| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/01553/И |
| Дугаар | 101/ШШ2024/01855 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/01855
| 2024 04 08 | 101/ШШ2024/01855 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК /рд:*******/-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт, газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахад шаардлагатай бичиг баримтыг тус тус гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.*******, харицагчийн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.*******ын төлөөлөгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Т.******* нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн О.******* нь ******* ХХК-тай 2021 оны 6-р сарын 25-ны өдөр “ дүүрэг, 20-р хороо, анд баригдах хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” №КНЗ-21005 тоот гэрээ (цаашид “L23 тоотын Гэрээ” гэх)-г байгуулсан бөгөөд амины орон сууцыг 550,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож байгуулсан.
Нэхэмжлэгч нь L23 тоот амины орон сууцны төлбөр 550,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн тоот дансанд дараах байдлаар бүрэн төлсөн. Тухайлбал:
1. 2021 оны 6-р сарын 24-ний өдөр 350,000,000 төгрөг;
2. 2021 оны 6-р сарын 24-ний өдөр 100,000,000 төгрөг;
3. 2021 оны 6-р сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг;
4. 2021 оны 7-р сарын 6-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн.
L23 тоотын гэрээний 5.1-т “2021 оны 9-р сарын 30-ны өдөр Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээний дагуу баригдсан амины орон сууцны түлхүүрийг Захиалагч талд хүлээлгэн өгөх бөгөөд энэ хугацаа нь гэрээний үүрэг гүйцэтгэх үндсэн хугацаа болно” гэж заасан хэдий ч L23 тоотын амины орон сууцны хар ханын ажлыг дуусгалгүйгээр 2022 оны 9-р сард нэхэн байж түлхүүрийг авсан. Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр хар хана, үндсэн барилгын ажлыг дуусгаж 2022 оны 12-р сарын 25-ны өдөр нүүж орон өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Гэтэл ******* ХХК нь L23 тоот гэрээний 2.5-т гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ", 6.2.4-т “Амины орон сууцны төлбөрийг 100% төлсөн тохиолдолд гэрээнд заасан амины орон сууцыг өмчлөх эрхийг олж авах”, мөн гэрээний 6.3 дугаар зүйлийн 6.3.4-т “Захиалагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах, шилжүүлэн авах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад Гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх” гэж тус тус заасан гэрээний үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгч нь удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлсөн ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түлхүүр гардаж авсан өдрөөс өнөөдрийг хүртэл шаардаж ирсэн. Гэтэл Хариуцагч ******* ХХК-ийн удирдлагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ирэх сард, ирэх долоо хоногт гаргаж өгнө хэмээн худал ярьсаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.
******* ХХК-ийн ажилчдаас авсан мэдээллээр ******* ХХК-ийн удирдлага тэр дундаа Гүйцэтгэх удирдлага болон Хувьцаа эзэмшигч нар нь “ 2, 4” төсөл болон өөр бусад хувийг төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Нэхэмжлэгчийн өмчийг Хаан банкны барьцаанд тавьж, зээл авсан байж болзошгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Хаан банканд үүнтэй холбоотой мэдээлэл авах гэж ханддаг боловч ******* ХХК болон Хаан банк нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой хэмээн ямар нэгэн мэдээлэл өгдөггүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьж дуусаагүй барилгын гэрчилгээгээр эсвэл бүрэн дууссан гэрчилгээ гарсан эсэх талаар ямар ч мэдээлэл өгдөггүй.
Хэдийгээр иргэн О.******* нь байраа хүлээн авч дотор нь амьдарч, эзэмшилдээ бүрэн авсан боловч энэ талаар эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэрчилгээ аваагүй учир эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй хохирч байна.
Иймд L23 тоот гэрээний 6.3 дугаар зүйлийн 6.3.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 110 дугаар зүйлийн 110.1-д, 186 дугаар зүйлийн 186.1-д тус тус заасны дагуу Нэхэмжлэгч О.*******ыг Улаанбаатар хот, дүүрэг, 20-р хороо, ны хотхоны L23 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, амины орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргээ биелүүлэх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой шаардлагатай бичиг баримтыг О.*******т гаргаж өгөхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү.
1а. О.*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид “ИХШХШтХ” гэх)-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: дүүрэг, 20-р хороо, , Вилла-3 хотхон L23 тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины сууцны өмчлөгчөөр тогтоолгож, амины орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргээ биелүүлэх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг ******* ХХК-д даалах тухай
Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага: дүүрэг, 20-р хороо, , хотхон L23 тоот хаягт байршилтай амины орон сууцны газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахад шаардлагатай бичиг баримтыг Нэхэмжлэгчид гаргаж өгөхийг ******* ХХК-д даалгах тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл:
******* ХХК болон О.******* нар нь 2021 оны 06 сарын 25-ны өдөр №КНЗ-21005 гэрээ (цаашид “L23 тоотын Гэрээ” гэх)-нин 6.1.5-т “Захиалагч тал нь хүлээн авсан амины орон сууцаа Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, түүнтэй холбоотой татвар хураамж, гэрчилгээний үнийг төлөх, өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэн авснаас хойш хугацааны зардал, татвар хураамжийг хариуцах”, 6.3.4-т “Захиалагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах, шилжүүлэн авах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад Гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх" гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх, шилжүүлэх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ******* ХХК-аас газар эзэмших эрхийг шилжүүлэх, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй байна.
Иймд дүүрэг, 20-р хороо, , хотхон L23 тоот хаягт байршилтай амины орон сууцны газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахад шаардлагатай бичиг баримтыг Нэхэмжлэгчид гаргаж өгөхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч А.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхээр шийдвэрлэгдэж байгаа О.*******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох дүүрэг, 20-р хороо, Хадат ам, хотхон L23 тоотын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийн байдлаар гаргаж өгөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Төсөл эхлэх үед төслийн санхүүжилт бий болгох, зам барих зорилгоор тус хөрөнгийг барьцаанд тавьсан ба Зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу хийж байгаа бөгөөд зээл төлөгдөж дууссаны дараа банкны барьцааг чөлөөлөх тухай мэдэгдсэн. Энэхүү барьцаа чөлөөлөгдөөгүй байгаа тул өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.
Амины орон сууцыг манай компани нь нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг орон сууцанд амьдарч байгаа.
2а. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Уг эд хөрөнгө нь ерөнхий захирал Ц.ийн өмчлөлд бүртгүүлээд Хаан банканд барьцаалагдсан. Иймд өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй тул зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нь уг үл хөдлөхөд одоо хүртэл амьдарч байгаа юм. Газар эзэмших эрх нь хариуцагчийн нэр дээр биш хувь хүний нэр дээр байдаг тул газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй гэв.
3. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /хх7-11/, төлбөрийн баримтуудын хуулбар 4 ширхэг /хх12-15/
3б. Хариуцагчаас: Зээлийн гэрээний хуулбар /хх46-50/, барьцааны гэрээний хуулбар /хх52-62/
3в. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дүүргийн газар зохион байгуулалтын албанаас маргаж газрын талаарх лавлагаа, эзэмших эрхтэй холбоотой баримт болон кадастрын зургийн хуулбарыг гаргуулсан /хх64-106/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.******* нь дүүрэг, 20 дугаар хороо, , Хадат вилла-3 хотхоны L23 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт, мөн тус хаягт байрлах амины орон сууцны газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахад шаардлагатай бичиг баримтыг тус тус гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “*******” ХХК нь амины орон сууцны өмчлөх эрх нь захирал Ц.ийн, газар эзэмших эрх нь хувь хүний нэр дээр бүртгэгдэж, улмаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Шүүх хуралдааныг нээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэд хэдэн хүсэлт гаргасан. Улмаар хүсэлтийг тодруулж, нэмэлт хүсэлтийг сонссоноор хуралдааныг завсарлуулан хэлэлцэж, хүсэлтийг бүхэлд нь хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргасан. Шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шат дууссан тухай хуралдаан даргалагч тайлбарласан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эсэргүүцэж мэтгэлцсэн. Цаашлаад, хууль зүйн туслалцаа авч мэтгэлцэх эрхээр хангахыг дахин шаардсан бөгөөд хуралдаан даргалагчийн тайлбарыг сонсолгүйгээр хуралдааны дэгийг зөрчин, өөрийн хүсэл зоригийн дагуу мэтгэлцэхээс татгалзаж, даргалагчийн зөвшөөрөлгүйгээр танхимыг орхин гарсан. Иймд нэгэнт хэргийг хэлэлцэж эхэлсэн байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
5. Зохигчид 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах, 550,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулжээ. /хх7-11/
Гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйл нь дүүрэг, 20 дугаар хороо, Хадат вилла-3 хотхон, L23 байршилтай, нийт 226,91 м.кв талбайтай дотор засал хийгдээгүй амины орон сууц байна.
Гэрээний удиртгал хэсэг болон 1.1, 2.1-д зааснаар энэ хэргийн нэхэмжлэгч нь амины орон сууцны захиалагч, хариуцагч “*******” ХХК нь гүйцэтгэгч бөгөөд гүйцэтгэгч нь амины орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх, захиалагч нь тохиролцсон төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч “*******” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн, эсхүл захиалагчийн материалаар ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээдэг.
Улмаар энэхүү амины орон сууц нь байнгын ашиглалтад орж, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн үйл баримтын талаар маргаагүй.
6. Нэхэмжлэгч нь Голомт банкны төлбөрийн баримт, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтаар нийт 450,000,000 төгрөг төлжээ. /хх12,13/
Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримт, Хаан банкны банк хоорондын шилжүүлгээр нийт 100,000,000 төгрөгийг Г.Алтангэрэл шилжүүлсэн байна. Ийнхүү шилжүүлэхдээ төлбөрийн зориулалтыг “L23, *******” гэсэн байх тул дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гэж үзнэ. /14, 15/
Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул гэрээний 2.5, 6.3.1, 6.2.4-т зааснаар амины орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхтэй.
7. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох дүүрэг, 20 дугаар хороо, Хадат вилла-3 хотхон, L23 байршилтай амины орон сууц нь байнгын ашиглалтад дүүрэг, 20 дугаар хороо, /14011/ 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байрлах, 226,9 м.кв талбайтай хувийн сууц гэж эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн талаар зохигчид маргаагүй.
8. Хариуцагч нь хувийн сууцыг тус хуулийн этгээдийн ерөнхий захирал байсан буюу өөрийн эрх бүхий албан тушаалтан Ц.ийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Улмаар Хаан банканд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх52-62/
Үүнээс үзэхэд хариуцагч “*******” ХХК нь маргаж буй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хувийн сууцны өмчлөх эрхийг өөрийн эрх бүхий албан тушаалтны өмчлөлд бүртгүүлжээ.
Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар маргаж буй орон сууцны хувьд Ц. болон хариуцагч “*******” ХХК-ийн эд хөрөнгө тусгаарлагдаагүй байгаа нь иргэн Ц.ийг маргаж буй гэрээний үүргийг хүлээх үндэслэл болно.
Хэдийгээр маргаж буй хувийн сууц нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байх боловч өмчлөх эрх шилжүүлэх боломжтой бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, хэрэгжилтэд нөлөөлөхгүй. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдахаар зохицуулсан байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг дүүрэг, 20 дугаар хороо, /14011/ 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 226,9 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
9. Нэгэнт хариуцагчийн эрх бүхий албан тушаалтны өмчлөлд бүртгэгдсэн хувийн сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон тул гэрээний 2.5, 6.1.5, 6.3.4-т зааснаар өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
10. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07904 дүгээр захирамжаар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас тус дүүргийн 20 дугаар хороо, анд байрлах, Хадам вилла-3 хотхонтой холбоотой газар эзэмших эрхийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар тус алба нь шүүхээс тодруулсны дагуу маргаж буй дүүрэг, 20 дугаар хороо, /14011/ 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 226,9 м.кв талбайтай хувийн сууцанд хамаарах газрын эрхийн талаар лавлагаа, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн. /хх64-106/
дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 08/184 дүгээр албан тоот, түүнд хавсаргасан баримтуудаас үзэхэд маргаж буй хувийн сууцанд хамаарах газрын эзэмших эрх нь зохигчид гэрээ байгуулсан цаг хугацаанд хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан болох Ц.ийн эзэмшилд бүртгэлтэй бөгөөд Хаан банкны зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байжээ. /хх52-62/
11. Гэрээний 6.1.5, 6.3.4-д зааснаар хариуцагч нь амины орон сууцанд хамаарах газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр талууд тохиролцсон байна.
Тухайн газрын эзэмших эрх нь Ц.ийн эзэмшилд бүртгэгдэж, зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байх боловч энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д зааснаар уг газрын хувьд Ц. нь үүрэг хүлээх бөгөөд эзэмших эрх нэхэмжлэгчид шилжих боломжтой юм. Иймд газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Гэхдээ ийнхүү газрын эзэмшигч солигдох нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон хэрэгжилтэд саад болохгүйг дахин дурдав.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******ыг дүүрэг, 20 дугаар хороо, /14011/ 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 226,9 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, хувийн сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд болон хувийн сууцанд хамаарах газрын эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тус тус гаргаж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,048,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,048,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД