөл хууль ёсны болсны дараа хэрэгжсэн гэдэг дүгнэлт гарсан. Зураг төсөл хийсний дараа хэрэгжсэн. Энэхүү зураг төслийн хувьд төслийн дагуу хийгдсэн. Үүнийг манай компани хийхгүй. Зураг төслийн хийх ёстой байсан учир манайх хийсэн. Үүнийг хүлээж аваад баталгаажсан байгаа. Хэргийн 79-86 дугаар талд байгаа баримтаар тухайн ажлыг 100 хувь хийгээд холбогдох газрууд нь чанарын өндөр түвшинд байна гээд хүлээж аваад дууссан байгаа. Гэрээ хүчин төгөлдөр хэрэгжээд дууссан. Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаартай тодорхойлолтоор 1 тэрбум 60сая төгрөгийн ажлыг чанарын өндөр түвшинд хийгээд манай сумын иргэдийн талархлыг хүлээсэн ажил явагдаж байгаа талаар баримт ирсэн. 2023 онд хийгдэх ажлууд заагдсан байгаа. 2023 оны хувьд хийгдэх ажлууд дуусаад дулааны зуухнуудын угсралтын ажил дуусах гэж байна. Нэг хэсэг хүмүүсийн амьдрал дээшилж байхад, өвөл эхэлж байхад энэ бүтээн байгуулалтыг нураа гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

12. Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “...“С” ХХК-ийн бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй учир “” ХХК-г сонгосон байна. Сангийн яаманд гаргасан гомдлоо буруу гаргаад тендер нь ялагдал хүлээсэн байна гэж ойлголоо. Хариуцагч талын тайлбарыг зөв гэж үзэж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь.

1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлд хавсралт ёсоор баталсны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын багцад тусгагдсан уг яамны захиалгатай, “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл”-ийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг тус яамны Тендерийн үнэлгээний хорооноос зарласнаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерийн урилгад заасны дагуу тендерийн баримт бичгийн үнэ, тендерийн баталгааг байршуулан тендер шалгаруулалтад оролцжээ.

3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01  дүгээр сарын 27-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/30 дугаар тушаалын нэг дэх заалтаар Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын ХII.1.128-т тусгагдан Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 14 дүгээр тушаалын хавсралтын 3-д хэрэгжүүлэхээр батлагдсан “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Дорнод, Дашбалбар/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

4. Дээрх Үнэлгээний хорооноос тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад нээхэд, нэхэмжлэгч “С” ХХК болон өөр бусад хоёр хуулийн этгээд оролцохоор үнийн санал ирүүлсэн байх ба Үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тэмдэглэл /МБЗА/ үйлдэгдэж, “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Дорнод, Дашбалбар/” дугаартай төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн “С” ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1-д заасны дагуу Зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТ-3.4, ЗТ-3.5 тусгай зөвшөөрлийг нотлох баримт ирүүлээгүйгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тухайн тендерээс татгалзаж байгааг мэдэгдэхээр шийдвэрлэсэн, улмаар захиалагчийн буюу Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  3/1818 дугаар албан бичгээр “...танай тендерийг татгалзсан” мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлсэн.

5. Нэхэмжлэгчээс захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргаснаар Сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2664 дүгээр  албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлж байсан, улмаар мөн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2911 дүгээр албан бичиг /МБЗА/-ээр “захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “” ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсан үндэслэлээр хянахад захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” талаар мэдэгдэж хариу өгсөн.

6. Гуравдагч этгээд болох “” ХХК нь захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 4.1.“Тендерт оролцогч нь захиалагчаас хараат бус этгээд байна”, 4.2. “Хэд хэдэн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр  нэг тендер ирүүлэх бол тэдгээрийг хамтад нь түншлэл, тус бүрийг нь түншлэлийн гишүүн гэнэ”, 5.2. “Тендерийн дагуу ТШЗ-ны 4.2-т заасан түншлэлийн гишүүн тус бүрийн гүйцэтгэх үүргийн хэмжээ тендерийн үнийн 10 хувиас дээш байна” гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22/07 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г “В*******” ХХК-тай /РД:*******/ байгуулж, уг гэрээний 4.4-д /уурын зуухын барилга угсралтын ажил, гадна шугам сүлжээний ажил, мэдээлэл холбоо, галын дохиоллын ажил/ заасан ажлыг буюу нийт өртөгт ажлын 12,5% /500,000,000.00/-ийг гүйцэтгэхээр тохирч холбогдох гэрээ, мэдээллийг захиалагчид хүргүүлсэн.

7. Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 5.1. “Тендерт оролцогч нэг ба түүнээс дээш тооны этгээдтэй туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулж болно. Нийт туслан гүйцэтгүүлж болох бараа, ажил үйлчилгээний дээд хэмжээ нь тендерийн үнийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар гуравдагч этгээд “” ХХК нь уг тендерт оролцохдоо “К” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Дорнод, Дашбалбар/ зураг төсөл боловсруулах 22/08 дугаар гэрээг байгуулж, зураг боловсруулах ажлын хүрээнд бохир усны насосын станц, гадна цахилгаан, холбоо 50м3 цэвэрлэх байгууламжийн ариутгах татуургын шугамын холболтын зураг төсвийг гүйцэтгэхээр, гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсөнд 60,000,000.00 /жаран сая/ төгрөгийг төлөхөөр тохирч холбогдох гэрээ, мэдээллийг захиалагчид хүргүүлсэн.

8. Мөн гуравдагч этгээд нь уг тендерт “Т” ХХК-тай цахилгааны ажлыг хийхээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22/09 дугаартай “Туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, гэрээ ёсоор 0.4 квт гадна цахилгаан шугамын ажил, зуухны тоног төхөөрөмжийн холболтын цахилгааны ажлыг 20,000,000.00 /хорин сая/ төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгүүлэхээр тохирч холбогдох гэрээ, мэдээллийг захиалагчид хүргүүлсэн.

9. Энэ хэсгийн 7-д дурдсаны дагуу тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгч “К” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/22 дугаар гэрээгээр “хамтран ялалт байгуулсан нөхцөлд энэхүү гэрээг дахин тодотгож байгуулах ба Гадна дотор холбоо, дохиолол, гадна дотор цахилгаан хангамж, төсөв тооцоолол”-ын ажлыг “А*******” ХХК-тай хамтран хийхээр гэрээ байгуулсан, мөн тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгч “К” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/22 дугаар гэрээгээр “хамтран ялалт байгуулсан нөхцөлд энэхүү гэрээг дахин тодотгож байгуулах ба Инженер геологийн судалгааны ажил”-аар хамтрахаар “Х*******” ХХК-тай гэрээ байгуулсан. /хэрэгт авагдсан цахим баримт, зургийн компани1 файл/

10. Тусгай зөвшөөрлүүдийг нэг бүрчлэн судалж үзвэл дараах байх ба тендерийг хянан үзэх үед тусгай зөвшөөрлүүдийн хугацаа бүгд хуулийн хүчин төгөлдөр байсан.

10.1. “” ХХК: регистрийн 2011328 дугаарт бүртгэлтэй, барилга угсралт засвар, цахилгаан сантехникийн засвар угсралт, усны аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих, засварлах  үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй. Уг компани Барилга, хот байгуулалтын яамнаас олгогдсон БУ58-231/18 дугаар тусгай зөвшөөрлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн таван жилийн хугацаатай авсан. Барилга угсралтын 2.1.1.“Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт”, 2.1.2. “Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/” 2.1.4. “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил /1-16 давхар хүртэл/, Цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна зэрэг 30 м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил”, 2.1.8. “Түүх, соёлын барилга угсралтын ажил”, 2.2.1. “Барилга дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт”, 2.2.2. “Барилга дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт”, 2.3.1. “Угсралтын уст цэг, худаг,  Услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил”, 2.3.2. “Хөрсний ус доошлуулах, ширүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил”, 2.3.3. “Усан цахилгаан станцын барилга байгууламжийн ажил” эдгээрээс гадна нэмэлтээр БА-3.3. “Ус хангамж, ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт”, БА-3.4. “Дулааны гол / магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажил” зэрэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгосон.

 10.2. “В*******” ХХК  регистрийн *******  дугаартай, барилгын засвар хийх, эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Уг хуулийн этгээд нь БА-3.1. “Цутгамал болон угсармал төмөр бетон бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”, БА-6.1. “Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт”, БА-6.2. “Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт”, БА-6.3. “Барилга байгууламжийн дотор цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт”, БА-6.4. “Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт”, БА-8.1. “Барилга байгууламжийн засвар, гоёл чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” эдгээрийг эрхлэх тусгай зөвшөөрлийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай, БУ12-632/21 дугаар тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон.

10.3. “Т” ХХК регистрийн ******* дугаартай, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй, Уг компанид  Эрчим хүчний яамнаас 03.2.3-0.4 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх 584/19 дугаар тусгай зөвшөөрлийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгосон.

10.4. “К” ХХК регистрийн 4129989 дугаартай, барилгын материалын худалдаа, гадаад, дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй, Уг компанид Барилга, хот байгуулалтын яамнаас ЗТ-2.1. “Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл/БЗБТ, АГТ, ҮЗБТ/”, ЗТ-3.4. “Ус хангамж, ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг”, ЗТ-3.5. “Дулааны гол / магистраль/ шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг”, ЗТ-6.1. “Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл”, ЗТ-6.2. “Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүний холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл” эрхлэх ЗТТ8-1236/18 дугаар тусгай зөвшөөрлийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай олгосон.

10.5. “А*******” ХХК регистрийн 5143594 дугаартай гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй, уг компанид Барилга, хот байгуулалтын яамнаас Зураг төсөл 1.2.4. “Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч, агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл”, 1.2.5. “Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн  технологийн зураг төсөл /10 кв хүртэл/ Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл”, 1.2.6.“Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв”, 1.3.2. “Усан хангамж,ариутгах татуургын гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг”, 1.3.3. “Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кв хүртэл/” үйл ажиллагаа эрхлэх ЗТ12-1721/17 дугаар тусгай зөвшөөрлийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс таван жилийн хугацаатай олгосон.

10.6. Регистрийн ******* дугаартай “Х*******” ХХК-д Барилга, хот байгуулалтын яамнаас ЗТ-9.2 А. “Багаас дунд төвөгшилтэй бүх төрлийн барилга байгууламжид зориулсан инженер-геологийн судалгаа /инженер-геологийн нөхцөл харгалзахгүй/”, Б.“Өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжид зориулсан судалгааг инженер-геологийн энгийнээс дунд зэргийн нөхцөлтэй байршилд” үйл ажиллагаа эрхлэх ЗТ11-910/21 дугаар тусгай зөвшөөлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс таван жилийн хугацаатай олгосон.

11. Дээр дурдсан баримтууд нь маргаан бүхий үйл баримтад хамаарах ба хэрэгт нотлох баримтаар авагдсан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан “тус яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3/1820 дугаар шийдвэр болон “Барилга, хот байгуулалтын яам, “” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2022/211 дугаартай “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /Дорнод, Дашбалбар/ дугаартай ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “тус Үнэлгээний хорооны хурлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн  01 /дугааргүй/ зөвлөмжийг хүчингүй болгуулах”, Сангийн яаманд холбогдуулан “тус яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагуудыг тавьж, Тодорхойлох хэсгийн 5-д заасан үндэслэлээр тайлбарлан маргасныг шүүх дараах байдлаар үндэслэлгүй гэж дүгнэв.

12. Хариуцагч Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид Тендерийн хууль гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.3-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 27.2.1-27.2.3-д заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгох ба ирүүлсэн тендер нь Тендерийн хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн гэж үзэх, хэрэв шаардлагад нийцээгүй бол мөн хуулийн 27.4-д зааснаар захиалагч нь уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай байна.

13. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендерийг “тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1-д заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТ-3.4, ЗТ-3.5-д хамаарах тусгай зөвшөөрлийн баримтыг ирүүлээгүй” гэж Үнэлгээний хороо үзсэн, тодруулбал, Тендерийн баримтын бичгийн 2 дугаар бүлэг Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.1: “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ТЗ-3.4 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг ЗТ-3.5 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг яамнаас авсан байх, улмаар тендертээ хавсарган ирүүлэх шаардлагыг хангаагүй буюу Тендерийн хуулийн 27.1.3. “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэдгийг хангаагүй байдаг. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчид дээрх тусгай зөвшөөрөл байхгүй байсныг хүлээн зөвшөөрч маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

14. Энэ утгаараа, Тендерийн үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийхээс өмнө нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендер нь татгалзагдах нөхцөл бүрдсэнээр уг тендерт тендерийн материалаа үнэлүүлсэн гуравдагч этгээдийн эрхийг давж дүйцэхүйц байдлаар нэхэмжлэгч тал нь маргах боломжгүй, хариуцагч Үнэлгээний хороо нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичгээс давсан байдлаар тендерт оролцогч биш этгээдээс ТӨХ-ээр заасан баримт бичгийг шаардах, дутуу гэж үзэх, үнэлэхгүй байх эрхгүй юм.

15. Иймээс Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2. “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” бүрэн эрхийг хэрэгжүүлсэн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна”, 46.1.3. “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 46.1.4. “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.8. “...инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хариуцагч Барилга, хот байгуулалтын яам болон тус яамны Үнэлгээний хороо хууль зөрчөөгүй байна.

16. Энэ хэсгийн 6-д дурдсаны дагуу нэг талаас “” ХХК /РД: 2011328/ нөгөө талаас “В*******” ХХК /РД: *******/ нарын байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22/07 дугаар “Түншлэлийн гэрээ”-ний 1.1-д зааснаар “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /Дорнод, Дашбалбар/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хамтран оролцох, тендерт шалгарсан тохиолдолд захиалагчтай гэрээ байгуулах, байгуулсан гэрээнд заасан барилгын ажлыг түншлэгч талууд хамтран гүйцэтгэх, хамтын үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, хамтран болон тус тусдаа хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, 4.1. “энэхүү гэрээг байгуулсны үндсэн дээр Талууд хамтран түншилж, гэрээний 1.1-д заасан тендер шалгаруулалтад оролцоно” гэж заасны дагуу ижил ашиг сонирхолтойгоор түншлэгчээр тендерт оролцсоноор нэг тендерийн материал ирүүлсэн, ингэхдээ уг гэрээний “А” тал болох “” ХХК нь захиалагч “Х*******” ХХК, 1,225,600,000.00 төгрөгийн үнийн дүнтэй “Инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил”-ыг 2019 онд, захиалагч  Зам тээвэр хөгжлийн яам, 931,800,000.00 төгрөгийн үнийн дүнтэй “Гэр хорооллын авто замын засвар, шинэчлэлт 1 км хатуу хучилттай авто зам /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Гачуурт тосгон/-ын ажил”-ыг 2019 онд, захиалагч  Дорнод аймаг Дашбалбар сум, 1,400,400,000.00 төгрөгийн үнийн дүнтэй “Дашбалбар сумын төвийн 1.5 км цемент бетон хучилттай авто замын ажил”-ыг 2021 онд тус тус гүйцэтгэж дууссан бол, түншлэгч “Б” тал болох “В******* ХХК” нь захиалагч Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийн харьяа Билиг дээд сургууль, 135,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй “Орчны тохижилт гүйцэтгэх гэрээ”-г  2020 онд, захиалагч “М*******” ХХК,  363,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй “Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ”-г, 280,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй “Орчны тохижилт гүйцэтгэх гэрээ”-г 2021 онд тус тус гүйцэтгэж дууссан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

17. Үүнээс үзэхэд, тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 17.1.“Захиалагч нь хуулийн 12.2-т зааснаар тендер шалгаруулалтад тавигдах санхүүгийн, техникийн чадавхын болон туршлагын хангавал зохих доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоож, тендерийн баримт бичигт тодорхой тусгана”, 17.2. “Тендерт оролцогч нь хуулийн 15 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхын талаар захиалагчаас ТӨХ-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байна”, 17.2.4. “ТШЗ-ны 17.3-т заасан санхүүгийн тайлангийн хугацаанд хэрэгжүүлсэн борлуулалтын орлогын талаарх мэдээлэл”, 17.2.5. “гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхын талаар энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох ТӨХ-д заасан бусад баримт”, 17.3 “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан  үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацааг ТӨХ-д заана”, 17.9 “Түншлэл нь ТШЗ-ны 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна. ТШЗ-ны 17.2-т борлуулалтын орлого, гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ, ТШЗ-ны 17.6-д ижил төстэй гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг тус тус заасан бол төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна” гэж заасны дагуу түншлэлийн гэрээний “А” тал болох “” ХХК-ийн сүүлийн гурван жилд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан ажлын мөнгөн дүн 3,557,800,000 төгрөг байгаа нь, түншлэгч гэрээний “Б” тал болох “В******* ХХК-ийн сүүлийн гурван жилд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан ажлын өртөгт хэмжээ нь 778,000,000 төгрөг нийт 4,335,800,000 төгрөг байгаа нь ТӨХ-ийн 17.9-д заасан шалгуурыг хангаж байна.

18. Харин маргаан бүхий захиргааны акт болох Үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлд тусгагдсанаар гуравдагч этгээд “” ХХК нь түншлэгчийн хамт борлуулалтын орлогын дундаж нь 1043,0 сая байгаа нь уг тендерээр гүйцэтгэх ажлын нийт төсөвт өртгийн 30%-с /1200,0-1043,0/ 157 сая төгрөгөөр бага байгаа гэх маргаанд Үнэлгээний хорооны гишүүд Тендерийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2. “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, уг бүрэн эрхийг шууд үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй, уг хамтын шийдвэрийг Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2. “...Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж зааснаар захиалагч өөрчлөх, хүлээн авахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

 19. Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

19.1. “С” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 179 дүгээр албан бичгээр “тухайн тендерт шалгарсан “” ХХК-ийн тендерийн шалгаруулалтад ирүүлсэн материал нь тендер шалгаруулалтын зааварчилгааны дараах зарим шаардлагыг биелүүлээгүй буюу дутуу ирүүлсэн” гэх агуулгатай хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлснээр тус яамны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 03/2664 дүгээр  албан бичгийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн байдаг.

19.2. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2911 дүгээр албан бичгээр “захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “” ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсан дараах үндэслэлээр хянан үзэхэд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болсон”-ыг мэдэгдэж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

19.3. Ингэхдээ хариуцагч Сангийн яамнаас дараах агуулгатай дүгнэлт хийж, улмаар захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байна.

19.3.а. “” ХХК болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 22/08 дугаартай гэрээ,  “” ХХК болон “Т” ХХК-тай байгуулсан 22/09 дугаартай гэрээ нь тус тус түншлэлийн гэрээ бус холболтын зураг төсөв хийх гэрээ, туслан гүйцэтгэгчийн гэрээ байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5, ТШЗ 17.9, ТШЗ 17.2, ТШЗ 17.3-д заасан шаардлагуудад хамаарахгүй,

19.3.б. “К” ХХК нь тухайн ажлын зураг төсвийг боловсруулсан хэдий ч “” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулан оролцоогүй байх тул Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан нэгдмэл сонирхолтой нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй,

19.3.в. Туслан гүйцэтгэгч “Т” ХХК нь 584/19 дугаар бүхий цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцын угсралтын Засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ төрлийн “ТЗ-2.2: 0,4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмж” гэсэн шаардлагыг хангасан,

19.3.г. “К” ХХК нь 584/19 дугаар бүхий хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төрлийн “ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)” тусгай зөвшөөрөл нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан “Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл” гэсэн шаардлагыг хангасан

19.3.д. Туслан гүйцэтгэгч “А” ХХК нь тендерийн баримт бичгээр захиалагчаас шаардсан “3Т-4.10 мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах (магистраль) болон салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажлын зураг”, “ЗТ-6.3 барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, 35 кВ хүртэлх гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах хэмжих хэрэгсэл-автоматикийн зураг төсөл”, “ЗТ-10.2 барилга байгууламжийн ажлын зураг төсөв” тусгай зөвшөөрлийн заалтуудыг эзэмшдэг байх тул шаардлагад нийцсэн гэжээ.

20. Худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамнаас тодорхой эрхүүдийг хэрэгжүүлдэг. Тендерийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7.“энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмыг батлах” бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 131 дүгээр тушаалын хавсралтаар “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ыг баталсан ба мөн сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 241 дүгээр тушаалаар холбогдох агуулга бүхий зохицуулалт уг журамд нэмэгдсэн.

21. Ийнхүү журамлагдсан харилцааг хариуцагч Сангийн яамнаас хэрхэн, ямар байдлаар зөрчсөн болох, өөрөөр хэлбэл, Сангийн яамны хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн талаар нэхэмжлэгч талаас тодорхой тайлбар үндэслэлийг гаргаж мэтгэлцсэнгүй. Журмын 6 дугаар зүйлийн 6.1. “Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 6.1.2. “захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид албан бичгээр мэдэгдэх” гэж зааснаар захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан нь гомдол үндэслэлгүй талаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд хариу өгсөн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/2911 дүгээр албан бичиг нь хууль зөрчөөгүй байна.

22. Үүгээрээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.“дараах тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 20.7.3. “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн”, 55 дугаар зүйлийн 55.9. “Тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна...”, Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын  7 дугаар зүйлийн 7.1. “Сангийн яам тендерт оролцогчийн гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг хүчинтэй байх хугацаанд багтаан улсын орлого болгохыг захиалагчид даалгана” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн Хас банкны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 122GT10220880004 дугаар бүхий тендерийн баталгааны 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хүчинтэй байх хугацаанд нь багтаан Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд төвлөрүүлэхийг захиалагчид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/3024 тоот албан бичгээр хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

23. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч талаас “шударга ёсыг тогтооно, хорин сая төгрөгийн хохирлоо барагдуулах нөхцөл бүрдэнэ, захиргааны байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой” зэргээр тайлбарлан маргаж байгаа авч, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг хариуцагч нар зөрчөөгүй, хэдийгээр тендерт шалгарсан этгээдийн сүүлийн гурван жилийн борлуулалтын орлого нийт төсөвт өртгийн 30%-д хүрэхгүй 157 сая төгрөгөөр бага байсан гэх үйл баримт яригддаг боловч энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерээс Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу татгалзсаны дараах тендерийг үнэлэх шатанд хэрэгждэг, хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон Үнэлгээний хорооны гол зорилго, тэр дундаа тендер шалгаруулалтын гол зорилго нь тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадах ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгчийн өмнө байгуулсан гэрээгээрээ хариуцлагаа хүлээх ба харин захиалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн хариуцлага байхгүй байна. Тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хариуцагч захиргааны байгууллагуудын тендерийн талаарх шийдвэр буюу маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

24. Ердийн ухамсрын түвшинд, хууль хэрэглээний биш агуулгаар гаргасан иргэдийн төлөөлөгч Б.Бгийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.4, 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.8, 47 дугаар зүйлийн 47.2.2, 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас хариуцагч Барилга, хот байгуулалтын яам, тус яамны Үнэлгээний хороо, Сангийн яаманд холбогдуулан гаргасан,

“Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг, Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай 3/1820 дугаар мэдэгдлийг, мөн Барилга, хот байгуулалтын яам, “” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2022/211 дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /Дорнод, Дашбалбар/ дугаартай ажил гүйцэтгэх гэрээг, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/2911 дугаартай шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН

   

     ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ

 

     ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА