Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23-ны өдөр        Дугаар 2022/ДШМ/10                  

 

Н.Ганбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

       Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                   Прокурор Г.Цолмонгэрэл

                   Шүүгдэгч У.Цогбадрахын өмгөөлөгч Ц.Баярмаа/цахимаар/

                   Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

         Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч У.Цогбадрахын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлоор О.Нямдорж, Н.Ганбаатар, У.Цогбадрах нарт холбогдох эрүүгийн 1927000070261 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл-3 эцэг, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн Мөстийн гол гэх газар оршин суух, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан, гавьяа шагналгүй, Орги овгийн Нямдаваагийн Ганбаатар /РД:ЙС94081914/,

         Монгол Улсын иргэн 1988 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн Тээл гэх газар оршин суух, Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, Орхонтээл овгийн Ойдовнямын Нямдорж /РД:ЙС88072416/,

       Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 1-34 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Их дугар овгийн Уртнасангийн Цогбадрах /РД:ВВ78011316/.

       Ойдовнямын Нямдорж нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг 5 дугаар багийн нутаг “Ихэр” гэх газраас иргэн О.Цэрэнгомбын 30 тооны адууг хулгайлж 20200 000/хорин сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

     Уртнасангийн Цогбадрах нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг 5 дугаар багийн нутаг “Ихэр” гэх газраас иргэн О.Цэрэнгомбын 30 тооны буюу олон тооны малыг хулгайлж 20 200 000/хорин сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

        Нямдаваагийн Ганбаатар нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын булаг 5 дугаар багийн нутаг “Ихэр” гэх газраас иргэн О.Цэрэнгомбын 30 тооны буюу олон тооны малыг хулгайлж 20 200 000 /хорин сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн нутаг “Хүнгүй мухар” гэх газраас иргэн А.Батмөнхийн 1 тооны сарлагийн тарлан зүсмийн үнээ, 1 тооны бор тарлан зүсмийн бярууны хамт хулгайлж 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Нямдорж, Н.Ганбаатар, У.Цогбадрах нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Орги овогт Нямдаваагийн Ганбаатар, Орхонтээл овогт Ойдовнямын Нямдорж, Их дугар овогт Уртнасангийн Цогбадрах нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон, шүүгдэгч Н.Ганбаатар, О.Нямдорж, У.Цогбадрах нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ганбаатарыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар, О.Нямдоржийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, У.Цогбадрахыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганбаатарын цагдан хоригдсон 60 хоногийг, шүүгдэгч О.Нямдоржийн цагдан хоригдсон 60 хоногийг, шүүгдэгч У.Цогбадрахын цагдан хоригдсон 13 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар шүүгдэгч Н.Ганбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Нямдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч У.Цогбадрахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганбаатарыг 4 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч О.Нямдоржийг 3 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч У.Цогбадрахыг 3 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганбаатар, О.Нямдорж, У.Цогбадрах нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганбаатарт оногдуулсан 4 жилийн хугацаагаар, О.Нямдоржид оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч У.Цогбадрахад оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгахаар, шүүгдэгч Н.Ганбаатар нь хохирогч А.Батмөнхөд 1 200 000 төгрөг, хохирогч О.Цэрэнгомбод 490 000 төгрөг төлсөн, шүүгдэгч О.Нямдорж нь хохирогч О.Цэрэнгомбод 487 200 төгрөг төлсөн, шүүгдэгч У.Цогбадрах нь хохирогч О.Цэрэнгомбод 487 200 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Цэрэнгомбо нь 29 тооны адуугаа буцаан авсан, хохирогч А.Батмөнх нь 1 200 000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Цэрэнгомбын нэхэмжлэлээс 1 600 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Цэрэнгомбын нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй 1 731 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч нараас гаргуулахаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ганбаатар, О.Нямдорж, У.Цогбадрах нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Н.Ганбаатарын өмчлөлийн зээрд зүсмийн хязаалан үрээний үнэ болох 700000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Ганбаатараас 233000 төгрөгийг, шүүгдэгч О.Нямдоржоос 233000 төгрөгийг, шүүгдэгч У.Цогбадрахаас 233000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганбаатар, О.Нямдорж, У.Цогбадрах нарыг шүүх хуралдааны танхимаас суллан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганбаатар, О.Нямдорж, У.Цогбадрах нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганбаатар, О.Нямдорж, У.Цогбадрах нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

     Шүүгдэгч У.Цогбадрахын өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч У.Цогбадрахыг бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх прокуророос эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж хуульчилсан. Хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон талаар дүгнэлт хийж тогтоолд тусгахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд энэ гэмт хэрэгт ямар оролцоо байсан талаар дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс хамтран оролцогч бүрийн хувьд нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг нягталж тогтоосны эцэст гэм буруутай эсэхийг тогтоох нь чухал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй байна гэсэн саналыг гаргаж байсан. Хамтран гэмт хэрэгт оролцох үндсэн шинж нь гэмт үйлдэлд оролцогчид нь нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй, энэ тухайгаа урьдчилан ярилцаж тохиролцсон, оролцогч бүр нэг нэгнийхээ нэгдсэн нэг зорилготой эсэхийг мэдсэн байх ёстой байна. Хэргийн баримтын хүрээнд шүүхийн үндэслэл болгосон баримт буюу гэрчүүдийн мэдүүлэгт шүүгдэгч нарын харилцаа холбооны талаар, гэмт үйлдлийн талаар нэгдсэн нэг санаа зорилготой байсан эсэх талаар баримт огт авагдаагүй байдаг. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянаж У.Цогбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Прокурор Г.Цолмонгэрэл давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутайд тооцсон асуудалд сэдэл, санаа зорилго буюу миний үйлчлүүлэгчийн оролцоог тодорхойлоогүй гэдэг. Уг гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлаж хамжигч, хатгагч, гүйцэтгэгч гэж тусдаа байсан бол сэдэл, санаа зорилго тодорхойлохыг үгүйсгэхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан санаа зорилго үйлдлээр гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэж үзнэ. Сэдэл, санаа зорилгыг нарийвчлан тогтоох шаардлагагүй. Санаа зорилгоор нэгдээгүй ч үйлдлээрээ бүлэглэж байгаа нь гэрч  Ж.Бат-Эрдэнэ, Ш.Алтанхуяг, Б.Анар-Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогддог. Бат-Эрдэнэ ...Улаанбаатар хотоос У.Цогбадрахын машиныг унаж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу явсан. Бат-Өлзий сумаас дөрвөн ямаа, нэг адуу, нэг үхрийг замдаа буулгаж Тээлийн амнаас 30 адуун дотроос 13 тооны адуу ачсан гэж мэдүүлдэг. Цогбадрахын хамаатны залуу буюу Алтанхуяг нь Бат-Эрдэнийн хажууд У.Цогбадрахтай хажууд утсаар ярьж байхдаа Бат-Өлзий сумын Хайрхан гэх гутал зардаг дэлгүүр дээр гарал үүслийн бичгээ бичүүлээд авчих гэдэг. Алтанхуяг Цогбадрахын улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж яваад Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээлийн ам гэх газраас 10 гаруй тооны адуу ачаарай гэж Цогбадрах утсаар хэлсэн гэдгийг мэдүүлдэг. Адуу ачиж байх үед Нямдорж 7 адууг Цогоод өгнө, 3 адуу нэмээд аччих гэсэн байдаг. 13 адуу ачсан гэдгээ У.Цогбадрахад хэлэхэд за гэдэг. Анар-Эрдэнэ гарал үүслийн бичиг хийж өгөхөд Баттулга гэдэг хүнтэй У.Цогбадрах утсаар яриад Батбаярынхаас 10 тооны адуу ачна гээд урьдчилж малын зүсийг хэлж гарал үүслийн бичиг хийлгэсэн байдаг. Хэдийгээр санаа зорилгоор нэгдээгүй ч, үйлдлээрээ бусдын өмчлөлд халдаж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд шүүгдэгч У.Цогбадрахын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

     Шүүгдэгч У.Цогбадрахын өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгээд гэм буруутай тооцсоныг хүлээн зөвшөөрч, гэмт хэргээс учирсан хохирлыг төлөөд эрүүгийн хариуцлага хүлээсэн. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүрэг хүлээдэг учраас уг гомдлыг гаргасан. У.Цогбадрахын тухайн үйлдэлд оролцохдоо бусдын эд хөрөнгө, хулгайн эд зүйл гэдгийг мэдэх боломж бололцоо байгаагүй. Үүнд хавтаст хэргийн хүрээнд дүгнэлт хийж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. ...Үйлдэлдээ санаатай нэгдсэн гэж үзээд байгаа. У.Цогбадрахын хувьд утсаар ярьсан хүний дагуу гарал үүслийн бичгийг бичүүлсэн. Малын тоо өөрчлөгдсөн талаар Ш.Алтанхуягийн мэдүүлэгт ...илүү олон мал ачуулах гээд байна гэдгийг хэлэх гэсэн чинь утасны сүлжээ байхгүй ярьж чадаагүй гэдэг. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч У.Цогбадрахбын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

        Ойдовнямын Нямдорж нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг 5 дугаар багийн нутаг “Ихэр” гэх газраас иргэн О.Цэрэнгомбын 30 тооны адууг хулгайлж 20200 000/хорин сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

        Уртнасангийн Цогбадрах нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг 5 дугаар багийн нутаг “Ихэр” гэх газраас иргэн О.Цэрэнгомбын 30 тооны буюу олон тооны малыг хулгайлж 20 200 000/хорин сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

          Нямдаваагийн Ганбаатар нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын булаг 5 дугаар багийн нутаг “Ихэр” гэх газраас иргэн О.Цэрэнгомбын 30 тооны буюу олон тооны малыг хулгайлж 20 200 000 /хорин сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн нутаг “Хүнгүй мухар” гэх газраас иргэн А.Батмөнхийн 1 тооны сарлагийн тарлан зүсмийн үнээ, 1 тооны бор тарлан зүсмийн бярууны хамт хулгайлж 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Цэрэнгомбо, А.Батмөнх, гэрч Ж.Бат-Эрдэнэ, Ш.Алтанхуяг, Б.Анар-Эрдэнэ, Ц.Батбаяр, Б.Баттулга, Ц.Цэрэнсодном, Б.Эрдэнэмөнх, А.Болорчулуун, Г.Даваасүрэн, Л.Батсүх, Г.Оюунгэрэл, Б.Бямбатогтох, Г.Батжаргал, Г.Баяртогтох, Г.Жаргалсайхан, Ц.Лхагвадорж, Р.Бат-Аривжих, В.Буянбаатар, Б.Данзанням, В.Баатарчулуун нарын мэдүүгүүд болон Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ӨВ03/019 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн Үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01-32 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 03/55, 03/54 дугаартай, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 08/14, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08/31 дугаартай үнэлгээний тайлан, мал амьтны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хорогдсон малд олгох тодорхойлолт, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлын баримтууд, шүүгдэгч Н.Ганбаатар, О.Нямдорж, У.Цогбадрах нарын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

       Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Ганбаатар, О.Нямдорж, У.Цогбадрах нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон, шүүгдэгч Н.Ганбаатар, О.Нямдорж, У.Цогбадрах нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэм бурууд тохирсон, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан ... миний үйлчлүүлэгчийн хувьд энэ гэмт хэрэгт ямар оролцоотой байсан талаар дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй, У.Цогбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх талаарх гомдол үндэслэлгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

         Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Цогбадрахын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Цогбадрахын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

         2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ЭНХМАА

                                           ШҮҮГЧИД                         Л.НЯМДОРЖ

                                                                                     Г.УЛАМБАЯР