Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 00264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэрэнханд, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Иргэдийн төлөөлөгч Ч.Отгонбаяр,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч А.О,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-д холбогдох эрүүгийн 201622000573 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Г, гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ... дугаартай.

Шүүгдэгч Т.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 13-11 тоот хашааны зүүн үзүүрт байрлах “Дурсамж” нийтийн бүжгийн клубын хажууд найз Б-г зодлоо гэх шалтгаанаар Б.Д-ийг хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 13-11 тоот хашааны зүүн үзүүрт байрлах “Дурсамж” нийтийн бүжгийн клубын хажууд найз Б-г зодлоо гэх шалтгаанаар Б.Д-г хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "… Дурсамж бүжгээс дээшээ өгсөөд Б-ийн эгч З-ийн гэрт очоод зүүн талд нь байх эргэнэгнээс урт хутга аваад баруун талын ханцуйнд хийсэн. Тэгээд бүжгийн газарт ирэхэд “Дурсамж” бүжгийн урд талд байх саадны урд байх хашааны хажууд манай найз Б-ыг нөгөө том биетэй залуу зодож байсан. Тэгэхээр нь очоод боль гэсэн чинь “алчихъя хамаа” гээд яриад байсан. Манай найз Б-ыг хашаа руу түшүүлээд цохиж байх шиг байсан. Манай найз Бааска нэг залууг нь аваад явсан. Манай найзыг зодож байгаад над руу хүрч ирээд элэгдээд байхаар нь сүрдүүлье гэж бодоод намайг цохих гээд хүрээд ирэхээр нь баруун талын ханцуйнд байсан хутгаа баруун гартаа барьж байгаад хэвлий хэсэг рүү нь явуулчихсан. Намайг хүрч ирээд гараа далайхаар нь зүүн гараараа хаагаад баруун гараараа доогуур нь хатгачихсан. Тэгээд зугтаачихсан. Зугтааж явахдаа хутгаа “Дурсамж” бүжгийн ар тал, хашааны хажуу талын өвс рүү хаячихсан. Тэгээд шууд харьсан…Тэр хутгыг нь би хашаа давуулаад шидсэн. Хашаа давуулж шидэхээсээ өмнө хутганы цусыг арчаад хаясан. Би хутга хаясан газраа хэсэг унтсан байсан. Намайг сэрэхэд өглөө болж байсан...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-10 дугаар хуудас/,

       Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

       Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримтууд /1-р хх-ийн 16-20, 25-26 дугаар хуудас/,

       Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-53 дугаар хуудас/,

       Талийгаач Б.Д-ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 135-136, 140-142 дугаар хуудас/,

       Хохирогч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би өглөө 10 цаг болж байхад өөрийн нөхөр О-тэй хамт мотоциклиор хөдөө Түнэл суман дахь гэрээсээ Мөрөнгийн төвд орж ирсэн. Би Мөрөнд ирээд өөрийн хүү болох Д-ийн гэрт очсон. Намайг ирэхэд хүү маань босоогүй унтаж байсан. Би хөдөөнөөс ирэхдээ 2 хонь авчирсан байсныгаа хүүгээрээ төхөөрүүлээд байж байтал манай хүүгийн найз болох Б, Урвааш /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ хоёр ирчихсэн Д-тэй хашаан дотор юм ярьчихсан зогсож байгаа харагдсан. Түүнээс хойш удаагүй Б, Урвааш хоёр явсны дараа нэг Истана маркийн машинтай настайвтар миний зүс таних эрэгтэй хүн ирээд Д-ийн машиныг тойрч үзээд яваад байхаар нь би Д-ээс “энэ ямар учиртай хүн юм бэ” гэхэд нэг нэр хэлээд “ах машин янзлаад өгөөч гэж байна” гээд нөгөө хүнтэйгээ гараад явсан. Түүнээс хойш би хүүтэйгээ уулзаагүй, зах дээр очиж хонины махаа зарчихаад ойр зуурын юм цуглуулаад хөдөө гэр рүүгээ нөхөртэйгээ хамт 13 цаг өнгөрч байхад явсан. Тэгтэл өнөө өглөө 07 цаг өнгөрч байхад эмнэлгээс ярьж байна, танай хүүгийн биеийн байдал муу байна, яаралтай эмнэлэг дээр хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би эгч рүүгээ залгатал утсаа авахгүй байснаа дахиад залгахад өөр хүнээр авахуулаад “танай хүүгийн биеийн байдал муу байна, эмнэлэг дээр яаралтай ир” гэхээр нь нөхөртэйгээ хамт мотоциклиор Мөрөн сум руу гараад орж ирээд шууд эмнэлэг дээр очтол хүү маань нас барчихсан байсан....Би хохирол 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс Г.Б-ийн өгсөн 1.000.000 төгрөг, Т.Г-ийн хохирол төлбөрт өгсөн 500.000 төгрөгийг хасч тооцно. Үлдсэн 5.500.000 төгрөгийг нэхэмжилнэ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

       Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бүжгэн дээр Д бид хоёр үлдсэн. Тэгээд байж байтал бүжгэн дээр Д-тэй эхэлж зодолдоод байсан залуу нь буцаад бүжгэн дээр ирсэн. Тэгэхээр нь Д бид хоёр түрүүний зодолдсон залуу байна шүү дээ гээд барьж авсан. Тэгээд гадаа гаргаж ирээд бид хоёр тэр залууг зодсон. Тэр залуу намайг цохьчихоод зугтаасан. Араас нь хөөсөөр байгаад барьж авсан. Тэгээд Д араас ирээд хамт тэр залууг зодсон. Тэгсэн чинь араас 5-6 залуу ирсэн. Тэгтэл үсээ хусуулаад нэг их ургаагүй бололтой богино хар өнгийн савхин куртиктэй залуу ирээд Д-г цохиод авсан. Тэгтэл Д урдаас нь барилцаад авсан. Тэгтэл би Д-тэй барилцаж авсан залууг цохиод унагасан. Тэгтэл улаан саарал хосолсон цамцтай нэг залуу миний хажуу талаас цохисон. Би тэр залуугийн араас нь хөөгөөд зам хөндлөн гарсан. Тэр залуу “нааш ир нааш ир” гээд дуудаад байсан бөгөөд араас нь дөхөөд очихоор цаашаагаа зугтаагаад байсан. Би тэр залууг “Дурсамж” нийтийн бүжгийн газрын замын эсрэг тал гартал хөөсөн. Би тэр залууг хөөгөөд гүйцээгүй замын эсрэг талд зогсож байсан чинь Д над дээр ирээд найзынхаа энэ рүү хараад өгдөө гээд зүүн талынхаа хавирган тушаа заагаад байсан. Тэгэхээр нь би Д-ийн цамцыг нь сөхөөд хартал Д-ийн зүүн хавирган тушаа нь хутгалчихсан гэхдээ цус гараагүй байсан. Тэгээд би Д-г наанаа сууж байгаарай гээд суулгаж орхиод замын эсрэг талын нэрийг нь мэдэхгүй дэлгүүр рүү орж “утсаа өгөөч түргэн дуудах гэсэн юм” гэсэн чинь утсаа өгөхгүй байсан. Тэгээд утсыг нь гуйгаад зогсож байтал намайг “нааш ир нааш ир” гээд дуудаад байсан залуу араас орж ирсэн. Тэгээд би тэр залуутай барилцаж аваад би тэр залууг нэг мөргөсөн. Тэгсэн чинь тэр залуу буцаад гараад гүйсэн. Хаашаа гүйснийг нь хараагүй. Тэгээд хэсэг зогсож байгаад дэлгүүрээс гараад ирсэн чинь дэлгүүрийн үүдэнд цагаан өнгийн машин зогсож байсан ба машин дотор хүмүүс сууж байхаар нь тэр хүмүүсээс утсаар яриулаач гэсэн чинь утсаа өгөөд би эмнэлэгт дуудлага өгсөн. ...Д надад хэлэхдээ хар өнгийн савхин куртиктэй залуу намайг хутгалсан гэж байсан. Тэр залуу нь хамгийн түрүүнд Д-г цохисон. ...Би хар өнгийн савхин куртиктэй залууг одоо харвал танина. Тэр залуутай хамт 2-3 залуу байсан. Хар өнгийн савхин куртиктэй залуутай хамт хоёр залуу хоёулаа л саарал өнгийн цамцтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

       Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би цагийг нь яг сайн санахгүй байна өчигдөр орой 23 цаг 40 минутын орчим намайг дэлгүүртээ ганцаараа наймаагаа хийгээд зогсож байтал гаднаас хар өнгийн куртиктэй өндөр туранхай залуу орж ирээд гадаа хүн хутгалчихлаа гэж хэлэх шиг болсон. Тухайн үед би өөр хүнтэй наймаа хийж байсан юм. Тэгсэн гаднаас саарал өнгийн цамцтай залуу орж ирээд өмнө нь орж ирсэн саарал өнгийн цамцтай залуу руу дайраад “пизда минь чи яагаад байгаа юм” гэснээ хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхээр нь би “та хоёр гараач лангууны шил хагаллаа дэлгүүрээс гар” гэсэн чинь гарахгүй байхаар нь “би цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь сүүлд орж ирсэн саарал өнгийн цамцтай залуу гараад гүйчихсэн. Тэгсэн нөгөө залуу араас нь гараад явсан. ...Хар өнгийн куртиктэй залууг зүгээр зогсож байхад нь саарал өнгийн цамцтай залуу орж ирээд “пизда минь чи яаж байна аа” гэснээ барьцалдаад авсан. Миний сонссоноор хар өнгийн куртиктэй залуу нөгөө залуудаа хандан “чи гэлүү та нар гэл үү хүн хутгалчихлаа шүү дээ” гэж байсан. Хариуд нь нөгөө залуу нь “юу гээд байгаа юм бэ” гэж байгаа нь надад сонсогдсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 дугаар хуудас/,

       Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд гэртээ очоод гал асаах гээд түлээгээ цуулах гэтэл манай шар иштэй, ишнийх нь нэг тал нь хайлчихсан хутга олдоогүй. Энэ хутгаар манайх галаа асаахдаа түлээгээ цуулдаг мохоо хутга байдаг. Би хутгаа харвал танина. ...Манайх хутгаа шалны өр, эргэнэгний нүд рүү хийчихдэг. ...Манай хутга мөн байна, ийм хайлчихсан иштэй хутга байсан мөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102 дугаар хуудас/,

       Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Дурсамж” бүжгийн газарт очоод дотор нь ороод үүдэнд нь зогсож байсан чинь Б-г зодсон хоёр залуу Б-г таньсан бололтой бүжгийн заалнаас аваад гарч байсан. Тэгээд намайг араас нь гараад харахад Б бүжгийн заалнаас ертөнцийн зүгээр баруун талд хашаа налаад суучихсан. Нөгөө хоёр залуу зодоод байгаа бололтой өшиглөж байсан. Тухайн үед нилээн хэдэн залуучууд хараад зогсож байсан. Тэгээд байж байтал Г ирсэн. Тэгэхээр нь би хашаа налж очоод Б-г сууж байхаар нь босгочихоод хүмүүс дайрахаар нь хойшоо зугтаагаад замын эсрэг талд гараад “нааш ир нааш ир” гэж орилсон. Тухайн үед намайг нэг залуу нь хөөгөөд гүйсэн. Тэгээд би нилээд зугтааж байгаад алсаас нь хараад зогсож байсан чинь намайг хөөгөөд байсан залуу дэлгүүр рүү орж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэр залуугийн араас дэлгүүр рүү яваад орсон. Тэгсэн чинь намайг хөөгөөд байсан залуу намайг харчихаад “өө энэ хүн хутгалдаг залуучуудын нэг нь байна” гээд намайг барьж аваад хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би тавиулаад гараад зугтаасан. Тухайн үед би хүн хутгалсан гэхээр нь тэвдээд гараад явчихсан юм. ...Би өөрийн өмсөж яваа саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн биеийн тамирын өмдтэй явсан. Г болохоор хар өнгийн куртиктэй, түрүүтэй гуталтай явсан. Б болохоор саарал өнгийн цамцтай явсан. ...Би ямар ч хүнтэй зодолдоогүй, ямар ч хүнтэй ам зөрөөгүй. Намайг зугтаагаад явахад Б унаад үлдсэн, Г зодолдоод үлдсэн, хэнтэй яаж зодолдсоныг мэдэхгүй. Тэгээд би шууд зугтаасан. Нөгөө өндөр биетэй залуу тэнд л үлдсэн байх. Намайг нөгөө залуу нь хөөж байсан. Би буцаж зодоон болсон газар ирээгүй. “Шинэ саран” дэлгүүрээс гараад шууд харьсан. ...Би Г-г хутга авч байхыг хараагүй юу ч мэдээгүй. Манай хутга эргэнэг шалны өр хэсгээр байж байдаг юм. Манай зомгол цуулдаг хутга байхгүй байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-120 дугаар хуудас/, 

       Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г тухайн үед хар өнгийн куртиктэй байсан. Г миний хажууд зогсож байснаа “хөгшин чинь шаачих уу? Хөгшин чинь бол шаана шүү дээ” гээд байсан. Түүнээс биш хутга шөвөг гаргаж ирээгүй. ...Г намайг “хавиргыг чинь хадчих уу? хутга шаачих уу?” гээд байсан. Энэ үед Г-тай хамт явсан хоёр залуу байхгүй байсан. Г хамт явсан хоёр залуугаа байхад нь “шаачих уу?” энэ тэр гэсэн зүйл яриагүй. Надтай байсан хоёр залуу сонссон эсэхийг нь мэдээгүй...” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 123-125 дугаар хуудас/,

              А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Намайг нэг өндөр махлаг залуу Дурсамж бүжгийн газрын үүдэнд саадны хажууд нүүр нүдгүй гараараа цохисон... Намайг босоод ирэхэд нөгөө өндөр махлаг залуу миний урд хэсэгт гэдсээ дарчихсан хажуулдаад хэвтэж байсан. Нэг залуу орж ирээд танай найз чинь хүн хутгалчихлаа гээд намайг цохиж зодсон. Би хутгалсаныг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний бодлоор Г хутгалсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-65 дугаар хуудас/,

Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Д эмнэлэг дээр очоод эмнэлгийн ажиглах өрөөнд надтай хоёулахнаа байхдаа ус надаар хийлгэж уугаад юм ярьж байхдаа хар өнгийн савхин куртиктэй надтай барилцаж авсан залуу намайг хутгалчихлаа маргааш хоёулаа олноо гэж ярьж байсан. Хар савхин куртиктэй залуугаас бусад нь над руу дөхөж амжаагүй гэж байсан. Б талийгаачтай хүрэлцээгүй надаас зугтаагаад явсан зодоонд оролцоогүй. Хар өнгийн куртиктэй залуу нь намхан, богино буржгар үстэй залуу байсан. Тэр залуу ерөөсөө дуугарахгүй зүв зүгээр зогсож байснаа гэнэт үсэрч очоод цохиод авсан. Б, талийгаачийг хутгалсан гээд байгаа залуу хоёр бол нэлээн согтуу байсан. Б нь гайгүй зүгээр шахуу байсан. Б тухайн үед саарал өнгийн юүдэнтэй цамцтай байсан, Б нь саарал өнгийн цамцтай, цагаан өнгийн пүүзтэй, женсин өмдтэй, саравчтай малгайтай байсан. Хутгалсан гээд байгаа залуу л ганцаараа хар өнгийн куртиктэй байсан. Би хар өнгийн богино савхин куртик л гэж харсандаа...Д-ийн шанаан тус газар үүссэн байсан шархыг би эмнэлэг дээр очоод мэдсэн. Д-г хутгалсан гээд байгаа хар өнгийн куртиктэй залуу л хутгаараа тэр шархыг үүсгэсэн байх, би бол нэг доор үүссэн шарх гэж бодож байгаа. Д-тэй Б, хар савхин куртиктэй залуу хоёр л үлдсэн. Хар өнгийн савхин куртиктэй намхан биетэй, буржгар жижиг богино үстэй залуу хутгалсан гэж Д ч хэлсэн. Д-тэй барилцаж аваад үлдэхийг нь би харсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 56 тоот дүгнэлтэд:

- Т.Г нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байгаагүй.

- Т.Г нь сэтгэц мэдрэлийн өвчингүй. Хэрэг хариуцах чадвартай.

- Т.Г нь албадан эмчилгээ шаардлагагүй.

- Т.Г нь ярих чадвартай... гэх дүгнэлт /1-р хх-ийн 217-218 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай

  1. Талийгаач Б.Д-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Талийгаач Б.Д-ийн хэвлий, хацарт шарх, дух, хацар, гуя, өвдөг, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтлүүдийн хэвлий дэх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтлүүдийн хэвлий дэх шарх гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.
  5. Талийгаач Б.Д-ийн биедүхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  6. Талийгаач Б.Д нь хэвлийн хөндийд нэвтэрч чацархайн судсыг гэмтээсэн хатгагдсан шарх, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх цусан хураа, дотор эрхтнүүдийн хурц цус багадалтын улмаас нас баржээ.
  7. Цус алдаж нас барсан гэх нь хэвлийн хөндий дэх цусан хураа, дотор эрхтнүүдийн хурц цус багадалт, бөөрний өөхөн дэх цус хуралт, зүрхний ховдол хоорондын таславчийн зүүн хана дахь Минаковын толбо зэрэг шинжүүдээр батлагдана.
  8. Талийгаачийн цогцосноос авсан цусанд 1.7 промилли этилийн спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1-р хх-ийн 137-138 дугаар хуудас/,

        Талийгаач Б.Д-ийн тухайн өдөр өмсөж явсан гэх хувцаснуудад гарсан уранхайнууд нь хэргийн газраас олдсон хутгаар үүсгэгдсэн эсэхийг шинжилсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ө.Тамирмаагийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6149 дугаартай  1. Шинжилгээнд ирүүлсэн энгэртээ бичиглэлтэй хар цамц, малгайтай хар цамцнуудад 2 удаагийн үйлчлэлээр гарсан зүссэн уранхайнууд байна...

       ... 6. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан зүссэн уранхайнууд нь бор эрээн хутгаар үүсгэгдсэн байж болно…” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 199-203 дугаар хуудас/,

       Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Тэнүүний 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 88038806 дугаартай “... Урд хэсгээрээ цахилгаантай, задгай энгэртэй хар өнгийн малгайтай даавуун цамц дээр илэрсэн цус нь аутсомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, SCF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Д-ийн гэх цусны ДНХ-ийн бүтэцтэй тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 232-235 дугаар хуудас/,

          Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтэд: “…Талийгаач Б.Д-ийн биед гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Б.Д-ийн хэвлий, хацарт шарх, дух, хацар, гуя, өвдөг, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн хэвлий дэх /хатгагдаж, нэвтэрсэн/ шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хацар дахь шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хацар, гуя, өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно “ гэх дүгнэлт /3-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000573 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.Г нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас тэнсэн суллагдаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар /2-р хх-ийн 55-60 дугаар хуудас/-аар тогтоогдож байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялтай байдал нь хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч А.О нь шүүгдэгч Т.Г-аас нийт 7.000.000  төгрөгний хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хохирогчийн нэхэмжилсэн нийт 7.000.000 төгрөгийн хохирлоос оршуулгын зардлын: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн буяны тор, шүдэнз, хос зул, жимст хүжний үнэ 71.500 төгрөгийн зарлагын баримт, “Цагаан-Уул Тэрхэн” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын даавуу, цамцны торгоны 42.000 төгрөгийн зарлагын баримт, “Очирт” дэлгүүрийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хүрд, маанийн хөгжим, зулын хөвөн, арвай, голтын 28.700 төгрөгийн зарлагын баримт, “Очирт” дэлгүүрийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хүж, зул, шүдэнз, хадаг, цайны 220.300 төгрөгийн зарлагын баримт /2-р хх-ийн 75 дугаар хуудас/, “Бүтэн-Оргил” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ПОС системийн хүнсний бүтээгдэхүүний 141.200 төгрөгийн баримт, “Ёлт Харгана” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн элсэн чихэр, Акбар цайны үнэ 115.000 төгрөгийн зарлагын баримт, “Анунхангай” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн сальфетканы үнэ 280.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хх-ийн 76 дугаар хуудас/, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн бэрээмэг, сацын үнэ 2500 төгрөгийн зарлагын баримт /2-р хх-ийн 77 дугаар хуудас/, “Центр” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн цементний үнэ 11.000 төгрөгийн зарлагын баримт, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Дулмаа гэх хүнээс махны үнэ 97.500 төгрөгийн зарлагын баримт /2-р хх-ийн 78 дугаар хуудас/, “Өсөх” дэлгүүрийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн баавар цайны үнэ 69.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хх-ийн 79 дүгээр хуудас/, “Жанст-Ундрах” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 41.200 төгрөгийн баримт /2-р хх-ийн 80 дугаар хуудас/, “Цагаан-Уул Тэрхэн” ХХК-ийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 117.500 төгрөгийн зарлагын баримт /2-р хх-ийн 81 дүгээр хуудас/, “Хөвсгөл Тэвхэн” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ПОС системийн 19.640 төгрөгийн баримт, “Хөвсгөл Тэвхэн” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ПОС системийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 6.370 төгрөгийн баримт, “Бурхант Тээлийн Хишиг” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хүнсний ногооны үнэ 117.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хх-ийн 82 дугаар хуудас/, “Хөвсгөл Тэвхэн” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ПОС системийн 8.640 төгрөгийн, “Өсөх” гэх нэртэй 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 89.000 төгрөгийн зарлагын баримт, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ПОС системийн цайны үнэ 3.500 төгрөгийн баримт /2-р хх-ийн 83 дугаар хуудас/, “Магнай петролиум” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 10.000 төгрөгийн шатахууны баримт, “Магнай петролиум” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 10.000 төгрөгийн шатахууны баримт, “НИК” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 30.000 төгрөгийн шатахууны баримт, “НИК” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 30.000 төгрөгийн шатахууны баримт, “НИК” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 20.000 төгрөгийн шатахууны баримт, “НИК” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 49.000 төгрөгийн шатахууны баримт, Monsul ХХK-ийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ын өдрийн 51.800 төгрөгийн шатахууны баримт /2-р хх-ийн 86 дугаар хуудас/ буюу нийт 1.682.250 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон ба хохирогч А.О нь хохирол төлсөн Г.Б-ийн 1.000.000 төгрөгийг шүүгдэгчийн 500.000 төгрөгийг нийт 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нийт үнийн дүнгээс хасч тооцуулна гэсэн тул дээрх хохирлыг хасч тооцож үлдэх 182.250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч А.О-т олгох нь зүйтэй байна. Харин хохирогчийн үлдэх нэхэмжилж байгаа 5.317.750 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Г-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Т.Г-ааг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201622000573 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Б.Д-ийн өмсөж явсан гэх дугуй захтай, урдаа “HAPPENING” гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй хар өнгийн цамц 1 ширхэг, задгай энгэртэй, цахилгаанан товчтой, юүдэн малгайтай, урдаа хоёр халаастай, урдаа дүрс бичиглэл бүхий хар өнгийн цамц 1 ширхэг, сэжигтэн А.Б-ын өмсөж явсан гэх юүдэнтэй малгайтай урдаа зураглал бүхий саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн үдээртэй, цагаан алаг өнгийн пүүзэн гутал 1 хос, ажлын хэсгийн урт нь 14.5 см, бариул хэсгийн урт 8 см, ажлын хэсгийн өргөн 25 мм, ажлын хэсэг дээр “HONG LI” гэсэн бичиглэлтэй, бор эрээн иштэй, нэг талдаа 2 хадаастай, нөгөө талдаа 2 хадаасны нүхний оромтой хутга 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Харин хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Т.Г-ийн хувцас гэх хар хөх өнгийн куртик 1 ширхэг, хар жинсэн өмд 1 ширхэгийг хаанаас хэзээ, хураасан нь тодорхойгүй, эд мөрийн баримтаар тооцоогүй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. Иймд дээрх эд зүйлийг шүүгдэгч Т.Г-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

      Шүүгдэгчийн цагдан хоригдсон 378 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Т.Г-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-г 8 /найм/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 8 /найм/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийн цагдан хоригдсон 378 /гурван зуун далан найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Т.Г-с 182250 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч А.О-д олгосугай.

6. Эрүүгийн 201622000573 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Б.Д-ийн өмсөж явсан гэх дугуй захтай, урдаа “HAPPENING” гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй хар өнгийн цамц 1 ширхэг, задгай энгэртэй, цахилгаанан товчтой, юүдэн малгайтай, урдаа хоёр халаастай, урдаа дүрс бичиглэл бүхий хар өнгийн цамц 1 ширхэг, сэжигтэн А.Б-ын өмсөж явсан гэх юүдэнтэй малгайтай урдаа зураглал бүхий саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн үдээртэй, цагаан алаг өнгийн пүүзэн гутал 1 хос, ажлын хэсгийн урт нь 14.5 см, бариул хэсгийн урт 8 см, ажлын хэсгийн өргөн 25 мм, ажлын хэсэг дээр “HONG LI” гэсэн бичиглэлтэй, бор эрээн иштэй, нэг талдаа 2 хадаастай, нөгөө талдаа 2 хадаасны нүхний оромтой хутга 1 ширхэг зэргийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, шүүгдэгч Т.Г-ийн хувцас гэх хар хөх өнгийн куртик 1 ширхэг, хар жинсэн өмд 1 ширхэгийг шүүгдэгч Т.Г-д буцаан олгохыг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч А.О нь 5.317.750 /таван сая гурван зуун арван долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Т.Г-с нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР

                                     ШҮҮГЧИД                           С.ЦЭРЭНХАНД          

                                                                                 Ц.АЛТАНГАДАС