Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01550

 

Ж.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01374 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БА” ХХК-д холбогдох,

1 501 500 төгрөг гаргуулах, 12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3 008 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 01-нд “БА” ХХК-д ерөнхий инженерээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ажлын гүйцэтгэл сайн, хариуцлагатай ажиллаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 09-нд унаж, зүүн мөр мултарч, гэмтэл бэртэл авч, түүний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан. Нэг сар гаруйн хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан. Гэтэл байгууллагаас ажилдаа ор, ажлаа хий гэсэн дарамтыг удаа дараа ирүүлж байсан учраас аргагүйн эрхэнд өөрөө хүсэлт гаргаад ажлаасаа чөлөөлөгдөх болсон. Гэтэл миний 10 дугаар сард ажилласан цалингаас 715 000 төгрөгийг дутуу өгсөн байсан. Энэ мөнгөө гүйцээж авъя гэтэл “дарга удирдах зөвлөлөөс битгий өг” гэсэн гэдэг хариу хэлсэн. Мөн тус компанид ажилласан нийт 7 сар 13 хоногийн хугацааны ээлжийн амралтыг бодож өгөөч гэтэл боломжгүй гэсэн. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцож олгодог. Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийж, ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох ёстой байтал миний хөдөлмөрлөх эрхэнд халдан, ажиллаж байсан цаг хугацааг үнэгүйдүүлж, өвчтэй болсныг далимдуулж намайг хохироож байгаад гомдолтой байна. “БА” ХХК-д маргаан таслах комисс байхгүй, үйлдвэрчний эвлэлийн байгууллага ч байхгүй тул хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Хариуцагчийн яриад байгаа 3 727 107 төгрөг бол “БА” ХХК-ийн төлөх ёстой төлбөр юмаа, компанид учирсан хохирол биш, би уг компанид олон асуудал шийдвэрлэж байсан баримтууд нь байгаа, компанид маш их гомдож байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын цалингийн дутуу 715 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгөн олговор 785 500 төгрөг, нийт 1 501 500 төгрөг гаргуулж, 2018 оны 12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БА” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхэлдэг ба Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд өөрийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд дулаан түгээх, цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг үзүүлдэг. Нэхэмжлэгч Ж.Т  нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий инженерийн хариуцлагатай албан тушаалд томилогдон ажилласан ба хэрэглэгчдэд дулаан түгээх, усны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдаж, чанар стандартыг тэргүүн зорилго болгон ажиллах, дулаан түгээх ажлын явц, төлөвлөгөөний биелэлт, норм дүрэм, стандарт, тоног төхөөрөмж зэрэгт техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих, аливаа эрсдэлээс сэргийлэх, дулаан түгээх ажлын явцад үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэх зэрэг албан тушаалын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар компанийн өмнө үүрэг хүлээсэн. Гэтэл 2018 оны 8 дугаар сард “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас буцах усны температур өндөржүүлсэн гэж 3 727 107 төгрөгийн төлбөр ирсэн бөгөөд энэ нь компанийн буцах усны дулааны температур тохируулах автомат хаалтын горим алдагдаж, дулааны температурын хэлбэлзэл зөвшөөрөгдөх хэмжээнээс зөрүүтэй буцсаны улмаас гарсан нэмэлт зардал гэж тус газраас тайлбарласан. Ерөнхий инженер Ж.Т нь өөрийн албан үүргийнхээ дагуу компанийн хэрэглэгчдэд дулаан түгээх үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах, ажлын явцад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан буюу буцах дулааны температур тохируулах автомат хаалтын хэвийн ажиллагаа болон диспетчер дээр байгаа параметрийн заалтад тогтмол хяналт тавиагүйн улмаас компанид хохирол учруулсан. Үүнээс хойш ажилдаа ирээгүй, цагийн бүртгэлд түүний цаг бүртгэгдээгүй, эмнэлгийн бичиг баримт ч өгөөгүй. Ажил олгогчийн зүгээс ерөнхий инженер Ж.Т-г ажлын хариуцлага алдсан гэж үзэж, түүний цалин хөлснөөс дээрх хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан тул түүний цалингаас нь 715 000 төгрөгийг суутгаж авсан, дотоод журамд бол хохирлыг ажилтан хариуцахаар байгаа юм. Энэ тухай ерөнхий инженер Ж.Т-д мэдэгдсэн боловч тэрээр ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр удаан хугацаагаар ажлаа таслан ирээгүй ба 2018 оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. 2018 оны 12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь бичүүлж өгье нэхэмжлэлээсээ татгалзчих гэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй тул одоо боломжгүй болсон. Ерөнхий инженер Ж.Т нь ажлын хариуцлага алдсаны улмаас байгууллагад 3 727 107 төгрөгийн хохирол учруулсан, мөн ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр удаан хугацаагаар ажил тасалсан, үүний улмаас хариуцсан ажил нь цалгардаж компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан зэрэг зөрчлүүдийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дутаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно гэж заасан бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.7-д “шинээр ажилд орсон ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлын тушаал гарснаас хойш 10 сар ажилласны дараа ээлжийн амралт авах эрх нь үүснэ” гэж зааснаар ерөнхий инженер Ж.Т нь ажилд орсон эхний жилдээ ээлжийн амралт авах хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Улаанбаатар дулааны сүлжээ компанийн гэрч бол тодорхой сайн ярьсан, инженерүүд зөв сайн ажиллаагүй гэж хэлсэн. Өмнөх саруудад төлөх төлбөргүй байснаа 8 дугаар сард 3 727 107 төгрөгийн төлбөр гарсныг бид хохирол гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл шалтгаан, үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “БА” ХХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд өөрийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд дулаан түгээх, цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг үзүүлдэг. Компанийн дээрх ажил үйлчилгээг хариуцсан ерөнхий инженерийн албан тушаалд Ж.Т нь 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан бөгөөд тэрээр компанийн гүйцэтгэж байгаа хэрэглэгчдэд дулаан түгээх, усны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдаж, чанар стандартыг тэргүүн зорилго болгон ажиллах, дулаан түгээх ажлын явц, төлөвлөгөөний биелэлт, норм дүрэм, стандарт, тоног төхөөрөмж зэрэгт техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих, аливаа эрсдэлээс сэргийлэх, дулаан түгээх ажлын явцад үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэх зэрэг албан тушаалын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар компанийн өмнө үүрэг хүлээсэн. Гэтэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас буцах усны температур өндөржүүлсэн дулаан гэж 3.723.000 төгрөгийн торгуулийн нэхэмжлэхийг компанид ирүүлсэн бөгөөд энэ нь компанийн буцах усны дулааны температур тохируулах автомат хаалтын горим алдагдаж, дулааны температурын хэлбэлзэл зөвшөөрөгдөх хэмжээнээс зөрүүтэй буцсаны улмаас гарсан нэмэлт зардал гэж тус газраас торгууль тавьсан юм. Ж.Т нь өөрийн албан үүргийнхээ дагуу компанийн хэрэглэгчдэд дулаан түгээх үйлчилгээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, ажлын явцад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан буюу буцах дулааны температур тохируулах автомат хаалтын хэвийн ажиллагаа болон диспетчер дээр байгаа параметрийн заалтад тогтмол хяналт тавиагүйн улмаас компанид 3 727 107 төгрөгийн хохирол учруулсан юм. Компанийн удирдлагын зүгээс тухайн ажилтантай хариуцлага тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1, 132.2-т заасныг болон Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4, 3.1.10, 8.1-д тус тус заасныг үндэслэн Ж.Т-ийн албан тушаалыг бууруулж, компанид учруулсан 3 727 107 төгрөгийн хохирлыг түүний цалингаас суутгахаар шийдвэрлэж цалингаас нь 715 000 төгрөгийг суутгасан. Гэтэл Ж.Т нь ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр олон хоног хэл сураггүй ажлаа хаяж явсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд компанид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дах заалт, 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дах заалт, түүнтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4 дүгээр хэсгийн 3 дах заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохирлоос үлдэх 3 008 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 01-нд “БА” ХХК-д ерөнхий инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний 2.9-д зааснаар туршилтын хугацаагүй орсон. Гэрээний 2.3-д зааснаар ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллах байсан боловч намайг ажиллаж байх хугацаанд ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй. Хэрэглээний халуун усны буцах усны температур тохируулах автомат хаалтын тохиргоог би хариуцах ёсгүй бөгөөд цахилгааны инженер, автоматикийн инженер, дулааны инженер хариуцдаг. Тус тусын ажил үүргийг гүйцэтгэдэг инженерүүд ажилладаг. Буцах усны автомат хаалтын тохиргоо алдагдлаа гэхэд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас горим тохиргооны инженер “БА” ХХК-д албан бичгээр мэдэгдэж засварлуулах арга хэмжээ авч ажиллах ёстой. Параметрийн заалтуудыг ээлжээр ажиллаж байгаа сантехникч, ээлжийн диспетчерийн удирдлага дор авч дулааны инженер хариуцан ажилладаг. 2018 оны 10 дугаар сард “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас хэрэглээний халуун усны төлбөрийн нэхэмжлэхийг бичиж нэхэмжилснийг “БА” ХХК усны зардлаа төлөх үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа ажлын хариуцлага алдсан асуудал надад хамаарахгүй. Энэ талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй, торгууль ирээгүй, надад танилцуулаагүй. Компанийн зүгээс надтай хариуцлага тооцож, миний албан тушаалыг бууруулж шийдвэрлэсэн асуудал байхгүй. Харин шүүхэд цалин хөлсний дутууг гаргуулж авах нэхэмжлэл гаргасны дараа 2019 оны 4 сарын 16-нд ажилтны албан тушаалыг бууруулах, цалингаас хохирол суутгах тухай Б/400 тоот тушаалыг 2018 оны 11 сарын 05-ны өдрөөр огноолон гаргаж ирүүлсэн байна. Ийм тушаал гарч, би өөрөө дулааны инженер болсноо ч мэдээгүй, энэ албан тушаалд ямар нэг гэрээ байгуулаагүй. Тэгэхээр ийм тушаал гарсан бол би гомдол гаргаад явах хугацаагүй болж таарч байна. Албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан өөрсдөдөө ашигтайгаар хуурамч тушаал үйлдэж, миний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. “БА” ХХК-ны захирал Шинэчимэг 2018 оны 10 дугаар сард гэмтэл авч, аарцагны яс нь хугараад гэмтлийн эмнэлэгт хэвтэж аарцагны яс хадуулж эмчлүүлж байгаад 11 дүгээр сарын сүүлээр ажилдаа орсон гэж би мэднэ. Гэтэл эмнэлэгт байхдаа миний асуудлыг шийдэж тушаал гаргасан байх боломжгүй. Мөн дулааны инженерээр Бат-Амгалан гэж ажилтан ажиллаж байгаад 2019 оны 2 дугаар сард ажлаасаа гарсан. Би ажил хаяж, сураггүй алга болоогүй, гэмтэл бэртэл авч, түүний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан. Нэг сар гаруй хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан. Эмнэлгийн чөлөөний бичгээ байгууллагад өгч, өвчтэй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл байгууллагаас ажилдаа ор, ажлаа хий гэсэн дарамтыг удаа дараа ирүүлж байсан учраас аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл намайг дулааны инженерийн ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна. Өвчтэй хугацаанд листээр цалин бодогдсон байсан. Иймд би заргалдъя гэж бодоогүй. Гэтэл шүүхэд хандах хуулийн хугацаа дууссаны дараа үлдэгдэл цалингаа авах гэтэл суутгаж авчхаад өгөөгүй. “БА” ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс, хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах дэд болон салбар хороо, мөн Үйлдвэрчний эвлэлийн хороо байхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “БА” ХХК-иас 1 501 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т-д олгон, түүний 2018 оны 12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тухайн сарын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Т-гээс 3 008 000 төгрөгийн хохирол гаргуулах тухай хариуцагч “БА” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 980 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 64 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “БА” ХХК-иас 38 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Ж.Т нь 2018 оны 5 сарын 01-ний өдрөөс эхлэн “БА” ХХК-д ерөнхий инженерийн хариуцлагатай албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд тэрээр компанийн гүйцэтгэж байгаа хэрэглэгчдэд дулаан түгээх, усны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдаж, дулаан түгээх ажлын явц, төлөвлөгөөний биелэлт, норм дүрэм, стандарт, тоног төхөөрөмж зэрэгт техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих, аливаа эрсдэлээс сэргийлэх, дулаан түгээх ажлын явцад үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэх зэрэг албан тушаалын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар компанийн өмнө үүрэг хүлээсэн. Гэтэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас "буцах усны температур өндөржүүлсэн дулаан" гэж 3 723 000 төгрөгийн торгуулийн нэхэмжлэлийг компанид ирүүлсэн бөгөөд энэ нь компанийн "буцах усны дулааны температур тохируулах автомат хаалт"-ны горим алдагдаж, дулааны температурын хэлбэлзэл зөвшөөрөгдөх хэмжээнээс зөрүүтэй буцсаны улмаас гарсан нэмэлт зардал гэж тус газраас нэхэмжлэл ирүүлснийг манай компани төлж барагдуулсан. Ерөнхий инженер Ж.Т нь өөрийн албан үүргийнхээ дагуу компанийн хэрэглэгчдэд дулаан түгээх үйлчилгээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, ажлын явцад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан буюу буцах дулааны температур тохируулах автомат хаалтын хэвийн ажиллагаа болон диспетчер дээр байгаа параметрийн заалтад тогтмол хяналт тавиагүйн улмаас компанид 3 727 107 төгрөгийн хохирол учруулсан тул түүний буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад учирсан хохирлыг түүний цалингаас суутгахаар шийдвэрлэсэн. Гэтэл Ж.Т нь ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр олон хоног хэл сураггүй ажлаа хаяж явсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд компанид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй. Үндэслэх нь хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 55.1-т ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно гэж заасан тул түүнд ээлжийн амралтын мөнгө бодож олгох үүрэгтэй" гэж дурджээ. Гэтэл Ж.Т нь компанид 6 сар ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тэрээр ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралт авах тухай хүсэлт гаргаагүй, ээлжийн амралт олгох тухай захирлын тушаал гараагүй тул түүнд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох боломжгүй. Учир нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.7-д "шинээр ажилд орсон ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлын тушаал гарснаас хойш 10 сар ажилласны дараа ээлжийн амралт авах эрх нь үүснэ" гэж зааснаар Ж.Т нь ажилд орсон эхний жилдээ ээлжийн амралт авах хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны цалин хөлснөөс суутгал хийж болох ч ажил олгогчийн бусдад төлөх төлбөрийг ажилтны цалин хөлснөөс суутгах үндэсгүй тул гэж дурджээ. Компани бусдад сайн дурын үндсэн дээр төлбөр төлөөгүй бөгөөд буцах дулааны температур тохируулах автомат хаалтны хэвийн ажиллагаа алдагдсаны улмаас ийм нэмэлт төлбөр гарсан гэдгийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн дулааны бланс хариуцсан тооцооны инженер Д.Батчимэг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Тэрээр хэлэхдээ “горимын дагуу ашигласан бол ийм төлбөр гарахгүй, схем нь буруу явж байсан, энэ бол танай байгууллагын хариуцсан инженер техникийн ажилтнуудтай холбоотой, горимоор буцаах ёстой байтал түүнийхээ дагуу ажлаа хийгээгүй байна” гэж мэдүүлсэн. Иймд байгууллагад учирсан хохирлыг 2018 оны 5 сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4 дүгээр зүйлийн 3-т "ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогчид учирсан хохирлыг цалингаас нь суутган авна" гэж заасны дагуу түүний цалингаас суутгахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч “БА” ХХК-д холбогдуулан 1 501 500 төгрөг гаргуулах, 12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 3 008 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч Ж.Т нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч “БА” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/466 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тогтоогдож байна. /хх-ийн 6, 66-68 дугаар тал/

 Нэхэмжлэгч Ж.Т нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч “БА” ХХК-д ажилласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дах хэсэгт зааснаар түүнд ээлжийн амралтын олговрыг олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагч “БА” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо хариуцагч Ж.Т нь ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь “БА” ХХК-д 3 723 000 төгрөгийн торгууль ногдуулсан тул Ж.Т-ийн цалингаас 715 000 төгрөгийг суутган авсан, үлдэгдэл 3 008 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Т-гээс гаргуулна гэжээ.

Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Т нь 3 723 000 төгрөгийн торгууль ногдуулсан асуудалд буруутай гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь ажил үүргийн дагуу буцах дулааны температур тохируулах автомат хаалтын хэвийн ажиллагаа болон диспетчер дээрх параметрийн заалтад тогтмол хяналт тавих чиг үүрэгтэй нь нотлогдоогүй, хариуцагч “БА” нь нэхэмжлэгч Ж.Т-д ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Иймд хариуцагч “БА” ХХК-иас нэхэмжлэгч Ж.Т-ийн цалингаас суутгасан 715 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 785 500 төгрөгийг гаргуулж, 12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.2, 63 дугаар зүйлийн 63.3 дах тус тус нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01374 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                                   Г.ДАВААДОРЖ