Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/01741

 

 

 

 

 

 

                               2024       04          01

                   101/ШШ2024/01741

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “*******” ХХК /рд:*******/-д холбогдох,

 

46,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн төлөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл,  түүний төлөөлөгч Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь ******* ХХК-тай цамхагт кран ажиллуулахаар 2022 оны 05 сарын 17-ны өдөр Кран түрээслэх гэрээ байгуулан 2022 оны 08 сарын 24-ны өдрөөс 2023 оны 04 сарын 17-ны өдрийг дуустал ажиллан 51 500 000 / тавин нэгэн сая таван зуун мянган /төгрөгийн ажил хийж гүйцэтгэн тооцоо нийлсэн акт үйлдэж ******* ХХК нь 2023 оны 04 сарын 20-нд 51 500 000 / тавин нэгэн сая таван зуун мянган төгрөг төлөхөөр тохиролцсон.

Дээрх тооцоо нийлсэн дүнгээс 26 000 000 төгрөгийг ******* ХХК 2023 оны 05 сарын 10-нд төлж 25 500 000 /хорин таван сая таван зуун мянган/ төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд дээрх дүнд тооцооны үлдэгдлийн баталгаанд заасны дагуу 2023 оны 04 сарын 20-ноос 2024 оны 01 сарын 19-ыг дуусталх 275 хоногт.хоногийн 0,3 хувийн алданги тооцоход 21 375 000 /хорин нэгэн сая гурван зуун далан таван мянган/ төгрөг болж байна.

Иймд “*******" ХХК-аас кран түрээслэх гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу краны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 25 500 000 /хорин таван сая таван зуун мянга/ төгрөг, дээрх үлдэгдэлд ногдох алданги 21 375 000 /хорин нэгэн сая гурван зуун далан таван мянган/ төгрөг бүгд 46 875 000 /дөчин зургаан сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү.

1а. Хариуцагчтай кран түрээслэх гэрээтэй ажилласан. 2022 онд гэрээ байгуулаад 2023 он хүртэл сарын түрээснээс 51,500,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Үүнийг санхүүгийн бололцоогүй гээд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үүнээс хойш 2023 оны 5 сард 26,000,000 төгрөг төлөөд үлдэгдлийг төлөөгүй тул алданги тооцоод 275 хоногт 21,375,000 төгрөг алдангид шаардаж байгаа юм. Тооцоо нийлсэн акт дээрээ энэ талаар тохиролцсон юм. Нийт 46,875,000 төгрөг шаардана. Тооцоо нийлсэн акт дээр 25,500,000 төгрөгийг зөвшөөрсөн. Хариуцагч нь хугацаандаа төлөөгүй тул алдангитай байгуулсан. 2024.1.19-ны өдөр хүртэл алданги тооцсон тул эвлэрэх боломжгүй гэв.

 

2.         Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад татгалзлаа нотлох баримтаар гаргаж мэтгэлцэх зарчмаар нотлох болно

2а. Бид 2022 онд түрээсийн гэрээ байгуулсан. 86,900,000 төгрөгийн төлбөр гараад төлсөөр байгаад 61,400,000 төгрөг төлсөн. 25,400,000 үлдэгдэлтэй байгаа юм. Бид төлөх боломжгүй байгаад байгаа юм. Гэрээ байгуулсан объект дууссан ч гэсэн төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа юм. Иймд үндсэн төлбөр болох 25,400,000 төгрөгийг тохиролцож төлөх хүсэлтэй. Улмаар хуваарь гаргаад боломжоороо төлөх хүсэлтэй. 25,500,000 төгрөг байж болох юм. Манай талаас энэ дүнгээрээ л тохиролцъё гэсэн юм. Бид гэрээ хийсэн тул төлөх ёстой. 2024 онд шинээр төсөл аваагүй тул санхүүжилт орж ирэх тов байхгүй байгаа юм. Иймд дахиад төлж чадахгүй удаашрах магадлалтай юм. Ц.******* нь манай нягтлан бодогч. Гэрээ байгуулах үед захирал байгаагүй тул тэрээр гэрээг баталсан юм гэв.

 

3.         Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Кран түрээсийн гэрээний хуулбар /хх4-5/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх6/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 25,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 25,500,000 төгрөг, алданги 21,375,000 төгрөг, нийт 46,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан

 

3.         Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан боловч түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд үндсэн төлбөр болох 25,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

4.         Зохигчид 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр кран түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх4-5/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Улмаар зохигчид түрээсийн гэрээг дүгнэн тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 51,500,000 төгрөгийг 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон байна. /хх6/

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул хариуцагчийг 51,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

5.         Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэнээс хойш буюу 2023 оны 05 дугаар сард хариуцагчийг 26,000,000 төгрөг төлж, үлдэх 25,500,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан бол хариуцагчийн төлөөлөгч нь 25,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж мөнгөн дүнг зөрүүтэйгээр тайлбарласан.

Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  тайлбарласнаар төлбөрийн үлдэгдлийг тооцно. Түүнчлэн нь хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд үлдэгдэл төлбөрийг 25,500,000 байж болох юм гэсэн агуулгаар нэмж тайлбарласныг дурдах нь зүйтэй. Иймд түрээсийн гэрээний үндсэн төлбөрт хариуцагчаас 25,500,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

6.         Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр талууд алдангийн талаар тохиролцоогүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь алданги шаардах үндэслэлийг тооцооны үлдэгдлийн баталгаагаар тохиролцсон гэж тайлбарласан. Уг тооцооны үлдэгдлийн баталгааг нэхэмжлэгч талаас нягтлан бодогч Ж.*******, хариуцагч талаас нягтлан бодогч Ц.******* нар байгуулжээ.

Улмаар хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д. болох нь тус хуулийн этгээдийн дүрмийн хуулбараар тогтоогдож байна. /хх18/

Үүнээс гадна хариуцагчийн төлөөлөгч нь маргаж буй гэрээг байгуулах үед захирал Д. байгаагүй тул гэрээг түүний даалгаснаар нягтлан бодогч Ц.******* байгуулсан гэж тайлбарласан.

Тооцооны үлдэгдлийн баталгааг зохигчдын нягтлан бодогч нар үйлдсэн байх тул хүчин төгөлдөр юм. Харин нягтлан бодогч нар нь гэрээнд шууд өөрчлөлт оруулах буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй тул алдангийн талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн бусадтай гэрээ байгуулах бөгөөд харин нягтлан бодогч нь энэхүү эрхийг итгэмжлэлгүйгээр шууд эдлэхгүй.

Иймд түрээсийн гэрээнд алдангийн талаар нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй юм.

 

7.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 25,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 285,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНБОЛД