Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/00889

 

                                                                 Д.Батмөнхийн нэхэмжлэлтэй                                                                     иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/01470 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 788 дугаар магадлалтай,

Д.Батмөнхийн нэхэмжлэлтэй,

            Л.Түмэнбаярт холбогдох         

            Зээлийн гэрээний үүрэгт 14.700.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

              Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар нарын гаргасан тайлбарт: “Би Л.Түмэнбаяртай зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад Л.Түмэнбаяр нь зээлийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар сунгахыг хүсэж гэрээг сунгасан. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сар хүртэл зээлийн хүүнд 9 390 000 төгрөг төлсөн. Энэ төлбөрийг яг хүү төлөх хугацаандаа төлдөггүй байсан учир хугацаанд нь хуваан суутгасан. 2015 оны 2 дугаар сараас хойш огт төлөөгүй. Монголын төмөр замаас 40 000 000 төгрөгийн тендер авч байгаа. Энэ мөнгөө орж ирэхээр бөөнд нь төлнө гэж ярьж байсан. Гэвч төлөхгүй байгаа. Л.Түмэнбаяраас зээлээ төлөхийг шаардахаар өөрөө авч хэрэглээгүй, Ц.Хадбаатар зээлийг хэрэглэсэн учир төлнө гэдэг. Гэхдээ Л.Түмэнбаяр л надтай зээл, барьцааны гэрээг байгуулсан учир түүнээс нэхэмжилнэ. Иймд үндсэн зээл 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, хүү 2 700 000 төгрөг, нийт 14 700 000 төгрөгийг Л.Түмэнбаяраас гаргуулж өгнө үү.” гэжээ.

             Хариуцагч болон түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын гаргасан хариу тайлбарт: “Би сонины зарын дагуу Д.Батмөнхтэй утсаар ярьж, Д.Батмөнхөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 8 000 000 төгрөг зээлэхээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Ингэхдээ зээлийн мөнгийг өөрийн эцгийн найз Ц.Хадбаатарт өгсөн бөгөөд Ц.Хадбаатар зээл авах шаардлагатай байна, барьцаа хөрөнгө байхгүй учир чи барьцаагаа тавиад зээл аваад өгөөч гэж гуйсан юм. Эргэн төлөлтийг өөрөө хариуцана гэсэн. Зээлийн мөнгийг би хүлээж аваагүй. Д.Хадбаатарын хүү Х.Ууганбаярт Д.Батмөнх хүлээлгэж өгсөн. Би тэр мөнгийг хараагүй. Ц.Хадбаатар зээлийн эргэн төлөлтөд 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 800 000 төгрөг, 4 дүгээр сарын 28-ны өдөр 800 000 төгрөг, тус тус хүүд төлсөн. Үүнээс хойш сар бүр үндсэн мөнгөнөөс төлсөөр байгаад нийт 10 900 000 төгрөг болсон. Үндсэн зээл 10 900 000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 1 600 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөг төлсөн. Гэтэл Д.Батмөнх 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ирж дарамтлан “...өмнө сар бүр төлж байсан мөнгө хүүд тооцогдоно. Хэрэв чи гэрээгээ сунгахгүй бол барьцаанд тавьсан эд зүйлийг чинь хураан авна” гэж мөнгө байхгүйг минь далимдуулж гэрээг сунгасан. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дууссан байх бөгөөд хэрэв сунгах бол 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр сунгахаар байсан. Гэтэл 1 жил 3 сарын дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ирж дарамтлан, зээлийн гэрээний сунгалт хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм” гэжээ.

           Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дууссан байх бөгөөд хэрэв сунгах бол 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр сунгахаар байсан. Гэтэл 1 жил 3 сарын дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ирж дарамтлан, зээлийн гэрээний сунгалт хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нөгөө талаас энэ зээлийн гэрээний дагуу мөнгийг гардаж аваагүй, зээлийг захиран зарцуулсан этгээд нь өөр хүн байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар үнэн санаанаасаа биш хөнгөмсгөөр найдаж хийсэн хэлцэл гэж үзэж, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: “Л.Түмэнбаярын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан боловч хожим гэрээгээ сунгах талаар өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан. Зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч гарын үсэг зурж, гэрчээр асуугдсан Х.Ууганбаяр мөнгийг ирж авсан. Гэхдээ зээлийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн өөрийнх нь асуудал юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/01470 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Түмэнбаяраас 2 610 000 төгрөгийг гаргуулан Д.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 090 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Түмэнбаяраас 56 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгох, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 788 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/01470 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 610 000 төгрөг” гэснийг “9 113 125 төгрөг” гэж, “12 090 000 төгрөг” гэснийг “5 586 875 төгрөг” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан үндэслэлгүй тул" гэж нэмэн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Мөнхзаяа миний бие Д.Батмөнхийн нэхэмжлэлтэй, Л.Түмэнбаярт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 788 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хэргийн үйл баримтын талаар: Нэхэмжлэгч Д.Батмөнхтэй Ц.Хадбаатар зээлийн хэлцэл байгуулах талаар сонины зарын дагуу утсаар холбогдож тохиролцсон байдаг /гэрч Ц.Хадбаатарын мэдүүлгээр нотлогдоно/ бөгөөд Д.Батмөнх нь барьцаа хөрөнгө шаардсан тул Ц.Хадбаатарын зүгээс уг шаардлагыг хангах боломжгүй байсан. Иймд хариуцагч Л.Түмэнбаярыг зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж өгөхийг гуйсан. Үүний учир холбогдлыг ойлгохгүйгээр буюу ямар нэгэн хариу төлбөр болон шан харамж авалгүй хариуцагч Л.Түмэнбаяр зөвшөөрсөн нь өөрийн хүсэл зорилгогүй хийсэн хэлцэл юм. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийдэг...” гэж тайлбарласан байдаг. Дээрх нь тухайн зээлийн гэрээгээр тохиролцсон 8.000.000 төгрөгийг хариуцагч Л.Түмэнбаярт биш харин зээлийн хэлцэл байгуулсан Ц.Хадбаатарын хүү Х.Ууганбаярт нэхэмжлэгч өгснөөр /гэрч Х.Ууганбаярын мэдүүлгээр нотлогдоно/ тодорхой харагдана. Мөн зээлийн төлбөрийг Л.Түмэнбаяр бус Ц.Хадбаатарын эхнэр Л.Цэцэгмаа болон хүү Х.Ууганбаяр нар нь төлж байсан нь хавтас хэрэгт авагдсан Л.Цэцэгмаагийн дансны хуулга болон нэхэмжлэгч Д.Батмөнхийн дансны хуулга зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгч Д.Батмөнх нь хариуцагч Л.Түмэнбаярыг хууль зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, зээлийн гэрээний хугацаа дууссан байхад сунгаж байгаа мэтээр бичүүлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө Д.Батмөнх болон Л.Түмэнбаяр нарын хооронд зээлийн гэрээний хугацаа сунгах талаар болон зээлийн гэрээний төлбөрийн талаар харилцан зөвшилцсөн зүйл байдаггүй, мөн хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй бөгөөд энэ асуудлаар нэхэмжлэгч нь Ц.Хадбаатартай харилцан зөвшилцөж байсан талаар гэрч Ц.Хадбаатар нь мэдүүлдэг. Үүнийг анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа нөхөж сунгах нь хуульд нийцэхгүй гэж зөв дүгнэсэн. Дээрх бүгдээс дүгнэхэд зээлийн болон барьцааны гэрээнд талууд хэдий гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний үнэ болох 8.000.000 төгрөгийг хариуцагч Л.Түмэнбаяр аваагүй, зээлийн хэлцэл байгуулах талаар Д.Батмөнх, Ц.Хадбаатар нар нь хүсэл зоригоо илэрхийлж тохирсон, зээлийн төлбөрийг Ц.Хадбаатар төлж байсан зэргээс болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар Д.Батмөнх, Л.Түмэнбаяр нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж хууль зүйн хувьд үзэхгүй бөгөөд энэ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тэдний дунд байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч Д.Батмөнх нь Л.Түмэнбаяраас бус Ц.Хадбаатараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх “...2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 35 удаагын төлөлтөөр нийт 11 250 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Батмөнхийн Хаан банкан дахь 5062111792 тоот дансанд шилжүүлж байснаас үзвэл хариуцагч нь өрийг хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэж байсан байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардах тул гэрээний хугацааг талууд харилцан тохирч сунгасан гэж үзнэ ...” хэмээн дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг болон хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Харин зээлийн төлбөрийг Л.Түмэнбаяр нэг ч удаа төлөөгүй зээлийн гэрээний дагуу үүрэг үүсээгүй, анхнаасаа үүнийг нэхэмжлэгч Д.Батмөнх нь Ц.Хадбаатарт зээлүүлсэн гэдгээ мэдэж байсан нь Ц.Хадбаатар, түүний эхнэр Л.Цэцэгмаа, хүү Х.Ууганбаяр нар нь төлж байсан нь хүлээн зөвшөөрч байсан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар Д.Батмөнх болон Ц.Хадбаатар нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж хууль зүйн хувьд дүгнэх ёстой. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/01270 дугаар шийдвэрт 2 610 000 төгрөг гэснийг 9 113 125 төгрөг гэж нэмэгдүүлсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 788 дугаар магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.         

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэлцлийн зохицуулалтад хамаарах зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “Иргэний хууль тогтоомжийг үнэн зөв хэрэглэсэн эсэхийг тогтоож өгнө үү” гэсэн гомдол үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч Д.Батмөнх нь Л.Түмэнбаярт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 14 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

        Зохигчид 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги бодохоор тус тус харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 6-1 тоот хаягт байрлах, Ү-2201029615 өмчлөлийн гэрчилгээтэй хувийн сууцыг газрын хамт бариулах нөхцөлөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд юмсыг шилжүүлэхийг шаарддаг бөгөөд зээлийн мөнгийг хүлээн авах эрхийг хариуцагч Л.Түмэнбаяр нь Х.Ууганбаярт олгосон болох нь шүүхэд гэрчээр дуудагдсан Х.Ууганбаяр, Ц.Хадбаатар нарын мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч зээлийн төлбөрийг эргүүлэн төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Батмөнхийн банкны депозит дансанд 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүү гэсэн утгатай нийт 10 990 000 төгрөгийг Д.Хадбаатар, Х.Ууганбаяр нараас шилжүүлснийг хариуцагч Л.Түмэнбаярын төлөх ёстой зээл, зээлийн хүүний төлөлт мөн гэж анхан шатны шүүх тооцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч 10 990 000 төгрөгийн дээрх төлбөрийг зээлийн хүүнд нөхөж суутгасан гэж тайлбарлах бөгөөд 2015 оны 3,4,5,6,7 дугаар сарын зээлийн хүүнд нэмж 2 700 000 төгрөгийг үндсэн зээл, алдангийн хамт нэхэмжилж, хэрэгт ирүүлсэн барьцааны гэрээний арын хуудсанд “Гэрээг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан” гэж гар бичмэлээр бичигдсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ.

Харин баримтыг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нөхөж хийсэн тухайд талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх гэрээний хугацааг нөхөж сунгах нь хуульд нийцэхгүй тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэж, энэ хугацаанд хариуцагч үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 1 600 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 13 600 000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас төлөгдсөн 10 990 000 төгрөгийг хасч, үлдэх 2 610 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хугацааг ямар нэг үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн 24 цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна”, 72.7 дахь хэсэгт “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасантай нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

         Хариуцагч зээлийн гэрээг сунгахдаа дарамтлуулсан буюу гэрээний талуудын чөлөөт байдал зөрчигдсөн гэдгээ баримтаар нотлоогүй, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулан нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн зэрэг үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх аливаа нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг зөв гэж үзнэ.

Гэвч давж заалдах шатны шүүх гэрээний хугацааг талууд харилцан тохирч сунгасан, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар гэрээ хийхийг шаардахгүй гэж дүгнээд, хариуцагчаас 9 113 125 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зохигчдын нөхөж хийсэн “гэрээ сунгах” баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт оруулсан энэ өөрчлөлтийг хасах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

          Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 788 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 610 000 төгрөг” гэснийг “9 113 125 төгрөг” гэж, “12 090 000 төгрөг” гэснийг “5 586 875 төгрөг” гэж өөрчлөн” гэснийг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 119.000 /нэг зуун арван есөн мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН