Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2015/0309/з |
Дугаар | 221/MA2017/0260 |
Огноо | 2017-04-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 221/MA2017/0260
2017 оны 04 сарын 05 өдөр Дугаар 221/МА2017/0260 Улаанбаатар хот
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, гуравдагч этгээд “Людвиг” ХХК-ийн төлөөлөгч О.*******пүрэв, өмгөөлөгч Ө.Энхтайван, гуравдагч этгээд Х.*******ын өмгөөлөгч Р.Энхтүвшин нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлоор, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 266 дугаар захирамжийн “Людвиг” ХХК-д холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******-Очир давж заалдах гомдолдоо: Миний бие Ө.*******-Очир нь "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Тус хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 ;арын 31-ны өдөр хянан шийдвэрлэж 85 тоот шийдвэрээр "Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрийг доор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
1. Маргаагүй актын талаар, маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй үндэслэлийн талаар дүгнэлт өгсөн. Шүүхийн шийдвэрт "*******" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 227 дугаар захирамжаар "Инжир" ХХК-ийн эзэмшлийн гэрчилгээг "газар ашиглах" зориулалтаар өөрчлөн шилжүүлэн өгсөн байна...” "*******" ХХК нь 2012 онд гадаадын хөрөнгө оруулалттай компани байхдаа бусдын эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглах зориулалтаар өөрчлөн шилжүүлэн авсан нь хууль бус байна" гэж дурджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хэрэг хянан шийдвэрлэх хүрээ хязгаарыг тодорхойлж өгсөн. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" гэж зааснаар нэхэмжлэгч эрхээ эсвэл хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжтойг тодорхойлсон. Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны акт хуулийн дагуу гарсан эсэхийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Шүүх аливаа маргаанд хөндлөнгийн байр суурьтайгаар оролцох үндсэн зарчимтай. "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 266 тоот захирамжийн "Людвиг" ХХК-тай холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 тоот захирамжийг тус тус хүчингүй болгох юм. Тус маргааны хүрээнд хэргийн бусад оролцогчдоос сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага зэрэг өөр бусад маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр гаргаж тавиагүй. Шүүхийн зүгээс дээрх маргаан бүхий захиргааны актуудад үнэлэлт дүгнэлт өгөх, хуулийн дагуу гарсан эсэхийг хянаж шийдвэрээ гаргах зарчимтай. Маргааны зүйл "*******" ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ хууль ёсоор үүссэн эсэх бус "*******" ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захиргааны үйлдэл хууль зөрчсөн эсэх юм. "Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга" 2013 оны 266 тоот захирамжийн "Людвиг" ХХК-тай холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 тоот захирамжуудыг тус тус гаргахдаа Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 сарын 09-ны 1046 тоот захирамжид үндэслэсэн байдаг. Харин "*******" ХХК-д "Инжир" ХХК-ийн газар эзэмших эрхийг ашиглах болгон шилжүүлсэн нь хууль бус болсон гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актууд гараагүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч "*******" ХХК-ийн газар ашиглах эрх хүлээн авсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 7 сарын 10-ны өдрийн 227 тоот захирамжийг өөрийн санаачлагчаар маргаан бүхий захиргааны акт болгон түүний хууль зүйн үндэслэлийг хянах хэмжээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрээ гаргажээ.
Нэхэмжлэгч захиргааны байгууллага хууль бус шийдвэрийг хянуулахаар шүүхэд хандсан боловч нэхэмжлэгчийн мэдүүлсэн маргаан бүхий захиргааны актыг бус эргээд нэхэмжлэгчийн өөрийн газар эзэмших эрх хүлээн авсан захирамжийг буруутгах үндэслэлийг шүүх хайж энэ бүхэлдээ энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ заасан зарчмыг шүүх зөрчиж байна. Захиргааны шүүх "*******" ХХК-д газар ашиглах эрх анх үүсэхдээ хууль ёсоор үүссэн эсэх талаар дүгнэж шийдвэрээ гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д тус тус зааснаар "нэхэмжлэгчийн эрх"-ийг зөрчсөн эсэх мөн "хууль ёсны ашиг сонирхлыг" захиргааны байгууллага зөрчсөн эсэхийг шүүх шалгахаар зохицуулсан. Харин хуулийн дээрх заалтаар "нэхэмжлэгчийн газар ашиглах эрх өөрөө хуулийн дагуу үүссэн эсэх" шалгах боломжийг шүүхэд олгоогүй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар өөрт олгоогүй эрхийг хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.
2. Давж заалдах шатны шүүхийн буцаасан үндэслэлд агуулгад дүгнэлт өгөөгүй. Шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт "Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 сарын 29-ны өдрийн 1047 дугаар захирамж, түүнийг үндэслэн бичигдсэн..." Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 8 сарын 14-ны өдрийн 4799 тоот "шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж" мөн өдрийн 534 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудас".. үүний дагуу нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас "СХД-ын газрын албанд хүргүүлсний дагуу хариуцагч 2013 оны 07 сарын 03-ны өдрийн 266 тоот захирамж гарган "Инжир" ХХК-ын газар эзэмших эрхээс 40000 м.кв газрыг "Людвиг" ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн, 2013 оны 08 сарын 21-ны 341 тоот захирамж гарган "Инжир" ХХК-аас "*******" ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлсэн 227 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэж дурджээ. Гэвч дээрх дурдсан эрх зүйн баримт бичиг, үйл ажиллагаанууд өөрөө хууль ёсны үндэслэл бүхий эсэхэд дараах байдлаар дүгнэлт өгөх ёстой гэж тус хэргийг шийдвэрлэсэн 2016 оны 04 сарын 14-ны 280 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 06-ны 221/МА2016/0457 тоот магадлалын хянавал хэсэгт дурдсан дараах ажиллагаа анхан шатны шүүх хийгээгүй. Үүнд: Газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 4, 21, 27 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл, шаардлагын дагуу үүсэх ёстой учир гуравдагч этгээд "Людвиг" ХХК-ийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсэн эсэхийг тодруулж, дүгнэлт өгөх хэрэгтэй байжээ. “Инжир” ХХК 2012 оны 05 сарын 29-нд "өөрт үүсээгүй байгаа эрхийг бусдад шилжүүлэх талаар" эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба энэ нь нэхэмжлэгч "*******" ХХК-ийн хуулийн дагуу шилжсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болох эсэх талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай. Нөгөө талаар, анхан шатны шүүх эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрээр олгогдох ёстой, тухайн этгээдэд үүсээгүй байгаа газар эзэмших эрхийг "бусдад төлөх 90.000.000 төгрөгийн өр, төлбөрт тооцон шилжүүлэх" эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон ямар нэгэн шийдэл, заалт байсан эсэх, уг хэрэгт, газрын алба, дүүргийн Засаг дарга хэргийн оролцогчоор татагдаж оролцсон эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг шүүхийн шийдвэртэй хэрхэн уялдаж байгаа зэргийг судалж, дүгнэлт хийлгүйгээр "захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж уг захиргааны актыг гаргасан байна" хэмээн өнгөц дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс давах болон хяналтын шатаар хянан шийдвэрлэх боломжгүй тул дээрх агуулгаар дүгнэлт хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаасан байхад анхан шатны шүүх давж заалдах, хяналтын шатны буцаасан үндэслэл нөхцөлд дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг зөрчиж давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхийн шийдлийг үгүйсгэж байна. Дээрх процессын зөрчил нь хэргийн шийдэлд бодитоор нөлөөлжээ. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 сарын 31 -ны өдөр хянан шийдвэрлэж 85 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, газар ашиглах эрхтэй холбогдуулан Газрын тухай хуулийг зөв тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжаар “... 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “******* ХХК”-д бусдын газар эзэмших эрхийг ашиглуулах хэлбэрээр шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцээгүй гэж үзэж 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Тодруулбал,
Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2007 онд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниар үүсгэн байгуулагдсан болох нь, түүнчлэн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын иргэн Цэнддоржийн Тулга тус компанийн 100 хувийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[1], Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дэлгэрэнгүй лавлагаа[2] зэрэг баримтаар тогтоогджээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2012 оны 227 дугаар захирамжаар 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох “*******” ХХК-нд “Инжир” ХХК-ийн 50.0 мкв газар ашиглах эрхийг шилжүүлэн авч байгаа этгээдийн эрх зүйн байдлыг тодруулаагүй буюу газар ашиглах эрхийг шилжүүлэн авах эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр газар эзэмших эрхийг ашиглах эрх болгон шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасныг зөрчсөн байна. Иймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн маргаан бүхий 341 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, ... газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг ... албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцсэн, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн “газар ашиглах хууль ёсны эрх зөрчигдсөн” гэж үзэх үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх”-тэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ нь “газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулах”-д баримтлах журамд хамрагдаагүй гэж зөв дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуульд газар ашиглах эрх нь газар эзэмших эрхийг шилжүүлэх замаар газар ашиглах үүсэх боломжтой байхаар хуульчлаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байсан тул газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь алдаатай байсан тул Газрын тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасан холбогдох албан тушаалтан эрх хэмжээнийхээ дагуу хүчингүй болгосон ...”[3] гэж тайлбарласнаас үзвэл хариуцагчийг маргаан бүхий актыг зөвхөн шүүгчийн эвлэрлийг баталсан захирамжийг үндэслэн гаргасан агуулгаар тайлбарласан гэж үзэх үндэсгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...******* ХХК-д Инжир ХХК-ийн газар эзэмших эрхийг ашиглах болгон шилжүүлсэн нь хууль бус болсон гэх үндэслэлээр маргаан бүхий акт гараагүй, ... хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар тайлбарлаж мэтгэлцээгүй...” гэх гомдол, тайлбар үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “... Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “1047 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжлан шийдвэрлэсэн” 4799, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “...хариуцагч Б.Батбаатарын 1 гишүүнтэй “Инжир” ХХК-ийн нэр дээр Засаг даргын захирамж гарахаар хүлээгдэж байгаа 7 га газраас 4 га газрын эзэмших эрхийг 90.000.000 төгрөгийн төлбөрт тооцон нэхэмжлэгч О.*******пүрэвт шилжүүлэн өгөх, хариуцагч ... нь дээрх хугацааны дотор газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй тохиолдолд 90.000.000 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөх ... газар эзэмших эрх нь компанийн нэр дээр гарах тул “Инжир” ХХК-ийн 50% буюу хамтран хувь нийлүүлэгчээр нэхэмжлэгч О.*******пүрэвийг оруулж улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн ... “Инжир” ХХК-ийн нэр дээр гарах 7 га газрын захиран зарцуулах үйл ажиллагаанд О.*******пүрэв, Б.Батбаатар нар нь тэгш эрхтэй оролцох ... ” гэж эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 1047 дугаар хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжууд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүргүүлсэн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Инжир” ХХК-ийн эзэмшлийн газраас 4 га газрыг төлбөр авагч О.*******сүрэнгийн гэр дээр шилжүүлэн хариу ирүүлэхийг мэдэгдсэн агуулга бүхий 2/10961 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтууд авагджээ.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргааныг харьяалан шийдвэрлэх тул Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Зохигч талуудын эвлэрлийг батлах тухай” 1047, тус шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4799 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх захирамжийг гүйцэтгүүлэх талаарх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй.
Иймд маргаан бүхий 341 дүгээр захирамжийн “Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1047 дугаар захирамж”-ийг үндэслэсэн хэсэгтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрээр олгогдох ёстой, тухайн этгээдэд үүсээгүй байгаа газар эзэмших эрхийг “бусдад төлөх 90.000.000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлэх” эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон ямар нэгэн шийдэл, заалт байсан эсэх, ...шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг, шүүхийн шийдвэртэй хэрхэн уялдаж байгаа зэргийг судалж, дүгнэлт хийлгүйгээр захиргааны байгууллага, шүүхийн шийдвэрийг биелүүлж уг захиргааны актыг гаргасан байна” хэмээн өнгөц дүгнэлт хийсэн ...анхан шатны шүүх ...буцаасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж ...Эвлэрлийн гэрээ байгуулах түүнийг батлах процессод Засаг даргыг оролцуулаагүй нь Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийг зөрчсөн эсэх талаар шүүх дүгнээгүй...” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй байна.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчинтэй байхад 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 266 дугаар захирамжаар “Инжир” ХХК-ийн 40000 м.кв газар эзэмших эрхийг гуравдагч этгээд “Людвиг” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх боловч 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжаар газрыг давхцуулан эзэмшүүлсэн зөрчил засагдсан гэж үзэж, хариуцагчийг буруутгах үндэслэлгүй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 353 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүгчийн захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гуравдагч этгээд Г.Нямсүрэн, Х.******* нарын газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар дүгнээгүй, хэрэгт авагдсан газрын кадастрын зургаар гуравдагч этгээдүүдийн эзэмшил газар давхацсан, нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй гэх газар газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй зэрэг үйл баримтын талаар зөв дүгнэжээ.
Харин шүүх “Инжир” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөр газар эзэмшдэг эсэхтэй холбогдуулан тус компанийн захирлын тодорхойлсноор нотлогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, түүнчлэн хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 199 дүгээр захирамж[4]-д газрын байрлалыг “20 дугаар хороо” гэж, харин мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 266 дугаар захирамж[5]-д “32 дугаар хороо, Мал бордохын урд байрлах” гэж газрын байрлалыг өөр өөрөөр заасан баримтууд авагдсан байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...хороо шинээр зохион байгуулалтад орж 20 дугаар хороо 32 дугаар хороо болсон ...” гэж тайлбарласан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 199 дүгээр захирамжаар “Инжир” ХХК-д 10 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн, улмаар мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 374 дүгээр захирамжаар дээрх газрыг “Гобикорп Сервисэз” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлсэн, мөн нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлсэн гэх 50000 м.кв газар нь газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй талаарх баримтууд хэрэгт авагдсан, маргаан бүхий 341, 266 дугаар захирамжаар шийдвэрлэсэн газрын байршлын тухайд нэхэмжлэгч болон хэргийн бусад оролцогчид маргаагүй байх тул “Инжир” ХХК Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт хэчнээн хэмжээний газар эзэмшдэг талаар зайлшгүй тодруулах шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж маргаан бүхий акт хууль бус байх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нөхцөлүүдийн аль аль нь тогтоогдсон тохиолдолд шүүх тухайн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор хуульчилсан байх тул шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 266 тоот захирамжийн “Людвиг” ХХК-д 4 га газар эзэмших эрх олгосон хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 341 тоот захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах хууль ёсны эрх зөрчигдсөн байдал тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******-Очирын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ