Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 371

 

 

К.С-, К.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч К.С-ын өмгөөлөгч Я.Съезд, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар магадлалтай, К.С-, К.Ө нарт холбогдох  1713000170052 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч К.С-ын өмгөөлөгч Я.Съезд, шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй А овогт К-н С,

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй У овогт К-н Ө.

К.С-, К.Ө нар 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багийн нутагт хоорондоо маргалдаж, зодолдох явцад К.С- нь К.Ө-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч К.Ө нь К.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, салгаж байсан иргэн М.Т-ийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч К.Ө-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч К.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч К.С-аас 207.600 төгрөг гаргуулж К.Ө-т олгуулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар К.Ө нь сэтгэл санааны хохирол болон цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч К.Ө-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “Шүүгдэгч К.Ө-ийг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж, 2 дахь заалтын “...шүүгдэгч К.С-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,” гэснийг “...шүүгдэгч К.С-ыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,” гэж, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэж, 3 дахь заалтын “К.С- нар...” гэснийг хасаж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолд “21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар эдлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан К.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж шүүгдэгч К.Ө, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдах гомдлоос “шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй” гэх гомдлыг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг болон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдолдоо “К.Ө мөрдөн байцаалтын шат болон шүүхэд хандаж “...К.С-ыг би зодоогүй, биед нь халдаагүй, түүнийг зодох надад ямар нэгэн шалтгаан байхгүй, харин К.С- миний чихийг хазаж зодсон, тэгэхэд би амь тэмцэж өөрийгөө хамгаалж зугтсан” гэж тогтвортой мэдүүлдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд К.Ө бусдад зодуулсан нь шүүгдэгч К.С-ын мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, харин К.Ө-ийн хохирогч К.С-ыг зодсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй буюу эргэлзээтэй байна. Үүнийг шүүх анхаараагүй. К.Ө анхнаасаа өөрийгөө гэм буруугүй, хэнд ч гар хүрч байгаагүйгээ хэлж, харин өөрийг нь К.С-, М.Ж, М.Н, А.Т нар бүлэглэн зодсон гэж тогтвортой мэдүүлдэг. М.Ж, М.Н, А.Т нар үйлчлүүлэгч К.Ө-тэй утсаар ярих үед ам алдаж, хийсэн хэргийн талаар хэлж, түүнийг бүлэглэн зодсон талаар ярьсан байдаг. Үүнийг шүүгдэгч К.Ө гар утсандаа бичиж авч, хуурцагт буулган хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэхүү нотлох баримт бол ганцхан ач холбогдолтой нотлох баримт бөгөөд түүнээс бусад нь хэрэгт сэжиглэж байгаа гэрч нарын зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг байсан юм. К.Ө-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гол нотлох баримт болох гэрч нарын мэдүүлгүүд нь зөрүүтэй байсан учраас өмгөөлөгчийн хувьд гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгуулахын тулд гэрч М.Ж, М.Н, А.Т, М.Т- нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан. Ингэснээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Энэхүү хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгохын тулд удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, 31.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаанууд дутуу, гүйцэд биш хийгдсэн байсныг мөрдөгч, прокурор цаашлаад шүүх анхаараагүй. К.Ө-ийн үйлдэл холбогдлын хувьд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байхад шүүх анхаараагүй. Хохирогч К.Ө нь нэг талын чихгүй болж эрүүл мэндээрээ хохирсон. Түүний гоо сайхан, гаднах үзэмжид өөрчлөлт орж, өөртөө итгэх итгэлээ алдсан. Нэг жилийн турш эмчилгээ хийлгэсэн ч гэсэн өмнөх байдалд нь буцаан ороогүй, нэг чихээ алдаж хохирсон. Яллах дүгнэлтээр К.Ө-ийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр К.С-тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар зодолдох явцад салгах гэж очсон М.Т-ийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, К.С-ыг чулуугаар нүүрэн тус газар нь, мөн толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж хуульчилсан бөгөөд хэрэв үйлчлүүлэгч К.Өийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд түүнд холбогдох үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болохоор байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, үйлчлүүлэгч К.Ө-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч К.С-ын өмгөөлөгч Я.Съезд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх К.С-ад холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэхэд шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн зэрэг асуудлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шударга шийдвэр байсаар байтал давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.С-ын эрх зүйн байдлыг дордуулан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан асуудлыг зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч К.С- нь анх удаа тохиолдлын шинж чанартай хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн чин санаанаасаа гэмшин ухамсарлаж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд сайн дурын үндсэн дээр нөхөн төлж байсан, өөрөө биедээ хөнгөн гэмтэл авч хохирогчоор тогтоогдсон атлаа шүүгдэгч К.Ө-ээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчаас түүнд торгуулийн ял санал болгосон, шүүх хуралдааны үед хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, аймгийн төв буюу Өлгий суманд 3 сарын хугацаагаар нийтэд тустай ажил хийх боломж хомс зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулсан заалтыг хэвээр үлдээж, магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч К.С-, К.Ө нар нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хоорондоо маргалдаж, зодолдох явцдаа К.С- нь К.Ө-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, К.Ө нь К.С- болон тэднийг салгах гэсэн М.Т- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч К.С-, К.Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, хуульд заасан төрөл хэмжээний ял шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч К.С- нь К.Ө-ийн зүүн талын чихний дэлбэнг хазаж тасалсан, К.Ө нь К.С-, М.Т- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн аюултай довтолгооны эсрэг, түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон байдаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар харилцан зодолдох үедээ бие биедээ гэмтэл учруулсан, хэн аль нь уг маргаанд буруутай үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байх тул К.Ө-ийн үйлдэл аргагүй хамгаалалтад хамаарахгүй гэж тайлбарласан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч К.С-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч К.Ө-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жил өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч К.С-ын өмгөөлөгч Я.Съезд, шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар магадлалд: “К.С-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, К.Ө-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.С-ын өмгөөлөгч Я.Съезд, шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                                                                                                                                                                                       

                                               ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН